Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00910

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01880 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Илүү цагийн хөлс 20,767,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэг. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол:

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс*1,5

1.

2022.11

56

96,761

8,127,924

2.

2022.12

20

137,944

4,139,520

3.

2023.01

56

101,195

8,500,380

Нийт 20,767,824 төгрөг.

Хоёр. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд:

1. 2023 оны 02 сарын 17-ны *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 01-ний өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

2. Дахин 2023 оны 03 сарын 10-ны өдөр *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Гомдол гаргасан, Гомдлын хариу 2023 оны 03 сарын 16-ны өдөр Гомдол буцаах тухай гэж ирсэн;

3. 2023 оны 03 сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан;

4. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 04 сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан;

5. 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан;

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;

7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж 2023 оны 06 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж Энэхүү иргэний хэрэг үүсэж хуульд заасны дагуу дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байна.

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь Уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан.

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан,

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон,

3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан.

...Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна. Ингэж олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэлийг 8 цагаар тооцохыг тодорхой заасан. Ингэснээр ажил амралтын горим алдагдах, байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагаварт хүрэхгүй байхаар хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч дээрх байдлаар нэхэмжлэлээ шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, хууль зүйн үндэслэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүхэд дэлгэрэнгүй байдлаар гарган өгч байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

...Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна. Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

...Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн. Уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан. Хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч компанитай оператор албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний өөрчлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

Нэхэмжлэгч нь шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

...Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сард 180 цаг, 12 дугаар сард 132 цаг, 2023 оны 1 дүгээр сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. ******* нь 11 дүгээр сард 15 хоног ажиллаж, 15 хоног амарсан, 12 дугаар сард 11 хоног ажиллаж, 20 хоног амарсан, 2023 оны 1 дүгээр сард 14 хоног ажиллаж, 17 хоног амарсан байна.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

...Нэхэмжлэгч нь 2022 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ 14/14 хуваариар 12 цагаар ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх болон өмнө гаргасан тайлбарт дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас нийт 12,118,128 /арван хоёр сая нэг зуун арван найман мянга нэг зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон, үлдсэн 8,649,696 /найман сая зургаан зуун дөчин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,944 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* олгон, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 208,840 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэг. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд

...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10, 11, 12 сарын илүү цагийн цалин хөлсийг олгуулахаар маргасан.

******* нь cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг тооцон олгодог. Сарын цалин нь дараа сарын 10-ны өдрийн цалинд бүрэн бодогдож олгогддог бөгөөд хэрэв 09 дүгээр сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон буюу эрх зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 10 дугаар сарын 10-ны цалин олгосон өдрөөс тооцон 90 хоногийн дотор компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст анх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 153 хоногийн дараа гомдол гаргасан байна.

Түүнчлэн 11 дүгээр сард илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 12 дугаар сарын 10-ны өдрөөс, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар нь илүү цагийн хөлс гаргуулахаар шаардах эрхгүй буюу хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Хоёр. Тооцооллын тухайд:

Анхан шатны шүүх 1 /нэг/-ийг олгосон гэж үзэж илүү цагийн хөлсний 0,5 /тэг аравны тав/-ыг олгох үндэслэлтэй гэж үзэв гэж бодит баримтыг үндэслэн эрх зүйн дүгнэлт өгсөн боловч шийдвэрт бичигдсэн тооцоолол алдаатай болсон байна.

Ажилтны илүү цагийн нэмэгдэл хөлснөөс нэг хувийг нь олгосон гэж үзэж 0,5-ыг олгох ёстой тохиолдолд *******ийн тухайд 2022 оны 10, 11 дүгээр cap, 2023 оны 1 дүгээр сарын илүү цагийн цалин 6,922,208 төгрөг болохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх *******т 12,118,128 төгрөг буюу 5,195,920 төгрөг илүү олгохоор шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/00023 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

2023 оны 11 дүгээр сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд *******-д илүү цагийн хөлсийг олгуулах тухай хүсэл зоригоо илэрхийлээд явсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан 2024-2026 оны хамтын гэрээний 2.13 дахь заалтаар илүү цагийн хөлсийг олгох эсэх асуудлыг Улсын Дээд шүүхийн тайлбар гарах хүртэл талууд маргаан үүсгэхгүй гэж тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон учраас 11 дүгээр сарын тухайд 3 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байгаа. Талууд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээд, шүүхэд 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан эсэх дээр маргадаггүй. Харин хөөн хэлэлцэх хугацаа таслалдаад түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд маргадаг. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх дээр маргахгүй, хэрвээ тасалдсан тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой ба нэхэмжлэгчийн зүгээс 6 сарын дотор нэхэмжлэлээ гаргасан. Тооцооллын тухайд нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудын илүү цагийн нэмэгдэл хөлс 20,767,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч уртын ээлжээр илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны операторчноор 14 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд талууд уг гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил амралтын цагийг 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ /1 х.х-ийн 26-33/.

 

Зохигч нарын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажил олгогчоос сард 168 цагаас илүү ажилласан цагт нэмэгдэл хөлс тооцон ажилтанд олгож байсан үйл баримтад талууд маргаангүй. Харин 112 цагаас 168 цаг хүртэл илүү ажилласан нийт 132 цаг /2022 оны 11 дүгээр сард 56 цаг, 12 дугаар сард 20 цаг, 2023 оны 01 дүгээр сард 56 цаг/-ийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх талаар маргасан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс сарын ердийн ажиллах цагийг 112 цаг, үүн дээр өдрийн уртасгасан буюу илүү ажилласан 4 цаг, тухайн саруудад илүү ажилласан нийт 132 цагийн нэмэгдэл цалин хөлсийг олгох ёстой гэсэн бол, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил-амралтын горимыг 14:14 хоногоор тогтоосон, мөн ажилтан сард 168 цаг ажиллаж байгаа тул илүү цагаар ажилласан гэх нөхцөл байдал байхгүй, урьд өмнө ажил-амралтын горимыг 14:7 хоног байсныг амрах хоногийг 7 хоногоор нэмэгдүүлсэн учир ажилтныг нөхөн амраасанд тооцно гэжээ.

 

4. *******-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасантай нийцээгүй байна. /2 х.х-ийн 73-77/

 

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 87 дугаар зүйлийн 87.2-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, 87.3-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгон гэж, мөн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болох бөгөөд ажилтны нэг ээлжийн ердийн ажлын цаг өдрийн 8 цаг байх, хэрэв илүү цагаар ажиллуулах бол 4 цагаас илүүгүй хугацаагаар ажиллуулж болох бөгөөд тийнхүү илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан нэмэгдэл цалин хөлсийг түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор зохицуулсан байна.

 

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох илүү цагийн цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон.

 

Тодруулбал, уул уурхайн салбарын ажиллах орчин нөхцөл, ажлын байр нь ажилтны байнга оршин суух газраас алслагдмал байдал, мөн ажил-гэртээ ирж, очих нөхцөл, хугацаа болон бусад онцлогоос хамаарч ажлын цагийг сарын 112 цаг байхаар тогтоож, үүн дээр өдрийн сунгаж ажилласан 4 цагийг илүү ажилласан цагаар тооцож, улмаар тухайн сард 112 цагаас дээш ажилласан цагийг илүү цагаар тооцох шийдэл нэгэнт тогтжээ.

 

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1 дахин нэмэгдүүлж олгосон гэж үзэхэд үлдэх 0.5 хувийг нь шаардах эрхтэй байжээ.

 

Энэ утгаар нэхэмжлэгчийн авбал зохих илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцоход:

 

2022 оны 11 дүгээр сард авсан цалин хөлс 8,290,802 төгрөг, 1 цагийн хөлс 44,574 төгрөг /8,290,802:/168+12х1.5/, тухайн сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,248,072 төгрөг /56х0.5х44,574/,

 

2022 оны 12 дугаар сард авсан цалин хөлс 32,099,676 төгрөг, 1 цагийн хөлс 243,179 төгрөг /32,099,676:132/, тухай сарын 20 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 2,431,790 төгрөг /20х0.5х243,179/,

 

2023 оны 01 дүгээр сард авсан цалин хөлс 5,649,150 төгрөг, 1 цагийн хөлс 33,626 төгрөг /5,649,150:168/, тухай сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 941,528 төгрөг /56х0.5х33,=626/, нийт 4,621,390 төгрөг болж байна.

 

6. Гэвч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн байна.

 

6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн 2022 оны 11, 12, мөн 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн хөлсийг хуульд заасан хувь хэмжээгээр олгуулахаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. /2.х.х-ийн 23/

 

6.2. Хариуцагч *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос гомдол гаргагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. /2.х.х-ийн 24/

 

6.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хариуг хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, талууд зөвшилцөж, эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1.х.х-ийн 89, 6-7/

 

6.4. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/08879 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /2.х.х-ийн 130-135/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын цалин хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын цалин хөлсийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус авсан үйл баримтын талаар маргаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8-т тус тус заасан 90 хоногийн дотор илүү цагийн цалин хөлсний талаарх гомдлоо маргаан таслах комисс болон гурван талт хороонд гаргаж, улмаар ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

 

6.5. Харин нэхэмжлэгч тал үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дээрх захирамжид заасан зөрчлийг арилгаж дахин нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. /1.х.х-ийн 1-2, 9/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор дахин шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал ийнхүү 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг хэтрүүлсэнд тооцогдоно.

 

7. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж, 79.3-т Талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж тус тус заасан.

 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно.

 

Анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэзээ гардаж авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг захирамжийг хэзээ гардаж авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй байна.

 

Иймд, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т Энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах ажлын 10 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шинээр тоолоход 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусжээ.

 

8. Мөн дээрх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Энэ хугацаанд энэ хуулийн 78.1.3, 78.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас шүүхэд хандах боломжгүй байсан болон шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай этгээд гэх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 6 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан хариуцагч *******-д холбогдох илүү цагийн хөлс 20,767,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,841 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

Б.МАНДАЛБАЯР