Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128

 

М.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01473/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч   С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч: М.Ц-гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Н.Б-од холбогдох, 

          “Хамтран ажиллаж байсан болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахыг шүүхийн шийдвэрт тусгуулах, Монгол улс болон Хятад улсаас худалдан авсан тоног төхөөрөмжид 31,198,463,06 төгрөгийг нэхэмжлэгч санхүүжүүлсэн болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, хамтран ажиллах явцад гарсан бусад зардал 9,552,316.67 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг,

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нарын давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч Н.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч М.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие 2000 оноос хойш идэвхтэй хөдөлгөөн аэробекийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Н.Б-той 2008 оноос эхлэн танил болсон бөгөөд энэ хугацаанд бие биедээ итгэж хамтран ажиллаж дотно харилцаатай болж Макс фитнесс клубынхээ үйл ажиллагааг шинэчилж, БНХАУ-руу хамт түүний дүү Түвшинбатыг хэлмэрчээр дагуулж яваад чанартай, үнэ хямдаар авахаар болж шууд худалдах-худалдан авах гэрээ хийж, гэрээний үнийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг миний бие авч явсан мөнгөнөөсөө төлсөн, баримт хэрэгт байгаа, ямарч бизнес эрхэлж байгаа хүн 30 хувийн урьдчилгаа мөнгөө төлчихөөд гарын үсэг зурахгүй байна гэж байхгүй шүү дээ. Монголд ирээд тоног төхөөрөмжөө авах болоход Н.Б- нь үлдэгдэл 70 хувийн мөнгийг олж чадаагүй тул би энэ мөнгийг 3 хоногт олж үлдэгдэл 87,000 юанийг яаж шилжүүлэх вэ гээд Мөнгөн гүүр ХХК-иас утасдаж асуухад өдөрт нэг хүн 50,000 юанаас илүү мөнгө шилжүүлж болохгүй гэсэн тул Н.Б-той хувааж хийсэн.

Тэрнээс биш энэ мөнгийг би олж эцэг, эхээсээ 10 сая төгрөг зээлж дээрээс нь банкнаас зээл авч бүрдүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Макс фитнесс клубынхээ үйл ажиллагааг нээх төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүний өмнө нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах гээд хүмүүст өмсүүлэх 10 ширхэг пудволк авахуулах гээд би Н.Б-од 50,000 төгрөг өгөөд явуулсан боловч тэр чигээрээ алга болсон ба маргааш нь ирэхдээ Н.Б- нь гэнэт ажлын байран дээр өөрийн хамаатан саднаа дагуулан ирж, надтай зүй бусаар харьцаж, байгууллагын ажилтныг зодож, хэл амаар доромжлон, миний өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон ажлаас минь хөөж, ажил хийх боломжгүй болгож, төлбөр төлөөд үйлчлүүлж байгаа иргэдийг давхар хохироож байна. Дээрх TZ-6001, 2003, 6013, 6017, 6023, 6024, 6025, 6026, 6027, 6030, 6031, 6032, 6042, 6044, 6047, 6050, 6051, 6060, 6062, 6063, 6064, 6066, 7009, 8004, 8011, 8012, 100569, sb86, PB15, PB19, PB24, PB358 гэх зэрэг тоног төхөөрөмж, иог, аэробекийн хэрэглэл материалуудыг авах, гаалийн бүрдүүлэлт, тээврийн зардалд нийтдээ 49,329,020 төгрөг, ажлын байр тохижуулахад 10,025,000 төгрөг, нийт 59,354,000 төгрөгнөөс тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь болох 9,721,780 төгрөгийг би өөрийн авч явсан 15,000,000 төгрөгөөс төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг гааль, бусад замын зардалд зарцуулсан. Харин Н.Б- нь үлдэгдэл 70 хувиа тушаахад 15,000,000 төгрөг нэмэрлэсэн. Тоног төхөөрөмжийн үлдэгдэл болон зөөж ирэх тээврийн зардал, гаалийн татварыг өөрийн зардлаар төлсөн болно. Улмаар зөөж ирсэн тоног төхөөрөмжийг Дархан сумын 11 дүгээр багийн 41-р байрны ******* хувьцаат компанийн байрны 3-р давхарт байрлуулахад нэмж талбай түрээслэж 4 давхарыг аэробек, иог, Zumba чиглэлээр нэмж түрээслэх болсон. 3 дугаар давхарын 285 м.кв талбайг засч тохижуулах зардал болох нийт 10,025,000 төгрөгнөөс Н.Б- нь душ засахад 960,000 төгрөг оруулсан. Одоо 3, 4 дүгээр давхарын 570 м.кв талбайн барьцаа, түрээс, цахилгаан, дулаан, усны төлбөрийг би төлж байна.

Гэтэл Н.Б- нь аэробек, иог, spinning буюу дугуйт дасгал, Zumba болон фитнессийн үйл ажиллагааг маань, ажлын хэрэгсэл болох хөгжим мэт эд зүйлсийг дураараа авч явж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа. Иймд М.Ц-, Н.Б- нарыг хамтран ажиллаж байсныг тогтоож, Иргэний хуулийн 478-р зүйлийн 478.11, 478.3, 478.4-т заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг болох 2015 оны 10 сарын 29-ний Зээлийн гэрээ түүнтэй холбоотой үүсэх үүрэг болон иргэн н.Нанжидсүрэнгээс мөнгө зээлсэн зээлийн төлбөртэй холбоотой үүргийг Н.Б- хамтран хариуцах үүрэгтэйг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хамтран ажиллах явцад Хятад улсаас болон Монгол улсаас худалдан авсан тоног төхөөрөмж, бараа материалын үнэд зарцуулсан мөнгө болох 46,200,096.35 төгрөгийн 67,5 хувь болох 31,198,463.06 төгрөгийг М.Ц- санхүүжүүлсэн болохыг тогтоож, хөрөнгө оруулалтын хэмжээнд хувь тэнцүүлэн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Тоног төхөөрөмж, бараа материалын үнэд төлсөн төлбөрөөс бусад зардалд М.Ц- миний зүгээс 17,994,300 төгрөгийг зарцуулсан тул 9,552,316.67 төгрөгийг Н.Б-оос гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Н.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дархан-Уул аймагт фитнессийн үйл ажиллагаа явуулаад 2008 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. М.Ц- бид 2 олон жил хамтран ажиллаж мөн хамтран амьдарч байсан холбоотой хүмүүс юм, бид 2 хоорондоо ярилцаж байгаад ******* ХХК-ийн байр болох Дархан сум 11 баг Дархан зочид буудлын хажууд байрлалтай 6 давхар барилгын 3 давхарын 285 мкв, 4 давхарын 570 мкв ажлын байрыг түрээслэж аэробек, иог, фитнесс, spinning буюу дугуйт дасгал, Zumba зэрэг бодибилдинг фитнессийн үйл ажиллагаа явуулахаар болж түрээсийн гэрээ байгуулж БНХАУ-аас тоног төхөөрөмжөө авахаар болж гэрээ байгуулахдаа тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаа буюу 31,000,000 юань буюу Монгол төгрөгөөр 9,734,000 төгрөг болж би тус зардлыг төлсөн юм. Цогзолбоо нь тоног төхөөрөмжийн 30% төлбөрийг төлөөгүй Бээжин хотоос Дархан их дэлгүүрт байрлах гутал, цүнхний лангуундаа бараа авсан юм. Ингээд бид Мөнгөн гүүр ХХК-иар тоног төхөөрөмжийн 50,000,000 юань буюу 15,700,000 сая төгрөгийг би өөрийн биеэр очиж шилжүүлснээр бид 2 бараагаа Эрээн хотод очиж хүлээн авсан юм. Ингэж Эрээн хотоос тоног төхөөрөмж авахаар очихдоо М.Ц- нь иогийн хувцас хэрэгсэл, тос, бүс, иогийн хөнжил гудас зэрэг бараануудын өөрийн мөнгөөрөө авсан юм. Миний Хятадаас авсан боди тоног төхөөрөмжүүд гаалийн зардалтай нийлээд 30,000,000 орчим сая төгрөгийн зардал гарсан М.Ц-гоос иог тоног төхөөрөмж, дугуйн зардалд нийт 22,613,000 юань иогийн зарах хувцас хэрэглэлд нийт 12,000,000 юань нийтдээ 10,868,000 төгрөг болсон юм. Тухайн үед юань ханш 312-314 төгрөг байсан. Замын зардалд бид 2-оос 5,000,000 орчим сая төгрөг гарсан. Ингээд бид тус тусын өөрийн ажиллуулдаг бизнесийн бараа тоног төхөөрөмжүүдээ авч одоо энэ тоног төхөөрөмжөө ашиглан үйл ажиллагааг тус тусдаа явуулж байна.

Бидний хооронд болсон маргаан би өвчтэй байж байгаад 2014 оны 11 сарын банкны зээл төлөх болсноор болон түрээс төлөөгүйн улмаас маргаан үүссэн юм. М.Ц- миний түрээсийн төлбөр болох 1,800,000 төгрөгийг төлсөн гэж шүүхэд тайлбарлажээ. Гэтэл ийм асуудал болоогүй, миний үйлчлүүлэгч нарын төлбөрөөс авч төлсөн байсан юм. Үүнийг манай ажилтан Отгонтөгс, Алтмаа нар гэрчилнэ. Иймд М.Ц-гийн аэробек, иог, spinning буюу дугуйт дасгал, Zumba фитнессийн үйл ажиллагааг зогсоох, түрээсийн байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Сувдан алх ХХК-тай түрээсийн гэрээгээр бодибилдингийн үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоос М.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө биш мөн би өөрийн хөрөнгөөрөө авсан фитнессийн бодигийн тоног төхөөрөмжүүдийг авч ашиглаж байгаа болохоос бусдын хөрөнгөд халдаагүй. Нэхэмжлэгч М.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлттэй танилцсан. М.Ц-гийн ээж н.Нанжидсүрэнгийн зээлийн төлбөрийг төлөх гэрээний үүргийг би хүлээгээгүй учир зөвшөөрөхгүй. Мөн тоног төхөөрөмжийн үнэ 31,198,463 төгрөг, тоног төхөөрөмж бараа материалын үнэд төлсөн гэх 9,552,316 төгрөг зэргийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-гийн хамтран ажиллаж байсан болохыг тогтоолгох, худалдан авсан тоног төхөөрөмжид 31,198,463,06 төгрөгийг нэхэмжлэгч санхүүжүүлсэн болохыг тогтоолгож, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Н.Б-оос 23,080,947.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц-гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 431,903.89 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос 273,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь  давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч Н.Б-оос 23080947,3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хамтран ажиллах явцад бий болсон хөрөнгийг /тоног төхөөрөмж/ тэнцүү хуваасан хэрнээ хамтран үүрэг хүлээх үүргийг /зээлийн гэрээний үүргийг/ зөвхөн М.Ц-д үлдээсэн нь Иргэний хуулийн 480.4-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 480 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноос гарах үр дагаварыг нарийвчлан зохицуулсан бөгөөд 480.4-д хөрөнгийг хуваарилах тохиолдолд хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг талууд хувь тэнцүүлэн гүйцэтгэнэ гэжээ. Эндээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гаргаагүй хөрөнгө хуваарилах нөхцөлд хамтран хариуцах үүргийг заавал шийдэхээр хуульчилсан байна, н.Нанжидсүрэн болон Транскапитал ББСБ-с авсан зээл зээлийн хүүг гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй харин шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлт гаргасан үндэслэлээр үүргийн хариуцлагыг М.Ц-д үлдээсэн нь хуульд нийцэхгүй байна. Хамтран хариуцах үүргийг ганц М.Ц-д үлдээсэн нөхцөлд дундын өмчлөлд оруулсан нэхэмжлэгчийн хөрөнгийн хувь хэмжээ өсч энэ хирээрээ дундын өмчийг хуваарилахад М.Ц-д оногдох хувь хэмжээ нэмэгдэх ёстой. Транскапитал ББСБаас авсан зээл зээлийн хүү 9.175.601 төгрөг иргэн н.Нанжидсүрэнгээс авсан 10 сая төгрөгийн зээлийг М.Ц- ганцаараа төлж /хх-201,202,203-р хуудас/ байгаа бөгөөд Н.Б-той хамтран ажиллах хугацаанд М.Ц-гийн зүгээс 2015.09.17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 403140853 тоот өөрийн данснаас 15 сая төгрөг /хх 23-р хуудас/, 2015.10.30 нд 5026489336 тоот ХААН банкны өөрийн данснаас 6 сая төгрөг /хх 18 -р хуудас /, 2015.11.04 ны өдөр мөн Хаан банкны өөрийн данснаас 1 сая төгрөг IНомингоос хөгжим авсан/, /хх126,127р хуудасI-ийг тус тус авч зарцуулсан ба үүн дээр Транскапиталын 9.175.601 17 сая/ төгрег/ хх14-р хуудас/, н.Нанжидсүрэнгийн 10 сая төгрөг /хх 22-р хуудас/ нийт 41.175.601 төгрөгийг гаргаж үүнээс “Макс фитнэсс” клубын тоног төхөөрөмж худалдан авахад 31.198.463 төгрөг, замын зардал, бусад зардалд 9.552.316 төгрөгийг /хх Макс фитнес клубыг шинээр нээхэд гарсан үйл ажиллагааны зардал/ тус тус зарцуулсан болох нь 2015.09.23 ны өдөр Шандун хотын Тианжин Фитнэс тоног төхөөрөөмж ХХК-тай хийсэн худалдах худалдан авах гэрээ /хх39-р хуудас/, гэрээний урьдчилгаа 30 хувь болох 31.060 юань М.Ц- төлсөн баримт /хх 95.96 р хуудасI, үлдэгдэл 70 хувиас М.Ц- 16.253 юань, мөн 21.055 юанийг Мөнгөн гүүр ХХК-иар 2015.10.30 ны өдөр шилжүүлсэн баримт /хх 8, 9-р хуудас/, гүйлтийн зам 3000000 төгрөг, 2015.11.04 өдөр авсан /хх 196-р хуудас/, хөгжим 1000000 төгрөг, түрээс 2800000 төгрөг, түрээсийн гэрээний барьцаа 1500000 төгрөг тумбочка 850.0, сандал өлгүүр 250,0 төгрөг, толь 309,0,сандал ширээ ком 118225 төгрөг, табчик 199558 төгрөг, лед гэрэл 220,0 төгрөг /тээврийн гэрээ 6800 юань /хх 113,114 р хуудас/, тээврийн зардал 3800 юань /хх 119 р хуудас/, гаалийн хяналтын бүсийн төлбөр 5000 /хх 118 р хуудас/, гаалийн бүрдүүлэлт орчуулга 100000 /хх 13-р хуудас/, гаалийн татвар 989430 төгрөг /хх 12-р хуудас/, гаалийн төлбөр 993030 төгрөг /хх 12-р хуудас/, хаяг хийлгэхэд 300000 төгрөг /хх 122-р хуудас/, вагоны зардал 32000 төгрөг, хоол буудлын зардал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. М.Ц- Н.Б- нар 2015.09.17-нд Дархан-Уул аймгаас гарч 9 сарын 19-нд Хятад улс руу явж 9 сарын 26-нд ирсэн. Энэ явалтаар тоног төхөөрөмжөө судлаад гэрээний урьдчилгаа 30 хувийг өгсөн. Дараа нь 2015.10.31-ний өдөр Замын-Үүдийн вагонд суун цааш хил гарч 11 сарын 3-нд буцаж ирсэн байдаг. /хх 10-р хуудас, 105-р хуудас/ Эндээс харахад М.Ц- Н.Б- нар нь 2015 оны 9 сарын 17-ноос 2015 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамтран ажилласан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 476.2 д зааснаар М.Ц-, Н.Б- нар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан ба 477.1 д заасан хураамжийн хэмжээг тодорхойлсон өөрөөр хэлбэл М.Ц-гийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ тодорхой хаанаас ямар мөнгө орж ирж тоног төхөөрөмж авах санхүүжилт боссон нь дээр дурьдсан нотлох баримтаар тогтоогдог. Харин Н.Буян- Оршихын оруулсан хөрөнгийн хувь хэмжээ тодорхойгүй ямар эх үүсвэрээс мөнгө босгож тоног төхөөрөмж худалдан авсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй шүүхэд гаргасан тайлбараа нотолж чадахгүй байна. Иргэний хуулийн 477.1 д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх, 477.3 д талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заажээ. Тэгэхээр М.Ц- хураамжийн 67.5 хувийг төлсөн тул тэр хэмжээгээр дундын хөрөнгөнөөс хувь эзэмших нь ойлгомжтой.

Шүүх Иргэний хуулийн 108.8 д заасныг баримтлан нэхэмжлэлд дурьдсан эд зүйл тоног төхөөрмжийг хариуцагчийн эзэмшилд үлдээж түүний үнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон байдаг. М.Ц- худалдан авсан тоног төхөөрөмжөө Н.Б-оос авахад Иргэний хуулийн 108.8-д заасан өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл бусад чанар алдагдахгүй, тухайн тоног төхөөрөмжийг зөөгөөд хаана л бол хаана байрлуулах боломжтой, мөн Н.Б-ын фитнесийн үйл ажиллагаа алдагдахгүй урьд нь энэ тоног төхөөрөмжгүйгээр үйл ажиллагаа явагдаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.05-ны өдрийн 575 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо: 

            Н.Б- миний бие Дархан уул аймагт Фитнес бодибилдинг бялдаржуулах спортын төрлийн үйл ажиллагааг 2008 оноос эхлэн явуулж ирсэн юм. Нэхэмжлэгч М.Ц-той 2008 оноос хойш танилцан гэр бүлийн дотно харилцаатай болж бид хоёрын бизнесийн үйл ажиллагагаа ижил төстэй байсан болохоор хамтран байр түрээслэн өөр өөрийн үйл ажиллагаагаа явуулж орлого олохоор болж Дархан сум 11-р багт байрлах Сувдан алх ХХК байрыг түрээслэн ажиллахаар эхлэж байсан юм.Бид БНХАУ -аас өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн мөнгөөрөө авчирсан юм. БНХАУ-ын 5Иапс1оп§ ИапгЫап РИпезз Е§шртеп1: Со.ДТО 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тоног төхөөрөмжийн компанитай байгуулсан гэрээний дагуу бидний тус тусын уйл ажиллагаандаа хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд ирсэн юм. Бид хоёрын захиалсан тоног төрөөрөмж БНХАУ-аас 2015 оны 11 сарын 12-ны өдөр ирж бүрэн угсралт хийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон, ингээд бид банкнааас авсан зээлээ төлөх төлбөрөөс болж марган улмаар хөрөнгө мөнгө хуваах хэмжээнд тулж одоо шүүхийн шатанд маргаан үүсээд явж байгаа юм. Бид үйл ажиллагаа эхлээд 10-аад хоног хонож байхдаа марган Сувдан алх ХХК-ийн байрны 3 давхарт би М.Ц- 4 давхарт үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шүүх хамтран ажиллаж байсан байна гэж дүгнэн надаас хөрөнгө оруулалтын төлбөр 23,000,000 сая төгрөгийг гаргуулахаар шийдсэнийг зөвшөөрөхгүй. Шүүх биднийг хамтран ажиллаж байсан гэж дүгнэсэн бол бид үйл ажилгаанаас ашиг олж тодорхой хугацаанд ажиллаж байсныг тогтоосон байх ёстой. Бид хоёр зөвхөн өөр өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авч ирсэн. Өөрсдийн үйл ажиллагаанаас олсон орлогоос түрээсийн зардалаа төлөх тухайгаа ярилцаж байсан юм, хамтран ажиллах тухай гэрээ аман болон бичгээр байгуулаагүй юм. Тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 31,000,000 юань би төлсөн энэ талаар /гэрч Н.Түвшинбатын мэдүүлгээр нотлогддог/ Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 50,000,000 юаныг би 2015 оны 10 сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр гуйвуулгын газарт төлсөн миний бие нийт тоног төхөөрөмжийн үнэнд 81,000,000 юань төлсөн, М.Ц- нь 37,308,000 юань төлсөн нийт тоног төхөөрөмжийн үнэ 103,531 юань зардал бид хоёр гарсан. Тоног төхөөрөмж оруулж ирсэний зардалд /гааль тээврийн зардал тээшний үнэ гэх мэт 5,000,000 орчим сая төгрөгний зардал гарсан, зардлын төлбөрийг бид 2 Транскапитал ББСБ-с 7 000 000 төгрөгний зээл авч төлсөн. Бид хамтран ажилласан зүйл байхгүй ашиг олоогүй хамтран ажиллах гэж байгаад маргасан юм. Гэтэл шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 186 дугаар зүйлийн 186.1, 108 дугаар зүйлийн 108.8, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан эрх зүйн харилцаа үүсээгүй байхад дүгнэсэн нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Ц- хариуцагч Н.Б-ыг Макс-Фитнесийн түрээсийн байрнаас албадан гаргуулж, өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг Н.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд хариуцагч Н.Б- миний бие Сувдан-Алх ХХК-тай түрээсийн гэрээгээр бодибилдингийн үйл ажиллагаа явуулж байгаа, энэ нь М.Ц-гийн өмчлөлийн хөрөнгө биш, өөрийнхөө хөрөнгөөрөө авсан фитнес бодигийн тоног төхөөрөмжүүд учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний  анхан шатны хэргийн шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийн зохигчдын давж заалдсан гомдлоор хэргийг хянаж дараах дүгнэлтийг хийлээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад түүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Б-ыг Макс-Фитнесийн түрээсийн байрнаас албадан гаргуулж, өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжүүдийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч М.Ц-, хариуцагч Н.Б- нарыг хамтран ажиллаж байсныг тогтоолгох, бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Н.Б-од даалгах, нэхэмжлэгч М.Ц- намайг фитнесийн бусад тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр хувь тэнцүүлэн тогтоох, тэдгээр тоног төхөөрмжүүдийг Н.Б-ын хууль бус эзэмшлээс гаргуулах, тоног төхөөрөмж, бараа материалын үнийн 50 хувийг хамтран хариуцахыг тогтоох, нэхэмжлэгч М.Ц- миний илүү төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчилжээ.

Шүүх шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар хариуцагчид гардуулж, зохигчдод шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

 Нэхэмжлэгч М.Ц- 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой үүргийг Н.Б- хамтран хариуцах үүрэгтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах, тоног төхөөрөмжид зарцуулсан нийт үнэ 46.200.096 төгрөгийн 67.5 хувь болох 31.198.463 төгрөгийг нэхэмжлэгч М.Ц- санхүүжүүлсэн болохыг тогтоож, хөрөнгө оруулалтын хэмжээнд хувь тэнцүүлэн өмчлөгчөөр тогтоолгох, тоног төхөөрөмжийг авахад миний зүгээс 17.994.300 төгрөг зарцуулсан тул 9.552.316 төгрөгийг Н.Б-оос гаргуулахаар дахин өөрчилсөн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус өөрөөр хэлбэл Н.Б-оос тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа эсэх, эсхүл тоног төхөөрөмжийн тодорхой хувийг эзэмших эрхтэй эсэхийг тогтоолгох эсэх, өмчлөгчөөр тогтоолгох эсэх, түрээсийн байрнаас гаргуулах эсэх, бусдын өмнө хүлээсэн үүргийг хамтран хариуцах үүрэгтэйг тогтоолгох эсэх зэрэг хэрхэн ямар шаардлага гаргаад байгаа нь тодорхой бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх түүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Ц-гоос төлсөн 246.285 төгрөг, хариуцагч Н.Б-оос төлсөн 273.400 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, зохигчдод тус тус олгосугай.    

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.        

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                              Л.АМАРСАНАА