| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2024/10271/И |
| Дугаар | 210/МА2025/00854 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00854
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/04079 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Гэм хорын хохиролд 2,687,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,687,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* түрээслэн авч явсан автомашинаа эвдэлсэн бөгөөд 2,687,500 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж тодорхойлжээ.
Хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 сарын 16-ны өдрийн ******* дугаартай магадлалаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэнийг болон уг гэрээний үүрэгт холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн 01608 дугаартай магадлалаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн харилцаа үүссэнийг, хөлслүүлэгч ******* нь гэрээний зүйл болсон ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөлслөгч *******д хүлээлгэн өгөхдөө ердийн байдлаар илрэх боломжгүй доголдолтой тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн учир эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, тус магадлалаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,687,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн хүрээнд тодорхойлсон хэдий ч талуудын хооронд үүссэн эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааны явцад уг хохирол бий болсонтой холбоотой маргаан үүссэн нь нэгэнт тогтоогдсон тул талуудын маргаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалт хамааралгүй.
Иймд хариуцагч гэрээний зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа гэмтээсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ хариуцагч ******* зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаагүй нь түүний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээс өмнө хэвийн ашиглагдаж байсан, уг тээврийн хэрэгсэлд зориулалтын бус шатахуун хийсний улмаас эвдрэл үүссэн эсэхийг нотлохоор гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгт холбогдох маргааныг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч доголдолтой эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учир шүүх энэ хүрээнд дүгнэлт хийж хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй болжээ.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хөлслүүлэгчийн үүрэгт хамаарах Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан зохицуулалтыг баримталсан нь оновчгүй бөгөөд хөлслөгч буюу хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдоогүй тул мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасныг тогтоох хэсэгт баримтлах нь хуульд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д гэснийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/04079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д... гэснийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,984 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ