Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2025/00019

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 309/ШШ2025/00300 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

8 702 050 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 8 702 050 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2024 оны 7 сарын 3-ны өдрөөс 2024 оны 9 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 406 000 төгрөг зээлдүүлсэн. Бид ярилцаж тохиролцоод 2024 оны 11 сарын 9-ний өдөр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан боловч товлосон хугацаанд мөнгөө өгөөгүй. Иймд *******ээс үндсэн мөнгө болох 7 406 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 0.5 хувиар алданги тооцон 1 296 050 төгрөг, нийт 8 702 050 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ: ... миний бие ******* гэх хүнтэй хамтран амьдарч байх хугацаандаа *******аас мөнгө зээлсэн. ******* нь бидэнд мөнгө зээлэх үедээ хүнээс давхар мөнгө зээлж байгаа гээд хүү нь нэмэгдэж 7 406 000 төгрөг болсон. *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******, ******* нарт холбогдох нэхэмжлэл тусдаа учир хамааралгүй гэж ярьж байна. Бид тухайн мөнгийг ар гэртээ зориулсан. ******* өөрийн дансыг ашиглахгүй, миний дансаар мөнгийг авдаг байсан. ... 2024 оны 03 дугаар сараас хойш цалингийн зээлээ хаах гэж *******аас мөнгө зээлж байсан. Тухайн үедээ мөнгийг хүүтэй нь эргүүлэн өгч байсан. ...Намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр очих үед ******* нь чиний дансаар мөнгө орсон тул чи төлж магадгүй гээд надаас 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл ******* нь 15 000 000 төгрөгийг 2 хувааж 7 000 000 төгрөгийг зээлсэн гэж зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулах талаар хэлсэн. Би тухайн үед ямар учир шалтгаантай талаар ойлгоогүй ч ажил хийж байгаа тул төлж барагдуулна гэж зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. ...7 406 000 төгрөгийг аваагүй учир төлөхгүй. Харин 2 100 000 төгрөг зээлээд эргүүлж өгөөгүй ... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

5. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн зээлийн гэрээтэй холбоотой зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

6. Талууд 2024 оны 11 сарын 09-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 7 406 000 төгрөгийг 2024 оны 11 сарын 09-ний өдрөөс 2025 оны 1 сарын 25-ны өдрийг хүртэл 2 сар 16 хоногийн хугацаатай, хүүгүй зээлэхээр, ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ. /хэргийн 8 дахь тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ...7 406 000 төгрөгийг зээлээгүй, харин 2 100 000 төгрөг зээлж аваад төлөөгүй ... гэж маргасан тул анхан шатны шүүх хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 7 406 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдоогүй болон 2 543 000 төгрөг зээлдүүлсэн нь нотлогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

7. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний заалтыг үндэслэн алданги тооцон, хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 3 814 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

 8. Нэхэмжлэгч ******* нь ...******* нь 2024 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн нийт 11 006 000 төгрөгийг зээлэхдээ 4 000 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон. ...******* нь нөхөр Б.*******ын хамт бүх мөнгийг хэрэглэсэн учраас бид 2 хувааж төлнө гэж хэлсэн, ...нийт 15 006 000 төгрөгний 50 хувь болох 7 406 000 төгрөгийг 0.5 хувийн алдангийн хамт төлөхөөр гэрээ байгуулсан учир бүх хохирлоо нэхэмжилж байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ******* нь ...4 000 000 төгрөгийн хүү төлөхөөр анхнаасаа тохиролцсон, гэрээгээр тохиролцсон үнийн дүнд хүүг оруулан тооцсон ... гэж тайлбарлаж байгаа боловч талууд 4 000 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна... гэсэн хуульд заасан шаардлагыг хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгчийн өмчлөлд 7 406 000 төгрөгийг шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэдгийг шүүхэд баримтаар нотолж чадаагүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 309/ШШ2025/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 151 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

С.ГАНЧИМЭГ