| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0169/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0169/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-д холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, ам бүл 1, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн “Ар нуур” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Н. Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Улаан өндөр гэх газарт иргэн С.М маргалдаж улмаар цохиж, хавсарч унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.М-н өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Улаан өндөр гэх газарт Пүрэвдорж ахынд Тогтох, өлзий, Ганзул, Баатарцогт, Нандинцэцэг нартай архи уусан...би нилээн согтсон манай эхнэр Нандинцэцэг ч гэсэн нилээн согтсон тэгээд эхнэр бид 2 гэрийн гадаа гараад бие засах гэж байгаад хоорондоо маргаж муудалцаж байх үед Ганзул эгч салгахад нь би Ганзул эгчтэй маргаж байхад Баатарцогт гэрээс гарч ирж Ганзул эгч бид хоёрыг салгасан. Тэгээд Баатарцогт бид 2 маргалдаж зууралдсан. Тэр үед Баатарцогт намайг хавсарч унагаасан. Намайг унагаах үед би толгойны баруун тал хэсгээрээ ойчсон үүнээс болж миний толгой тархи хөдөлсөн байна. Баатарцогт намайг цохиж зодоогүй...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Баатарцогт бид 2 хоорондоо эвлэрч учраа олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8 хуу/
Гэрч С.Мөнхтулгын өгсөн...Би 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү Мөнхбатыг манай малчныд ирээд малаас нь харалцаж бай, би Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд морь уралдаад ирэе гэж хэлээд дүүгээ малчин Пүрэвдоржийн гэрт, эхнэрийнх нь хамт очуулсан. Би өөрөө дүүгээ утсаар тэднийд оч гэж хэлсэн юм. Ингээд би 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр малчныдаа очиход манай дүү Мөнхбат малчны гэрээс баруун хойно газар хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод дуудсан чинь архи уусан бололтой унтаад байсан. Тэгэхээр нь би туслах малчныхаа гэрт нь ороход манай дүү Мөнхбатын эхнэр Цэцэгээ гэрийн баруун урд газар гулдайгаад хэвтэж байсан. Архи уусан бололтой согтуу байгаа харагдсан. Харин гэрийн зүүн орон дээр Пүрэвдоржийн эхнэр согтуу унтаж байсан. Пүрэвдорж бол гэртээ байгаагүй, хаашаа явсныг нь мэдэж чадаагүй. Ингээд би гэрт унтаж байсан 2 хүүхнийг сэрээлгүй гэрээс гарч дүү дээрээ очоод өөрийнхөө портер маркын хөх өнгийн 77-82ХЭА улсын дугаартай машиндаа өргөж суулгаад сумын төв рүү явсан. Намайг анх дүү дээрээ очоод харахад амнаас ус гарсан бололтой уруулд нь цус хатчихсан, баруун чих хавдчихсан байсан. Сумын төв дээр очоод би дүүгээ хүнд зодуулсан байна гэж бодоод цагдаагийн хэсэг дээр очиж, цагдаа Бат-Эрдэнэд болсон явдалын талаар
өөрийн мэдэх зүйлээ мэдэгдсэн. Тэгтэл манай дүү цагдаагийн өрөөнд намайг дагаж ороод байснаа, гэнэт таталт өгөөд унаад өгсөн. Ингээд Бат-Эрдэний хамт машинд өргөж суулгаад сумын эмнэлэгт үзүүлэхэд таталтын эсрэг тариа хийж тайвшруулсан. Тэгээд би Пүрэвдоржийн сургийг гарч магадгүй гэж бодоод Тогтох гэдэг айлын гадаа очиход Пүрэвдорж архи уучихсан согтуу байсан. Ингээд би Пүрэвдоржоос юу болсон гэхэд Баатарцогт гэдэг залуу манай гэрийн гадаа зодсон. Бид нар цуг архи ууцгаасан. Тэгэхээр нь би цагдаад эргэж очоод манай дүүг Баатарцогт гэдэг зодсон юм шиг байна гэж сумын цагдаад хэлсэн. Үүнээс хойш манай дүү Мөнхбат сумын эмнэлэгт 2 хоног хэвтүүлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/
Гэрч Э.Нандинцэцэгийн өгсөн...Тэгээд сумын төв дээр Тогтохоор мотоцикль засуулж байх үед Пүрэвдорж ах 1 шил архи авчирч бид нар уусан. Дараа нь дахин 2 шил 0.75 литрийн архи авчирч ууж байгаад 1 шил архийг нь үлдээгээд бид бүгдээр Пүрэвдорж ахын гэрт буцаж очсон. Тэнд очоод нөгөө задлаагүй байсан архийг задлаж хувааж ууцгаасан. Дараа нь Тогтохын эхнэр машинаасаа 1 шил архи гаргаж ирж ууцгаасан. Мөн Пүрэвдорж ахын эхнэр 1 шил 0.75 литрийн архи гаргаж ирж мөн ууцгаасан. Тэгээд бид нар долуулаа архиа хувааж уусан. Гэтэл өдөр 13 цагийн үед Мөнхтулга ах би одоо ингээд очлоо гээд надтай Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас ярьсан. Тэгээд л би тэр үеэс хойш согтуу юу болсон гэдгийг мэдэхгүй нэг мэдэхэд 19 цаг өнгөрч байхад унтаад сэрсэн чинь, Пүрэвдоржийн эхнэр Өлзий эгч бид хоёр л байсан. Бусад хүмүүс байхгүй. Хаашаа явсан гэдгийг мэдээгүй. Тэгээд байж байтал Мөнхтулга ахын машинтай Нэргүй эгч ирээд намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Гэтэл манай нөхөр хүнд зодуулсан гээд эмнэлэгт хэвтэж байсан. Би нөхрийгөө хэнд зодуулсан гэдгийг мэдэхгүй байна. Манай нөхөр надад ярихдаа Цогоо гэдэг залуу намайг зодсон гэж байсан. Намайг эмнэлэгт очиход баруун шанаа нь хавдаад, чихний омог дотор талдаа хөхөрчихсөн, хүзүү нь боолгосон юм шиг улаан ором гарчихсан, духынх нь дунд дээд хэсгээр нь шалбарсан, толгойны хуйх нь хавантай болсон байсан. Мөн цээж хөндүүр байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Гэрч С.Ганзулын өгсөн... Тухайн үед Нандинцэцэг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Мөнхбат ч гэсэн маш их согтуу би хүүхдийн колонид явсан гээд л байсан. Бид нарыг гэрт сууж байхад манай нөхөр Баттогтох согтоод машиндаа ороод унтаад өгсөн. Гэтэл Мөнхбат эхнэр Нандинцэцэгийн хамт гэрээс гарсан тэгээд гадаа муудаад байхаар нь би гараад хартал эхнэрээ доороо хийгээд дээрээс нь дараад эхнэр нь ч гэсэн урдаас нь зуурсан байдалтай маргаад газар хэвтэж байхаар нь би доошоо тонгойгоод миний дүү болио гэсэн чинь намайг шууд үсдээд миний амьдрал чамд хамаагүй гэж хэлээд миний зүүн санчиг орчим 2 удаа гараараа цохиод доошоо тонгойход хөл рүү өшиглөсөн. Тэр үед болиоч ээ гээд бахирах үед гэрээс Баатарцогт гарч ирээд намайг салгаж авсан. Тэгтэл Мөнхбат Баатарцогтыг зуурч аваад хоёулаа газар унаад дээр доороо ороод ноцолдоод байсан...Баатарцогт Мөнхбатыг тонгороод унагаах шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Гэрч З.Пүрэвдоржийн өгсөн... Тэгтэл Баатарцогт гэрээс гарч ирээд Ганзулыг салгаж авсан чинь тэгээд Баатарцогт чи яагаад манай найзын эхнэрийг зодоод байгаа юм бэ гэсэн чинь Мөнхбат Баатарцогтыг гараараа нүүрэн тус газарт нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би дундуур нь орсон чинь намайг хааш нь ч хамаагүй, түлхэж унагаагаад байсан. Тэр хоёр газар унаад дээр, доороо ороод ноцолдсон. Тухайн үед миний зүүж явсан дурангийн оосор хүртэл тасарсан. Тэгээд арай гэж салгасан чинь, Ганзул машинаа асаагаад нөхрөө найз Баатарцогттой хамт аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай ...С.Мөнхбатын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/
Н.Б-н яллагдагчаар өгсөн:...ялыг хүлээн зөвшөөрч байна...Ганзул цаашаа явтал Мөнхбат араас нь дайрахаар нь яах гээд байгаа юм бэ эмэгтэй хүн зодож гэсэн чинь чамд хамаагүй гээд над руу дайрахаар нь би шууд хавсараад унагаасан тэгээд дээрээс нь дараад байсан...би Мөнхбатыг хавсарч унагаан толгойд нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Н.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуу/
Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/
Хохирогч С.М-ын бичсэн Н.Б-с эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 56 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Улаан өндөр гэх газарт хохирогч С.М согтуугаар маргалдаж хавсарч унаган тархи доргилт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.М, гэрч С.Ганзул, З.Пүрэвдорж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Мөнхбатыг хавсарч унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Б-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчид болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ч.Батзориг нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 60, 62, 63, 69 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Мөнхбатад эмчилгээний зардалд тооцож 1.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ