Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 129

 

О.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00065/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч   С.Энхжаргал даргалж, шүүгч О.Нарангэрэл, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: О.С-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн *******,*******т  холбогдох, 

          “Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүл хөгжлийн хэлтсийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 01-нд тус байгууллагад жолоочоор ажилд орсон ба ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй, гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлтсийн даргын 74 дүгээр тушаалаар цалингийн төсөв хасагдаж, ажилтны тоог цөөрүүлсэн гэх шалтгаанаар намайг ажлаас халсан тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр машин техникээ хүлээлгэн өгсөн. Ажлаас халагдсан тушаалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасны дагуу тэтгэмж олгосон, Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тушаал үндэслэлгүй гарсан. Учир нь намайг ажлаас халсны дараа миний орон тоон дээр өөр хүн авч ажиллуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд ажилтны урьд эрхэлж байсан ажил албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан ба намайг жолоочийн орон тоон дээр ажиллуулахгүй юм гэхэд жижүүрийн орон тоон дээр ажиллуулах боломжтой байсан. Намайг ажлаас халснаас хойш 2 хүнийг ажилд авсан нь орон тоо цомхотгох болсонтой холбогдуулан гэх шалтгаан байхгүй байсан болохыг нотолж байна.

Иймд намайг жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс шүүхэд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.******* би Дархан сумын иргэн О.С-тай холбогдох Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэртэй танилцмаар байна. О.С- нь тус байгууллагад ажиллаж байхдаа дараах зөрчлүүдийг удаа дараа гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан, О.С- нь төрийн машиныг дур мэдэн хэнд ч мэдэгдэлгүйгээр хулгайлж авч яваад шатахуун түгээс станцаас 180,000 төгрөгийн шатахуун хийлгээд 7 хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болж хувийн хэрэгцээнд зарцуулсан шатахууны мөнгийг нь төрийн мөнгөөр төлж барагдуулсан боловч О.С- одоог хүртэл төлж барагдуулаагүй. Тухайн үед нь ажлаас халагдах өргөдлөө өгсөний дагуу ажлаас халах шийдвэр гарсан. 2013 оны 6 дугаар сард Зулзагын зуслангийн үйл ажиллагаа эхлэх болсонтой холбогдуулж, хэлтсийн Истана машиныг хүлээлгэн өгөөгүй бөгөөд уг машиныг ашиглах боломжгүй байсан тул байгууллагаас 1,500,000 төгрөгийн сэлбэг авч, хүүхдийн зуслангийн хоол хүнс зөөхөд бэлэн болгон засварласан. Иймээс О.С- нь 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан. Одоог хүртэл Хүүхдийн зуслангийн захирлын өрөөний түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй. Дээрх олон зөрчлийг О.С- тус хэлтэст олон удаагийн дамтамжтайгаар үйлдэж, мөн хэлтсийн дарга асан Энэрэл цогцолбор сургуулийн захирал Б.*******тай хуйвалдан тус хэлтсийн тамга, албан бланкыг хууль бусаар ашиглаж хүчингүй тушаал шийдвэр гаргасан явдалд Ш.******* би төрийн албаны ёс зүйгүй этгээдэд хариуцлага тооцож, ажлаас халсан нь үнэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, О.С-ыг тус хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс1,100,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.С-т олгож,

            3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даалгаж,

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.С- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 101,166 /30,966+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  давж заалдсан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрээр О.С-ыг ажилд эгүүлэн тогтоож, 1 100 660 төгрөгийг тус хэлтсээс гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хуульд заасан үндэслэлээр үнэлэлт дүгнэлт өгөхдөө хууль зөрчсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1367 дугаартай захирамжаар О.С-ын жижүүрээр томилогдсон тушаалын эх хувийг гаргуулж авсан боловч уг тушаал алга болсон. Хариуцагч байгууллага нь дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн чиглэл, тушаал шийдвэрийн дагуу ажилтан, албан хаагчдын /жижүүр/ орон тоог хасч бүтцийг баталсан байдаг тул О.С-ыг ажлаас нь хуульд заасны дагуу чөлөөлсөн тул анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.С- Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтэст холбогдуулж тус хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг удаа дараа зөрчил гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан төрийн албаны ёс зүйгүй этгээдэд хариуцлага тооцож ажлаас халсан гэж маргажээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн жолооочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 1.100.660 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хүн амын орлогын албан татварыг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч *******, гэр бүлийн хөгжлийн хэлтэс давж заалдсан гомдолдоо шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хуульд заасан үндэслэлээр үнэлэлт дүгнэлт өгөхдөө хууль зөрчиж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч О.С-ыг жижүүрээр томилсон тушаалыг эх хувиар нь авсан боловч алга болгосон.

Дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн чиглэл, тушаал шийдвэрийн дагуу ажилтан албан хаагчдын орон тоо бүтцийг хасч баталснаар О.С-ыг үүрэгт ажлаас нь хуульд заасны дагуу чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч О.С-ыг Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр тушаалаар /х х-ийн 30/ тус хэлтсийн жолооч-техникчийн албан тушаалд томилжээ.

Ажил олгогч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон бөгөөд хэргийн 36 дугаар талд авагдсан баримтаас үзвэл жолооч-техникчийн албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа, мөн тус хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар тушаалаар /х х-ийн 34/ Ш.Ганбатыг тус хэлтсийн жолооч-техникчийн албан тушаалд томилсон нь уг орон тоо хасагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзнэ. 

Орон тоо хасагдах гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, орон тоо цөөрүүлэх гэдэг нь ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг хэлдэг.

Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэж нэхэмжлэгч О.С-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 55 хоногоор тооцож 1.100.660 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй хүн амын орлогын албан татварыг тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг зөв шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 491 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

“...О.С-ыг тус хэлтсийн жолоочийн ажилд ...” гэснийг “...нэхэмжлэгч О.С-ыг Дархан-Уул аймгийн *******, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн жолооч-техникчийн ажилд”... гэж,

2 дугаар заалтын: “...1.100.660 төгрөг гаргуулж...” гэснийг “... нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.100.660 төгрөг гаргуулж”... гэж тус тус өөрчлөн,

3 дугаар заалтын: “...хүн амын орлогын албан татварыг тооцон”... гэснийг хасч шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч байгуулагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ

                          ШҮҮГЧИД                                                   О.НАРАНГЭРЭЛ                                                           

                                                                                              Л.АМАРСАНАА