Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00892

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/04194 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,984,678 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан *******маркийн автомашинаа түүнд 17,000,000 төгрөгөөр худалдсанаас хариуцагч 10,000,000 төгрөгийг төлж, 7,000,000 төгрөгийг төлөөгүй учир 2023.06.29-ний өдөр зээлийн гэрээ хийж баримтжуулсан гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 12,984,678 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй болон автомашин худалдан аваагүй, автомашиныг *******аас худалдан авч үнийг төлсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоогоогүй, хуулийг оновчтой хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Хэргийн баримтаар зохигчийн хооронд 2023 оны 06 сарын 29-ний өдөр 0243 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээнд нэхэмжлэгч *******ээс 7,000,000 төгрөгийг хариуцагч *******д зээлдүүлэх, зээлийг мөн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн нөхцөлийг тусгажээ.

Нэхэмжлэгчээс *******маркийн автомашинаа 17,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдаж, төлбөрийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг баталгаажуулан зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрөөгүй, дурдаж буй автомашиныг нэхэмжлэгчээс бус *******аас 15,000,000 төгрөгөөр худалдан авч 10,000,000 төгрөгийг төлсөн, 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэж тайлбарласан байна. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд зохигч зөрүүтэй тайлбарыг гаргасан хэдий ч талууд маргааны зүйл болох автомашины талаар, мөн автомашины үнэд 10,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй, хариуцагч *******ын хувьд 2023 оны 06 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч *******тэй зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Иймээс маргааны үйл баримтын талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит үнэнд нийцсэн гэж дүгнэх бөгөөд зохигчийн хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Хариуцагч тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөөгүй учир талууд 2023 оны 06 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасантай нийцсэн буюу өмнө байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон, улмаар мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргээ дуусгавар болгожээ.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ. Энэхүү гэрээгээр хариуцагч ******* нь 7,000,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 29-ний өдрийн дотор нэг сарын хүү 350,000 төгрөгийн хамт нэхэмжлэгч *******т буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талууд өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгож, өөр үүргээр солихоор хүсэл зоригоо тодорхой илэрхийлэн хэлцэл хийсэн байхад анхан шатны шүүхээс зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүрэг солигдох тохиолдолд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаардахгүй.

 

6. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байдал тогтоогдоогүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 350,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 3.7-д зааснаар зээлдэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдинги төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хариуцагчаас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.

Хариуцагч тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй, найз н.Энхбаяраас худалдаж авч 10,000,000 төгрөгийг төлсөн, 5,000,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна. Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэсэн хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/04194 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ