| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0034/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/36 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/36
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгч: С.Б-
Шүүгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овогтой С-ийн Б-ид холбогдох эрүүгийн 1927000820027 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн "___" гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, гавьяа шагналгүй, 1999-12-13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 73 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 2002-12-17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 75 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дүгээр зүйлд зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Л- овгийн С-ийн Б- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин ___ багийн "___" гэх газарт Д.Г-гийн баруун нүдэн тус газарт нь ногтны цулбуурны сураар ороолгож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч С.Б-ийн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ“...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Н.Х- бид хоёр морьтой явж байтал араас Д.Г- хурдаараа давхиж ирсэн. Би сандрахдаа Д.Г-г морьныхоо цулбуураар ороолгосон. Д.Г- хажуугаар өнгөрч яваад морьноосоо унасан. Бид хоёр манай гэрт ирээд үзэхэд Д.Г-гийн нүд хөхрөөд нүүр нь шалбарсан байсан. Би өөрийнхөө гэм бурууг хүлээж байна...” гэв.
Хохирогч Д.Г-гийн өгсөн "...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 00 минутын орчим Ө.Б- ахын гэрт Ө.Б- ахтай 0.5 граммтай цагаан гэх гэртэй нэг шил архи хувааж уусан, би Ө.Б- ахын гэрээс гараад С.Б- ахынд очиж ганцаараа нэг литр монгол архи уусан. Тэгээд би М- ахынд очсон чинь м-, С.Б-, Х- нар архи уугаад сууж байсан. Би тэд нарын ууж байсан архинаас 3-4 рунк архи уулцсан. Тэгээд М- ахынд И.Б- бид хоёр амаараа маргалдаж байгаад би дээшээ Б-гийн руу явсан. Харин С.Б-, Х- хоёр доошоо явсан ...Тэгээд Б-гийнд очсон чинь гэр нь эзэнгүй байхаар нь буцаж М- ахынд орчихоод М- ахын гэрээс гараад гэр рүүгээ харих санаатай ___гаад өгсөж явсан чинь урд хоёр морьтой хүн явж байхаар араас нь гүйцээд очсон чинь З.Б-, Х- хоёр морьтой шогшож явсан. Би араас нь гүйцэж очоод та хоёр явж байгаа юм уу гэж хэлээд С.Б-ийн баруун гар талаар гараад морьтойгоо урд нь ороод шогшож явсан чинь С.Б- ах миний араас толгой руу ташуураараа ороолгосон. Тухайн үед миний баруун гар талын нүд харанхуйлаад толгой манараж морьноосоо газар унасан. Тэгээд би босож ирээд С.Б-ийг намайг яагаад ташуураар ороолгож байгаа юм бэ гэсэн чинь чи өөрөө морьноосоо уначихлаа гээд байсан ...би нилээд согтуу байсан...С.Б- миний толгой руу ташуураар ороолгосны улмаас миний баруун гар талын нүд орчим хөхөрч хавдсан юм ...би С.Б-ид гомдолтой..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-ЗЗр хуудас/
Гэрч Н.Х-ийн өгсөн "...Тэнд нэг шил архи уугаад талд нь оруулж байсан чинь Д.Г- согтуурхаж С.Б-той өвс тэжээл яриад маргалдаад байсан. Тухайн үед Д.Г-г согтуурхаад байхаар нь С.Б- бид хоёр М- ахын гэрээс гараад Т- гэх айлд очсон. Харин Д.Г- М- ахынд үлдсэн. ...С.Б- бид хоёр Т-гийнд байж байгаад харанхуй болж байхад гэрээдээ нарийн давааны араад өгсөж явсан чинь нэг морьтой хүн араас нилээд ширүүн давхиж ирээд С.Б- бид хоёрын дундуур ороод ирсэн, тэр үед С.Б- барьж явсан ташуураараа нүүр лүү нь ороолгож байгаа харагдсан. Би тухайн үед сандраад харсан чинь Д.Г- байсан. Тэгээд Д.Г- морьтойгоо зогсоод нүд нүд гээд байсан. Тэгээд Д.Г- түрүүлээд даваагаар давсан, араас нь С.Б- бид хоёр яваад очсон чинь давааны цаана Д.Г- морьноосоо уначихсан сууж байсан ...гэртээ ороод байж байсан чинь удалгүй Д.Г- С.Б-ийн гэрээс манайд хүрч ирээд намайг гэрт хүргээд өг гээд байсан, тэр үед гэрэлд харсан чинь Д.Г-гийн нүдний орчим нь бага зэрэг хавдаж зулгарсан байгаа харагдсан ...С.Б- бид хоёр бага зэрэг халамцуу байсан. Харин Д.Г- их согтуу байсан. ...С.Б- Д.Г-г ташуураар ороолгох үед мориноосоо унааагүй юм. Харин ороолгосны дараа зогсоод нүд нүд гээд байсан. Тэгээд морьтойгоо жааахн зогсож байгаад түрүүлээд давхиад явчихсан юм ...хэрэв морьноосоо унасан бол гар, хацар нүүр нь зулгарах байсан. Харин Д.Г-гийн нүд хэсэгт нь хөхөрч, зулгарсан байгаа нь ташуураар ороолгуулсны улмаас үүссэн гэмтэл шиг харагдсан. Би маргаанд оролцоогүй ...богино ташуур байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/
Гэрч Д.О-ий өгсөн "...Д.Г- гэх залуу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 00 минутын орчим надад ирж үзүүлсэн. Д.Г-г үзэхэд баруун нүдний дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн, доод зовхи нь 1.5 см орчим зулгарсан шархтай байсан. Зовхи болон алимны салст улайсан, эвэрлэг бүдэг хавантай байсан. ...Д.Г-гийн баруун нүдний доод хэсэгт учирсан гэмтэл нь ямар нэгэн зүйлээр цохигдсон байх боломжтой шарх байсан. Тухайн үед Д.Г- бусдад ташуураар ороолгуулсан гэж өөрөө хэлсэн. Би эмч хүний хувьд харсан чинь нээрээ ташуурны үзүүрийн сур юм шиг гэмтлийн гаралтай ором байсан. Би тухайн үед Д.Г-д эм бичиж өгөөд Улаанбаатар хот руу явж үзүүл гэж зөвлөгөө өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "...Д.Г-гийн биед баруун нүдний алимны салст, эвэрлэгт шарх, хаван, болорын үрэвсэл, торлогт хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. тухайн гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. ...Тухайн гэмтэл 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.34.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Баруун нүдний хараа дахин нэмэгдэж, эсхүл буурч болно. Энэ нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэсэн 159 тоот дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/
Шинжээч Л.Амгалангийн өгсөн "...Д.Г- 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надад үзүүлсэн. Д.Г-г үзэхэд "Болор мэлмий" эмнэлгийн эмчийг үзлэгээр бол баруун нүдний харааг 50% байна гэж оношилсрн байсан. Эдгээрийг үндэслэж шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.34.1-д зааснаар хөнгөн зэргийн дүгнэлт гаргасан. Баруун нүдний хараа дахин нэмэгдэж, эсхүл буурч болно гэсэн нь тухайн хүний нүдний хараа явцын дунд сайжирч болно, эсхүл муудаж болно гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.34.1-дэх заалт тухайн хүний энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулсныг заасан заалт юм. Д.Г-гийн гэмтэл нь эдгэрч байгаа гэмтэл байна лээ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
Шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цулбуурны сур болох ногтыг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг, үнэлгээ /хх-ийн 17-20-р хуудас/
Хохирогч Д.Г-гийн эмчилгээний улмаас учирсан хохирлын баримтууд, гэрэл зураг /хх-ийн 11-16-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин ___ багийн "___" гэх газарт Д.Г-гийн баруун нүдэн тус газарт нь ногтны цулбуурны сураар ороолгож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Б-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суран цулбууртай ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,
шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л- овгийн С-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л- овгийн С-ийн Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг суран цулбууртай ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН