Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2025/00020

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 309/ШШ2025/00243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын ******* сургууль, ******* нарт холбогдох

Сургуулийн захиргаа гаргасан шийдвэрээ цуцалж, нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний хүү ******* нь ******* сургуулийн 7а ангид дэвшин суралцаж байсан. Миний бие эцэг эхийн групп чатад улсын ЕБС-ийн хувьсах зардалтай төрийн өмчийн бус ЕБС-ийн хувьсах зардал ижил байдаг гэж ойлгосон тухайгаа бичиж, үндсэн төлбөр дээр уг хувьсах зардал нэмэгдэх ба иймд гадаад багшийг ажлын цагаар сургуулийн ангиудад англи хэлний хичээл орох цагаа нэмэгдүүлэх нь зүйтэй талаар сургалтын гэрээний 3.14, 3.15 дахь заалтуудыг үндэслэн санал, шүүмжээ бичсэн.

Тухайн чатаар харилцсанаас 4 цагийн дараа анги удирдсан багш ******* нь миний хүү *******ийг сургуулиас чөлөөлж /хөөх шийдвэр/ буйг тус групп чатад мэдэгдсэн. Уг чатад ******* нь худал мэдээлэл тарааж багшийн нэр хүндэд болон сургуулийн нэр хүндэд удаа дараа санаатайгаар халдсан тул сургалтын гэрээний 3.7-д заасны дагуу сургалтын үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэж байна. Та бүхний чатыг сургуулийн захиргаанд уламжилсны дагуу сургуулийн захиргааны шийдвэр тул мэдэгдэх хуудсыг сургуулийн захиргаанд биеэр ирж авна уу гэсэн чатыг бичсэн. Үүний дагуу *******ийн ээж ******* тус сургууль дээр очиж сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдлийг авсан.

Мэдэгдлийг групп чатаар мэдээлснээс анги хамт олон дунд бидний хүүг сургуулиас хөөгдсөн гэсэн мэдээлэл тарж сэтгэл зүйн хүнд байдалд орсон, тухайн ангидаа явах хүсэлгүй болсон. Бидний хувьд АУБ-ийн тухайн гаргасан үйлдэл, сургуулийн захиргааны сургалтын гэрээг зогсоох тухай мэдэгдэл нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Бидний хүүгийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нь миний хүүг ялгаварлан гадуурхсан хүчирхийллийн шинж чанартай байна. Мөн миний гэр бүл, миний хүүгийн хувьд дээрх мэдэгдэлд дурдсанчлан сургуулийн нэр хүнд, багшийн нэр хүндэд санаатай болон санаандгүй байдлаар халдсан зүйл огт байхгүйн дээр удаа дараа гэдгийг ч ойлгохгүй байна.

Мөн миний хүүгийн сурагчийн хувийн хэрэгт Шийдвэр-ээр сургуулиас чөлөөлсөн гэж бичсэн нь аливаа ял зэм хүртсэн мэт ойлгогдохоор утга агуулгатай байгаад харамсаж байна.

Бидний зүгээс миний хүүг эцэг эхийн групп чатын чатад үндэслэн бүдүүлгээр сургуулиас чөлөөлж, англи хэлний цагийн хүртээмжгүй байдлаас үүдсэн асран хамгаалагчдын санал шүүмжүүдийг дарах гэсэн шийдвэр гэж харж байгаа ба уг чатад олон асран хамгаалагчид үзэл бодлоо илэрхийлсэн атал миний гэр бүл, миний хүүг онцолсон явдал нь биднийг илтэд дээрэлхэж буй үйлдэл гэж үзэн уг шийдвэртэй санал нийлэхгүй байна. Иймд ерөнхий боловсролын ******* сургуулийн захиргаа гаргасан шийдвэрээ цуцалж, тус сургуулийн 7а ангийн хамт олны дунд, мөн эцэг эх асран хамгаалагчдын дунд хүү ******* болон биднээс албан ёсоор бичгэн хэлбэрээр, мөн амаар уучлалт гуйхыг сургуулийн захиргаа болон багш ******* нарт даалгаж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч ерөнхий боловсролын ******* сургуулийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч *******гийн дурдсанчлан улсаас 2,200,000 төгрөгийн хувьсах зардал авдаггүй, энэ нь худал мэдээлэл бөгөөд эцэг эхчүүдийн дунд ийнхүү худал мэдээлэл тараасан нь сургууль өндөр төлбөр авдаг мэт ойлголтыг төрүүлэхээр байна. Мөн нөгөөтээгүүр гомдол гаргагчийн зүгээс төлбөр өндөр байгаа учраас англи хэлний цагийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, дээрх зүйлийг ярьсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар дунд ангийн сургалтын төлөвлөгөөг баталсан. Тус тушаалд зааснаар Англи хэлний хичээлийг 7 хоногт 3 цаг орохоор баталсан. Харин манай сургууль үндсэн 3 цагаас гадна сургуулийн онцлогтой нэмэлт хөтөлбөр гэж дахин англи хэлний хичээлийг 3 цагаар нэмж, нийт 7 хоногт 6 цагийн англи хэлний хичээлийг орж байгаа болно. Иймд гомдол гаргагчийн зүгээс өндөр төлбөр авдаг, төлбөртөө тохируулж англи хэлний цагийг нэмэгдүүлэх шаардлагатай мэтээр ярьж буй нь худал мэдээлэл юм.

Сурагч *******ийн эцэг, эхтэй 2024 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Сургалтын гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 6.2.2-т Энэхүү гэрээний ...3.7 дахь заалтыг зөрчсөн бол сургуулийн санаачилгаар цуцална гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь сургуулийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл олон нийтийн дунд тараасан нь гэрээний тус заалтыг зөрчсөн байх тул сургалтын гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: 2024 оны 11 дүгээр сарын 12-нд манай ангийн сурагчдын эцэг эхчүүд 7а- эцэг, эх -******* сургууль гэх групп чатад эцэг эхчүүд сургалтын уйл ажиллагаатай холбоотой зүйлс ярьсан байсан. Би тухайн үед хичээлтэй байсан тул товчхон тайлбарыг өөрийн зүгээс өгсөн. Мөн тус групп чатад яригдаад байгаа асуудал болоод эцэг эхчүүдийн бичсэн зүйлийг сургуулийн удирдлагад дамжуулж харуулсан. Сургуулийн захиргааны зүгээс нэхэмжлэгч нарт холбогдуулан Сургуулийн үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл гарсан, энэ талаар мэдэгдээрэй гэсэн. Үүний дагуу би сургуулийн зүгээс гарсан шийдвэрийг дамжуулж хэлсэн. Үүнээс биш би аливаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд, зөвхөн гаргасан шийдвэрийг дамжуулж хэлсэн. Би нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй шийдвэрийг гаргаагүй төдийгүй тэдгээрийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн зүйл огтхон ч байхгүй. Иймд нэхэмжлэлийн хариуцагч надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,030 төгрөгөөс 70,200 төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 41,830 төгрөгийг, хариуцагч ******* сургууль болон ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нар нь нэр хүндэд халдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэж буйгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлаагүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж заасан. Тус зохицуулалтаас үзвэл иргэний нэр хүндэд халдсан тохиолдолд уучлалт гуйлгах шаардлага үндэслэлгүй, харин гутаасан мэдээ тараасан этгээд уг мэдээг няцаах үүрэг хүлээдэг. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. ...Хариуцагчийн шийдвэрээс болж нэхэмжлэгч нарын нэр төрд ямар хэмжээний хохирол учирсан болох талаар хэргийн материалд огт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь үүнийг нотлох үүргийн хуваарийн дагуу нотлох ёстой байтал нотолж чадаагүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүрэн хангахдаа ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, шийдвэртээ үндэслэлийг тайлбарлаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүхээс тус заалтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэхээр байна.

... Манай сургууль нэхэмжлэгчийн дурдаад буй 2 200 000 төгрөгийн хувьсах зардлыг улсаас авдаггүй. Энэ нь худал мэдээлэл бөгөөд эцэг эхчүүдийн дунд ийнхүү мэдээлэл тараасан нь зориудаар сургууль өндөр төлбөр авдаг мэт ойлголт төрүүлэхээр байна. Энэ талаараа ч нэхэмжлэгч сургуулийн удирдлагатай уулзах үедээ өөрөө тус ойлголтыг төрүүлэхээр хэлсэн гэж хэлдэг. Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох эрх, үүрэгтэй энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Гэтэл хариуцагч хувьсах зардлыг хэрхэн яаж тооцдог, улсаас хэдэн төгрөгийн хувьсах зардал авдаг талаараа тайлбарласан.

Хариуцагчаас хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй холбоотой маргадаггүй бөгөөд шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1 000 000 төгрөгийг төлсөн. Сурагч *******өөс ангийн багш ******* нь анги хамт олны өмнө уучлалт гуйсан. Нэхэмжлэлийн шаардлага нь нэр хүндэд халдсандаа уучлалт гуйхыг даалгах байхад шүүхээс хүүхдийн сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч багш ******* нь тухайн үед эцэг эхийн групп чатад болж буй зүйлийг сургуулийн удирдлагад уламжлан, улмаар сургуулиас гаргасан шийдвэрийг эцэг, эхчүүдэд дамжуулсан. ******* нь аливаа шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд нэхэмжлэгч нарын нэр төрд халдсан, гүтгэсэн зүйл огт байхгүй.

Анхан шатны шүүх ******* нь нэхэмжлэгч нарын нэр төрд хэрхэн яаж халдаад байгаа талаар огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй байж хариуцагч *******т холбогдох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ болсон явдал нь ангийн эцэг эхийн групп чатад болсон. Ангийн багш нь өөрөө нээсэн групп чат байгаа. Эцэг, эх нарын зүгээс санал шүүмжээ бичдэг. Бусад эцэг, эхчүүд ч гэсэн шүүмжийн талаар ярьж байсан. Би ганцаараа тийм зүйл бичсэн биш. Англи хэлний багш нь 7 хоногт ганц л цагийн хичээл ордог байсан. ... Цагийн хүрэлцээ тааруу байсан учраас нэг л цагийн хичээл орж байна гэж ойлгосон. Гэтэл гадуур сургалт авч байгаа талаар мэдээлэл тарсан байсан. Үүнээс шалтгаалж эцэг эх бухимдсан байгаа. Тэнд бичиж байгаа бүх эцэг, эхчүүд англи хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх талаар бухимдсан. Тэр чатад миний бие улсын ЕБС-ийн хувьсах зардалтай төрийн өмчийн бус ЕБС-ийн хувьсах зардал ижил байдаг гэж ойлгосон тухайгаа бичиж, үндсэн төлбөр дээр уг хувьсах зардал нэмэгдэх ба иймд гадаад багшийг ажлын цагаар сургуулийн ангиудад англи хэлний хичээл орох цагаа нэмэгдүүлэх нь зүйтэй талаар л бичсэн. Гэтэл яагаад ганц намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна. За үнэхээр миний буруу гэж үзэж байгаа юм бол яагаад миний хүүхдийг сургуулиас хөөж байгааг ойлгохгүй байна. ... тухайн өдрөө шууд миний хүүхдийг сургуулиас хөөсөн.. Ангийнх нь хүүхдүүд миний хүүхэд рүү чи сургуулиас хөөгдсөн юм уу гэж бичсэн байсан. Тиймээс л би ангийнх нь хүүхдүүдийн дунд уучлалт гуйлгах ёстой гэж харж байгаа юм.

... ******* багшийг яагаад буруутгаад байна вэ гэхээр технологи ашиглахдаа алдаа гаргасан гэж үзээд байгаа юм. Энэ хүн чинь багш хүн, гэтэл байнга зөрчилдөж маргадаг байсан. ******* багшийн хувьд миний хүүхдээс уучлалт гуйсан зүйл байхгүй. ... Ер нь бол хор уршиг нь миний хүүхдийн сурах эрхийг дураараа хязгаарласан гэж харж байна. Мөн эцэг, эхийнх нь нэр хүндэд халдсан. ... тухайн групп чат дээр удаа дараа сургуулийн нэр хүндэд халдсан мэтээр бичсэн учраас удаа дараа асуудал гаргасан юм биш үү гэж эцэг, эхчүүд биднийг хэлж эхэлсэн. Бид удаа дараа тийм үйлдэл гаргасан зүйл байхгүй. Бид нар хүүхдээ хүнээс гуйж байгаад сургуульд оруулсан юм. Гэтэл хичээл эрхлэгч нь ийм хүүхдийг авахгүй. Эцэг, эх нь хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд яваад байдаг хүний хүүхдийг авахгүй гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар хор уршиг нь илэрч байна. Энэ бол хохирол юм. Дорнод аймаг жижигхэн учраас хэл яриа тарах нь хурдан юм байна лээ. Ангийнхан нь танай аав ээж чинь төлбөр дутуу төлсөн учраас чи хөөгдсөн юм байна лээ гэж ярьсан байсан. Энэ мэт худал мэдээлэл тараад байна. ... гэв.

 7. Хариуцагч нарын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч ******* багшийг болон сургуулийг төлөөлж хуралдаанд оролцож байгаа. 1. ******* багшийн хувьд хариуцагчийн хариу тайлбарт дурдсанчлан зөвхөн нэхэмжлэгч нараас гаргасан санал гомдол болон сургуулийн үзэл санааг аль аль талуудад дамжуулж хэлсэн. Тэрнээс биш өөрөө шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш. Мөн нэхэмжлэгч нарын дурдаад байгаачлан нэхэмжлэгч нарын нэр хүндэд хэрхэн яаж халдаад байгаа нь тодорхой бус, ... Тиймээс энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ойлгомжтой байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

2. Хариуцагч ******* сургуулийн хувьд ... нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүсийн нэр төрд хэрхэн яаж халдсан, нэр хүндийг хэрхэн яаж гутаасан болох нь тодорхой бус ... учраас нэр төрд халдсан, гутаасан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нараас уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Иргэний хуульд няцаах үүргийг хүлээнэ гэж дурдсан байдаг болохоос биш уучлалт гуйхыг даалгах тухай хуульд дурдаагүй байна гэж харж байгаа. ... шүүхийн шийдвэр дээр уучлалт гуйлгахыг даалгах талаар дурдаагүй.

Шүүх Боловсрол соёлын газрын чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар авч үзсэн байдаг. Уг чиглэл хүргүүлэх баримт бичигт нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан, хүний эрхийг зөрчсөн талаар дурдаагүй. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хувьд зөвхөн тухайн хүүхдийн сэтгэлзүйн байдлыг дүгнэсэн. Тэрнээс биш сургуулийн шийдвэр болон нэхэмжлэгч нарын нэр хүндийн талаар дүгнэлт хийсэн зүйл байхгүй юм. Тухайн хүүхдийн сэтгэлзүй нь ямар ч нөхцөл байдлаас шалтгаалж гэмтэх боломжтой. Зөвхөн тухайн сургуулийн шийдвэр, эсхүл эцэг, эхийн нэр хүндээс шалтгаалсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. ... Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн ерөнхий боловсролын ******* сургууль, багш ******* нарт холбогдох Сургуулийн захиргаа гаргасан шийдвэрээ цуцалж, нэр төрийг сэргээж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Сургуулийн 7а ангийн эцэг эх асран хамгаалагчид өөрсдийн санал бодол шүүмжээ бичдэг цахим группт миний бие улсын ЕБС-ийн хувьсах зардалтай төрийн өмчийн бус ЕБС-ийн хувьсах зардал ижил байдаг гэж ойлгосон тухайгаа бичиж, үндсэн төлбөр дээр уг хувьсах зардал нэмэгдэх ба иймд гадаад багшийг ажлын цагаар сургуулийн ангиудад англи хэлний хичээл орох цагаа нэмэгдүүлэх нь зүйтэй талаар санал, шүүмжээ бичсэн.

Тухайн чатаар харилцсанаас 4 цагийн дараа анги удирдсан багш ******* нь миний хүү *******ийг сургуулиас чөлөөлж /хөөх шийдвэр/ буйг тус групп чатад мэдэгдсэн. Уг чатад ******* нь худал мэдээлэл тарааж багшийн нэр хүндэд болон сургуулийн нэр хүндэд удаа дараа санаатайгаар халдсан тул сургалтын гэрээний 3.7-д заасны дагуу сургалтын үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэж байна. Та бүхний чатыг сургуулийн захиргаанд уламжилсны дагуу сургуулийн захиргааны шийдвэр тул мэдэгдэх хуудсыг сургуулийн захиргаанд биеэр ирж авна уу гэсэн чатыг бичсэн. Үүний дагуу *******ийн ээж ******* тус сургууль дээр очиж сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдлийг авсан бөгөөд уг мэдэгдлээс болж хүүгээ сургууль анги хамт олноос нь шилжүүлсэн, улмаар эцэг эх асран хамгаалагч нар болон ангийн хамт олных нь дунд ... сургууль болон багшийн нэр хүндэд удаа дараа халдсан, ... хэл ам хийдэг эцэг эхтэй, төлбөрийн асуудлаас болж сургуулиас хөөгдсөн ... гэх мэтээр миний хүү болон бидний нэр хүнд унасан. Бидний хүүгийн суралцах эрх ноцтойгоор зөрчигдсөн ... гэж,

хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрсдийн татгалзаж буй үндэслэлээ: ... нэхэмжлэгч нарын хувьд 7а ангийн эцэг эх асран хамгаалагчдын дунд улсын төсвийн сургуулийн хувьсах зардалтай холбоотой мэдээлэл тавьж, улсаас 2 200 000 төгрөгийн хувьсах зардал авдаг, өндөр төлбөр авдаг... гэх мэтээр эцэг эхчүүдийн дунд худал мэдээлэл тараасан нь сургууль өндөр төлбөр авдаг мэт ойлголтыг төрүүлэхээр байсан. Энэ нь сурагч *******ийн эцэг, эхтэй байгуулсан сургалтын гэрээний 6.2.2-т заасныг зөрчсөн тул сургуулийн удирдлагын зүгээс сургалтын гэрээг цуцалсан болно. Уг мэдэгдлийг багш ******* нь ангийн багшийн хувьд эцэг эхийн групп чатаараа дамжуулсан. Багшид шийдвэр гаргах эрх байхгүй. Харин сургуулийн зүгээс сурагчийнхаа эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, Зөрчлийн тухай хуулиар хариуцлагаа хүлээсэн. ... нэхэмжлэгч нарын нэр төрийг гутаагаагүй. ... гэж тус тус тайлбарласан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч нараас уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч сургуулийн гаргасан шийдвэрийг цуцлах тухай шаардлагыг хангасан нь хуульд нийцээгүй, мөн Иргэний хуулийн бусдын нэр төрийг гутаасан бол няцаах үүрэгтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч нарын хүү ******* хариуцагч Дорнод аймгийн ерөнхий боловсролын ******* сургуулийн 7а ангид суралцдаг бөгөөд тус ангийн эцэг эхийн 7а-эцэг, эх-******* сургууль гэх цахим группт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын дунд Англи хэлний сургалтын үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо хуваалцах үеэр нэхэмжлэгч ******* нь *******ийн аав гэх нэртэйгээр 2024 онд ЕБС-д олгох нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн ийм мэдээлэл байсан, хувийн сургуулиудад бас ижилхэн олгогддог гэж ойлгоод байгаа. Үүн дээр төлбөр нэмэгдэж байгаа гэж бас ойлгоод байгаа, үндсэндээ 7.700 төлбөртэй гэж ойлгогдохоор харагдаж байна. ... гэсэн санал бодлоо бичсэн, түүнээс хойш буюу мөн өдрийн 15 цаг 32 минутад багш 88588408 гэх нэртэйгээр @Otgonsuren Purevsuren нь худал мэдээлэл тарааж багшийн нэр хүнд болон сургуулийн нэр хүндэд удаа дараа санаатайгаар халдсан тул сургалтын гэрээний 3.7-д заасны дагуу сургалтын үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдэж байна. Мэдэгдэх хуудсыг сургуулийн захиргаа дээр биеэр ирж авна уу. гэх мэдээлэл бичигдсэн, нэхэмжлэгч нар нь хүү *******ийг тухайн өдөр тус сургуулиас шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогджээ. /хэргийн 14, 20, 27 тал/

Дээрх үйл баримтаас дүгнэж үзвэл ******* сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын 7а-эцэг эх-******* сургууль гэх цахим группт англи хэлний сургалтын үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо хуваалцах үед нэхэмжлэгч *******гийн Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдийг сургах хувьсах зардалтай холбоотой, мөн сургалтын үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлснийг хариуцагч ******* сургууль болон 7а ангийн багш *******ын нэр хүндэд удаа дараа санаатай халдсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд тэдний үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хүүхдийн сургалтын гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх хүний үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхийг зөрчсөн байх ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээдэг.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн, өөр хэн нэгэн этгээдэд тарааснаар /түгээснээр/ тухайн иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж үнэлэмжийг доройтуулсан байхыг ойлгоно.

Тодруулбал, хариуцагч ******* сургууль суралцагчийн сургалтын гэрээг цуцлах мэдэгдэлдээ ... 7а ангийн сурагч *******ийн эцэг эх асран хамгаалагч нь удаа дараа багшийн нэр хүндэд халдсан, ... 2024.11.12-ны өдөр нийгмийн сүлжээнд үндэслэлгүйгээр худал мэдээлэл тарааж сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ... гэсэн үндэслэлгүй мэдээллийг тусгасан, уг мэдэгдлийг ангийн багш ******* тус сургуулийн 7а ангийн эцэг эх асран хамгаалагчдын 7а-эцэг эх-******* нэртэй цахим группт оруулснаар 7а ангийн хамт олон, мөн эцэг эх асран хамгаалагчдын дунд нэхэмжлэгч нар болон тэдний хүү суралцагч ******* нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлөн тэдний үнэлэмжийг доройтуулж, нэр төрийг гутаасан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч тал нэхэмжлэгч нарыг ...нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тарааж, сургуулийн болон багшийн нэр хүндэд удаа дараа халдаж, сургуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. ... гэж үзсэн үндэслэлээ буюу бусдын нэр төрийг гутаагаагүй талаарх өөрсдийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар шүүхэд нотолж чадаагүй байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар болон тэдний хүү ******* нарын нэр төрийг сэргээж, нэхэмжлэгч нараас уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч энэ талаар зохицуулсан Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй гэж үзлээ.

8. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сургуулийн захиргааны гаргасан шийдвэрийг цуцлах тухай шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч ******* сургуулиас 2024 оны 11 сарын 12-ны өдөр №01 дугаартай Сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдэл гаргасан боловч уг мэдэгдлийн дагуу суралцагч *******ийн тус сургуульд суралцах сургалтын үйл ажиллагааг зогсоосон тухай албан ёсны шийдвэр буюу захирлын тушаал гараагүй талаар нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алин нь маргаагүй.

Иймд дээрх 2024 оны 11 сарын 12-ны өдрийн №01 дугаартай Сургалтын үйлчилгээг зогсоох тухай мэдэгдлийг тус сургуулиас гаргасан албан ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч нарын төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 309/ШШ2025/00243 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас ******* сургуулийн 7а ангийн эцэг эх, асран хамгаалагчдын цахим группт бичгийн хэлбэрээр, хүү Ө.*******өөс тус сургуулийн 7а ангийн хамт олны дунд албан ёсоор уучлалт гуйхыг хариуцагч Дорнод аймгийн ерөнхий боловсролын ******* сургууль болон багш ******* нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэр цуцлахыг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2 дахь заалтын ...58 дугаар зүйлийн 58.1... гэснийг 60 дугаар зүйлийн 60.1 гэж өөрчлөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2... гэсний ард ... 44 дүгээр зүйлийн 44.1.1-т гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар 162 дүгээр зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ

Г.УРТНАСАН