Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00911

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/02554 дугаар шийдвэртэй,

 

******* нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор 31,254,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 31,254,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01096 дугаартай магадлалаар намайг урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосны дагуу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа томилогдсон бөгөөд шүүхээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг 214,072 төгрөгөөр тогтоосон учир анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд томилогдсон 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 146 өдрийн цалин, олговорт нийт 31,254,512 төгрөг /146 x 214,072/-ийг гаргуулж өгнө үү... гэсэн бол,

 

Хариуцагч нь хариу тайлбартаа ...давж заалдах шатны шүүхийн магадлалын нэг том алдаа нь нэхэмжлэгчийг сард 4,495,512 төгрөгийн цалин буюу өдөрт 214,072 төгрөгийн цалин авдаг гэж алдаатай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн хугацаануудын цалинг хараад шийдсэн. Гэтэл энэ нь жилийн эцэст авдаг 13 дахь сарын цалин, урамшуулал гээд нэмэгдсэн дүнгээр нь бодчихсон. ******* цалингийн цэсийн хуулгыг авч ирсэн ба уг баримтад цалин нь 1,734,500 төгрөг болох нь харагдаж байгаа бөгөөд үүнээс харвал нэг өдрийн цалин болох 130,663.90 төгрөгийг ажилгүй байсан хоногоор нь бодоод үзвэл 19,000,000 төгрөг болно... гэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01304 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01096 дугаар магадлалаар хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг тус компанийн Санхүү, бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 47,374,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 6-17/

 

3.2. Хариуцагч *******-аас 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх нэхэмжлэгч ******* дундаж цалин хөлсийг буруу тооцоолсон буюу сүүлийн гурван сарын цалин дээр үр дүнгийн урамшуулал нэмэгдсэн байгааг анхаараагүйгээс түүний дундаж цалингийн хэмжээ өндөр гарсан гэж холбогдох баримтуудыг хавсарган дээрх магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргасан боловч тэдгээр баримтууд нь хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө байсан баримтууд байх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болохгүй гэж үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/ШТ2024/00692 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 30-31, 41-43/

 

4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1 дүгээр зүйлийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, 1.4.5-д шагнал урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил  гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримт болох *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох тухай тогтоолоор ажилтнуудын үр дүнгийн нэмэгдлийг 4 хүртэл сараар тооцож олгохоор шийдвэрлэжээ. /х.х-ийн 87/

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан 13 дахь сарын цалин нь үр дүнгийн гэрээний нэмэгдэл хөлс бөгөөд тус нэмэгдэл хөлсийг компани ашигтай ажилласан эсэхээс хамаарч жил бүрийн эцэст олгодог гэх тайлбараас үзэхэд дээрх тогтоолоор нэхэмжлэгчийн 2022 оны ажлын үр дүнгийн нэмэгдлийг 2023 оны 01-ээс 04 дүгээр сард хуваан олгосон байна.

 

*******-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2023-2024 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.25-д Дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин /албан тушаалын болон цаг зэргийн тарифт/, сарын үр дүнгийн шагналт цалин, удаан жилийн нэмэгдэл, мэргэшлийн нэмэгдлийг тус тус оруулна тооцно гэж заасан ба хариуцагч байгууллага нь сарын үр дүнгийн шагналт цалин олгодог эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчид олгосон 2022 оны ажлын үр дүнгийн нэмэгдлийг хамтын гэрээнд заасан сарын үр дүнг жилийн эцэст бүтэн жилээр тооцож олгосон гэж үзнэ.

 

5. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/132 тоот тушаалаар *******ийг ажлаас чөлөөлсөн бөгөөд тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын тушаалд заасан Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн доголдол гаргасан гэх зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо Дундаж цалин хөлс тодорхойлох журмын хүрээнд тооцож нэг өдрийн цалин хөлсийг 214,072 төгрөгөөр тогтоосон байна.

 

Улмаар нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нэгэнт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01096 дугаар магадлалаар нэхэмжлэгч ******* нэг өдрийн дундаж цалинг 214,072 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байх тул зохигч нар энэ талаар маргах эрхгүй.

 

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 146 өдрийн хугацааны цалин хөлсөнд 31,254,512 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох эсэх талаарх маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасан шүүхээр шууд хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй, харин тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс /хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол/ сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлнэ.

 

Гэвч зохигч нар урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх талаар маргаагүйгээс гадна иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үр ашигтай, хугацаа, зардал, нөөцийн хувьд хэмнэлттэй байх зарчмын хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй юм.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/02554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР