Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00814

 

 

 

 

 

 

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01955 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 31,100,000 төгрөг, алданги 11,800,000 төгрөг, нийт 42,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, бусдаар ажил гүйцэтгүүлсний зардалд 22,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 09 сарын 02-ны өдөр ******* тоот Карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2021 оны 09 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдөр барилга угсралтын ажлыг дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тусгасан. Гэрээний үнэ ба төлбөр төлөх нөхцөлийг гэрээний 4 дүгээр зүйлээр зохицуулж, ******* м.кв талбайд ажил үүрэг гүйцэтгэхээр болж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төлбөр 221,000,000 төгрөг байхаар тохиролцсон.

Гүйцэтгэгч гэрээний дагуу карказ угсралтын ажлыг явуулж байсан ч захиалагч тал материал нийлүүлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, гүйцэтгэгчийг БУА-ыг шуурхай тасралтгүй явуулах боломжгүй болгож цаг хугацаа алдсанаар карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу дуусгавар болгож чадалгүйгээр барилгын суурийн ажлыг 2021 оны 11 сарын 26-ны өдөр дуусгасан. Тус ажлын үнийн дүн 70,000,000 төгрөг болсон ч захиалагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй 2021 оны 11 сарын 26-ны өдөр гэрээг цуцалсан.

Гэсэн ч гүйцэтгэгчийн хувьд гэрээг дүгнэх, ажил гүйцэтгэх талбайг хүлээлгэн өгөх талаар албан ёсоор хүсэлт хүргүүлж ажлын хөлсөө шаардсан ч ямар нэг хариу өгөлгүй, өдийг хүрч байна. Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг захиалагч биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжих боломжгүйг мэдэж байсан ч үндэслэлгүйгээр гүйцэтгэгчид хөлс төлөхөөс татгалзсан мэдэгдэл өгч, гүйцэтгэгчид төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна. *******ХХК-ийн карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, багаж тоног төхөөрөмж, узелийн зардал болох 70,000,000 төгрөгөөс захиалагч 38,900,000 төгрөг төлж, гүйцэтгэгчид төлөх ёстой төлбөрөөс төлөөгүй 31,100,000 төгрөг үлдэж, төлбөр төлөх үүргээ захиалагч тал 135 хоногоор хэтрүүлсэн. Гэрээний 4.5.1-т зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд захиалагч тал гүйцэтгээгүй үүргээс 0.5 хувийн алданги гүйцэтгэгч талд төлөхөөр заасан. Гэрээний 4.5.1-т зааснаар 31,100,000 төгрөгөөс хоногт 155,500 төгрөг төлөх үүрэг захиалагчид үүсэж байх бөгөөд нэхэмжлэл гаргах хүртэл 135 хоногийн хугацаа хэтэрсэн, хугацаа хэтэрсэн хоногт тооцон бодоход алданги 20,992,500 төгрөг болж байгаа боловч алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 31,100,000 төгрөгийн 50 хувь нь 11,800,000 төгрөг болно. Иймд захиалагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт төлөх ёстой 31,100,000 төгрөг, алданги 11,800,000 төгрөг нийт 42,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид гүйцэтгэгч талын ирүүлсэн шаардлагатай материалын жагсаалт болон техник хэрэгслийг /экскаватор, ковш/ тухай бүрд нь өөрсдийн нөөц бололцоогоор хангалттай авч хүргүүлж ажилласан. Гэвч гүйцэтгэгч талын хүн хүчний асуудал байнга дутагдалтай ажилладаг байсан нь БУА-н суурийн ажлыг хугацаандаа дуусгаж чадахгүйд хүргэсэн. Барилга захиалагчаас хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын ажлыг зогсоохыг шаардсан. Суурийн ажлыг бүрэн дуусгаагүй, дүлий хана хийгдээгүй, суурийн дам нуруу дутуу, суурийн дам нурууны хэв хашмал угсрах ажлыг технологийн дагуу хийгээгүйн улмаас нурж материалын нэмэлт зардал гаргасан.

Гэрээний 4.3-д зааснаар Буурь суурийн ажил бүрэн хийгдэж дууссаны дараа санхүүжилт авах саналын дагуу суурийн ажлын нийт дүн 28,000,000 төгрөгийг өгнө гэж заасан ч бид гүйцэтгэгч талд 41,400,000 төгрөгийг суурийн ажил дуусаагүй байхад нь шилжүүлсэн. Гүйцэтгэгч талын дуусгаагүй ажилд болон буруу хийсэн алдааг засахын тулд дахин өөр бригадад ийм хэмжээний мөнгө төлсөн. Иймд бид дуусаагүй үлдсэн алдаатай ажилдаа дахин нэмж мөнгө өгөх боломжгүй. Гэрээ дуусгавар болсон ч гүйцэтгэгчийн ирүүлсэн актаар хүлээж авах боломжгүй бөгөөд алданги тооцуулж илүү төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна. Харин бид гүйцэтгэгч талын дуусгаагүй үлдсэн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж илүү зардал гаргаснаа буцааж нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Барилгын талбай дээр гэрээнд заагдсанаар 19 хүний бүрэлдэхүүн ажиллана гэсэн боловч 4 хүнтэй ажилласан. Үүнээс мэргэжлийн 1 хүн бусад нь мэргэжилгүй ажилтан байсан. Гүйцэтгэгч талаас байнга хүн хүчний дуталдалтай, мэргэжлийн ажилчид байхгүйн улмаас нутгийн иргэдийг хөлслөн ажиллуулдаг байсан. Нутгийн иргэдийн хөлсийг цаг тухайд нь өгөөгүйн улмаас манай ажил болон ажилчдад байнгын дарамт хүндрэл учирч байна. Гэрээнд заагдсан хоногоос 15-20 хоног хэтрүүлж ажлыг Бнбн стандарчлалын шаардлага хангахгүйг захиалагч Сүхбаатар аймаг мэдэж байгаа. ХАБЭА ажилтан хувцас тоног төхөөрөмж байхгүй, ажилчид нь анхан шатны зааварчилгаа аваагүй барилгын талбайн сахилга бат сахиагүй ажилласан гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани *******ХХК-д гэрээний дагуу нийт 41,400,000 төгрөгийг шилжүүлсэн *******ХХК гэрээний 2.2.4-т заасан үе шатны дагуу ажлаа гүйцэтгээгүй. Нэхэмжлэгч ажиллах хугацаанд хүн хүчний дутагдалтай байдлын улмаас ажлыг удаашруулж ажлаа бүрэн гүйцэтгээгүй, мөн алдаа гаргаж материалын болон цаг хугацааны алдагдал гаргаж байсан. Дээрх шалтгаануудын улмаас гэрээг 2021 оны 11 сарын 26-ны өдөр цуцалсан. Манай компаниас *******ХХК-ийн технологийн алдаатай, дутуу хийсэн багана 11 ширхэг, суурийн холбоос дам нуруу 3 ширхэг, багана болон дам нуруунд 30 см алдаатай байсныг засуулсан, суурийн холбоос дам нуруу 11 ширхгийн арматур уяж цутгасан, 6м урттай 1м 20см-н өндөртэй 40см зузаантай 11 хана цутгасан зэрэг ажлуудыг бусдаар гүйцэтгүүлэхэд 22,000,000 төгрөгийн зардал илүү гаргасан. Иймд нэхэмжлэгчээс 2021 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан ******* тоот гэрээний дагуу илүү төлсөн төлбөр 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний дүн 221,000,000 төгрөг, ******* ХХК-аас шилжүүлсэн 41,400,000 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд ажилласан ажилчдын нэрс олгогдох ажлын хөлс, ажилласан хугацааг тодорхойлсон хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бусад асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 27,589,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,310,089 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-ийн *******ХХК-д холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ХХК-ийн төлсөн 373,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 268,000 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 295,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тухай:

"*******" ХХК нь "*******" ХХК-д төлбөл зохих төлбөрийг төлж, гүйцэтгэгч талын ирүүлсэн шаардлагатай материалын жагсаалт болон техник хэрэгсэл, бараа материалаар цаг тухай бүрд нь хангаж, тус компанийн ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өөрсдийн хууль болон гэрээнд заасан үүргийг биечлэн зохих ёсоор гүйцэтгэсэн.

Харин "*******" ХХК нь ******* аймгийн ******* сумын ******* суудалтай соёлын төвийн барилгын суурийн ажил, төмөр бетон карказ угсралтын ажил, дотор шатны ажил, шал цутгалтын ажил ******* м.кв талбай бүхий ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх ажлуудыг гэрээнд заасан хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөөгүй, мөн хийж гүйцэтгэх ажлаа ажиллах хүчний дутагдалтай байдлаас болж бүрэн гүйцэт хийгээгүй, доголдолтой хийсний улмаас "*******" ХХК нь эд хөрөнгө, цаг хугацааны ихээхэн хэмжээний алдагдалд орсон бөгөөд үүргээ биелүүлэхгүй гэрээ зөрчигдөж байгаа талаар удаа дараа сануулж, шаардаж байсан.

"*******" ХХК-ийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн ******* тоот "Соёлын төвийн барилгын газар шорооны ажил удаашран 14 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн ажил хүчингүй болж шинээр эхлэн гүйцэтгэх болсонд харамсаж байгаагаа илэрхийлье" гэж ажлын явцын талаарх "*******" ХХК-нд ирүүлсэн албан бичиг, мөн "*******" ХХК-ийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн дугаар ******* "...Зөвлөх инженер ******* нь танай гүйцэтгэж буй ажилд хэмжээ алдсан мен хугацаа хоцорсон, гэрээний нөхцөлөөр үүссэн хүн хүч дутмаг байгааг албан ёсоор хэлсэн болохоор албан бус үл ойлголцох явдал үүсээгүй болно" гэх "*******" ХХК-д явуулсан албан бичиг хэрэгт авагдсан.

Гэрч *******гийн "Очсон хүмүүс орхиод явсан. *******ХХК-ийн ажлыг гүйцээгээд би хийж байтал цалингаа өгөхөө болиод...би "*******" ХХК-тай гэрээгээр ажилласан... *******ХХК-ийн ажилчдын тоо таныг очиход хэд байсан бэ?.. Хотоос ирсэн 2 хүн, хөдөөнөөс 3 хүн байсан.... зааварчилгааг.... *******ХХК-ийн ******* инженер өгч байсан..." мэдүүлэг нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг нотолсон.

"*******" ХХК-ийн зүгээс өөрийн шаардлагаа үндэслэж байгаа, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, "*******" ХХК-д хохирол учруулсан баримтууд хангалттай бүрдсэн. Гэтэл шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

6.2. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар:

"*******" ХХК нь гэрээний 2.2.4-т заасан үе шатны дагуу ажлаа гүйцэтгээгүй, 3.1.2-т заасан Гүйцэтгэгч нь бичиг баримтын бүрдлийг гүйцэд хангасан ажлыг Захиалагч талд хүлээлгэн өгч талууд актыг баталгаажуулснаар ажлыг дууссанд тооцно, 4.2.2-т Гүйцэтгэгч нь фото зураг, гүйцэтгэлийн болон ил далд ажлын Актуудыг инженерт хүлээлгэн өгч, баталгаажуулснаар төлбөр нэхэмжлэх эрх үүснэ гэх гэрээний заалтуудыг биелүүлэлгүй удаа дараа гэрээний үүргээ зөрчих болсон.

Үүнээс болж "*******" ХХК-ийн технологийн алдаатай, дутуу хийсэн ажлуудыг бусдаар гүйцэтгүүлж 22,000,000 төгрөгийн илүү зардал гаргаж хохирол учирсан. Уг доголдолтой ажлын талаар "*******ХХК-ийн 2022 оны 09 сарын 01-ний өдрийн дугаар ******* "...Энэ үед ******* ХХК-ийн төлөөлөл байгаагүй. Улаан шугам өөрчилсөн хүн ******* аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн байсан бөгөөд тжг тэнхлэг өөрчилсөн тухай акт, тэмдэглэгээ үлдээгээгүй....Тэнхлэг 2-т 30 см алдаатай байсан учир манайх мэдээгүй...Тэнхлэг 2-т гаргасан алдаанаас болж "Н" тэнхлэгт өөрчлөлт орсон болно.." гэх шүүхэд өгсөн тайлбар, ******* сумын ******* суудалтай соёлын төвийн "..2-р тэнхлэгийн дагуу 5 багана 25-30 см зөрсөн байдалтай байна..." барилгын суурийн ажилд захиалагчийн хяналт хийсэн тухай акт хэрэгт цугларсан.

Гэтэл шүүхээс "*******ХХК-ийн доголдолтой гүйцэтгэсэн ажлыг гэрээний дагуу гүйцэтгүүлсэн *******г сөрөг нэхэмжлэлийн дагуу алдаатай байсныг засуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна гэж үзэн хууль зүйн үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар:

Нэхэмжлэгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 42,900,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, түүнийгээ нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахаар заасан. Анх нэхэмжлэл гаргах үед ******* ХХК-ийн захирлаар ******* гэж хүн байсан ба тус компани нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар хороололд хаягтай үйл ажиллагаа явуулж байсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан ******* компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суугаа газар биш Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч шүүхийн харьяалал зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: *******тай 2021 онд гэрээ байгуулсан бөгөөд манай талбайн инженер ажлыг дуусгаж хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэгч тал алдаа дутагдал гаргасан, ажилчид цөөн байсан гэх гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагч тал шинжээчийн дүгнэлт нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэх боловч тухайн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн, суурийн ажлыг 100 хувь гүйцэтгээгүй гэх боловч зөвхөн суурийн материал авчирч өгөөд бусад материалыг авчирч өгөөгүй. Автомашин, механизмын зардлыг би хариуцаж байсан учраас бүгдийг нь хүлээлгэн өгч, сүүлд түрээсээр автомашин аваад мөнгийг нь шүүхээр шийдвэрлүүлж төлүүлсэн. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,000,000 төгрөгийн талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Үүнд ерөнхий гүйцэтгэх ажлыг хийгээгүй, материал дутуу байсан учраас 37 хувийн гүйцэтгэлтэй, маргаан үүсээд 4 жил болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 31,100,000 төгрөг, алданги 11,800,000 төгрөг, нийт 42,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн алдаатай, дутуу хийсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд гарсан зардал 22,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. ******* ХХК, *******ХХК нарын хооронд 2021 оны 09 сарын 02-ны өдөр АГ21/015 дугаартай Карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч *******ХХК нь ******* аймгийн ******* сумын төвд ******* суудалтай соёлын төвийн барилгын суурийн ажил, төмөр бетон карказ угсралтын ажил, дотор шатны ажил, шал цутгалтын ажил зэрэг ******* м.кв талбайтай ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК уг ажлын хөлсөнд 221,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

4. Талууд гэрээний 1.1-д нэхэмжлэгчийн гүйцэтгэх барилга угсралтын ажлын нийт хэмжээг тогтоосон, уг ажлыг гэрээний 2.1.1, 2.2.3-т зааснаар 60 хоногийн хугацаанд буюу 2021 оны 11 сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхээр заажээ. Үүнээс барилгын суурийн ажлыг 2021 оны 09 дүгээр сард багтаан гүйцэтгэхээр заасан боловч нэхэмжлэгч ажлын хуваарийг зөрчин 2021 оны 11 сарын 26-ны өдөр гүйцэтгэж дууссан байна.

Хариуцагчаас барилгын суурийн ажлын хөлсөнд 28,000,000 төгрөг, тоног төхөөрөмж, бетон зуурмагийн узелийн зардалд 42,000,000 төгрөгийг тус тус 2021 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлсөн байхаар гэрээнд заасан. Уг төлбөрөөс нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн 2021 оны 09 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний өдрийн хооронд 41,400,000 төгрөгийг хариуцагч төлжээ.

Нэхэмжлэгч *******ХХК-ийг барилгын суурийн ажлыг гүйцэтгэж дууссаны дараа буюу 2021 оны 11 сарын 26-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийн зүгээс ажиллах хүчний дутагдалтай ажиллаж байсан, гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан байна.

Зохигч хэн аль нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд хэргийн баримтаар тогтоогдсон байна.

5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан бөгөөд ******* ХХК дээрх үндэслэлээр гэрээг цуцалж, ажлыг *******ХХК-аар цаашид гүйцэтгүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 70,000,000 төгрөг гэж тодорхойлон хариуцагч 38,900,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 31,100,000 төгрөгийг, алданги 11,800,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хожим шүүх хуралдааны явцад хариуцагч 41,400,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрчээ.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээч томилон тогтоолгоход 68,989,911 төгрөг болсныг үндэслэн шүүх хариуцагчийн төлсөн 41,400,000 төгрөгийг уг дүнгээс хасч үлдэх 27,589,911 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Учир нь хариуцагч гэрээг цуцалсан хэдий ч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн барилгын суурийн ажлыг хариуцагч хүлээн авч, өөр этгээдээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн байх тул нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох хөлсийг шаардах эрхтэй, уг хохирлыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын бодит хэмжээг шүүхийн журмаар буюу ******* ТББ-ыг шинжээчээр томилон тогтоолгосонд зохигч маргаагүй (3 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал) нь 2025 оны 03 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнгээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

Иймээс шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

Барилгын суурийн ажлын хүрээнд хийгдэх багана 11 ширхэг, суурийн холбоос дам нуруу 3 ширхэг болон багана, дам нуруунд 30 см алдаатай хийгдсэн ажлыг засуулж, суурийн холбоос дам нуруунд 11 ширхэг арматур уяж цутгасан, 6 м урттай 1.20 м-ийн өндөртэй 40 см зузаантай 11 хана цутгах ажлыг нэхэмжлэгч технологийн алдаатай гүйцэтгэж, дутуу хийсэн байсныг хариуцагч бусдаар гүйцэтгүүлж 22,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК нь иргэн *******тай 2022 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу дээрх ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан боловч тус гэрээний 1, 2-т гүйцэтгэх ажлын хэмжээг Соёлын төвийн барилгын 1, 2-р давхрын гадна карказ угсралтын ажил гэж тодорхойлжээ. Гэрээний нийт үнэ 92,100,000 төгрөг байхаар заасны дотор суурийн ажлын хөлс 22,000,000 төгрөг, барилгын 1-р давхрын карказ угсралтын ажлын хөлс 39,500,000 төгрөг, барилгын 2-р давхрын карказ угсралтын ажлын хөлс 30,600,000 төгрөг гэж заасан ба хариуцагч нь *******д 13 удаагийн гүйлгээгээр 56,000,000 төгрөгийн хөлс төлсний дотор нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн ажилд зориулан 22,000,000 төгрөг багтсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн дээрх ажлыг хариуцагчийн захиалгаар гүйцэтгэсэн гэх иргэн *******, нэхэмжлэгчийн талбайн инженерээр ажилласан гэх иргэн ******* нар хэрэгт гэрчийн мэдүүлэг өгчээ. Гэрч *******гийн (1 дүгээр хавтаст хэргийн 214- 215 дахь тал) мэдүүлэгт барилгын суурийн ажил 48 баганатайгаас 44-ийг нэхэмжлэгч хийж үлдсэнийг би хийсэн, хариуцагчаас 22 сая төгрөг авсан гэж, гэрч *******гийн (2 дугаар хавтаст хэргийн 69-73 дахь тал) мэдүүлэгт нэхэмжлэгч суурийн дам нурууны ажлыг бүгдийг нь хийсэн, 48 багнаыг бүгдийг цутгасан гэж, гэрч нарыг нүүрэлдүүлэн асуухад (2 дугаар хавтаст хэргийн 113-116 дахь тал) гэрч ******* нэхэмжлэгч 2-3 багана дутуу орхисон, үлдсэнийг нь би хавар хийсэн гэж, гэрч ******* 48 багана цутгасан, суурийн дам нуруу бүгдийг хийсэн гэж тус тус мэдүүлжээ.

Эдгээр баримтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг *******гаар нөхөн гүйцэтгүүлж доголдлыг арилгахтай холбоотой зардал гаргасан нь бодитой тогтоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар бүрэн нотлоогүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн энэ тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

Шүүх хариуцагч компанийн захирал *******т 2022 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулахад тэрээр өөрийн оршин суугаа хаягийг ******* дүүрэг гэж мэдүүлж, шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ компанийн оршин байх хаягийг Баянзүрх дүүрэг гэж тодорхойлжээ. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх хэргийн харьяаллыг зөрчсөн тухай дурдсан ч хариуцагч компанийн оршин суух хаягийг тодорхойлоогүйн зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн харьяаллын талаар маргаж байгаагүй байна.

Иймээс шүүх хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 15462 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******" ХХК нь ******* аймгийн ******* сумын төвийн ******* суудалтай Соёлын төвийн барилгын суурийн ажлыг хэдэн төгрөгөөр гүйцэтгэснийг тогтоолгохоор шүүхээс ******* ТББ-ыг шинжээчээр томилжээ. Шинжээч уг ажлыг 4,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарах бөгөөд уг зардлыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 2024 оны 12 сарын 12-ны өдөр уг хөлсийг шинжээчид төлжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шүүхээс гаргасан шинжээчийн зардлыг зохигчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иймээс мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх 4,500,000 төгрөгийн шүүхийн зардлыг нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч ******* ХХК нараар тэнцүү байдлаар нөхөн төлүүлэхээр хуваарилж, уг зардлыг гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******дугаартай дансанд төлүүлэхээр нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч ******* ХХК нараас гаргуулж шийдвэрлэв.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...344 дүгээр зүйлийн 344.1... гэснийг 355 дугаар зүйлийн 355.1 гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч ******* ХХК нараас тус бүр 2,250,000 төгрөг гаргуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын *******дугаар дансанд нөхөн төлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ХХК-ийн төлсөн 373,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 268,000 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 295,899 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,850 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ