Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00880

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01980 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******тэй автозогсоол худалдаж авах талаар тохиролцож, 2024 оны 07 дугаар сард ******* нь 2 зогсоол орж ирлээ, 15 болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд нь ******* зогсоолыг 30,000,000 төгрөгөөр авахаар болж, автомашинаа бартерт оролцуулаад төлбөрийг нь 8 сардаа хувааж төлж дуусгахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлээд аваад, 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрийг төлж дуусгасан.

Төлбөрөө төлөөд дуусгачихсан учраас гэрээгээ шилжүүлж өгөөрэй гэхээр завгүй байна гэж хэлдэг. Хажуу талын 16 тоот зогсоолоо авснаасаа 7 хоногийн дараа үнэ нэмээд 38,000,000 төгрөгөөр манай талаас гэрчээр дуудсан гэх хүнд зарсан байсан. Миний зогсоолыг үнэд ороод ирэхээр миний өмчлөлд шилжүүлэхгүй, зарахгүй гээд миний утсыг блок хийгээд дараа нь тус зогсоолыг зарна гэсэн зар тавьсан байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 12 дугаар сар хүртэл зогсоолдоо автомашинаа байршуулж байсан. Иймд Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчид автозогсоол худалдаагүй. Надаас автозогсоол шаардахад нь буруу ойлгочихсон байна гэж тайлбарлаж, мөнгийг нь 10 дугаар сарын 12-ны өдөр буцаан шилжүүлсэн. Зохигч талууд нь дотно найзууд байсан бөгөөд 07 дугаар сард автозогсоол авах талаар нэхэмжлэгчид хэлэхэд надад бас ийм үнээр зогсоол олж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Ийм байдлаар аман яриа хийж байсан хоорондоо зүгээр харилцан ярьсан зүйл байгаа болохоос эрх, үүрэг агуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар үл хөдөх хөрөнгө гэрээний үндсэнд явагддаг. Энэ баримт бол хэрэгт авагдсан баримт дунд байхгүй байна.

Нэхэмжлэгч нь би өөрийнхөө дансанд хуримтлал үүсгэж чадахгүй байгаа учраас чиний дансанд хуримтлал үүсгэж байя гэхэд нь өмнө нь мөнгөн гүйлгээ шилжүүлэх харилцаа явагдаж байсан хүрээндээ зөвшөөрч, 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хариуцагчийн дансанд гарааш гэх утгатай орлогын гүйлгээ хийгдэж байсныг нь зогсоолын хуримтлал үүсгэж байна гэж ойлгосон. Улмаар нэхэмжлэгч нь 09 дүгээр сард хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна, миний хадгалуулж байгаа мөнгөнөөс төлбөрийг нь төлчих гэсний дагуу 09 дүгээр сарын 05-ны өдөр 8,995,000 төгрөг төлж байсан.

Мөн 07 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг компанитайгаа хийхээр болж байхад нэхэмжлэгч надад маркийн автомашин байгаа, зарагдах үнэ нь 4,000,000 төгрөг болчхоод байна, чи өндөр үнийн дүнтэйгээр бартер хийж өгөөч гэхээр нь өөрийн худалдаж авах гэж байгаа зогсоолынхоо төлбөрт 9,000,000 төгрөгөөр тооцуулж ******* гэдэг хүнтэй гэрээ хийж байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн шүүх хуралдаан эхлэх өдөр өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтын шаардлагыг хангуулан авах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан. Мөн хэрэгт ач холбогдол бүхий ******* маркийн автомашиныг *******ыг зүгээс автозогсоолын төлбөрт бодсон эсэх талаар хүлээж авсан Нью сувагт констракшн ХХК-ийн захирал *******г гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.

Автозогсоол хэний эзэмшил ашиглалтад байгаа эсэх нь маргааны хувьд чухал байх тул уг зогсоолын эзэмшил ашиглалтыг тодруулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй шийдсэн нь хэргийн шийдэлд нөлөөлөх зөрчил болно. Харин, нэхэмжлэгч талаас гэрч гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан.

Зохигч нарын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй тухай шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаараа шийдвэртээ тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил үүссэн.

4.2. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч нь хариуцагчтай автозогсоол худалдаж авах талаар ярьж байгаад 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, 15 болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд ******* зогсоолыг авъя... хэмээх тайлбарыг үндэслэлээ болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна мөн зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Зохигчдын хоорондын маргаанаас үзэхэд хариуцагч болох ******* нь нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, 15 болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд ******* зогсоолыг авъя... гэх яриа болоогүй гэдэг тайлбар өгдөг бөгөөд энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрдөггүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилдэг. Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сард хариуцагч 2 зогсоол орж ирлээ, 15 болон 16 тоот зогсоолын алийг нь авах вэ гэхэд ******* зогсоолыг авъя... гэх тайлбарыг ямар байдлаар нотолсон талаар шүүх үндэслэл бүхий тайлбар дүгнэлтгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэжээ.

Шүүх үндэслэх хэсэгтээ худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэжээ. Хан-Уул дүүрэг дүүргийн ******* хороо, Арцатын ам, 1232/2 байр, В1 давхрын автозогсоолд 2024 оны 11 дүгээр cap болон 12 дугаар саруудад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээж авсан байх ба энэ хүртэлх хугацаанд үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан байдаг. Үүнээс дүгнэхэд шүүх зохигч нарын гэрээ хийсэн хугацааг нарийвчлан дүгнээгүй байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий автозогсоол нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгө болох юм. Мөн тухайн маргаан бүхий ******* автозогсоолын эзэмшлийг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тухай нотлох баримт хавтаст хэрэгт огт байдаггүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаарт: ...хариуцагчийн зүгээс ... гэж гэрээ байгуулах саналыг гаргасан, нэхэмжлэгч нь саналын хариуг харилцан тохиролцсон үнийн дүн болох 30,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр болон тээврийн хэрэгслээр хариуцагчид төлсөн үйлдлээр илэрхийлжээ хэмээн үндэслэх хэсэгтээ дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Гэрээ болгон хэлцэл болно. Харин хэлцэл болгон гэрээ болохгүй гэсэн гэрээний эрх зүйн суурь зарчимтай. Дээр тайлбарласнаар зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл огт байхгүй бөгөөд харин Иргэний хуульд заасан гэрээний саналыг гаргасан байж болох юм.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан.

Гэтэл зохигч нарын хооронд ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ байхгүй бөгөөд нотариатаар батлуулсан үйл явдал ч огт байдаггүй. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой талуудын маргаанд хэтэрхий нэг талыг барин хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

1.1. ******* нь *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, амаар гэрээ байгуулж, тухайн автозогсоолыг эзэмшиж байсан гэж,

 

1.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн шилжүүлж байсан мөнгөн хөрөнгө нь миний дансанд хуримтлал үүсгэх, автомашин шилжүүлсэн нь өндөр үнээр бусдад бартераар шилжүүлэх тус тус зорилготой байсан гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1232/2 байр, В1 давхар, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001307520 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх23, 32-54/

 

2.2. Нэхэмжлэгч ******* нь, хариуцагч *******д 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 4 удаа граж гэсэн гүйлгээний утгаар 21,000,000 төгрөгийг болон ******* маркийн автомашин зэргийг шилжүүлсэн үйл баримтад хариуцагч талаас маргаагүй, харин хариуцагч нь автозогсоолоо худалдахаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэсэн тайлбар гаргасан байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авсан автозогсоолын үнэд 21,000,000 төгрөг болон суудлын автомашиныг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь тухайн автозогсоолыг шилжүүлэн авч эзэмшиж ашиглаж байсан, хариуцагчаас 28,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг автозогсоолын үнэд хариуцагчид төлсөн байдлаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн буцаан шилжүүлсэн 28,000,000 төгрөгийн хэмжээгээр гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

 

3.1. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг хийхэд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигддаг хэдий ч тухайн хэлцлийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасантай нийцэж байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4. Хариуцагч нь дээрх гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж 28,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчид тухайн автозогсоолыг өмчлөх эрх үүссэн гэж дүгнэх ба хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь автозогсоол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахдаа нэхэмжлэгчид энэ талаар урьдчилан мэдэгдсэн талаар нотлох баримтгүй, гэрээнээс татгалзах журмыг зөрчсөн байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.

 

5. Хариуцагч талаас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас г, хариуцагч талаас *******-ийн захирал *******г гэрчээр тус тус асуулгах хүсэлт гаргасныг тус өдрийн 192/ШЗ202/12208 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хариуцагч талаас ******* маркийн автомашиныг хэдэн төгрөгт тооцож шилжүүлснийг *******гаар гэрчлүүлэх тухай хүсэлт нь хариуцагчийн татгалзалд хамааралгүй бөгөөд нотолгооны хуваарилалтын дагуу уг үүргийг нэхэмжлэгч хүлээнэ. Харин, нэхэмжлэгч талаас гэрчээр г асуулгах хүсэлт гаргасан боловч уг асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ