Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01542

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч В.Үнэнбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.О-ь миний бие нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Техник технологийн газрын Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллах болсон. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 тоот тушаалаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Архив, бичиг хэргийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн. Б.О-ь нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаагүй болно. ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлын 2016 оны №Б/56 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Миний бие жирэмсний амралтаа дуусгаад 2015 оны 5 сард ажилд орсон бөгөөд энэ үед үйлдвэрлэлийн баазын нийтийн байрыг ямар хүмүүс түрээслэж байсныг мэдээгүй. Баазын дарга н.Отгонбаяр нь түрээслэгч А.Энхжавхлангаас түрээсийн мөнгө байнга шаардаж байгаад авахыг үүрэг болгосон, түүнээс түрээсийн мөнгө бэлнээр авсан гэдгийг хэлэхэд төвөөс цэвэрлэгээний материалын мөнгө шийдэгдэхгүй бол хэрэглэх тул өөр дээрээ түр байлгаж бай гэсэн. А.Энхжавхлан гэрчээр асуугдахдаа түрээсийн 10 сарын төлбөрийг бүрэн төлсөн, гэрээгээ дүгнэсэн, тооцоогүй, мөнгө хүлээн аваад баримт өгдөггүй байсныг мэдүүлсэн. А.Энхжавхлангийн түрээсийн төлбөрт төлсөн 400 000 төгрөгийг хувьдаа ашиглаж, байгууллагад хохирол учруулсан гэдгийг зөвшөөрөхгүй, хохирол учирсантай холбоотой баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй.

Төрийн банкны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулгаар 2016 оны 01, 02 сарын түрээсийг н.Дэлгэрдалай нэрээр тушаасан болох нь тогтоогдоно. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.О-ийг архивт хадгалагдаж байсан түрээслэгч нартай байгуулсан гэрээг устгаж, үгүй хийсэн гэж байгаа ч үүнийгээ нотлохгүй байна. Мөн түрээсийн 350 000 төгрөгөөр бараа, материал худалдан авсантай холбоотой баримтыг хариуцагчаас ирүүлсэн бөгөөд уг мөнгийг Баазын даргын тушаалаар зарцуулсантай хариуцагч тал маргахгүй байна. Тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэх боловч хурлаас ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байх бөгөөд зөвхөн хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байна.

Дээрх байдлуудаар Б.О-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэж байна. Ажил олгогчтой архив бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 1 сарын цалин 700 000 төгрөг байсан. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны №Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.О-ийг урьд эрхэлж байсан архив бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх буюу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний олговорт 4 298 466 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.О-ийг Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны Архив, бичиг хэргийн мэргэжилтний үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.8, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт /Бичиг хэргийн ажилтан бэлэн мөнгөтэй холбогдсон, мөнгө гэрээтэй харилцсан.../ гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай байгууллагын хамтын шийдвэр гаргасан. Баазын дарга 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр солигдсон бөгөөд түрээслэгч А.Энхжавхлангаас түрээсийн төлбөр нийт 400 000 төгрөгийг Б.О-ь хүлээн авсан мөртлөө баримт өгөөгүй гэх өргөдөл ирсэн. Гэтэл Б.О-ь баримт өгөхгүйгээр түрээсийн мөнгийг өөртөө бэлэн авсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ асуудал байгууллагын нууц учраас түрээслэгч нарт тооцоогүй гэж дарга хэлсэн юм. Энэ нь А.Энхжавхлангийн тайлбар, түүний мэдүүлгээр нотлогдсон.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 тоот тушаалын дагуу Үйлдвэрлэл техникийн борлуулалтын албаны үйл ажиллагаа, эд хөрөнгө, хадгалан борлуулж байгаа техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, холбогдох гэрээ бүртгэл тооцоо, орлого зарлагад хяналт шалгалт хийхээр болсон. Уг хяналт шалгалтын комиссын актаар Б.О-ь нь түрээслэгч нараас түрээсийн мөнгийг бэлнээр авч хувьдаа ашигласан байж болзошгүй ноцтой зөрчил гаргасныг тогтоосон. Энэ актыг үндэслээд Б.О-ь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрөө тайлбар бичиж өгснийг шүүхэд өгсөн. Төрийн банкны дансны хуулгаас үзэхэд 2016 оны 01, 02 сарын түрээс н.Дэлгэрдалай нэрээр төлсөн байдаг, уг баримтад бичсэн 99396760 тоот утас нь няраваар ажиллаж байсан Д.Энхмаагийнх бөгөөд эзэмшигч нь түүний дүү Д.Энхтөгсийн нэр дээр бүртгэлтэй юм байна. Түрээсийн мөнгийг нярав Д.Энхмаа тушаасан байдаг. Гэтэл Б.О-ь түрээслэгч А.Энхжавхлангийн түрээсийн мөнгийг бэлнээр авсан мөртлөө нярав Д.Энхмаагийн түрээслэгч н.Дэлгэрдалайгийн түрээсийн мөнгө төлсөн баримтыг өөрөө тушаасан мэтээр гаргаж ирсэн нь түүний түрээсийн мөнгийг хувьдаа ашигласан гэх үйлдэл нь тогтоогдсон. Мөн архивын бичиг баримт, түүний хадгалалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй мөртлөө өөрийн хариуцлагагүй үйлдлээ нуухын тулд түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг устгаж үгүй хийсэн. Үүнийг ноцтой буюу ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзсэн. Түрээсийн гэрээ байхгүй байгааг бичиг баримт устгасан гэж үзэхээс өөр аргагүй. Гэхдээ Б.О-иас түрээсийн гэрээг устгасан талаар тайлбар аваагүй. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3.4 дэх хэсэгт “Шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол” гэж заасан бөгөөд энэхүү ноцтой зөрчлийг Б.О-ь гаргасан болох нь баримтаар тогтоогдсон учраас түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.О-ийн сарын үндсэн цалин 700 000 төгрөг бөгөөд хоол, унааны зардал хоногт 7 000 төгрөг, сард 140 000 төгрөг нэмэгддэг. Гэтэл тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг нэмэгдэлтэй нь хамт оруулан тооцож байгааг зөвшөөрөхгүй.

Иймд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/56 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй тул Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Б.О-ийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны “Архив, бичиг хэрэг, тайлан мэдээлэл хариуцсан ажилтан” ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 298 466 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-ьд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шийтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч В.Үнэнбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 726 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Сангийн үйл ажиллагааны гол хэсэг нь улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүжин газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж олгох зарим төрлийн техник хэрэгсэл, объектийг гэрээний үндсэн дээр түрээслэн, төлбөр авч байгууллагын цаашдын үйл ажиллагаандаа санхүү бүрдүүлэн ажилладаг. Тус ажлын хүрээнд үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны ажилчдын байрны 1 өрөөг А.Энхжавхлантай түрээсийн гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн түрээслэсэн бөгөөд байгууллагын нярав төлбөр тооцоог авч санд тушаадаг байсан болно. Гэтэл  түрээслэгч  А.Энхжавхлангийн  түрээсийн хугацаа дуусган  гарах гэтэл тухайн 1 өрөөг түрээслэсэн төлбөрөөс 2 сарын нийт 400 000 төгрөг дутсан ноцтой зөрчил илэрсэн тул шалгаж үзэхэд архив, бичиг хэргийн ажилтан Б.О-ь нь бэлнээр авсан болох нь өөрийнх тайлбараар тогтоогдсон болно. Б.О-ийг 400 000 төгрөг хувьдаа ашигласан үйлдлийг заавал эрх бүхий байгууллагаар шалган тогтоосны үндсэн дээр шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Учир нь хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу Б.О-ь нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.2.3-т “сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон” гэж заасныг зөрчсөн тул энэ үндэслэлээр ажлаас халсан болно. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн 6а ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэсэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзвэл заавал эрх бүхий байгууллагаар шалган тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Б.О-ь нь түрээсийн 400 000 төгрөгийг хувьдаа ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 400 000 тушаасан орлогын ордер дээр албаны нярав Д.Энхмаа гарын үсэг зурж тушаасан илт тодорхой байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.О-ийг тушаасан гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хэрэв Б.О-ь өөрөө тушаасан бол өөрийнх нь гарын үсэг, утасны дугаарыг орлогын ордер дээр бичих цаашлаад түрээслэгчийг андуурч төлөх ямар ч үндэслэл байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Ийнхүү хавтаст хэрэгт Оюундарь түрээслэгч А.Энхжавхлангийн түрээсийн төлбөрийг бэлнээр Дэлгэрдалай нэрээр тушаасан гэх баримт огт байхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Б.О-ь нь хариуцагч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь Б.О-ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй болно.

Ажил олгогч “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” нь Б.О-ийг үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны архив бичиг хэргийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан зохицуулалтыг тушаалын үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх учиртай. Ажил олгогч ажилтны гаргасан зөрчил хангалттай нотлогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан нь буруу гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.О-ийг ажил олгогч түрээсийн төлбөрөөс 400 000 төгрөг хувьдаа ашигласан гэж ажлаас халсан боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч өөрийн тайлбараа шүүхэд нотолж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэлийг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.   

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/01445 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1604 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН