Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/33

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч өмгөөлөгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн У-гийн Б-д холбогдох эрүүгийн 1927000200013 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, засал чимэглэлчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ___ хороо ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овгийн У-гийн Б- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ гэх газар оршин суух хохирогч Ц.П-гийн гэрт малыг нь маллаж байхдаа гэрээс нь 4 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн бүс, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.П-д бага хэмжээнээс дээш буюу 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч У.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ц.П- гэдэг айлд малыг нь малладаг байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээс нь эд зүйлийг нь хулгай хийж авсан. 4 ширхэг мөнгөн аяга, нэг хөөрөг, бугуйвч, ээмэг, бөгж, цулгай мөнгө, хар цүнх, дуран зэрэг эд зүйлүүд байсан. Дуранг хүнд бэлгэнд өгчихсөн. Зардалгүй болчихоод ээмэг бөгжийг нь Ц- гэх залууд 30.000 төгрөгөөр зарсан. Бусдыг нь Улаанбаатар хотод аваачаад “Урт цагаан” зах дээр зарсан. “Урт цагаан” зах дээр зарсан эд зүйл нь нийт 560.000 төгрөг болсон...” гэв.

Хохирогч Ц.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018.12.17-ны өглөө 11 цагийн үед ___ багийн ___ гэх газраас гэрээсээ сумын төв рүү орж ирсэн. Тэгээд гэрт манай туслах ажилчнаар ажиллаж байсан У.Б- гэр харж үлдсэн. Тэгээд намайг гэртээ буцаад 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэртээ ирэхэд У.Б- байхгүй байсан. Тэгээд ойр хавийн айлуудаар сураглахад үзэж харсан хүн байхгүй байсан. Гэрт авдар дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, монетон эрэгтэй бөгж 1, эмэгтэй монетон бөгж 2 ширхэг, мөнгөн гинж, цулгуй мөнгөн эдлэл, эмэгтэй хүний гар хар цүнх, 1 нүдний орос дуран зэрэг гэрээс алга болсон байсан. ... Миний зүгээс надад учруулсан хохирол мөнгийг У.Б-эр төлүүлмээр байна. Харин надад нэг санал байна. У.Б- нь надад учруулсан хохирол мөнгийг ажил хийж олоод надад төлнө гэвэл бүтэхгүй байх, харин тэрний оронд би өөрийнхөө малчнаар ажиллуулж, надад учруулсан хохирол мөнгийг нь төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх 28-30 дугаар хуудас/

Гэрч Г.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө манай нөхөр хөдөөнөөс ирээд бид 2 хамт зах гарсан юм. Тэгээд нөхөртэйгөө хамт зах дээр явж байтал нэг танихгүй хүн манай нөхөрт ах нь хот явах гэсэн юм, зардалгүй болчихлоо гэж хэлээд ээмэг бөгж үзүүлээд байхаар нь нөхөр бид 2 тухайн эд зүйлийг 30.000 төгрөгөөр авсан юм. Тэр хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Манай нөхөр Ц хулгайн эд зүйл биш биз гэж тодруулж асуухад хулгайн эд зүйл биш гэж хэлсэн. Мөн бид хоёр хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Одоо надад ямар нэгэн гомдол, учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 31, 42 дугаар хуудас/

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Одоогоос сарын өмнө байх намайг урт цагааны уран дарханы цогцолбор төв дээр ажил дээрээ байхад гаднаас бараан дээлтэй хүн орж ирээд мөнгө авах уу гэхээр нь авна гэж хэлсэн. Тэгээд бандан дээр тухайн дээлтэй хүн даавуунд боодолтой зүйлээс бөгж, 30-40 грамм хайлсан мөнгийг жигнэж байгаад 1 грамм мөнгийг 1000 төгрөгөөр бодож авсан. Нийтдээ би тухайн дээлтэй хүнд 40.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40-41, 43 дугаар хуудас/

          “Арвижих-Эстимэйт” ХХК-ий 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №01/010 тоот дүгнэлт /хх 44-46 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6 дугаар хуудас/,

            Шүүгдэгч У.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63 дугаар хуудас/  зэрэг болно.

          Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ____ багийн ___ гэх газар оршин суух хохирогч Ц.П-гийн гэрт малыг нь маллаж байхдаа гэрээс нь 4 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн бүс, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.П-д бага хэмжээнээс дээш буюу 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч У.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч У.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б- нь “Хохирогч Ц.П-д учруулсан эд зүйлийн хохирлын үнэлгээ 3.350.000 төгрөг гарсан ба 730.000 төгрөгийн эд зүйлийг буцааж өгсөн. Одоо 2.620.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа” гэж тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох нотлох баримтаар хохирогчид учирсан төлөгдөөгүй хохирол 2.620.000 төгрөг  болох нь тогтоогддог тул шүүгдэгч Ц.Б-эс 2.620.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.П-д олгох зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хорио тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овгийн У-гийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б- овгийн У-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч У.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хорио тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б-эс 2.620.000 төгрөг гаргуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ гэх газар оршин суух хохирогч Т овгийн Ц-гийн П- /РД:___/-д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.   

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХ-АМГАЛАН