Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2019/0151/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                 Я.Сансар

Хохирогчийн өмгөөлөгч                                 Д.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                         П.Х

                                                                        Г.Унарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х, Г.У нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С29-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Г.У

 Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо 1-86-126 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй П.Х

 

Шүүгдэгч нарын  холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.У, П.Х нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” дэлгүүрийн 2 давхарт “888” нэртэй дэлгүүрт иргэн Г.Т-зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

 Хохирогч Г.Т-н өгсөн:... 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг давхар дэлгүүрийн 2 давхарт өөрийн лангуун дээрээ ажлаа хийж байтал гаднаас Ууганцэцэг гэх эмэгтэй эгч, дүү нарын хамт орж ирээд янхан гичий гэж дуудаад хашгираад лангуун дээр байсан тооны машиныг миний нүүр рүү авч шидсэн ингээд лангууны араас үсдээд чирсэн, энэ үед эгч нь миний мөрнөөс чирээд гаргаж ирсэн. Тэгээд газар унагаагаад үсдээд 4 удаа нүүр рүү өвдөглөөд, 10 гаруй удаа таарсан газар руугаа өшиглөчихөөд дахин босч ирэхэд эгч гэх хүүхэн нь намайг үсдээд хавсарч унагаасан. Дахин Ууганцэцэг гараараа элэг рүү нилээн хэдэн удаа цохисон дахин өшиглөсөн. Ингээд босоод хаалгаар гарах гэтэл эгч гэх эмэгтэй нь гаргахгүй чирээд үсдээд дахин хавсарсан...эмчилгээний зардал мөнгө, өдрийн орлогоо түүнээс нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /х-ийн 13 хуудас/

Гэрч Ш.Мөнхчимэгийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай хажуугийн үүдний шилэн лангуунд суудаг Г.Туяагийн лангууны ойролцоо хүн орилох чимээ гарсан ингээд яав юу болов гээд очтол Г.Туяагийн нүд хавдчихсан цагдаа дуудаад өгөөч гэхээр нь за гээд эргээд хартал шатаар нэг цагдаа орж ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

 Гэрч Г.Цэцэгжаргалын өгсөн: ... эгч Ууганцэцэг нөхөр Мөнхжаргалтай маргалдаад чи тэр Давхар дэлгүүрийн Туяа эгчтэй явалдаад байдаг биз дээ гэж хэлэхэд хүргэн ах Мөнхжаргал тийм ээ би явалддаг гэж хэлсэн ингээд хэсэг байж байгаад Ууганцэцэг эгч нөгөө Туяа гэх эмэгтэйтэй уулзана гээд гараад явахаар нь Хэрлэн-Ундрах эгч бид 2 дагаад гарсан юм....давхар дэлгүүрийн 2 давхарт гараад “888” нэртэй лангууны эгчийг Ууганцэцэг эгч зодчихсон юм.... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23 хуудас/

Гэрч Г.Мөнхжаргалын өгсөн:...манай эхнэрийн эгч Хэрлэн-Ундрах нь бөө удган хүн байгаа юм. Тэр өдөр бөөлөөд биднийг үзэж харсан юм ингээд намайг үзэж байхдаа чи эхнэрээсээ өөр хүнтэй явдаг юм байна гэж хэлсэн үүнээс болоод л эхнэр уурлаад гэрээс гарч ийм асуудалд орчихсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

 Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай: Г.Туяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, зүүн өгзөгний гадна хажуу хэсэг, баруун, зүүн шилбэний гадна дээд хэсэг, зүүн ташаа хэсэг, бүсэлхүйн баруун хажуу хэсгүүдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэх дүгнэлт  /хх-ийн 29 хуудас/

Г.У-н яллагдагчаар өгсөн:...Г.Т гэх эмэгтэйг манай нөхөртэй явалддаг гэдгийг нөхрөөсөө мэдээд очиж зодсон юм. Би тухайн үед Г.Т хүний нөхөртэй явалдаад байгаад нь гомдсондоо уурлаад түүн дээр очоод үсдээд нүүр лүү нь гараараа цохиод элэг рүү нь өвдөглөсөн харин түүнийг намайг хэл амаар доромжлоод байхаар нь Г.Т 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 131 хуу/

П.Х-ын яллагдагчаар өгсөн:...манай дүү Г.У нөхөртэйгээ хардаад зодох үед нь миний бие дүүгээ хамгаалан Г.Т гэх эмэгтэйн үснээс нь зулгаагаад нэг удаа хавсарч унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 136 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05 хуу/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/

 Г.У, П.Х нарын иргэний үнэмлэхний лавлагаа/ хх-ийн 43, 44 хуу/

Г.У, П.Х нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 94 хуу/

Хохирогч Г.Т-н нэхэмжилсэн эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой баримтууд / 104-109 хуу/

Шүүгдэгч Г.У-с 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г.Туяагийн ХААН банкин дахь дансанд гэмт хэргийн хохиролд тооцож 1.553.600 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 159 хуу/

Шүүгдэгч Г.У-с шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гар утасны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, өөрийн хувийн байдалтай холбоотой баримтуудын хуулбар, гэрэл зургууд /хх-ийн 178-217  хуу/

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн өмгөөллийн хөлс болон олох байсан орлого зэрэгт нийт 17.563.848 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл болон дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, түрээсийн гэрээний хуулбар, хяналтын камерын бичлэг бүхий гэх флаш диск  /хх-ийн 218-240 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Х, Г.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” дэлгүүрийн 2 давхарт байх “888” нэртэй дэлгүүрт шүүгдэгч П.Х, Г.У нар нь хардалтын улмаас хохирогч Г.Т-бүлэглэн зодож тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, зүүн өгзөгний гадна хажуу хэсэг, баруун, зүүн шилбэний гадна дээд хэсэг, зүүн ташаа хэсэг, бүсэлхийн баруун хажуу хэсгүүдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч П.Х, Г.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Туяа, гэрч Г.Цэцэгжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч П.Х, Г.У нар нь  хохирогч Г.Т зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогч Г.Т-н өгсөн:... лангууны араас үсдээд чирсэн, энэ үед эгч нь миний мөрнөөс чирээд гаргаж ирсэн. Тэгээд газар унагаагаад үсдээд 4 удаа нүүр рүү өвдөглөөд, 10 гаруй удаа таарсан газар руугаа өшиглөчихөөд дахин босч ирэхэд эгч гэх хүүхэн нь намайг үсдээд хавсарч унагаасан. Дахин Ууганцэцэг гараараа элэг рүү нилээн хэдэн удаа цохисон дахин өшиглөсөн. Ингээд босоод хаалгаар гарах гэтэл эгч гэх эмэгтэй нь гаргахгүй чирээд үсдээд дахин хавсарсан...гэх мэдүүлэг, П.Хын яллагдагчаар өгсөн:...манай дүү Г.У нөхөртэйгээ хардаад зодох үед нь миний бие дүүгээ хамгаалан Г.Т гэх эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад нэг удаа хавсарч унагаасан...гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байх тул тэднийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Х, Г.Унарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Х, Г.Унарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Х, Г.У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Т нь эмчлгээний зардалтай холбоотойгоор 1.553.600 төгрөгийн баримт /хх-ийн 105-106 хуу/ гаргаж өгсөн бөгөөд  шүүгдэгч Г.У нь тухайн зардлыг нөхөн төлсөн /хх-ийн 159 хуу/ байна.

Мөн хохирогч Г.Т нь бэлэн хувцас, гар утас, дагалдах хэрэгсэл борлуулдаг талаараа нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд гэмтлийн улмаас 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн хугацаанд олох байсан орлого 16.536.848 төгрөгийг мөрдөн байцаалтын үед нэхэмжилж, нэг өдрийн орлогоо тооцохдоо ХААН банкнаас 2018 онд зээл авахдаа зээлийн эдийн засагчаар нь гаргуулж байсан гэх “Борлуулалтын орлогын түүвэр”-ийг /хх-ийн 108 хуу/ үндэслэжээ.

Уг “Борлуулалтын орлогын түүвэр”-ийг шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

  1. Борлуулалтын орлогын түүвэрт сарын дундаж орлогыг 24.819.750 төгрөг, өдрийн дундаж орлогыг 1.183.132 төгрөг гэж тооцсон байх бөгөөд үүнийг шалгаж үзэх зорилгоор сарын дундаж орлого болох 24.819.750 төгрөгийг сарын 30, 31 хоногуудад хуваахад  /24.819.750:30=827.325, 24.819.750:31=800.637/ нэг өдрийн дундаж нь 827.325 болон 800.637 төгрөг гарч байх бөгөөд энэ нь уг “Борлуулалтын орлогын түүвэр”-ээс зөрүүтэй байна.
  2. Борлуулалтын орлогын түүвэрт 2018 оны 7 дугаар сард 50.470.000 төгрөгийн орлого олсон гэж тусган тухайн сарын нэг өдрийн дундажийг нь 2.403.333 гэж тооцжээ. Үүнийг шалгах зорилгоор 50.470.000 төгрөгийг 31 хоногт хуваахад /50.470.000:31=1.628.064/  1.628.064 төгрөг гарч байна. Мөн 2018 оны 6 дугаар сард 24.752.500 төгрөгийн орлого олсон гэх бөгөөд нэг өдрийн дундажийг нь 1.178.690 төгрөг гэж тооцжээ. Үүнийг шалгахад 825.083  төгрөг гарч байх бөгөөд энэ нь мөн борлуулалтын орлогын түүвэрээс зөрүүтэй байна.
  3. Борлуулалтын орлогын түүвэрийг хохирогч Г.Туяагийн ХААН банкин дахь 5935232285 тоот дансны хуулгаар тооцсон гэх бөгөөд уг дансанд орсон орлогуудыг нь бүгдийг нь эд зүйл зарж борлуулснаас олсон орлого гэж үзэхэд эргэлзээтэй, орлого тодорхойлох татварын болон  санхүүгийн бусад баримтгүй байна.

Мөн хохирогч нь мөрдөн байцаалтын үед нэхэмжилсэн 16.563.848 төгрөг дээрээ нэмж өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 1.000.000 төгрөгийг нэмж нийт 17.563.848 нэхэмжилж, өмгөөлөгчид хөлс төлсөн баримт, өөрийн ХААН банкин дахь дансны 2018 оны 11 сараас 2019 оны 4 сар хүртэлх дэлгэрэнгүй хуулга, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэргийг зэргийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д  насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор заажээ. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Г.Т-уг журмын 2.6.6 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчид төлсөн  зардлыг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хохирогч нь ХААН банкин дахь дансны 2018 оны 11 сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэлх дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн сарын болон өдрийн дундаж орлогоо өөрөө тооцож ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны үед уг дансны хуулгуудыг үндэслэн орлогыг тооцох боломжгүй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогчийн нэхэмжилсэн 17.536.848 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өвчтэй байсан хугацаанд олох байсан орлого гэх 16.563.848 төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй, борлуулалтын орлогын түүвэрийг үндэслэн орлогыг тооцох үндэслэлгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Х, Г.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг хавтаст хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. Мөн хохирогчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хяналтын камерын бичлэг бүхий гэх Sandisk гэсэн бичигтэй улаан, хар өнгийн  флаш дискийг шинээр гаргаж өгсөн бөгөөд үүнийг шүүх хуралдааны үед шинжлэн судлаагүй боловч хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                      

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Х, Г.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Х-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.У-ийг  1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхэг, хяналтын камерын бичлэг бүхий гэх Sandisk гэсэн бичигтэй улаан, хар өнгийн  флаш дискийг хавтаст хэрэгт хадгалсугай.

6. Хохирогч Г.Т-н нэхэмжилсэн 17.536.848 /арван долоон сая таван зуун гучин зургаан мянга найман зуун дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.000.000 / нэг сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өвчтэй байсан хугацаанд олох байсан орлого гэх 16.563.848 848 /арван зургаан сая таван зуун гучин зургаан мянга найман зуун дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэл нь шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй, борлуулалтын орлогын түүвэрийг үндэслэн орлогыг тооцох үндэслэлгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х, Г.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ