| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/01489/И |
| Дугаар | 210/МА2025/00853 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00853
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/02371 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2012 оны 01 сарын 17-ны өдөр ******* ХК-аас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байх *******ы ******* байрны ******* айлын орон сууцны барилгаас ******* талбайтай ******* өрөө ******* тоот орон сууцыг худалдан авч, төлбөрийг төлсөн. *******гийн хувьд 2016 онд ******* ХХК-тай гэрээ байгуулсан. ******* ХХК нь тухайн орон сууцны өмчлөх эрхтэй субъект байгаагүй, 2008 онд ******* ХК тухайн байрыг барьж, 20 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Энэ эрхээ 2014 онд ******* руу шилжүүлсэн, өөрсдийн өмчлөл дээр бүртгэлтэй байх үедээ нэхэмжлэгч *******той 2012 онд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. *******ыг 2 шатны шүүхийн шийдвэрээр уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. *******гийн хувьд энэ асуудлаар ******* ХХК хариуцлага хүлээх ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу гэрчилгээ гарсан өмчлөгчтэй маргах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2016 оны 12 сарын 16-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ******* дүүрэг, ******* хороолол, ******* хороо, *******ы ******* байрны ******* тоот ******* ******* өрөө орон сууцыг захиалсан. Орон сууцны үнийг төлөхөөр 2016 оны 12 сарын 28-ны өдөр Капитал банктай ЗГ-112 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 103,932,815 төгрөгийг зээлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Уг орон сууцанд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. ******* нь манай байрны 6 давхарт амьдардаг бөгөөд энэ талаар бидэнд хэлж байгаагүй. Албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн эзэмшил хууль бус байх шаардлагатай ба *******гийн хувьд орон сууцыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. ******* 10 жилийн хугацаанд ипотекийн зээлээ төлсөөр ирсэн байхад гэнэт нэг өдөр хэн нэгэн этгээд орон сууцыг чөлөөл, би уг байрны өмчлөгч гэж орон сууцаа нэхсэн нөхцөл байдал бий болсон. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал уг маргааныг шийдэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол-2 /13373/, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь ******* ХХК-тай 2016 онд орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцны эзэмшлийг олж авсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхгүй гэж шүүх дүгнэсэн. Хариуцагч *******, ******* ХХК-ийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасны дагуу шууд өмчлөгч гэж үзэх боломжгүй, үүнийг тодруулах боломжтой байсан. Учир нь тухайн маргааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц учраас улсын бүртгэлд суурилдаг тул ******* ХХК-ийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй субъект гэж шууд тодорхойлох боломжгүй, энэ талаар тодруулах боломжтой байсан гэж үзсэн. Хууль болон хэлцэлд заасан үндэслэлээр хууль ёсны эзэмшил үүссэн нөхцөлд тухайн эзэмшил тодорхой нөхцөл болзлоор дуусгавар болох нь тодорхой байх ёстой.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхээ хэзээ хэрэгжүүлэх боломжтой эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг хууль ёсны эзэмшигч гэж дүгнэж байгаа бол энэ эрх нь хэзээ дуусгавар болж, өмчлөгч эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй. Эсхүл нэхэмжлэгч, хариуцагч нар хамт амьдрах юм шиг, эсхүл насан туршийн эзэмшил үүссэн мэт тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх хууль хэрэглээнээс үүдэлтэй буюу өмчлөгч нь эзэмшигчид хууль ёсны шаардлага буюу эзэмшлийг дуусгавар болгох шаардлага тавьснаар эзэмшил дуусгавар болно гэх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн учраас дээрх 3 үндэслэл болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэлийг хангасан байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь 10 жилийн хугацаанд 1 орон сууцанд хариуцагчтай зэрэгцэн амьдарч байсан. Маргаан бүхий орон сууцанд ******* амьдарч байгааг мэдсэн атлаа *******гоос нууцаар шүүхээр явж 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Дараа нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хүсэлт гаргасан ба эрх ашиг нь хөндөгдсөн учраас дахин сэргээх үндэслэлтэй гэж үзсэн. Давж заалдах гомдолд ******* ХХК орон сууцыг худалдах эрхгүй байсан гэж дурдсан. Гэтэл орон сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, ******* өмчлөгч мөн эсэхийг шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэг шийдвэрлэгдэж байна. Тухайн маргаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ******* ХК нь ******* ХХК буюу Капитал банкны эрх хүлээн авагчтай ашиг сонирхол нэгтэй компани юм. Түүнчлэн, ******* тоот орон сууцыг банкинд хүлээлгэж өгсөн гэж гэрчийн мэдүүлэгт тусгагдсан. Тухайн хэрэгт банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу орон сууцыг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* өмчлөгч болохыг тогтоолгохоор гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргах эрхтэй нэхэмжлэгчээр тогтоогдсон бөгөөд 2023 оноос хойш уг маргаан үргэлжилж байна. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаад ипотекийн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөд 10 жилийн хугацаанд зээл төлсөн атлаа шударгаар эзэмшиж буй орон сууцыг эзэмшлээс чөлөөлж өгөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаав.
2. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцыг 2016 онд худалдан авч 2017 оноос эхлэн амьдарч байгаа тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч *******г 2016 оны 12 сарын 16-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дагуу маргаж буй *******дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******ы ******* байрны ******* тоотод орших ******* м.кв ******* өрөө орон сууцыг 103,862,000 төгрөгөөр худалдан авч, 2017 оноос эзэмшиж байгаа нь түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх нөхцөлийг үгүйсгэнэ гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ын хувьд 2012 оны 01 сарын 17-ны өдрийн ******* ХК-тай байгуулсан Орон сууц барилгаас захиалгаар байр худалдан авах гэрээгээр маргаж буй орон сууцыг худалдан авахаар тохиролцож, улмаар 2021 онд шүүхийн шийдвэрээр тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, түүний нэр дээр 2024 оны 01 сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, өмчлөгч болжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд тухайн этгээдийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.
Энэ тохиолдолд маргааны бүхий орон сууцыг 2016 онд хариуцагч *******д худалдах буюу орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар захиран зарцуулах эрх ******* ХХК-д хэрхэн олгогдсон үйл баримтыг тогтоох нь хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг хөдөлбөргүй тогтооход нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, ******* ХК уг орон сууцыг 2012 онд захиран зарцуулах эрхтэй байсан буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байхад ******* ХХК уг орон сууцыг 2016 онд бусдад захиран зарцуулах эрхтэй байсан гэж ойлгогдох нөхцөл байдал байгааг зайлшгүй тодруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
Хариуцагч нь орон сууцны үнийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр Капитал банктай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 103,932,815 төгрөгийг зээлж төлсөн, шүүхэд Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.Буянбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуустал маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, баримтын хүрээнд дээрх асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
4. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзвэл тэдний хэн аль нь хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэхийг тогтоохтой холбоотойгоор ******* ХХК-аас дээрх нөхцөл байдлыг тодруулах эсхүл уг компанийн эрх, ашиг сонирхол шүүхийн шийдвэрийн улмаас хөндөгдөх эсэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шүүхийн зүгээс энэ талаар хэргийн оролцогчоос тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
Иймээс хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тогтооход ******* ХХК болон хариуцагч ******* нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний талаар дүгнэлт өгөхгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчилд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингилтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/02371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ