| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0179/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0179/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-нna өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг Хийдийн 7Б-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж. Б /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадна талд иргэн И.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” баарны гадна талд иргэн И.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч И.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрладаг “Хишиг” бааранд ганцаараа орсон. Би ганцаараа орохоосоо өмнө архи уусан байсан, бааранд ороод 2 лааз пиво уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг Хишиг бааранд найз Бямбацогтын хамт орж 2 шил 0.5 литрийн архи авч хуваан уусан. ... манай найз Бямбацогт нэг залууг гараараа цохиод өшиглөөд унагааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
иХишигХиХИ
Гэрчээр Ж.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” бааранд найз Мөнх-Эрдэнийн хамт орж үйлчлүүлээд баар тарах болж байх үед гадаа тамхилах гээд гараад зогсож байсан чинь нэг согтуу залуу мөрлөсөн. Тэгэхээр нь би, чи яаж байнаа гэсэн чинь өөдөөс согтуурхаад миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би барьж аваад нүүрэн тус газар нь цохиод хөлөөрөө цээж рүү нь тийрсэн чинь арагшаа цементэн талбай дээр унасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №260 дугаартай шинжээчийн: “...И.Мөнхтулгын биед дух, хамар, зүүн дал, зүүн, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, нүдний алим салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/,
Ж.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Мөнхбаатар нь “...Би Ж.Б-той сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 41 дүгээр талд өгсөн байх тул шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б-од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд сард 250.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА