| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2017/0010/З |
| Дугаар | 159/ШШ2017/0016 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2017/0016
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 159/2017/0010/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар би нэхэмжлэгч “Чоноссоёолон” ХХК- ний нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/233 шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших нэргүйн ам нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол шуудан ТӨХК-аар дамжуулан өргөдөл гаргаж 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга хүлээн авсан. Өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дотор дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдөл хүлээн авахыг түр хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. Ийм учир түгээмэл тархацтай ашигт малталын хайгуулын тусгай зөвшөөрөл авах манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй УИХ өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/233 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбртаа:
“Чоноссоёолон” ХХК-ний “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй УИХ-ын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 сарын 01 өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 1/233 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж дараах 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбарыг гаргаж байна Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 02 дугаар тогтоолоор
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх”-аар шийдвэрлэсэн.
2. Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 01/443 албан тоотоор “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шинээр хүлээн авахгүй байх, мөн тусгай зөвшөөрөл олгохгүй байх үүрэг чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн.
2. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 сарын 21-нээс хойш аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч программд шивэлт хийхгүй болохыг анхааруулж үүрэг өгсөн.
4.Ийнхүү Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны тогтоол болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн үүрэг чиглэлүүдийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын дагуу хэрэгжүүлж, “Чоноссоёолон” ХХК-ний 2017 оны 02 сарын 22-ны өдөр буюу дээрх тогтоол. шийдвэрүүд гарснаас хойшхи хугацаанд хүсэлтээ ирүүлсэн нь тус компаний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5.Аймгийн Засаг даргад ирүүлсэн Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 01/443 албан тоот Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хорооны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 02 дугаар тогтоолын хуулбар нийт 3 хуудас, “Чоноссоёолон” компаний матөриал болон ирүүлсэн хүсэлтийг бүртгэсэн, хариу хүргүүлсэн бүртгэлийн хуудасны хуулбар нийт 10 хуудас, аймгийн Засаг даргын 2017 оны 1/233 тоотын хуулбар, 2017 оны 1/233 тоотын хуулбар 1 хуудас нийт 14 хуудас материалыг нотлох баримт болгон хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгч “Чоноссоёолон” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Нэргүй ам” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/233 тоотоор хүлээн авахаас татгалзсан. Тус татгалзсан үндэслэлийг хуулийн үндэслэлгүй гэж үзэн танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн маргаан шийдвэрлүүлэх хүртэл тухайн талбайг түр хугацаанд бусад этгээдэд олгуулахгүй байхаар Ашигт малтмалын тосны газарт хүсэлт хүргүүлсэн боловч татгалзсан хариуг ирүүлсэн. Иймд тухайн талбайд удаа дараагийн шүүхийн маргаан үүсэх нөхцөл үүсээд байгаа тул манай компани нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Чоноссоёолон” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Чоноссоёолон” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Чоноссоёолон” ХХК- ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг хэрэгжиж эхлээгүй Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолыг үндэслэл болгон өргөдөл хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/233 шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР