Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 591

 

 

                                                           

 

 

 

 

 

2019          07             23                              2019/ШЦТ/591

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэнпилийн Баяржаргалд холбогдох эрүүгийн 1911010340764 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүү, зээ охины хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 14-430 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эдэлж дууссан, Боржигон овогтой Ц.Б /РД:ЙЗ-./,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед согтуугаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 291 тоотод согтуугаар хохирогч О.Бямбаатай маргалдаж, зүүн хөл рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв”.

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 430 тоотод намайг очиход нагац эгч О.Бямбаагийн хүү Пүрэвжаргал, бэр Мөнхжаргал нар байсан. Тэгээд бид гурав 0.75 граммын “Их Монгол” нэртэй архи хувааж уусан. Би согтохгүй байхаар нь гэрээс гарч яваад Хүчит шонхор захын ойролцоо явж байгаад өөрийн охин Б.Одзаяа, найз Цогтбаатар нартай таарч Бямбаа эгчийн гэр лүү дахин буцаж очиж уураа Цогтбаатарт гаргахад Цогтбаатар явлаа гээд гараад явчихсан. Тэгсэн охин Одзаяа надад уурлаад архи уугаад байхдаа яадаг юм бэ гээд байхаар нь би охиндоо агсам согтуу тавьж байхад гаднаас нагац эгч Бямбаа орж ирсэн. Тэгсэн О.Бямбаа эгч хажуугаас миний охин Б.Одзаяаг “ээжийнхээ толгойг залгисан” гэх утгатай зүйл хэлэхэд нь миний охин Б.Одзаяа нагац эгч О.Бямбаад “миний ээж өвчнөөр нас барсан гэж хэлж байсан. Тэгээд би охиныгоо өмөөрч “та нар миний охиныг өмөөрөх хүнгүй гэж бодож байна өмөөрч, хамгаалдаг хүн байдаг шүү” гээд Пүрэвжаргалтай барилцаж байгаад хөлөөрөө Пүрэвжаргалыг өшиглөх гэж байгаад гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь О.Бямбаа эгчийн зүүн талын хөлрүү нь өшиглөчихсөн. Тэгээд цагдаа ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х/,

Хохирогч О.Бямбаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн үед Тайваний сан руу явчихаад буцаад гэртээ ирэхэд миний том хүү Пүрэвжаргал, бэр Мөнхжаргал, дүү Баяржаргал, түүний охин Одзаяа нар байсан. Гэрлүүгээ явж байхад манай бэр Мөнхжаргал надруу Баяржаргалыг Цогтбаатарт агсан согтуу тавиад зодох гээд байна гэж ярьж байсан. Намайг гэрт ороход Цогтбаатар байхгүй, Баяржаргал өөрийн охин Одзаяатай маргалдаад байсан. Юунаас болоод маргалдсаныг мэдэхгүй. Тухайн үед би гэрийнхээ баруун талын орон дээр сууж байхдаа Баяржаргалд хандан агсан согтуу тавихаа боль гэж хэлсэн. Тэгсэн Баяржаргал уурлаж агсан согтуу тавьж байгаад улмаар миний хөлрүү өшиглөсөн. Түүнд өшиглүүлснээс болж хөл маань хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19х/,

Гэрч Н.Пүрэвжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гадуур явж байгаад Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 430 тоот гэрт ирэхэд Ц.Б ирчихсэн 0,75 литрийн “Их Монгол” нэртэй архийг манай бэр Мөнхжаргалтай хувааж ууж байсан. Би тэр архинаас нь 2 хундага уусан. Тэгээд Ц.Б гэрээсээ гарч яваад буцаж орж ирэхдээ өөрийн охин Б.Одзаяа, зүс таних Цогтбаатар нарын хамтаар орж ирсэн. Тэгсэн Ц.Б нэлээн согтуу муудсан байсан Цогтбаатар луу согтчихоод дайраад, хэрүүл маргаан үүсгээд байсан чинь Цогтбаатар нь би явлаа гээд гэрээс гараад явсан. Тэгснээ гэнэтхэн Ц.Б өөрийн охин Б.Одзаяатай бас маргалдаад агсам согтуу тавиад байсан чинь манай бэр Мөнхжаргал 102-луу залгаж дуудлага өгсөн. Тэгсэн гаднаас ээж О.Бямбаа орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байхдаа Ц.Бд хандан агсан согтуу тавихад нь “чи болиоч гэж хэлсэн чинь ээжийн зүүн талын хөлрүү нь өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29х/,

Гэрч Э.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Тэгээд би Ц.Быг агсан согтуу тавиад байхаар нь цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Энэ үед хадам ээж О.Бямбаа гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь Ц.Б хөлөөрөө ээжийн зүүн талын хөлрүү нь өшиглөчихсөн. Тухайн үед хадам ээж О.Бямбаа Ц.Быг агсан согтуу тавихад нь “чи болиоч гэж хэлсэн байх. Тэгж хэлснийх нь төлөө уурлаад хөлрүү нь өшиглөсөн байхаа гэж бодож байна. Хөлрүүгээ өшиглүүлснээс болж ээжийн хөл хугарч гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

Гэрч Б.Одзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээс гарч яваад алга болчихоор нь араас нь гарч хайж явж байгаад “Хүчит шонхор зах”-ын ойролцоо явж байхад аав Ц.Б нь Цогтбаатар ахтай юм яриад зогсож байсан. Ингээд би аавыг “гэртээ харья гэхэд аав О.Бямбаа эгчийн гэрлүү явсан. Тэгээд О.Бямбаа эгчийн гэрлүү ороход Пүрэвжаргал, Мөнхжаргал нар байсан ба аав гэнэтхэн Цогтбаатар ахад уурлаад байх шиг санагдсан. Тэгсэн Цогтбаатар ах явлаа гээд л О.Бямбаа эгчийн гэрээс гараад явчихсан. Тэгээд би аав Ц.Быг архи уулаа гэж улмаар бид хоёр хоорондоо маргалдсан. Энэ үед гаднаас О.Бямбаа эгч орж ирчихээд намайг учир зүггүй загнаад л “ээжийнхээ толгойг залгисан” гэхэд О.Бямбаа эгчид хандан “миний ээж өвчнөөр нас барсан” гэж хэлхэд аав намайг өмөөрч Бямбаа эгчтэй маргалдахад Пүрэвжаргал ах ээж Бямбааг өмөөрч аавтай барилцаж аваад хоорондоо маргалдаж байгаад хөлөөрөө Пүрэвжаргал ахыг өшиглөх гэж байгаад гэрийн баруун талын орон дээр сууж байсан О.Бямбаа эгчийн зүүн талын хөлийг нь оночихсон юм. Тэгээд байж байтал цагдаа ирж аавыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3881 тоот “...О.Бямбаагийн биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 46х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм  буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овогтой Цэрэнпилийн Баяржаргалыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил нийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.АРИУНБОЛД