Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 925

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2016/00840/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, ******-р баг, Булагтай, ****** тоотод оршин суух Жонгор овогт Санжжавын Тогос /РД: МП47042061/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг, Зурагт ар,****** тоотод оршин суух Онход овогт Сэмжидийн Баатаржав /РД: РЮ73082615/-т холбогдох,

“2,700,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хариуцагч С.Баатаржав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Би 2,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд 500,000 төгрөгийг нь төлсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, буцааж төлнө” гэжээ.

            Нэхэмжлэгч С.Тогос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... С.Баатаржав надаас 2,000,000 төгрөг зээлж аваад 500,000 төгрөг өгсөн нь үнэн. Хүүний 700,000 төгрөгийг хасч тооцоод одоо 1,500,000 төгрөг авахад болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тогос нь хариуцагч С.Баатаржавт холбогдуулан нийт 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2,700,000 төгрөгийн 700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 500,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 1,500,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэржээ.

 

Талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.Тогосын нэхэмжлэлтэй, С.Баатаржавт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, эвлэрсэн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагч С.Баатаржаваас, 31,525 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Тогост олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн        75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол  шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ