| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0175/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0175/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчиын өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 1939.... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, Боржигон овгийн Буд овогтой Ууганбаатар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1984 оны 11 дүгээр сарын 08-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгонд оршин суух хаягтай, Урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. Б.У /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд оршин суух С.Ж-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд оршин суух С.Ж-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Э-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ууганбаатар гэх хүн зүүн нүд хэсэгт цохиж гэмтэл учруулсан. ...Ууганбаатар намайг шилтэй архиар нэг удаа цохисон. Би Ууганбаатартай 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уулзахад уучлаарай эмчилгээний зардлыг чинь өгнө. Би цагдаад гараараа цохисон гээд хэлчихсэн шүү чи намайг гараараа цохисон гээд хэлчихээрээ гэж хэлсэн... Би нилээд согтсон байсан гэхдээ болсон асуудлыг санаж байна... Ууганбаатар өвөр дотроосоо архи гаргаж ирээд намайг цохисон. Би Ууганбаатарын хажуу талд нь сууж байсан....Би эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилнэ...Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 90.000 төгрөгөөр зураг авахуулсан . Эм тариа авсан бичиг баримт байхгүй. Би цаашид нүдний эмчид үзүүлнэ. Одоо миний нулимс гараад нүд улайгаад байгаа... Би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг барагдуулсан үед би Ууганбаатарт гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/
Гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 8 дугаар багт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тахилгат тосгоны төвд Жана гэх найз хүүхнийхээ гэрт би байсан 10 цагийн орчим манай найз хүүхний гэрт Солодат нэг танихгүй хүнтэй орж ирсэн. Солодат тэр хоёр мотоцикльтой ирсэн. Солодат манай найз хүүхэн Жанагийн хамаатан байгаа юм. Солодат тэр танихгүй хүн хоёр манайд ирэхдээ эрүүл ирсэн. Би дэлгүүрээс 500 грамтай архи авч бид гурав Жанагийн гэрт хувааж уусан. Бид гурав хөзөр тоглоод хожигдсон нь 750 грамтай архи авахаар болсон. Хөзрөөр 13 гэдэг тоглоом тоглосон. Би хожсон. Солодаттай хамтявсан залуу хөзөр тоглож хожигдсон дэлгүүрээс 750 грамтай экс нэртэй архи авчирсан. Тэгээд Солодат тэр хоёр авсан архиа уухгүй аваад явахаар болсон би тэгэхээр нь наад архиа ууя гэсэн чинь Солодаттай цуг явсан залуу чамд өгөх алба байхгүй гэсэн би тэгэхээр чи намайг нэг цохь тэгээд архиа надтай хувааж уу гэсэн чинь Солодаттай хамт явсан залуу өвөр дотроосоо 750 грамтай архи гаргаж ирээд миний зүүн нүд хэсэг нэг удаа цохисон. Дараа нь миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд Солодат тэр танихгүй залуу хоёр явсан. Миний зүүн нүднээс цус гарсан хөмсөг задарсан би тахилгат тосгоны эмнэлэг дээр очиж 6 оёдол тавиулсан. Буцаж гэртээ ирээд 750 грамтай архиа ганцаараа уучихаад унтаж амарсан. Манай найз эмэгтэй Жана нь намайг цохиулахад гэртээ байгаагүй ажил дээрээ байсан. Тэр танихгүй залуу надтай хамт архи уухгүй гэсэн би тэгэхээр тэгвэл чи намайг цохь гэсэн тэгээд тэр залуу намайг цохисон. Би намайг цохио гэж хэлээд цохиулсан. Миний зүүн нүдний орчим 6 ширхэг оёдол тавьсан. Зүүн нүд битүү хавдсан. Одоо шүд эрүү хэсэг рүү өвдөж байна. Надад өөр гэмтэл шарх учраагүй. Би тэр залууг гараараа цохих байх гэж бодсон чинь өвөртөө байсан шилтэй архийг гаргаж ирээд цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
Гэрч Л.Мөнгөнсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сум 8 дугаар баг Тарант гэх газар гэртээ байхад тахилгат тосгоны эмнэлгээс Эрдэнэбат хүнд зодуулсан байна гэж хэлсэн. Эрдэнэбат нь манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Эрдэнэбат манайд амьдардаг юм. Би тэгээд тахилгат тосгоны эмнэлэг дээр очиход Эрдэнэбатын зүүн нүдийг эмч нар таглаж боосон байсан 6 оёдол тавьсан гэж хэлсэн. Эрэнэбатаас асуухад Салваттай хамт явсан гэх залуу зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
Гэрч О.Мөнхтөриийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тахилга тосгонд Эрүүл мэндийн төвд сувилагч хийдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэбат зүүн нүдний хөмсөг хэсэгт 4 оёдол зүүн нүдний дор зовхины доод хэсэгт 2 оёдол тавиулсан...... Их хавдсан байсан. Эрдэнэбатаас асуухад Есөнболын малчин залуу архины шилээр цохисон гэж байсан. Эрдэнэбат нилээд согтуу байсан. Солодат гэх ах эмнэлэг дээр ирж байгаад явсан. Солодат ах бас согтуу байсан..... гэх мэдүүлэг......../хх-ийн 18 дугаар тал/
Гэрч С.Жанергүлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тахилгат тосгоны эрүүл мэндийн төвд тогооч хийдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр ажил дээрээ байхад манай найз залуу Эрдэнэбат эмнэлгийн хашаанд явж байсан. Би Эрдэнэбатаас яах гэж байгаа юм гэж асуухад танай ах ирээд архинд явж байна гэж хэлсэн. Манай гэрийн гадаа цэнхэр өнгийн мотоцикль ирчихсэн байсан. Би гэртээ ирсэн манай гэрт Солодат ах Ууганаа гэх хүний хамт ирсэн байсан. Намайг ах Солодат үнсэхэд Солодат ахаас бага зэрэг архи үнэртэж байсан.......Солодат ах манайд өглөөний 9 цагийн орчим ирсэн. Хэсэг хугацааны дараа манай найз залуу Эрдэнэбат өөрөө эмнэлэг дээр толгойгоо хагалуулчихлаа гээд ирсэн. Зүүн нүдний хөмсөг хэсгээс нь цус гарсан байсан. Тахилгат тосгоны эмч сувилагч нар оёдол тавьсан. Эрдэнэбат согтуу байсан өвчтөний өрөөнд орж унтсан. Би гэртээ очиход манай гэрт Солодат ах Ууганаа хоёр сууж байсан. Тэр хоёр 750 грамтай архи задлаад сууж байсан. Би тэр архийг нь булааж аваад гадаа гаргаж шонд цохиж хагалсан. Тэгээд Солодат ах Ууганаа хоёр яваад өгсөн. Ууганаа нь Есөнбол ахын малыг малладаг юм...... Намайг гэрт ирэхэд манай хивсэн дээр цус дусгасан байсан шалан дээгүүр цус дуссан байсан. Гэрийн гадна довжоон дээр цус гарсан байсан. Солодат ах Ууганаа хоёрт харагдах шархгүй байсан.”.... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Б.Уын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр гэртээ байхад Солодат ах манай гэрт ирсэн. Намайг тахилгат тосгон ороод өгөөч гэж гуйсан би зөвшөөрсөн.....Эрдэнээ гэх залуу ганц шил архинд үзчих үү гэсэн. Би тоглож наргиж байгаа юм байна гэж бодоод хөзөр тоглосон. Би хожигдсон Эрдэнэ гэх залуу ах ёндоогоо авъя гэсэн би өгнө гэсэн. Тэгсэн Эрдэнээ гэх залуу ёндоо харьчихлаа одоо авъя гадны юмнууд ингэдэг байхгүйгээд энгэр, гутлын түрийнээс татаад байсан. Би зүгээр бай гэж хэлэхэд чаддаг юм бол намайг цохьчих гэсэн би тэгэхээр дараа гай болно гэсэн чинь би ганц цохиулаад гомдол нэхэхгүй шалчигнахгүй гээд зууралдаад байсан. Би тэгэхээр гараараа тэр залуугийн нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Эрдэнээ гэх залуугийн хөмсөгнөөс цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/
Гэрч Х.Солодат мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэнэбат Ууганбаатарыг нэг тоглоё гэсэн тэгээд тэр хоёр нэг шил архинд хөзрөөр тоглосон. Эрдэнэбат хөзөр тоглоод хожсон. Тэгээд Ууганбаатар явъя гэсэн чинь Эрдэнэбат ёндоогоо авъя гадны юмнууд ингээд мурьдаг байхгүй юу гээд Ууганбаатараас зууралдсан. Эрдэнэбат чи намайг нэг цохь би гомдол байхгүй гээд байсан. Тэгээд Ууганбаатар Эрдэнэбатыг нэг удаа цохисон тэгсэн Эрдэнэбатын хөмсөгнөөс цус гарсан... Ууганбаатар нь гараараа Эрдэнэбатын нүд хэсэгт нэг удаа цохисон. Би хажууд нь байсан нүдээрээ харсан. Эрдэнэбат би гомдол гаргаж шалчигнахгүй нэг цохь гэсэн Ууганбаатар 1 удаа л Эрдэнэбатыг цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 241 дугаартай:...Э.Эрдэнэбатын биед зүүн нүдний дээд, доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогтдлоо... уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт..../хх-ийн 32 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар тал/
Яллагдагч Б.Уын: “...Би Эрдэнэбат гэх хүнийг баруун гараараа цохьсон. Надад гэм буруу байгаа би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хүн цохьсон нь буруу” гэх мэдүүлэг.../40-41 дүгээр тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Эрдэнэбат нь эмчилгээний зардалд 890.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт бүрдүүлж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Э.Эрдэнэбат нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ут холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 200.000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Э.Э нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА