Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 163

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0175/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                       П.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 1939...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол  Улсын харъяат 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Тариаланчдын 40б-33 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. П.М /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.М нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Бурхан халдун” уулын бэлд иргэн Т.Э-тай маргалдаж улмаар баруун нүдэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Бурхан халдун” уулын бэлд иргэн Т.Этай маргалдаж улмаар баруун нүдэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өглөө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажлынхаа 20 гаруй залуучуудтай хамт 2 пургон автомашинтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг “Бурхан халдун”ууланд гарахаа явсан....Ингээд бид нар шөнө очоод машинаас буугаад хоол, цай идье гээд байж байтал Мөнхбат эмч намайг дуудахаар нь очтол намайг дагуулаад мод руу орсон. Тэгтэл гэнэт эргэж хараад намайг гараараа цохихоор нь нүүрээ дараад доошоо тонгойсон чинь нүүр рүү дахин 1 удаа өшиглөхөөр нь унаад өгсөн чинь миний дээрээс хөлөөрөө толгой, нуруу, хөл цээж рүү нэлээд удаа хөшиглөөд байсан. Тэгээд байж байтал Оюунбаатар эмч гүйж ирээд намайг салгасан чинь, Мөнхбат эмч уулнаас Мэндбаяр дарга хэдэн хүнтэй хамт бууж ирсэн. Тэгэхээр нь Мөнхбат эмчтэй уулзаад яагаад зодож байгаа юм бэ, нүүр ам хавдчихаад байна гэсэн чинь Мөнхбат эмч дуугарагүй. Гэтэл хажуугаас Мөнхсайхан эмч ямар ч үгийн солио байхгүй миний баруун нүд рүү гараараа нэмээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

        Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ингээд бид шөнө 23 цаг өнгөрч байхад “Бурхан халдун”уулын бэлд очиж буудалласан. Тэр үед нэг Пургон машины кабины гэрэл асаалттай, хаалга онгорхой болохоор нь очсон чинь машин дотор Бямбаа ахыг Эрдэнэбаатар зохиж зодож байх шиг байхаар нь хөөе Эрдэнэбаатараа чи яагаад байгаан гэхэд Бямбаа ахыг тавиад намайг заамдаж авсан. Тэр үед Бямбаа ах машинаас буугаад зугтаасан. Тэгээд намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулах гэхэд гараа тавихгүй зуураад байсан. Тэгээд намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулах гэхэд гараа тавихгүй зуураад байсан. Тэгээд бид хоёр зууралдсан байдалтай машинаас холдсон.....Тэр үед Эрдэнэбаатар намайг гараараа цохих гэхээр нь би дарж унагаад нэг удаа уруул орчим цохисон. Тэгээд намайг доороо хийж дарсан. Тэгэхээр нь би эргүүлж доороо хийж, дээрээс нь дараад зүгээр бай гэж хэлээд байж байтал Оюунбаатар ирсэн....Гэтэл Эрдэнэбаатар тэр хавиар байсан хүмүүст агсам тавиад яваад байсан. Ингээд үдээс хойш хоол идээд явах гээд хүмүүс машиндаа суугаад байх үед Эрдэнэбаатар машиндаа суухгүй согтуураад байхаар нь Мөнхсайханыг наадахаа аваад машиндаа суулга гэж хэлсэн чинь Эрдэнэбаатар Мөнхсайханыг цохих гээд гараа далайгаад цохих гэтэл Мөнхсайхан Эрдэнэбаатарыг түрүүлээд гараараа цохисон. Тэгэхэд Эрдэнэбаатар газар унаад өгсөн. Тэгтэл Баярдэлгэр ах босгож машинд суулгасан. Эрдэнэбаатарыг босгож ирэхэд баруун нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/

Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэгдсэн эмнэлэгийн эрэгтэй ажилчидын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг “Бурхан халдун” ууланд гарахаар явсан. Ингээд бид явсаар байгаад “Бурхан Халдун” уулын бэлд очсон...Манай ажлын газрын Эрдэнэбаатар сууж ирсэн пургон машин дотроо согтуу агсам тавиад слесарь Бямбадоржтой муудаад байх шиг байсан. Тэгтэл надтай цуг пургонд сууж байсан Мөнхбат эмч тэд нар дээр очоод хоорондоо чанга дуугаралдаад муудаад байх шиг байсан. Тэгээд тун удалгүй Мөнхбат эмч эргэж ирээд Эрдэнэбаатар Бямбаа ахад агсам тавиад байна Оюунбаатарт үлдээчлээ гэж хэлсэн....Тэгээд өглөө босоод дунд овоонд гараад ирээд хоол хийж идээд явна гэж байтал Эрдэнэбаатар нэмж архи уугаад согтчихсон байсан. Тэгээд хоолоо идээд явах гэтэл Эрдэнэбаатар машиндаа суухгүй болохоор нь Мөнхбат “Мөнхсайхан чи наадахаа машинд суулга” гэсэн чинь Мөнхсайхан Эрдэнэбаатарыг машинд суулгах гэтэл Мөнхсайханы үгэнд орохгүй маргаад байсан. Тэгтэл Мөнхсайхан Эрдэнэбаатарыг цохих шиг болоход Эрдэнэбаатар газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

Гэрч Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нөгөө машинд сууж явсан хүмүүс “Бурхан халдун” уулын бэлд орой 23 цагын үед очиход архи уусан байсан....би Мэндбаяр дарга, Мөнхбат эмч нарын хамт ирсэн машиндаа сууж байхад нөгөө машинд хүмүүс муудаад байх шиг болоход Мөнхбат эмч буугаад явсан. Тэгээд жаахан байж байгаад араас нь очиход Эрдэнэбаатар эмч Мөнхбат эмчийг чи муу юу вэ гээд байсан. Тэгээд тэр хоёр маргаад машинаас цаашаа зүгээр алхаад явсан. Тэгээд галын дэргэд хоол идэх гээд суух үед Оюунбаатар эмч тэр хоёрын араас нь очий гээд явсан.... Тэгээд хоол ундаа бүгдээрээ идээд хөдлөх болсон. Тэр үед Эрдэнэбаатар архи уучихсан согтуу хүн, хүнтэй харьцаа үүсгэх гээд маргах ч биш ярих ч биш байсан. Мөнхбат намайг зодсон гээд байсан. Тэгээд байхаар нь Эрдэнэбаатарыг яасан юм бол гээд харахад доод уруулынхаа хэсэг газар язарч цус гарсан шинжтэй харагдаж байсан. Тэр үед нүүр ам нь хөхөрч хавдсан зүйл харагдаагүй. Тэнд байсан хүмүүс бүгд л тийм байдалтай байсныг нь харсан. Ингээд бүх хүмүүс машиндаа суугаад хөдлөх гэж байсан. Би хамгийн сүүлд асаасан галаа хөлөөрөө унтрааж байх үед Эрдэнэбаатар сууж байсан. Энэ үед Мөнхсайхан эмч Эрдэнэбаатарыг газар суугаад байхаар нь явъя гэсэн чинь Эрдэнэбаатар чи юу юм бэ гэж хэлээд босож ирсэн. Тэр үед нь Мөнхсайхан гараараа цохих шиг болтол Эрдэнэбаатар газар унаад өгсөн. Тэгээд босохгүй хэвтээд байхаар нь би Баярдэлгэр ахтай цуг Эрдэнэбаатарыг газраас босгоход хамраас нь цус гарсан байсан. Бм 00-ийн цаасаар хамраас гарсан цусыг арчиж өгөөд машинд суулгасан. Ингээд бид нар Босго тэнгэрийн даваан дээр очиж зогсоод машинаас бууцгаасан юм. Тэгээд Эрдэнэбаатарыг харахад нүд хавдаад хөхөрчихсөн байсан”... гэх мэдүүлэг......../хх-ийн 22-23 тал/

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр орой юу болсон талаар мэдэхгүй. Харин маргааш өглөө нь эрт сэрэхэд Мэндбаяр дарга, Мөнхсайхан, Мягмар, Хөхөө нар дунд овоонд мөргөхөөр явсан. Тэр хойгуур би гал түлээд сууж байтал нэг машинаас Эрдэнэбаатар бууж ирсэн. Тэгээд Эрдэнэбаатартай уулзахад урьд шөнө Мөнхбатад зодуулсан гэж байсан. Тэгээд энийг хардаа гээд толгойгоо харуулж байсан. Тэгээд толгойг нь харахад үсэн дотроо хоёр газарт овойсон байсан. Нэг талынх нь шанаа хавантай байсан....Харин нүд нь хөхөрч хавдсан зүйл байхгүй байсан. Тэгэхэд толгой өвдөөд гэж байсан. Нүд өвдлөө гэж яриагүй. Уруул нь язарсан эсэхийг хараагүй. Толгой нь 2хэсэг газарт 2-3 см тойрог хэлбэртэй хавантай. Шанаа нь бол нэлээн хавантай байсан...Ингээд л манайхан уулнаас бүгдээрээ бууж ирээд хоол, цайгаа идэж уугаад аймгийн төв рүү хөдлөхөөр болсон. Ингээд юм аа ачиж байтал зодоон боллоо гэхээр нь харсан чинь Эрдэнэбаатарын хамраас нь юм уу нүднээс нь юм уу цус гарсан байхаар нь ойртож сайн хартал, нүдний нулимс дагаж гоождог хэсгээр цус урсаж байсан. Мөн хамрын нүхнээс нь цус гараад байсан.....Мөнхсайхан цохисон гэж тэнд байсан хүмүүс хэлж байсан....Тэр үед нь нүд хавдаж эхэлж байсан. Наашаа яваад Босго тэнгэрийн даваан дээр нэг зогссон. Дараа нь Цэнхэрмандал сумын цайны газарт ирэхэд нүд хавдаад тагларчихсан байсан. Хамгийн сүүлд цохиулаад нүд нь гэмтсэн. Тэрнээс биш өглөө зүгээр байсан”.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

Гэрчээр П.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр үед нөгөө машиныхан намайг хүнээ аваад машинд нь суулга явцгаая, хөдлөе гээд байсан. Би машинаа ахлах явсан болохоор Эрдэнэбаатарыг суулгахаар очоод чи машиндаа суу гэж хэлсэн чинь машинд суух шинжгүй бусдыгаа хүндрүүлээд байхаар нь чи өчигдрөөс хойш далжганалаа гэж хэлээд одоо болох юм биш үү гэхэд та намайг тэгэхгүй шүү гээд л нөгөө асуудлаа яриад байсан. Татаад суулгах гэсэн чинь намайг цохих гэхээр нь би нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон юмаа..... тэр үед Алтангэрэл эмч нэг хүнтэй ирж авч яваад машинд суулгасан”... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Мөнхбат эмч Эрдэнэбаатар ах хоёр мод руу орсон. Удалгүй пид пад гэх чимээ гарахаар нь би гүйгээд очтол Эрдэнэбаатар нь газар хэвтсэн. Мөнхбат эмч зогсож Эрдэнэбаатарыг 1 удаа хөшиглөж байхыг нь харсан....Эрдэнэбаатарын хамарнаас цус гарч байсан. Мөн духны баруун нүдний дээд хэсэгт овойж хавдсан байсан....Тэгээд бид хайрханаас үдийн үед 11 цагийн орчимд бууж ирээд хоол цайгаа идээд машин дотор сууж байтал Эрдэнэбаатар ах, Мөнхсайхан эмч хоёр хоорондоо муудалцаад хүмүүс салгаж байсан. Тэгээд би харсан чинь Эрдэнэбаатарын баруун нүднээс нь цус гарч байсан. Мөнхсайхан эмчийг цохисон гэж байсан”.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 98 дугаартай:...Т.Э-ын биед баруун ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, дух, баруун нүд, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон  түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт..../хх-ийн 54-55 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 598 дугаартай дүгнэлт..../хх-ийн 72-74 тал/

Яллагдагч П.М-н: “...Би Т.Эыг цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг.../хх-ийн 93 тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.М-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч П.М-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Э нь нь эмчилгээний зардалтай холбоотойгоор 739.395 төгрөгийн баримт /хх-ийн 100-104 тал/ гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч П.М нь хохирогч Т.Э-ын эмчилгээний зардалд тооцож 800.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХААН банкны 5935125909 тоот Төмөрийн Эрдэнэбатын дансанд төлсөн талаарх нотлох баримтаа шүүх хуралдааны үед гаргаж өгсөн байна.

Иймд шүүгдэгч П.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцож, хохирогч Т.Эыг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна

 

Шүүгдэгч П.М-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Э.Э цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА