| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2024/0544/з |
| Дугаар | 001/ХТ2025/0026 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/0026
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч ....................-ын
нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий
газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/0743 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ..........., түүний өмгөөлөгч ..............., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0073 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч дампуурлын хэрэг гүйцэтгэгч .............-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн “...............” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрээр “............” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан.
2.2.Дампуурлын хэрэг гүйцэтгэгч ............ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хандан тус компанийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргасан.
2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “... харьяа татварын албанд хандаж татвар төлөх үүргийг нь дуусгавар болгож хасуулан хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн хандах нь зүйтэй ...” гэсэн хариу өгчээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хэрэг гүйцэтгэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэрийг хангахыг шаардах, татварын байгууллагын улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцлуулах зэрэг шаардлага тавьж байгаа нь хууль бус, ... шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, татвар төлөх үүрэг дуусгавар болгож хасуулан дахин хандах агуулгаар өгсөн хариу нь хууль бус, татвар төлөх үүргийг дуусгавар болгох нь миний ажил үүргийн хуваарьт хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Хуулийн этгээдийг шүүхийн шийдвэрээр татан буулгахад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй, хуульд заасан баримт бичгүүдийг цуглуулсны үндсэн дээр татан буулгах ажиллааг хийдэг, татан буулгах тухай шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг гаргасан байгууллага ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, мэдэгдсэнээс хойш хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг ажиллагаануудыг хийж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
5.2.Дампуурлын хэрэг гүйцэтгэгч ......... хүсэлт гаргахдаа хуульд заасан баримтуудыг бүрэн хавсаргаж өгөөгүй байна, иймд хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй.
5.3.Дампуурлын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хэрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээдийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгөхөөр байна, ... дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн татварын өр төлбөрийг гаргуулах, мөн татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааны нэг хэсэг гэж үзнэ.
5.4.Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хуулийн этгээдийг дампуурсанд тооцож татан буулгасан, татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгасан агуулгатай, шүүхээс томилогдсон дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээдийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсныг нотлох баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах харилцаанд хамааралгүй ... иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/0743 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........... хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Шүүхүүд маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хэм хэмжээг буруу тайлбарласан.
7.2.Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчид бус харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Компанийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “татан буулгах комисс”-т, мөн Банкны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 68 дугаар зүйлд заасан “банкны эрх хүлээн авагч”-д тус тус хамаарна.
7.3.Хариуцагчаас шаардаж буй баримт бичгүүдийг нэхэмжлэгч бүрдүүлэх боломжгүй бөгөөд харин эдгээр нь татан буулгах комисс болон эрх хүлээн авагчид хамааралтай байхад шүүхүүд нэхэмжлэгчид хамааралтай мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.
7.4.Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гаргасан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийх үүрэгтэй байхад уг асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй байдаг.
7.5.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаад 1/-д нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн, эсхүл хариуцагчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн хэмжээнд нь хангасан бөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй, 2/-т эд хөрөнгийг бүрэн худалдаагүй боловч худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл татан буулгах ажиллагааг дуусгавар болгодог.
7.6.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн өр төлбөрийг гаргуулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь Дампуурлын тухай хуулийн зорилго, үзэл баримтлалыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй. Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “.............” ХХК-ийг татвар төлөгчөөс хассан талаар тайлбар өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
11.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцсон хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн хэрэглээг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.
12.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хуулийн этгээдийг татан буулгах хэд хэдэн үндэслэл заасны дотор 32.1.2-т “дампуурсанд тооцсон ... татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан” бол гэжээ.
13.Шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцсон хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг Дампуурлын тухай хуулиар нарийвчлан заасан. Тодруулбал, хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарснаас хойш хийгдэх үйл ажиллагааг уг хуулийн Дөрөвдүгээр бүлгээр буюу 34-38 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан байна.
14.Тухайлбал, дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн (дампуурсан хуулийн этгээдийн) эд хөрөнгийг битүүмжлэх, тоолох, 35 дугаар зүйлд заасны дагуу мөнгөн хөрөнгийг хуваарилах, үүнд юуны түрүүнд татварын өрийг барагдуулсны дараа төлөвлөгөөний дагуу хуваарилах, 36 дугаар зүйлийн 36.1-ийн дагуу мөнгөн хөрөнгө хуваарилсан тухай тайлангаа шүүхэд танилцуулж, баталгаажуулсны дараа 36.3-т зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулахаар заажээ.
15.Энэ талаар ч “...........” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрт “… “..............” ХХК-ийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгохдоо хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, холбогдох тайлангаа ирүүлсний дараа бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч .............-д даалгах нь зүйтэй …” гэсэн байна.
16.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй, явуулсан гэдгээ нотлолгүйгээр зөвхөн “шүүхийн журмаар татан буугдаж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах тухай” хүсэлтийг хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтын хамт хүргүүлснийг нь хариуцагч “… хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн хандах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль ёсны, энэ утгаараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
17.Хууль хэрэглээний хувьд, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна.” гэснээс өөр зохицуулалт байхгүй, иймд үүнээс хойших үйл ажиллагаа буюу хэрэг гүйцэтгэгч (хүсэлт гаргагч) болон улсын бүртгэлийн байгууллагын хооронд дампуурсан хуулийн этгээдийг бүртгэлээс хасахтай холбоотой харилцаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын дагуу зохицуулагдана.
18.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах” тухай заасан боловч энэ нь уг маргааны үйл баримтад хамааралгүй зохицуулалт байх бөгөөд мөн хуульд шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцогдож татан буугдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд “тусгайгаас ерөнхий хуулийг хэрэглэх” зарчмын дагуу тухайн хуулийн нийтлэг зохицуулалт болох хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх харилцааг зохицуулж буй 23-25 дугаар зүйлийг тохируулан хэрэглэх шаардлага үүсэж байна.
19.Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гэсэн хэсэг болон 32.2.1-32.2.8 дахь заалт нь агуулгын хувьд ердийн буюу шүүхийн бус журмаар (Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т зааснаас бусад үндэслэлээр) татан буугдсан хуулийн этгээдэд илүү хамааралтай зохицуулалт байна. Харин, тухайн зүйлд заасан бүрдүүлбэл зохих зарим баримт болох, 24.1.3.“дуусгалтын тайлан”; 24.1.6.“өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа”; 24.1.7.“татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар” зэрэг нь шүүхийн журмаар дампуурсан хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулахад ач холбогдолгүй буюу шаардлагагүй баримтууд байна.
20.Тухайлбал, нэгэнт өртэй болоод дампуурч буй хуулийн этгээдийн хувьд өртэй эсэх талаарх лавлагаа ач холбогдолгүй, мөн дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс хуулийн этгээдийн “дуусгалтын тайлан”-г гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй тул дахин өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй юм.
21.Харин хуульд заасан бусад баримтыг, тухайлбал өргөдөл, татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлөгчийн хасалтын картыг дампуурлын хэрэг гүйцэтгэгч бүрдүүлж өгөх үүрэгтэй байна.
22.Нэхэмжлэгчийн зүгээс “улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөсөө төлөх боломжгүй” гэж байгаа боловч нэгэнт хуулиар ийнхүү заасан тул нэг бол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх талаар зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх, эсхүл хуулийн этгээдийг татан буулгах үйл ажиллагааны зардалд тооцон шийдвэрлүүлэх боломжтой. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр” гэдэгт хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ойлгож болно.
23.“Татвар төлөгчийн хасалтын карт”-ын тухайд, Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгч нь дампуурсан хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг хуваарилах ажлын хүрээнд хамгийн түрүүнд татварын өрийг барагдуулах үүрэгтэй. Иймд энэхүү үүргээ хэрэгжүүлж дууссанаар, хэрэв тухайн өрийг барагдуулах боломжгүй бол энэ талаарх (мөнгөн хөрөнгийг хуваарилсан тухай) ажлын тайлангаа шүүхэд танилцуулж, шүүхээс татан буулгах ажиллагааг дуусгавар болгосноор (Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-36.2-т заасан ажиллагааг хэрэгжүүлж) татварын байгууллагаас тухайн баримтыг гаргуулах бүрэн боломжтой юм.
24.Иймд “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчид хамааралгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийх үүрэгтэй, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар шүүх татан буулгах ажиллагааг дуусгавар болгодог, шүүхүүд “дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн өр төлбөрийг гаргуулах шаардлагатай” гэж дүгнэсэн нь Дампуурлын тухай хуулийн зорилго, үзэл баримтлалыг буруу тайлбарласан ...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
25.Дахин тодруулахад, Дампуурлын тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарсан л бол тухайн этгээд шууд өр төлбөрөөс чөлөөлөгдөж, улсын бүртгэлээс хасагдах агуулгагүй, хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гарснаас буюу хүчин төгөлдөр болсноос хойш өр төлбөр барагдуулах үйл ажиллагааг боломжит хэмжээнд хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах, ямар хэмжээнд явагдсан болон явагдах боломжгүй талаарх тайлангаа шүүхэд гаргах, түүнийг нь үндэслэн шүүх татан буулгах ажиллагааг дуусгавар болгосны дараа холбогдох баримтыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгснөөр дампуурсан хуулийн этгээдийг бүртгэлээс хасах зохицуулалттай байна.
26.Дээрх байдлаар шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тодруулан тайлбарлаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2024/0743 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төлүүлж, улсын орлогод оруулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ