Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00912

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01882 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие *******тай 2012 оноос өнөөдрийг хүртэл нэг байрны нэг орцонд амьдарч байгаа учир байнга таарсаар танил болж гэмгүй сайхан нөхөрлөж ирсэн. Улмаар 2022 оны 9 дүгээр сард ******* Чи найздаа авто чиргүүлээ зарчих, надад нэг чирэгч толгой байна. Тэрэнд чирээд нүүрс тээвэрт яваад мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Урьдын сайхан харилцаагаа бодож өөрийн өмчлөлийн *******-нд бүртгэлтэй тээвэрт явж байсан ******* улсын дугаартай, LA93ZNS8820ZMC209 арлын дугаартай, ******* загварын, 2002 онд үйлдвэрлэсэн, нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай, 100 тонны даацтай, шар өнгийн чиргүүлээ 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. *******тай худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд Удахгүй өгнө, санаа зоволтгүй гэсэн бөгөөд нэг дор амьдардаг учир итгэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа таарч Мөнгөө авъя гэхэд урьдчилгаа гэж 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 18,000,000 төгрөгөө авч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тэрээр утсаар холбогдож Мөнгөө авъя гэхээр Долоо хоногийн дараа, сарын дараа яг өгнө гээд сүүлдээ миний утасны дугаар болон Facebook хаягийг блок хийгээд илт зугтааж эхэлсэн. Гэрт нь очихоор хүүхдүүд нь Аав байхгүй гээд хаалгаа нээж өгөхгүй. Ингээд сураг тасраад 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нүүрс тээвэрт явж байгаа мэдээллийг авч, очоод нүүр тулж уулзтал Яг одоо 9 сард үлдэгдэл мөнгийг өгнө, 9 сард өгч чадахгүй бол сар бүр түрээсийн 500,000 төгрөг өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Удалгүй ******* надтай таарч Миний нэр дээр өмчлөлийг шилжүүлчих тэгвэл арай өндөр үнийн дүнтэй тээвэрт явах гэсэн юм. Мөнгө найдвартай өгнө гэсэн тул чиргүүлийн өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Иймд итгэл алдаж одоог хүртэл өгөөгүй байгаа чиргүүл худалдан борлуулсан үнийн үлдэгдэл төлбөрт 18,000,000 төгрөг, үүн дээр өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтэд дурдагдсан 1 сарын 500,000 төгрөг буюу 12 сарын 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэн *******тэй нүүрсний чиргүүл худалдан авахаар 30,000,000 төгрөгөөр амаар тохиролцож, барьцаа болгож North benz маркийн ******* улсын дугаартай машиныг өөрийнх нь хэлснээр *******-ийн нэр дээр 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлж өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *******ийн өөрийнх нь хэлснээр тухайн үед миний бичиж өгсөн ******* улсын дугаартай чиргүүлийн үнэ болох 18,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бэлэн өгнө гэдгээ энэ бичвэрээр гэрчилж байна. Энэ хугацаанаас хэтэрвэл сар бүр 500,000 төгрөг алдангид төлнө гэж бичиж өгч байсан ба *******т би үлдэгдэл мөнгөө өгч амжихгүй явсаар *******тэй дараах байдлаар тохирч тооцоо бүрмөсөн дууссан. Үүнд:

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өмнө нь барьцаанд нэрийг нь шилжүүлэн өгсөн North benz маркийн ******* улсын дугаартай машинаа өөрт байсан хуучин чиргүүлийн хамтаар үлдэгдэл мөнгө болох 15,000,000 төгрөгт тооцон, мөн үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаасан болохоор 3,000,000 төгрөг нэмж өгөхөөр *******тэй тохиролцоод 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түр хугацаанд төлбөртэй зогсоолд тавьсан байсан дээрх машинаа, чиргүүлийн хамтаар Хаан банкны дугаартай *******ын нэр дээрх данс руу ******* хашааны төлбөр гэж 852,000 төгрөгийг тушаан тооцоог хийж машинаа чиргүүлийн хамт авч *******т хүлээлгэн өгсөн. ******* нь надаас авсан машиныг чиргүүлийн хамтаар хүн дуудаж жолоодуулан гэж нэг иргэнийг дуудсан ба тэр иргэн дараа авч явъя гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар уг машин болон надад байсан хуучин чиргүүл *******т байгаа. Иймд, бид хоёр уг чиргүүлийн талаар тооцоогоо дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Тухайн шүүх хурлын товыг надад хөдөө ажлаар явж байхад мэдэгдсэн. Миний бие хөдөө явж байгаа тул шүүх хуралд очиж амжихгүй гэдгээ шүүгчийн туслахад мессеж бичиж, мөн өглөө нь утсаар ярьж хэлэхэд за ойлголоо гэж хэлсэн. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж миний эрхийг зөрчсөн.

Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай Норд бенз машиныг надаас авсан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй орхигдсон тул шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүх хуралдаанд оролцуулаагүй гэдэг. Шүүх хариуцагчийг боломжоор хангаж хоёр удаа шүүх хуралдаан хойшилсон. Эхний удаагийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй учраас шүүх хуралдаан хойшилж, дахин зарлагдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй. Иймд, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч ******* гэх автомашиныг өгсөн гэж тайлбарладаг. Бид хүний өгсөн автомашиныг авсан хэр нь аваагүй гэж тайлбарлахгүй. Хэрэгт авагдсан баримтыг харахад хариуцагч өөрийн эзэмшиж байсан автомашиныг нэг компани руу шилжүүлсэн баримт байдаг. *******т автомашин өгөөгүй. Автомашиныг хашаанаас гаргахдаа хариуцагч мөнгө төлж гаргасан бөгөөд энэ нь *******т хамааралгүй. Хэргийг будилуулах гэсэн үүднээс автомашин өгсөн гэж хүн гүтгэж, гомдол гаргасан. Энэ нь шүүхээс тогтоогдсон. Үнэхээр тухайн автомашиныг *******т өгсөн бол шилжүүлж өгсөн баримтыг гаргаж өгөх ёстой гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Талуудын шүүхэд гаргасан тайлбараар 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай, LA93ZNS8820ZMC209 арлын дугаартай, ******* загварын, 2002 онд үйлдвэрлэсэн, нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай 100 тонны даацтай чиргүүлийг хариуцагч *******т 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /х.х-ийн 1, 12-13/

 

Хариуцагч нь дээрх чиргүүлийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж маргасан боловч тэрээр 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг төлж, мөн үлдэгдэл 18,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр төлнө гэх утгатай баталгаа гаргасан байна. /х.х-ийн 4, 17/

 

Тодруулбал, энэ тохиолдолд хариуцагч нь хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан ...чиргүүлийн үнэ болох 18,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр өгнө гэдгээ энэ бичвэрээр гэрчилж байна... гэснийг үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар зохигчийн худалдах, худалдан авах гэрээний дүнг 33,000,000 төгрөг гэж тооцно.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Энэ талаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тодорхой заажээ.

Нэхэмжлэгч нь чиргүүлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь чиргүүлийг хүлээн авсан болон чиргүүлийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч нар маргаагүй тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж, 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус зааснаар худалдагч *******ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

5. Харин худалдан авагч ******* нь уг худалдах, худалдан авах гэрээний барьцаа болгож худалдагч *******ийн хүсэлтээр *******-ийн эзэмшилд шилжүүлсэн гэх ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг үлдэгдэл төлбөр болох 18,000,000 төгрөгт тооцож өгсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар зохигч нар өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох ёстой.

 

Гэтэл хариуцагч ******* нь ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг өөрт байсан хуучин чиргүүлийн хамт үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгт тооцож *******т өгөхөөр тохиролцож 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түүнд хүлээлгэн өгсөн гэх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Тиймээс хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэсэн үндэслэлээр түүнээс 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг надаас авсан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй... гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж, 77.2-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, ...хүргүүлнэ... гэж тус тус заасан.

 

Анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь тухайн шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна. /х.х-ийн 31/

 

Мөн хариуцагчийн 86097979 дугаарын утаснаас шүүгчийн туслах руу ...сайн байна уу? Би, ******* гэдэг хүн байна. Маргааш шүүх хуралд дуудсан байна. Өчигдөр орой сонсоод өглөө Ховд аймгаас гараад явж байна. Ачааны том машинтай явж байгаа юмаа маргааш очиж амжихааргүй байна... гэх зурвас илгээсэн байх боловч тэрээр шүүх хуралдаан товлогдох хугацаанд Ховд аймагт байсан болохоо, мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хөдөө ажлаар явж байхад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж миний эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжилснийг ийнхүү хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэнд хамааралтай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлаагүй нь тус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг үүгээр дурдана.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР