Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 68

 

       Д.Б-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл

шүүгдэгч Д.Б

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 201514000424 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, О овогт Д-ийн Б нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.     

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ийг бусадтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийг 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ. 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б, прокурор А.Оюунгэрэл нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогч Б.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хэдэн удаагийн үйлчлэлээр энэ гэмтэл учирч болох талаар шинжээчээс асуугаагүй. Гэрч, хохирогч нар нь “Д.Б хохирогчийн аман тус газар нь нэг удаа цохисон, дүү Э.Ш хацар, толгой, нүүр лүү нь цохисон” гэж янз бүрээр мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл хэдэн удаагийн хүчин үйлчлэлийн улмаас үүссэн болон нь тогтоогдоогүй тул Д.Б-ийг дүү Э.Ш-тэй бүлэглэн дээрх гэмтлийг учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралд шинжээч “Энэ гэмтэл нь нэг удаагийн хүчин үйлчлэлийн улмаас үүснэ...” гэж мэдүүлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд огт ач холбогдол өгөөгүйн дээр магадлалд шинжээчийн мэдүүлгийг дурдалгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн оролцогчдын хэлсэн үгийг бичих зарчмын заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл "Шүүх шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх заалтыг зөрчсөн. Хохирогчид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр л үүссэн. Гэрч хохирогчийн мэдүүлгээр Д.Б хохирогчийн ам руу нь цохисон гэдэг нь тогтоогдсон, өөрөө ч үүнийгээ хүлээдэг. Хохирогчид энэ гэмтлийг учруулахад Э.Ш-ийн хамжаа огт байгаагүй болох нь тогтоогдсон учраас Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилж, хохирогч гомдолгүй гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Д.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний цохисон үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан. Тиймээс миний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Д.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна....” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Б-д холбогдох хэргийн нөхцөл байдал, үйл баримтад зөв дүгнэлт хийх, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж буй эсэх, тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, бүлэглэн үйлдсэн эсэхийг нотолж чадаагүй гэж үзэв.

“Гэмт хэрэгт хамтран оролцох” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгох бөгөөд санаатайгаар хамтрах тухай ойлголт нь тухайн этгээд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах чадвар бүхий хүсэл зоригт  тулгуурласан оюун санааны нэгдэл гэсэн субъектив шаардлагыг агуулсан байдаг тул хамтран оролцогч бүр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх болон мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр буюу хүсэл зоригийн шалгуурыг хангасан этгээд байна.

Гэмт хэрэг санаатай үйлдэхэд нэгдсэн этгээдүүд тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг бүгд мэдэж түүнийг хамтаараа хүссэн байхаас гадна уг гэмт хэргийг хамтран үйлдэхийг бас хүссэн байх учиртай. Мөн гэмт хэрэгт хамтран оролцогч этгээдүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хор уршиг учирсан буюу хамтран оролцогч бүрийн үйлдэл, гэмт хэргийн хор уршиг  хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

Д.Б-д холбогдох хэргийн тухайд гэмт хэрэгт хамтарсан гэх Э.Ш нь энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, мөн Э.Ш-ийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй, харин Д.Б хохирогчид хөнгөн гэмтэл учруулахдаа Э.Ш-тэй бүлэглэх санаа зорилго агуулж байсан эсэх нь эргэлзээтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож хууль хэрэглэхдээ алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б-ийн хохирогч Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагад татаж болохгүй нөхцөл байдал үүссэн тул Д.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд өмгөөлөгч Д.Оюунчимэгийн “...Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалд “Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Б-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Д.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус  оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧ                                                                     Ч.ХОСБАЯР