| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0124/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0124/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр баг, “Чулуут” гэх газар нутагладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх С.Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Г.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутагт иргэн Г.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Батноров сумын харъяат Галбадрах гэх залуутай хамт Жаргалтхаан сумын төвд 18 цаг өнгөрч байх үед Ариунчимэг гэх айлд Ариунчимэг эгч бид хоёр 2 савтай 2.5 литрийн “Нийслэл” гэх пиво ууцгаасан. Тэгээд бид пиво ууж дуусаад Ариунчимэг эгчийн хажуу талын айл Ёндовшарав гэх айлд ороод сууж байхад гаднаас Эрдэнэбат орж ирээд мэнд мэдээд жоохон юм ярьж сууж байгаад би Эрдэнэбатыг дагуулаад гэрээс гарсан. Гэрийн гадаа гараад хашаанаас гарч зүүн тийш юм ярьж явсан. Би Эрдэнэбатад хандан чи ахаараа оролдоод байгаа юм уу, чи надаар 2-3 удаа оролдлоо, би чамайг зодоод яахав дээ гэж ярьж явсан. Тэгтэл Эрдэнэбат надаас зугтаах гэхээр нь би араас нь цамцыг нь мөрөн дээрээс нь барьж автал урдаас гараараа зүүн талын хацар руу 1 удаа цохиж зугтаасан, тэгэхээр нь би дараа нь уулзая гэж бодоод эргээд Ёндоншаравын хашаа руу алхаж явтал Эрдэнэбат араас ирээд хашаа түшиж байсан 10 см орчимтой өргөтэй, 1740 орчим см урттай шонгийн модоор миний дал мөрний орчимд 1 удаа цохьсон, тэгэхээр нь би эргэж хатлар зүүн далны орчимд 1 удаа цохьсон. Ингээд би газар унангуут дээр сууж байгаад гараараа миний толгой руу нилээн олон удаа цохисон. Тэгтэл манай сумын Бажа ах, Бороо ах нар хажуугаар явж байх нь тараад салгатал Эрдэнэбат надаас зугтаагаад явсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 тал/,
Гэрч Э.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Жаргалтхаан сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх үед Жаргалтхаан сумын 4 дүгээр баг иргэн гэх Гантулга гэх залуу хүнд зодуулсан биеэ үзүүлэх хэрэгтэй байна гэж ирсэн. Ингээд би Гантулгын биед үзлэг хийхэд ерөнхий биеийн байдал тогтвортой онц өөрчлөлт байхгүй, толгой болон зүүн талын далны орчмоор өвдөж байна гэж байсан баруун талын нүд хөхөрсөн хавантай байсан, дал болон мөрний хэсгээрээ хөхөрсөн ямар нэгэн ул мөр байхгүй байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/
Гэрч Г.Балдандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Бороо бид хоёр захиргааны Бат-Эрдэнэ ахын хашааны ард явж байхад манай нутгийн Гантулга, Эрдэнэбат нар хоорондоо хэрэлдэж муудалцаад байсан Эрдэнэбат нь Гантулгыгаа доороо хийгээд байж байхад бид хоёр салгасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/
Гэрч Ц.Тогоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Балдоржийн хамт захиргааны Бат-Эрдэнэ ахын хашааны ард явж байхад манай нутгийн Гантулга, Эрдэнэбат нар хоорондоо хэрэлдэж муудалцаад байж байсан Гантулгын баруун нүд нь хавдаж, хамарнаас нь бага зэрэг цус гарсан байж магадгүй байсан. Эрдэнэбат нь Гантулгыгаа цохьсон юм шиг байна лээ. Гантулга нь нилээн согтуу байсан гэхдээ хоёр хөл дээрээ зүгээр явж байсан, Эрдэнэбат нь эрүүл байх шиг байсан ”... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
Гэрчээр С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ёндоншарав гэж айлд ороход Гантулга ах байж байсан. Намайг орсноос хойш Гантулга намайг болон манай ахыг хэл амаар доромжлоод байсан би энэ үед ямар нэгэн юм яриагүй. Миний зүүж явдаг сахиусаар боогоод намайг хашаа руу шахаж намайг алгадаж, миний төмсөг рүү өвдөглөсөн. Тэгэхээр нь би Гантулга ахыг хавирч унагаад дээр нь гарч байгаад зүүн гараараа 3-4 удаа толгой руу нь цохисон”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №261 дугаартай шинжээчийн: “...Т.Гантулгын биед баруун, зүүн чих, баруун тохойнд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,
С.Эын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял оногдуулна уу....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Гантулга нь “...С.Э бид хоёр учраа олсон, эвлэрсэн. Хохирол төлбөрийн хувьд ямар нэгэн маргаангүй ....” гэх хүсэлтийг хавтаст хэргийн 56, 57 дугаар талд өгсөн байх тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /долоон дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Эад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /долоон дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сард 150.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Эад 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 180 цаг /нэг зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд эдлүүлэхийг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА