Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00781

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02543 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон алданги 520,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1917 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, capын 1,5 хувийн хүү төлөх, хэрэв хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Энэ зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 7 сард Ланд-200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцож өгснийг үндсэн зээлээс хассан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 100,500,000 төгрөг, алданги 75,250,000 төгрөг нийт 225,750,000 төгрөг болсон.

1.2. Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3328 дугаартай зээлийн гэрээгээр 120,000,000  төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй. Иймд үндсэн зээл 120,000,000 төгрөг, зээлийн хүү 76,800,000 төгрөг, алданги 98,400,000 төгрөг, нийт 295,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Дээрх 2 гэрээний хүүг 2024 оны 8 дугаар сар хүртэл тооцсон бөгөөд зээл, хүү, алданги нийт 520,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* гаргасан нэхэмжлэлд би холбоогүй. ******* гэх ******* үеэл дүүд залилуулсан байснаа 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн ба *******тэй тухайн өдөр холбогдож уулзахад уучлалт гуйж, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор асуудлаа шийднэ гэсэн боловч шийдэлгүй шалтаг тоочиж байна.

2.2. Нэхэмжлэлийн дагуух мөнгөн дүнгээс нэг ч төгрөг аваагүй, бүгд *******гийн дансанд орсон. ******* буруугаа хүлээж, намайг түр байж байгаа ч гэж гуйсан баримтууд хэрэгт байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 279,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 241,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,762,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,554,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй, түүний гэм буруугүй гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй, өөрөө гаргаж өгөөгүй байхад шүүх баримтгүйгээр 2022, 2023, 2024 оны хүү, алданги төлөх үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй.

4.2. 200,000,000 төгрөгийн хүү төлөх үүргийг зөвхөн 2021 оны 10, 11, 12 сард тооцон бодож, 2023, 2022, 2024 онд төлөх хүү, алдангиас 132,700,000 төгрөгийг, 120,000,000 төгрөгийн зээлээс зөвхөн 2022 оны 1, 2, 3 сарын хугацааны хүүг төлүүлэхээр, үлдсэн 2022, 2023, 2024 онд төлөх байсан хүү, алдангиас 100,800,000 төгрөгийг тус тус чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.

Иймд гомдолд заасан хэсгийг хянаж, нэхэмжлэлийг бүрэн хангах буюу хэрэгсэхгүй болгосон 233,500,000 төгрөгийг төлүүлэх өөрчлөлтийг оруулж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1917 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3328 дугаартай зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хариуцагч талаас үзсэн. Уг зээлийн гэрээний мөнгөн дүнг нэхэмжлэгчийн үеэл дүү болох ******* гэх хүн газар өгөх зорилгоор авсан. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* гэх 2 хүний хүсэлтээр зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал нь *******ээс зээлийн гэрээний үүргээ төл гэх байдлаар огт шаардаж байгаагүй ба үүнийгээ нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй. Харин *******гээс газраа өгч чадахгүй бол буцаагаад газрынхаа мөнгийг өг гэж шаардаж байсан. Мөн ******* нь Ланд-200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцуулж хасуулсан ба харин хариуцагч талаас төлбөр төлсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. ******* нь *******д газар шилжүүлж, газрын үнийг *******ийн дансаар оруулж ******* авахаар аман хэлцэл хийж харилцан тохиролцсон байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан 1917 дугаар зээлийн гэрээ болон 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 3328 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

Дээрх тайлбарыг нотлох үүднээс гэрчээр ******* шүүх хуралдаанд оролцож өөр хэлцэл байсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн утсанд үзлэг хийлгэж ******* ******* рүү явуулсан мессеж, утасны ярианы бичлэгийг гарган өгч бэхжүүлэх ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс удаа дараалан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

6.2. Зээлийн мөнгөн дүнг төлөх ёстой жинхэнэ хариуцагч ******* нь өөрийн Ланд-200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгийн төлбөрт тооцон *******д өгсөн. Гэтэл шүүх ******* төлсөн, энэ талаар маргаагүй мэтээр тайлбарлаж бичсэн байна.

Хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэгчийн үеэл дүү болох ******* нь уг өр төлбөрийг би төлнө, ******* уг зээлийн гэрээний мөнгийг аваагүй гэдэг талаар тайлбар гаргаж, нотлох баримтын шаардлага хангуулах үүднээс үзлэг хийлгэх, *******г хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт, зээлийн гэрээнүүд нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул уг зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч шүүхээс амаар хийсэн хэлцэл байхад нотлох баримт байхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хангахаас татгалзаж, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж буцаан өгсөн.

Хамтран хариуцагчаар *******г татуулах хүсэлтийг шүүхээс хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

6.3. ******* нь зээлийн гэрээ хийгдсэнээс хойш *******ээс зээлийн төлөлт хийх болон зээлээ төлөх талаар огт нэхэж, төлүүлэх талаар үйлдэл огт гаргаагүй. Иргэний хуулиар заасан шаардах эрхийг огт хэрэгжүүлж байгаагүй ба энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Уг зээлийн гэрээний мөнгөн дүн нь *******, ******* нарын хоорондоо газар худалдаж авах, өгөх асуудал байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэх 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1917 дугаар гэрээний үүрэгт 84,000,000 төгpөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3328 дугаар гэрээний үүрэгт 187,200,000 төгрөг, нийт үнийн дүн 271,200,000 төгрөг байсан, гэтэл нэхэмжлэгч нь 520,950,000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасны дагуу нэхэмжлэх ёстой байсан талаар тайлбарласан.

Гэтэл шүүхээс хүүгээс анз буюу алданги тооцож хариуцагчаас нийт 279,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч нь анхнаасаа хариуцагч биш гэж маргасан. Хариуцагчтай хоёр удаа зээлийн гэрээ байгуулсан ба уг зээлийн гэрээг байгуулахдаа эрх зүйн чадамжтай, хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож байсан учраас ******* нь хариуцагч мөн гэх үндэслэлээр хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг ******* гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.

7.2. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах бүрдүүлбэрийг хангаж чадаагүй учраас анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ алдсан.

7.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үед ******* хариуцагчийг тухайн мөнгөнүүдийг авсан гэж хэлсэн учраас хариуцагч нь ******* мөн. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний алдаа гаргаагүй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон алдангид нийт 520,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******эс 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй зээлэх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6 дугаар тал/

3.2. Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******эс 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлэх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 10 дугаар тал/

3.3. Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 200,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 122,000,000 төгрөгийг ******* дахь хариуцагчийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн талуудын маргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 11, 25, 29-31 дүгээр тал/

Харин хариуцагч нь зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргажээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

4.1. Хариуцагч нь ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг ашиглаагүй, өөр этгээдэд шилжүүлсэн гэж тайлбарлаж, өөр гэрээг халхавчлах зорилготой уг гэрээг байгуулсан гэх боловч зээл авах хүсэл зориг илэрхийлсэн баримтад гарын үсэг зурсан, тухайн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. Иймд зээл хүсэгч нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал болох зээлдүүлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар уг гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн гэж үзнэ. Иймд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 2021 оны 8 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд 199,950,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 90,000,000 төгрөгийг /хх-ийн 77-78/ тус тус захиран зарцуулж, цааш *******д шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн үндэслэлийн талаар гэрч ******* ...******* бид хоёр хамтран ажиллах тохиролцооны дагуу *******ийн дансаар дамжуулж, мөнгийг хүлээн авсан, энэ мөнгийг би төлөх ёстой гэж мэдүүлсэн нь зээлийн гэрээний талуудыг тухайн гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй, ямар нэг үр дагавар гаргах зорилгогүй буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

4.2. Зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

Мөн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул хүү шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

Харин зээлийн гэрээний хугацааг бичгээр байгуулсан гэрээгээр сунгаагүй байх тул анхан шатны шүүх гэрээний хугацаагаар хүүг хязгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэтэрсэн хугацааны хүүг шүүх буруу тооцоолсон, хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэм буруутай учраас энэ хугацаагаар хүү төлөх ёстой гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний зээл 200,000,000 төгрөг, түүний 3 сарын хүү 9,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний зээлийн төлбөр 120,000,000 төгрөг, 3 сарын хүү 7,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс 2024 оны 7 дугаар сард 150,000,000 төгрөгт тооцож, автомашин өгснийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний үүргээс хасаж, үлдэгдэл төлбөрийг 59,000,000 төгрөг гэж шүүх зөв тогтоосон. Учир нь:

Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг *******, ******* нараас хүлээн авсан гэж тайлбарласан, гэрч ******* ...автомашин *******тэй холбоогүй, би өгсөн гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн үүрэгт тооцсон нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох зохицуулалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд үүргийг гүйцэтгэсэн нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

4.3. Талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, хүүтэй зээлийн гэрээний хувьд зээл болон түүний хүү нь зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох тул зээл, хүүгийн төлбөрөөс алдангийг тооцож, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн алдангид 29,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний алдангид 63,600,000 төгрөг тус тус гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж зохицуулсан нь энэ зүйлийн 222.5-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөхөд хамааралтай, өөрөөр хэлбэл хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэхүү хүүгээс анз тооцдоггүй байна. Иймд хүүгээс алданги тооцохгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих зээлийн гэрээний үүрэг болон алдангийн хэмжээг зөв тогтоож, нийт 279,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах гомдол мөн хангагдахгүй.

6.1. Шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/09355 дугаар захирамжаар хариуцагч талын *******гээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэж, 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд *******гээс гэрчийн мэдүүлэг авсан байна. /хх-ийн 84-85, 107-110 дугаар тал/

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор *******, ******* нарын харилцсан зурвас болон видео бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч энэ зорилгоор *******гээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шүүх хангаж, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх тул дээрх үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Иймд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй. /хх-ийн 54-58 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд *******эс *******эд бичсэн зурвас, утасны ярианы бичлэгийг гарган өгч бэхжүүлэх ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан гэж дурдсан байх боловч ийм хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хариуцагчийг солих, хамтран хариуцагч татан оролцуулах эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр хийгддэг ажиллагаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, энэ талаарх гомдол хангагдахгүй. /хх-ийн 57-58 дугаар тал/

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нь 2 зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нотлох баримтгүй гэх үндэслэлийг зааж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /хх-ийн 84-85 дугаар тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож болох үндэслэлүүдийг заасан тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран шүүх дүгнэлт хийхээс гадна тусдаа бие даасан шаардлага болж чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсныг буруутгах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,325,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,554,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА