Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00750

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ад холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан *******,*******,******* хаягт байршилтай, 147.84 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцанд амьдарч байна.

1.2. Дээрх гэрээний дагуу орон сууцны хөлсийг төлөөгүй, мөн гэрээний хугацаа дууссан тул гэрээг дуусгавар болгон цуцалсан. Энэ талаар *******ад удаа дараа мэдэгдэж, утсаар ярьж мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй.

Иймд дээрх орон сууцыг *******ын эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ********************* хаягт байршилтай, 147.84 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцанд амьдарч байгаа үйл баримтад маргахгүй, байрны төлбөр 115,000,000 төгрөгийг ******* гэх хүнд өгч залилуулсан, эрүүгийн журмаар шалгуулж байгаа. Мөн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй.

Иймд байрыг эзэмшиж байгаа нь хууль бус биш тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан *******-ийн хариуцагч *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол улс, Улаанбаатар хот, *******, ны 147.84 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч түрээсийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаад төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, орон сууцыг албадан чөлөөлүүлнэ гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Эсрэгээрээ хариуцагч маргаан бүхий орон сууцыг түрээсийн гэрээгээр хууль ёсны эзэмшилд авсан асуудал байхгүй. Маргаан бүхий орон сууцны төлбөрийг ******* болон иргэн ******* гэх хүнд төлж байранд орсон боловч байрны гэрчилгээг авч чадаагүй тул цагдаад хандсан. Уг асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Иймд маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн төлөөлөгч хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

4.2. Хэргийн 8 дугаар талд авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэгдээгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Уг гэрчилгээгээр *******-ийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд харин хэргийн 24 дүгээр талд авагдсан 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн талаарх үйл баримт тогтоогддог. Үүнээс өмнөх цаг хугацаанд тухайн орон сууцыг *******ад хөлсөлж байсан, түүнтэй түрээсийн гэрээ байгуулж байсан, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан гэх тайлбар бүгд худал болох нь нотлогдож байна.

Иймээс хариуцагч ******* нь *******-тай байгуулсан түрээсийн гэрээгээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авч байсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлсүүлэх гэрээ гэх бичгийн нотлох баримт нь хуурамч бөгөөд уг гэрээнд *******ын гэх гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг биш, энэ талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй хэргийн оролцогчийн нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан.

Шүүх тухайн гэрээг шийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч уг гэрээ нь *******, *******-ийн борлуулалтын албаны захирал гэх хүмүүсийн хооронд байгуулагдсан бөгөөд нь *******-ийг төлөөлөх, маргаан бүхий орон сууцыг бусдад түрээслэх зэргээр захиран зарцуулах эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ гэрээ нь маргаан бүхий иргэний хэрэгт ямар ч хамааралгүй баримт байхад анхан шатны шүүх үүнийг нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

4.3. Хариуцагчийн татгалзал буюу маргаан бүхий орон сууцыг 2022 онд худалдаж авахаар харилцан тохиролцож, 115,000,000 төгрөгийг ******* болон ******* нарт төлсөн гэх тайлбар хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулга болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл-ийн 5 дахь нүүр ...түрээсийн төлбөр компанийн дансанд *******аас биш *******аас орж ирсэн. ******* компанийн оффис дээр ирж *******ын иргэний үнэмлэхийг өгч ******* амьдарна гэж хэлж байсан. 2024 оны 11 дүгээр сар хүртэл ******* түрээсийн төлбөрийг төлж байсан гэх тайлбараар хариуцагч *******аас шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг ******* нь *******аар дамжуулан авсан болох нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх ******* нь *******аар дамжуулан хариуцагч *******аас байрны төлбөр гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 115,000,000 төгрөгийг авсан болох үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүх талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэх буруу дүгнэлт хийж, орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшилдээ авсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

4.4. Хэргийн 4 дүгээр талд авагдсан Хятад хэл дээр үйлдэгдсэн итгэмжлэлийн орчуулгыг нотариатаар гэрчлүүлээгүй, түүнийг орчуулсан этгээдийн орчуулга хийх зөвшөөрөл зэрэг нь хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтуудыг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангаагүй итгэмжлэлд үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь процессын зөрчил гэж үзнэ.

Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн гэрчилгээнд -ийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх тэмдэглэгээ хийгдээгүй нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал *******д мөнгө шилжүүлсэн гэх нотлох баримт гаргаж өгсөн. Тус нотлох баримт нь эх хувиараа биш канондсон хувь байсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Энэ баримт үнэн бол эх хувиар нь эсвэл нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт өгөх хугацаа байсан.

5.2. *******тай байгуулсан орон сууц хөлслөх гэрээнд гарын үсэг зураагүй гэж ярьдаг боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхийн хүрээнд өөрийн өмчийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

5.3. Хариуцагч тал итгэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дурдсан ба нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй бөгөөд тус итгэмжлэлийг баталгаат орчуулгын газраар орчуулсан. Орчуулгын газар нь тамга, тэмдгээ дарсан, эх хувийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

5.4. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд -г гүйцэтгэх захирлаар томилсон, эцсийн өмчлөгч мөн тухай бичигдсэн. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан ********************* хаягт байршилтай, 147.84 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ************** *******, *******ны 129 ширхэг орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт *******-ийн өмчлөх эрхэд бүртгэж, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилгээ олгосон. Үүнээс хаягт байршилтай, 147.84 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр *******-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 8, 24 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

4.1. ******* нь *******тай 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр ******* нь **************,******* хаягт байршилтай, 147.84 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар *******ын эзэмшилд шилжүүлэх, ******* нь 1 сарын 2,530,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэх агуулга бүхий тайлбарыг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

4.2. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө. гэж тус тус заасан.

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан, энэ үндэслэлээр нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр орон сууцаа буцаан шаардсан, уг мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан боловч орон сууцыг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний хугацаа дууссанаар хариуцагчийн эзэмшил дуусгавар болох тул нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5. Түүнчлэн, хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг худалдан авахаар *******д 115,000,000 төгрөг өгч, 2022 оны 3 дугаар сараас хойш амьдарсан гэх бөгөөд тухайн мөнгийг шилжүүлсэн гэх дансны хуулга хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх, ******* нь *******-тай хамаарал бүхий этгээд болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар *******-д мөнгөн хөрөнгө шилжүүлж, орон сууцны үнийг төлснөөр хууль ёсны дагуу эзэмшил үүссэн гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэгтэй танилцсан боловч хуульд заасан хугацаанд ямар нэг тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх ба 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр хойшлуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Хариуцагч нь хэрхэн, ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус нөхцөлд нэхэмжлэлийг татгалзсан тайлбар гаргаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын зарчмыг зөрчөөгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах гомдлыг мөн хангахгүй. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцуулахаар *******д 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 4-5/ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлэх талаар хуульд заагаагүй тул итгэмжлэл хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн, хэргийн 12 дугаар талд авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд -г ерөнхий захирлаар томилсныг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэснийг тэмдэглэжээ. Иймд итгэмжлэлийг нотариатчаар гэрчлүүлээгүй, итгэмжлэлийг орчуулсан этгээд албан ёсны зөвшөөрөлтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авахгүй.

7.2. Мөн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор *******, ******* нарт орон сууц худалдан авахаар урьдчилгаа 115,000,000 төгрөг өгч залилуулсан гэх *******ын гомдолд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү гомдол гаргасан нь хэргийг шийдвэрлэхгүй байх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

7.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууц хөлслөх гэрээ хуурамч, уг гэрээнд *******ын гэх гарын үсэг нь түүний гарын үсэг биш гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч уг тайлбартайгаа холбогдуулан ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Иймд энэ талаар шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн нотлох баримт шалгуулах эрхийг хязгаарласан гэх гомдлыг хангах боломжгүй байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэх гомдол гаргаагүй байх ба энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасныг гомдол гаргасан гэж үзэхгүй боловч ийм хүсэлт гаргасан талаар 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

Т.ГАНДИЙМАА