| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/5339/и |
| Дугаар | 4796 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4796
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04796 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................................. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..........тоотод оршин суух, Н.Бд /РД: ............/ холбогдох
Эрчим хүч хэрэглэсний төлбөр 2.720.116 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал,
Хариуцагч Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "У" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэглэгч Н.Б нь 2015 оны 2 дугаар сараас өнөөг хүртэлх хугацааны цахилгааны төлбөрөө төлөөгүй бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр 2.720.116 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.
Манай байгууллагаас хэрэглэгчийн утсанд төлбөрийн мэдээллийг байнга хүргүүлдэг бөгөөд Н.Б нь миний дүү хариуцлага алдаж төлбөрийг төлөөгүй байна гэж байсан ба бид түүний дүү н.Од төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан.
Н.Б нь 2016 оны 4 дүгээр сард цахилгааны тоолуураа шалгуулах хүсэлтийг манайд гаргасан бөгөөд Зүүн түгээх төвд тоолуур шалгах лаборатори байдаг. Тэнд Н.Бийн тоолуурыг шалгуулахад хэвийн гэсэн.
Эдний байшин нь 2 давхар халаалттай байшин бөгөөд 1 дүгээр давхартаа цэцэрлэг ажиллуулдаг. Н.Бийн ярьж байгаачлан зуны цагт сардаа 60.000 төгрөг, өвлийн цагт сардаа 80.000 төгрөг нь 1 давхар байшинд л гарах төлбөр юм.
Н.Б нь 2015 оны 02 дугаар сард 216.862 төгрөг, 2015 оны 03 дугаар сард 114.558 төгрөг, 2015 оны 04 дүгээр сард 86.446 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 69.612 төгрөг, 2015 оны 06 дугаар сард 66.924 төгрөг, 2015 оны оны 07 дугаар сард 49.885 төгрөг, 2015 оны 08 дугаар сард 64.261 төгрөг, 2015 оны 09 дүгээр сард 72.088 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 97.046 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 119.622 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 471.140 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 472.711 төгрөг, 2016 оны 02 дугаар сард 347.351 төгрөг, 2016 оны 03 дугаар сард 618.742 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын тоолуур шалгуулсан үйлчилгээний хөлс 2.860 төгрөг, нийт 2.870.109 төгрөг төлөөгүй байна.
Н.Б нь 2015 оны 2 дугаар сард 94.600 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, нийт 244.600 төгрөг төлсөн бөгөөд үүнийг дээрх хугацаанд гарсан төлбөр 2.870.109 төгрөгөөс хасч тооцоход 2.720.116 төгрөгийг төлөхөөр байгаа.
Мөн тэрээр манай байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нэхэмжлэлээ хүлээж аваад Стандартчилал хэмжил зүйн газарт цахилгааны тоолуураа шалгуулсан байсан бөгөөд тоолуурыг мөн хэвийн ажиллаж байсан гэсэн хариуг өгсөн гэдгийг сая өөрөөс нь мэдлээ.
Цахилгааны төлбөрөө төлөөгүй өрхийн цахилгааныг тасалдаг бөгөөд цахилгааныг таслахад өөрсдөө залгачихдаг. Н.Бээс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2.720.116 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2016 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч байгууллагад хандаж цахилгааны тоолуураа шалгуулахад манай тоолуурыг хэвийн ажилалж байна гэсэн. Би шүүхээс нэхэмжлэл гардаж авсны дараа одоогоос 1 сарын өмнө Стандартчилал хэмжил зүйн газарт хандаж цахилгааны тоолуураа шалгуулах хүсэлт гаргахад манай тоолуурыг шалгаж үзээд хэвийн ажиллаж байна гэсэн.
Манай цахилгааны төлбөр зундаа 50.000 төгрөг, өвөлдөө 80.000 төгрөг гардаг. 2015 оны 02 дугаар сараас цахилгааны төлбөр их гарч эхэлсэн. Би энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ илүү гарсан төлбөрийг хасч тооцвол эвлэрэх боломжтой. Яг хэдэн төгрөг хасах талаар тооцсон зүйлгүй.
Манайх 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлээрээ Завхан аймаг руу яваад 2016 оны 04 дүгээр сард ирсэн. Гэрт дүү н.Омаань нөхөр хүүгийн хамт үлдсэн. Уг байрны 2 давхарт 2 айл байдаг. Манайх болон манай дүүгийнх. Гэхдээ байрны өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр байдаг бөгөөд байшин маань 200 м.кв талбайтай, галлаж халаадаг, газ хэрэглэдэг, өдрийн гэрэлтэй.
Бид 2013 оны 08 дугаар сараас уг байшинд амьдарч байгаа ба гэрээнүүд бүгд миний нэрээр байгуулагдсан. Цахилгааны төлбөрөө төл гэдэг мэдэгдэл 2 удаа авч байсан. Цахилгаан хэрэглэсэн төлбөрөө төлнө. Гэхдээ өмнө нь гарч байсан төлбөрийн дагуу төлмөөр байна. Төлөх боломжгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "У" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” нь хариуцагч Н.Бд холбогдуулан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2.720.116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
"У" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү нь өөрийн харьяа байгууллага “Б”-ийн менежер Д.Төрмөнх, Б.Отгонжаргал нарт төвийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон байна.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/ \
Хариуцагч Н.Б нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 31 дүгээр гудамж, 496 тоотод 2013 оны 8 дугаар сараас оршин суусан гэх ба тэрээр "У" ХК-ийн төлөөлөгч “Б”-тэй эрчим хүчээр хангах гэрээг мөн хугацаанд байгуулсан ба талууд энэ талаар маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 7-10 дугаар тал/
Нэхэмжлэгч У" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” нь хариуцагч Н.Бээс 2015 оны 2 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дууталх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2.720.116 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Н.Б нь цахилгааны тоолуур хэвийн ажиллаагүй тул дээрхи төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Н.Б нь 2015 оны 2 дугаар сараас эрчим хэрэглэсэн төлбөрөө төлөөгүй болон төлбөр төлөх шаардлагыг хүлээн авч байсан талаараа маргаагүй ба тэрээр 2015 оны 2 дугаар сард 216.862 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 114.558 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 86.446 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 69.612 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 66.924 төгрөг, 2015 оны 7 дугаар сард 49.885 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 64.261 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 72.088 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 97.046 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 119.622 төгрөг, 2015 оны 12 дугаар сард 471.140 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 472.711 төгрөг, 2016 оны 2 дугаар сарл 347.351 төгрөг, 2016 оны 3 дугаар сард 618.742 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард эрчим хүчний тоолуур шалгуулах ажлын хөлс 2.860 төгрөг, нийт 2.870.109 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
Дээрх 2.870.109 төгрөгийн төлбөрөөс түүний 2015 оны 2 дугаар сард төлсөн 94.600 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 150.000 төгрөг, нийт 244.600 төгрөгийг хасч тооцоход тэрээр 2.720.116 төгрөгийг төлөхөөр байна.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар эрчим хүчээр хангагч нь хэрэглэгч эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрхтэй бөгөөд Н.Б нь гэрээ ёсоор сар бүрийн 10-ны дотор эрчим хүчний төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул дээрх байдлаар арга хэмжээг авч байсан ч хэрэглэгч төлбөрөө төлөөгүй ажээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заажээ.
Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй тул тэрээр хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг "У" ХК-д төлөх үүрэгтэй.
Хэрэглэгч Н.Б нь эрчим хүчний тоолуур хэвийн бус ажиллаж байгаатай холбоотой гомдлыг эрчим хүчээр хангагч болон холбогдох байгууллагад нь гарган шалгуулахад хэрэглэж буй тоолуур нь хэвийн ажиллаж байгаа талаар хариу өгч байсан нь хариуцагчийн тайлбараар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр эрчим хүчний тоолуур хэвийн бус ажилласанаас эрчим хүч хэрэглэсэн төлбөр их гарсан гэсэн хэдий боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.
Иймд хариуцагч Н.Бээс эрчим хүч хэрэглэсэн төлбөр 2.720.116 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "У" ХК-д олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Н.Бээс 2.720.116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "У" ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58.472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бээс 58.742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "У" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН