Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 69

 

   Б.Э-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Б.Э-д холбогдох 201216000223 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Э нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Э-ыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д 7 жил 1 сарын хорих ял оногдуулж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч И.Олонмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Э-д ял халдааж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Э-ыг хохирогч нарын биед гэмтэл учруулсан гэх үйлдлийг нотолсон баримт байхгүй.  2012 оны 06 дугаар сарын 10-ны орой Б.Э гэр лүүгээ явж байгаад Д.Г-той тааралдаж маргалдаад цаашаа явж байхад Э.Д согтуу найзыгаа авч явах гээд дийлэхгүй байхаар хамжиж гэрт нь хүргэж өгсөн. Э.Д-тай найзыг нь хүргэж явах замд Ц.О-той тааралдаж Б.Ч-ийн хашаанд орж ус уусан. Энэ үед хохирогч нарын хэн нэгэнтэй огт тааралдаагүй тэднийг хаана байсныг огт мэдэхгүй гэдэг. Хохирогч Э.О-ын мэдүүлэг эргэлзээтэй тогтворгүй өөрчлөгддөг. Хэрэг болсон газрын талаар зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд цаг хугацааг 22.40 минутын үед гэдэг. Хохирогч С.А яаж байгаад зодуулсан талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг. Гэрч Б.М “... хэдний өдрийг санахгүй байна. Шөнө 24 цагийн үед баар хаасан хойно гэр тойроод 2-3 хүн зодолдоод байсан ...” гэрч Б.Ч “...Хойд гудманд хүн зодолдох чимээ гараад гэр тойрч пижигнэлдээд байсан…” гэж тус тус мэдүүлдэг боловч хохирогч нар өөрөөр мэдүүлдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдсэн гэх эзэн холбогдогчийг шууд зааж чадаагүй. Б.Э хэн хэнийг хэрхэн яаж зодож, цохисон талаар нотлоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Гэрч Б.Ч-ийн гэрээс авсан гэх хөрөө нь ямар хэв загвартай юуны зориулалттай хөрөө болохыг тогтоогоогүй байж яллах үндэслэлээ болгон дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Э.О-ын “...хоёр хүнд зодуулсан нэг нь Д боль наадах чинь үхлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд харин Д гэх нэртэй хүн зодож нөгөө хүн нь боль гэж хэлсэн байх бөгөөд Б.Э хохирогчийг зодоогүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байхад түүнийг буруутгаж ял оноосон нь үндэслэлгүй. Хохирогч Э.О зодсон хүнээ танина гэсний дагуу таньж олуулах ажиллагааг 2012 оны 10 дугаар сарын 04-нд хийсэн. Энэ ажиллагаа хийгдэхээс өмнө 2012 оны 09 дүгээр сарын дундуур Э.О эхнэр А-ийн хамт цагдаагийн газрын гадаа Ханбогдын иргэн Б.Б Б.Э нартай уулзаж Б буюу Б.Э-ыг заалгаж таньж авсан талаар гэрч Б.Б, Б.Э нар нь мэдүүлдэг. Тиймээс энэ ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгч Б.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2012 оны 06 дугаар сарын 10-ны орой М баарны гадаа Д.Г-той маргалдаж бие биенээ цохиж авахад “цагдаа ирж” байна гэхээр нь хойшоо зугтаад гудмаар ороход Э.Д найзыгаа чирээд явж байхаар нь гэрт нь цуг хүргэж өгөх замдаа Б.Ч-ийн хашаанд орж ус уусан. Энэ үед Ц.О-той уулзсан, дахиж очоогүй. Хохирогч нартай нэг ч удаа таарч байгаагүй. Гэтэл гэрч Б.Ч хөрөө аваад явсан, маргааш нь хөрөө цустай байсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Гэрч Ц.О намайг тэндээс хөрөө авч яваагүйг гэрчилдэг. Мөн Б.Ч-ийн гадаанаас алга болсон хөрөө нь ямар хөрөө байсан талаар шалгаж тогтоогоогүй, хохирогч нарын биед үүссэн гэмтлийг Б.Ч-ийнд байсан хөрөөгөөр үйлдэгдсэн гэж өөр юугаар нотолж байгаа нь тодорхойгүй байхад надад ял оногдуулсанд гомдолтой байна. Хохирогч Э.О-ын мэдүүлэг тогтворгүй, эргэлзээтэй байдаг бөгөөд зодсон хүнээ харвал танина гэж хэлсэн атлаа намайг цагдаагийн гадаа байхад манай нутгийн залуу Б.Б Б.Э нараар намайг заалгаж таньж авсан байдаг. Би энэ хэргийг огт хийгээгүй байж ял шийтгүүлсэндээ гомдолтой байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь 2012 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хохирогч Э.О-ыг зодож, танхайн сэдэлтээр бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч П.Б, М.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 7439 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон байх бөгөөд, шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол,  магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй”, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт “...анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын хохирогчийн биед учирсан гэмтлийг Б.Э учруулсан эсэх, Б.Ч-д байсан хөрөөгөөр үйлдэгдсэн эсэх, хохирогчийг Д гэдэг хүн зодсон үйл баримтуудыг шалгаж, тогтоох агуулга бүхий гомдлоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Б.Э-ын шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, өмгөөлөгч И.Олонмөнхийн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ

 

 

            ШҮҮГЧ                                                               Ч.ХОСБАЯР