| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/01396/И |
| Дугаар | 210/МА2025/00909 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00909
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******-д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 183/ШШ2020/000058 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 640 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар 001/ХТ2021/01513 тоот тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа *******т явагдаж байна.
Шүүхийн шийдвэрийн явцад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн ажилчны гудамж, 89/1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *******, *******, *******, ******* дугаартай, тус бүр 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан байдаг.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдөр эд хөрөнгүүдэд нэвтрэн орсон боловч хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг.
Төлбөр төлөгч *******-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр 2023 оны 01 сарын 25-ны өдөр 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн байдаг. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Нөгөөтээгүүр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд ч алдаатай байна.
...Иймд, ******* 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийдвэрээр *******-иас 1,463,455,155 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугааруудад бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж, 89/1 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 тоот тогтоолоор битүүмжилж, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн.
Барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ямар ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулахыг заасан байдаг.
Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хууль зүйн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, харин дээрхээс бусад тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болохоор тус тус хуульчилсан.
Хуулийн уг утга агуулга нь ямар нэг хоёрдмол утга, санаагүй туйлын тодорхой бичигдсэн. Тиймээс ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн уг заалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн бол шүүх уг ажиллагааг нь хүчингүй болгож хууль ёс, шударга ёсыг сахиулах үүрэгтэй.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх 4 үл хөдлөх эд эд хөрөнгөд нэвтэрсэн (хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эд хөрөнгөд нэвтрээгүй тохиолдолд гаднаас нь хараад битүүмжлэх ажиллагаа хийх боломжгүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан) талаар мэдэгдсэн.
Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасан тохиолдол хамаарахгүй гэх хуульд үл нийцэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж хуульчилсан.
******* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй тул эрх, үүрэг тайлбарлах ч ажиллагаа хийгдэх боломжгүй, хийгдээ ч үгүй юм.
Тиймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дугаар 192/ШШ2025/01057 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хууль, журамд нийцсэн бөгөөд төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагчийг дэмжиж оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00058 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 640 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01513 дугаар тогтоолоор *******-аас 1,455,947,268.57 төгрөг гаргуулж -д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *******, *******, *******, ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, аж ахуйн зориулалттай 1,135 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, /х.х-ийн 38-52/
3.2. Төлбөр төлөгч ******* нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/14835 дугаар захирамж, 183/ГХ2023/01489 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар дээрх үйлчилгээний зориулалттай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр битүүмжилжээ. /х.х-ийн 36-37, 53, 56-57/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гээд 49.2-т Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно гэж заасан.
Дээрхээс үзвэл хуульд шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрт тусгагдсан эд хөрөнгийг битүүмжлэх үйл ажиллагааг явуулахдаа хөрөнгийн эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг бие даан тогтоох ба үүнд хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулахаар зохицуулаагүй байна.
5. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй гэж заажээ.
5.1 Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн болон мөн бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэвтрэх үйл ажиллагааг явуулах нь эд хөрөнгө битүүмжлэхээс өөр агуулгатай буюу анхнаасаа тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр нэвтэрдэг байх тул үүнийг ахлах шийдвэр гүйцэтгэгч зөвшөөрөхөөс гадна мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулах зохицуулалттай.
Тодруулбал, дээр дурдсан хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанаас бусад орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа тийнхүү хөндлөнгийн гэрчийг оролцуулна.
5.2 Энэ утгаар эд хөрөнгийг битүүмжлэх нь эд хөрөнгө хураах, эд хөрөнгөд нэвтрэн орох, үзлэг хийх зэргээс өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг учир эдгээр үйл ажиллагаатай адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 44 дүгээр зүйлийн 44.2.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрөл авах болон хөндлөнгийн гэрч заавал байлцуулахыг шаардаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа маргаж буй орон байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг хэрэгжүүлэхээр нэвтрээгүй байх тул хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/01057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...49 дүгээр зүйлийн 49.1 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.МАНДАЛБАЯР