| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0493/Э |
| Дугаар | 615 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонууд овогтой Очирбатын Отгонзулд холбогдох эрүүгийн 1911001950474 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг. Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 гудамжны 689 тоотод бүртгэлтэй, Баянгол дүургийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 1-4 тоотод оршин суух хаягтай,
Урьд 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Отгонууд овогтой Очирбатын О, /РД: ...........
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хүчит шонхор” худалдааны төвийн махны худалдагч ажилтай иргэн Р Энхцэцэгт “Хархорин зах дээр авч очоод өгөөд мөнгөө аваад эргүүлээд дансруу чинь тэр дор нь хийнэ" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, 327 кг үхрийн мах залилан авч 1.798.500 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд мах худалдан борлуулдаг Б.Баярмаад “манай охин солонгос хоолны газар ажилдаг мөнгө бэлэн байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 389.5 кг үхрийн мах залилан авч 2,501,250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би залилах гэмт хэрэг үйлдэх үедээ хүүхдүүдийн хамт байр түрээслэж амьдардаг байсан юм. Би хохирогч нараас мах авсан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэв.
Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...махыг авахдаа бол худлаа хэлж авах нь авсан тэр бол хурдан авах гэж тэгсэн юм. Тэгээд жижиглэнгээр зарж борлуулаад мөнгө нь бага багаар үрэгдээд дууссан юм..." гэх /хх-ийн ЗЗ-З6х/,
Хохирогч Р.Энхцэцэгийн “...2 жилийн өмнөөс надаас хэд хэдэн удаа үхрийн гуяны мах авдаг байсан юм. Тэгээд би зүс таньдаг болсон юм. Тэрнээс бол ойр дотны найз нөхдийн холбоотой биш хүн болох О.О гэх эмэгтэй нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надруу залгаад танд үхрийн мах байна уу би авах гэсэн юм гэж залгахаар нь би тухайн үед бие өвдөөд эмнэлэгээр яваад байсан болохоор өөрийн танил найз болох Байгалмаа гэх хүнээс мах байна уу хүн асуугаад байна гэж хэлсэн чинь байгаа гээд 2 үхрийн махыг нь О.Од өгөхөөр болоод Байгалмааг Отгонзултай холбож өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Отгонзулд Байгалмаа нь махаа өгөх гэж өглөөжингөө яриад хороолол руу хүргүүлээд аваагүй байсан. Тэгээд Байгалмаа надруу залгаад чи таньдаг бол чи өгчих гэж хэлэхээр нь чи махаа өлгүүрт өлгөөд орхичих би өгчихье гэж хэлээд махыг нь авч үлдээд тэр өдрөө би нөхрийгөө зогсоогоод өөрөө эмнэлгээр явж байхад манай нөхөр залгаад мах худалдаж авах хүн мөн байна гэж хэлсэн. Тэгээд надруу О.О залгаад 2 үхрийн махаа авья гэж хэлэхээр нь би чи мөнгийг нь яах гэж байгаа юм гэж асуусан чинь тухайн үед хятадууд мах аваад үнэ өсгөөд байсан тэгээд О.О надад хэлэхдээ би цаашаа мах өгдөг хүнтэй болсон гэж хэлсэн тэгээд би хаана өгч байгаа юм бэ гэж асуухад Хархорин худалдааны төвд хүнд өгдөг болсон гэж хэлж байсан. Тэгээд надад хэлэхдээ О.О нь би одоо 2 үхрийн махыг чинь аваад Хархорин зах дээр авч очоод өгөөд мөнгөө аваад эргүүлээд дансруу чинь тэр дор нь хийнэ гэж хэлээд аваад явсан юм...”, “...би өөрөө залгаж хэд хэдэн удаа холбогдож ярьсан. Тэгээд намайг холбогдоод ярихад урдаас янз бүрийн шалтаг тоочоод, одоо ингэх гэж байна ингэж байна гэж худлаа яриад л тасалдаг. Надад учирсан хохирлоос төлж барагдуулсан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21 х/,
Дамно ХХК-ний үнэлгээний тайлан “...327 кг үхрийн мах 1.798.500 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/,
Хохирогч Б.Баярмаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урд өмнө надаас мах авдаг байсан зүс таних эмэгтэй хүрч ирээд бүтэн үхрийн мах аваад эгч нь маргааш мөнгийг нь данс руу нь шилжүүлчихэе гэж хэлээд аваад явсан. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин ирээд үхрийн гуя дөрвөн ширхэгийг манай охин Солонгос хоолны газар ажилладаг мөнгө нь бэлэн асуудалгүй гэж хэлээд байхаар нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59х/,
Гэрч Б.Номин-Өлзийгийн “...Би уг хоолны газарт нэг хоног ажиллах хугацаандаа зөөгчөөр ажилласан. Миний ээж Отгонзул нь надаар дамжуулан мах нийлүүлсэн удаа байхгүй...” мэдүүлэг/хх-ийн 66-67х/,
Дамно ХХК-ний үнэлгээний тайлан “ ..389.5 кг үхрийн мах 2.501.250 төгрөг..." гэх дүгнэлт /хх-ийн 70-71х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хүчит шонхор” худалдааны төвийн махны худалдагч ажилтай иргэн Р. Энхцэцэгт “Хархорин зах дээр авч очоод өгөөд мөнгөө аваад эргүүлээд дансруу чинь тэр дор нь хийнэ" гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, 327 кг үхрийн мах залилан авч 1.798.500 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвд мах худалдан борлуулдаг Б.Баярмаад “манай охин солонгос хоолны газар ажилладаг мөнгө бэлэн байгаа” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 389.5 кг үхрийн мах залилан авч 2,501,250 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзээд торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Отгонууд овогтой О. О. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД