Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 130

 

Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01377/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч     О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 666 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нарын   нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Тэс петролиум” ХХК-д холбогдох, 

          “Орц гарцыг чөлөөлүүлж, хөршийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, 1 200 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

          Хариуцагч “Тэс петролиум” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхийн     гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Бид Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар захирамжийн дагуу Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалттай газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж 2012 онд тус тусын газар дээрээ 2 ширхэг амины орон сууц барьж 2013 онд ашиглалтад оруулж  өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарч байна. Гэтэл бидний эзэмшлийн газрын урд талд байрлалтай үйл ажиллагаа явуулдаг “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станц нь өөрийн эзэмшлийн газраа дур мэдэн сунгаж, нийтийн эзэмшлийн газрыг хашаалсны улмаас хөрш зэргэлдээ байрлал бүхий газар эзэмшиж, амьдарч байгаа бидний эзэмшлийн газар болон өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах, авто машинуудаа хашаан доторх гражиндаа оруулах боломжгүй болгож, хашаанаасаа гарах, орох гарцыг таглаж хөрш бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг үүсгээд байна. Энэ нөхцөл байдал нь манай эзэмшлийн газар луу гал команд, онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн байгууллагын үйлчилгээний болон хог хаягдал зайлуулах машин зэрэг яаралтай гэнэтийн аюул ослыг таслан зогсоох эрх бүхий байгууллагын техник хэрэгсэл нэвтрэх ямар ч боломжгүй, тэдгээр байгууллагын үзүүлдэг нийгмийн суурь үйлчилгээг хүртэх боломжгүй болгоод байна.

Энэ тухай тус байгууллагад удаа дараа хэлж шаардлага тавьсан, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга,  хот  байгуулалтын газраас “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцад  хүргүүлж уг хууль  бус  үйлдлээ зогсоож,  нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг чөлөөлөхийг шаардаж бичиг хүргүүлсэн гэх боловч асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Уг хууль бус үйлдлийн улмаас бид өөрсдийн эзэмшлийн 4 ширхэг авто машиныг өөрийн гражид тавьж чадахгүйгээр 30 хоног төлбөртэй гражид байрлуулж эдийн засгийн хохирол амсаад байна. Цаашид энэ нөхцөл байдал хэдий хүртэл үргэлжилж нэхэмжлэгч бидэнд хэдий хэмжээний хохирол учруулахыг урьдчилан тооцоолох боломжгүй байгаа тул уг нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бидэнд учирсан эдийн засгийн хохирлыг баримтын дагуу хариуцагчаас шаардах болно. Иймд шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж хөршийн зөрчигдсөн эрхийг сэргээж, “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станцын зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгуулж, орц, гарц, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хашааг тэр чигээр нь буулгахгүй баруун талын хашааны 3 хавтанг буулгаж өгнө үү гэсэн байгаа, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар Ланд-200 маркийн 20-05 ДАА, 48-61 дугаартай Ренж ровер маркийн авто машинийг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний дагуу 1 сарын 150.000 төгрөгийн үнэтэй 4 сарын хугацаанд тус бүрийг нь 600.000 төгрөгийн үнээр нийт 1.200.000 төгрөгөөр гражид байрлуулан илүү зардал гаргасан. Энэхүү хохирлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Шүүхийн харъяалал нь Иргэний хуульд заасан өмчлөгч нь өмчлөлийн эзэмших ашиглахтай холбоогүй боловч ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзээд уг зөрчлийг арилгуулах эсвэл өмчлөх эрхийг зөрчиж саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар иргэний хэргийн харьяаллын хэрэг гэж үзэж байна. Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх субьект, обьектийг тодорхой заасан байдаг. Эрх зөрчөөд байгаа этгээд нь “Тэс Петролиум” ХХК тул энэ нь Иргэний хэргийн харьяалалтай гэж үзэж байна. Газрын алба танайх урагшаа зүүн тийшээ гарцтай гэж энэхүү барилгыг бариулсан, бичгээр бус амаар зөвшөөрөл өгсөн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш юм. Нэхэмжлэгчийн яриа үнэн гэдэг нь урагшаа харсан, баруун тийшээ харсан гарц байгаа боловч “Тэс Петролиум” ХХК өөрийн эзэмшлийн газрын гадна талд хашаа барьж гарцыг таглаад хаасан байдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нотлогдож байна.  DBS телевизийн хойшоо нөхөн газар олголтоор зүүн талын гарц нь хаагдсан тул зүүн талын гарцаар гарах гарцгүй болсон. Эзэмшлийнхээ талбайгаас гадна хашаа хатгасны улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөж байна.

2005, 2008 онуудад газрыг хүлээлгэж өгөхдөө 40х55 хэмжээтэй газрыг хүлээлгэж өгч байсан нь нотлогдож байна. Сунасан хэлбэртэй газар нь ямар учиртай вэ гэдэг нь  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын мэргэжилтэн Н.Батчулуун, н.Мөнхчулуун, н.Нармандах нарын мэдүүлгээр тодорхой харагдаж байна. Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар кадастрын зураг хийлгэж байсан, үүнийг баталгаажуулж байж мэдээллийн санд орох ёстой. Ерөнхий архитекторын зургаар баталгаажуулаагүй нь мэдүүлгүүдээс харагдаж байна. Сунасан газрын зураг нь манайх мөн гэдгийг хариуцагч тал баталж чадахгүй байна. Орц гарцыг чөлөөлөх тухай мэдэгдлийг газрын албаны зүгээс өгч байсан нь эх хувиар нь өгнө гэдэг өгөхдөө утга нь нийтийн эзэмшлийн орц гарцыг блокон хашаа барьж хаасан байна гэж удаа дараа мэдэгдэж байсан нь тогтоогдож байна. Газрын албаны мэдээллийн санд байгаа зургийг баталгаажсан гэж үзэхгүй, харин баталгаажуулах ёстой зургийг алийг нь ч баталгаажуулаагүй. Хүлээлгэж өгсөн зураг нь цаасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа. Сунгасан зурган дээр ерөнхий архитекторын заавар шийдвэр огт байхгүй. Нэхэмжлэгчийн эргэн тойрон бүх хашаа нь хувийн эзэмшлийн хашаагаар хүрээлэгдсэн байгаа ганц гарц нь хийдийн хажуу талаар гарах боломжтой байсан гарцыг хааж блокон хашаа барьсан байгаа. Албан тушаалтантай холбоотой хэргийг Захиргааны хэргийн шүүхээр тусдаа авч хэлэлцэх байх. Бүх талаараа бүслэгдсэн газар байгаа тул хийдийн хажуугаар гарсан блокон хашааг авч гарц гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Тэс петролиум” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус компани нь анх 2005 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.  2013 оноос  тус компанийн арын газрыг иргэдэд өмчилж эхэлсэн, 2013 оны 09 дүгээр сараас эхлэн

нэхэмжлэгч нар нь шатахуун түгээх станцын хашаагаар дамжин орж гардаг болсон.  Шатахуун түгээх станц нь галын онцгой бүс тул газрыг ямар хэмжээнд олгох талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Онцгой байдлын албанаас дүгнэлт авах ёстой. Нэхэмжлэгч нь амины 2 орон сууцанд ерөнхий төлөвлөгөөг огт батлуулаагүй. Ерөнхий төлөвлөгөөгөөр орц, гарцыг төлөвлөөд ерөнхий архитектороор батлуулаад холбогдох байгууллагууд нь дэд бүтэцийнхээ зөвшөөрлийг олгох ёстой. Нэхэмжлэгч нь мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан боловч ерөнхий төлөвлөгөө байхгүй гэдэг хариу тайлбар өгсөн, ерөнхий архитектороор ажиллаж байсан н.Майдар тайлбартаа надаар ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасан заалтыг баримталсан байсан. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар илтэд харшилсан байвал гэдэг тодорхойлолт байна, илтэд харшилсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хариуцагч талын хууль зүйн үндэслэл болгоод байгаа асуудал нь үйл ажиллагаанд нь нөлөөлж байгаа тул эсрэгээрээ нөхцөл байдал үүссэн байдаг.

Нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэлээр хариуцагчийг буруутгахдаа орц, гарц хааж дур мэдэн хашаа барьсан нийтийн үйлчилгээ авч чадахгүй байгаа талаар ярьж байгаа энд ямар ч орц, гарцын асуудал байхгүй, аюулгүй байдлаа хангаж хашаа барь гэсэн барилга хот байгуулалтын газрын 803 тоот албан бичгээр манай байгууллагад зөвшөөрөл өгсөн тул хашаа барьсан, галын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Аймгийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд орц гарцын асуудал тусгагдаагүй. Албан ёсны зөвшөөрөл гараагүй байхад бид энүүгээр орж гарна гэж дур мэдэн шатахуун түгээх станцын талбай дээр авто машинаа байрлуулан орж гарч байна. Орц гарцны асуудлыг газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын алба болон Аймгийн Засаг дарга шийдвэрлэх ёстой энэ талаар шийдвэр гараагүй. Иргэний хэргийн шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх нь харьяаллын бус гэж үзээд харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь өөрийн буруутай хууль бус үйл үйлдлээс үүдэн гарч байгаа учраас хариуцагч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2005 онд анх газар эзэмшүүлэхдээ 2200 м/кв хэмжээтэй газар олгохдоо хүлээлгэн өгсөн акт гэж өгөхдөө тухайн үед улсын хэмжээнд газрын кадастрын хэмжигдэхүүн гэсэн нэршил огт байгаагүй.

Баталгаажаагүй хэмжих хэрэгслээр хэмжиж акт хүлээлгэж өгсөн. 2007-2008 онд Азийн хөгжлийн сангийн санаачлагаар улсын төсвийн хөрөнгөөр кадастрын зураглалыг хийж мэдээллийн сан бүрдүүлж байсан. 2014 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанаас тамга, тэмдэг, зохих албан тушаалтны гарын үсэгтэй кадастрын зургийг өгсөн. Энэ зураг нь хууль ёсны кадастрын зураг. Үүнийг дотор нь ажиллаж байгаа ажилтнууд үгүйсгэдэг. Манай газрыг хоёр удаа урагшаа татаад хойд талд нь амины орон сууц баригдсан. Үүнийг газар олголт хийхийн тулд хийсэн гэж үзэж байна. Мэдээллийн санд хэн дуртай нь нэвтрэх боломжгүй байдаг тул биднийг дур мэдэн газар сунгасан гэж буруутгах үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлнэ, Захиргааны хэргийн тухайд Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний зарим хэргийн харъяаллыг Захиргааны хэргийн харъяаллаас зааглах тухай 32 дугаар тогтоолын 2.1.2, 2.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан харъяаллын шүүхээс татгалзалгүй иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албаны кадастрын зурган дээр маргаж байгаа асуудал нь эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр нь гараагүй. Кадастрын зураг өөрчлөгдөж болохгүй гэсэн зүйл байхгүй. Газрын хэмжээ өөрчлөгдсөн гэж байна. Газрын албаныхан өөрсдөө өөрчилсөн байсан. Маргаан бүхий асуудал нь кадастрын зураг хүчинтэй эсэх талаар маргаан нь одоог болтол шийдэгдээгүй байгаа тул маргааныг харъяа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

Мэдээллийн санд зураг байршуулсан талаар ямар ч үндэслэлгүй маргаж байна. Үүнийг бид хийгээгүй эрх бүхий мэргэжилтэн нэвтэрдэг. Газрын алба өөрсдөө газар сунгаж кадастрын зураг өөрчилсөн. Энэ үйлдэл нь манай үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөөгүй тул маргаан үүсгээгүй. Орц, гарцны асуудлыг дур мэдэн өөрчлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Дархан сумын 10 дугаар баг Тэс Петролиум ХХК-ийн Дархан салбарын Шатахуун түгээх станцын ар талд байрлалтай нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нарын амины орон сууц руу хүн, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зориулалтын хаалганы хэсгээр баруун тал нэвтрэх боломж гаргахыг Тэс Петролиум ХХК-ийн Дархан салбарын Шатахуун түгээх станцад даалгаж, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс Төрийн банк төрийн сан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Тэс петролиум ХХК-ийн Дархан дахь салбараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулж, нэхэмжлэгч нараас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 33 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүх давж заалдсан гомдолдоо:

Нэг. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэлээр эрх, ашиг сонирхолоо зөрчигдсөн гэсэн нь бодит байдалд огт нийцэхгүй төдийгүй Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа “Газрын тухай”, “Хот байгуулалтын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай”, “Барилгын тухай” хуулиуд, мөн барилгын норм ба дүрэм болон галын аюулгүйн зай хэмжээ, стандартыг илт зөрчин хариуцагчийг буруутган эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү харъяаллын бус шаардлагыг иргэний хэргийн шүүх хүлээн авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчлөө. Энэхүү маргаан бүхий асуудлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэхээр хуулинд журамласан байгаа. Тухайлбал: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1: 60.1.2: 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд тушаалын албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж тодорхой заасан, Улсын Дээд Шүүхийн 2007.07.02-ны өдрийн “Иргэний зарим хэргийн харъяаллыг захиргааны хэргийн харъяаллаас зааглан ялгах тухай” 32 дугаар тогтоолын 2.1.2-т “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан иргэний шүүн таслах ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргээс бусад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ.”, 2.1.3-т “Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хэргийн харъяалал зөрчигдсөн тохиолдолд дагнасан болон ерөнхий харъяалалын шүүхүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу асуудлыг шийдвэрлэнэ.” гээд энэ зүйлийн:

а/-д Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан ерөнхий харъяаллын шүүх иргэний хэрэг үүсгээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

б/-д Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан ерөнхий харъяаллын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй иргэний хэрэг үүсгэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана гэж заажээ.

Эдгээр хуулийн заалт нь тус шүүхээс энэхүү харъяаллын бус хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэл болж байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн гол хэсгийг ханган шийдвэрлэснээр "Тэс петролиум” ХХК-ийн шатахуун түгээх станц нь галын онц аюултай онцгой объект учраас холбогдох хуулиуд, норм, дүрэм, стандарт зөрчигдөөд зогсохгүй цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж тус компанийн хууль ёсны эрх, ашгийг хохироож ихээхэн хэмжээний хохирол учрахад хүрээд байна.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсгийн “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”, 9.4.4 дэх заалт “учруулсан хохирлыг арилгуулах”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 106.1,106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэснийг үндэслэл болгон нэхэмжлэлийн гол хэсгийг ханган хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэлээ.

Учир нь: Маргаан бүхий газар ямар ч нийтийн эзэмшлийн орц гарц, төлөвлөгдөн тавигдсан зам байхгүй гэдгийг аймгийн ГХБХБГазрын албан бичигт дурдсан төдийгүй, аймгийн газар зохион байгуулалтын болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байгаа ба иргэн Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нар нь амины орон сууц барихдаа Монгол Улсын орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн БН6Д31-01-10 норм дүрмийг бүдүүлгээр зөрчжээ. Тэдэнд ямар ч “Ерөнхий төлөвлөгөө” байхгүй, анхнаасаа төлөвлөн өгсөн орц гарцаа эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэргүйгээр дур мэдэн өөрчилж өөрсдийн хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагч нарыг энэ бусармаг үйлдэлдээ татан оролцуулж үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгаж байна. Тухайлбал: төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг (хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй) бүхий “Шаардах хуудас”-ыг газрын даргын эзгүйд манай компанид өгүүлэн хүн хүч, техник авчран эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр хөршийн өмч хөрөнгөнд хүч хэрэглэн халдсан хууль бус үйлдэл гаргасан ба бидний зүгээс энэ хууль бус ажиллагааны талаар аймгийн Засаг дарга болон ГХБХБГ-ын даргад гомдол гаргасны дагуу асуудлыг газар дээр нь үзэж шалган буруутай үйлдлийг тогтоон нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлж, орлогч даргыг нь албан тушаал бууруулж арга хэмжээ авсан. Мөн шинээр томилогдсон аймгийн ерөнхий архитекторт энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн байдаг ба бид “Эрх бүхий байгууллагын ямар нэг шийдвэр гараагүй, маргаан бүхий газар ямар нэг орц, гарц байхгүйг” тайлбарлан нотлох баримтуудаар нотолсоор атал үүнийг огт үнэлэлгүй нэг талыг илт баримтлан нэхэмжлэгчийн хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг өөгшүүлэн хариуцагчийг “огт байхгүй орц, гарцыг хаасан” мэтээр хилсээр буруутган дээрх шийдвэрийг гаргалаа.

Гурав. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг огг хангасангүй. Энэ нь дараах нөхцөл байдлаас тодорхой харагдана. Үүнд: А. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг зөрчсөн, хариуцагч нь энэхүү маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын асуудал тул холбогдох төрийн захиргааны байгууллага болон албан тушаалтны шийдвэрээр, улмаар харъяаллын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг байнга тайлбарлаж байсан боловч огт хүлээж авалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг зөрчин шийдвэрлэсэн.

Б. Хэргийн оролцогч нараас тухайн асуудлаар шинжээч томилуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар шинжээч томилох захирамж гаргасан ба энэ талаарх хариуцагчийн гомдлыг үндэслэн тус шүүхийн 36 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчин шийдвэрийг урьдчилан гаргасан.

Г. Бидний олж авсан мэдээллээр уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.Оюундарь, нэхэмжпэгчийн нөхөр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нар нь нэг нутаг усны буюу Сэлэнгэ аймгийн биеэ биеэ сайн мэдэж таних, хувийн харилцаатай хүмүүс гэдгийг тус аймгийн хүмүүс хэлж байгаа ба хоорондоо садан төрлийн холбоотой байх ч магадлалтай, Б.Ганболд нь Сэлэнгэ аймгийн бүртгэлтэй бөгөөд тэр “мөнгөтэй хүн яаж чаддагийг шүүхээр чамд харуулна ...” гэж хэлж байсан нь бидний энэхүү хардлагыг баталж байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт ялгавартай хандаж, харъяалалын бус хэргийг заавал шийдвэрлэх гэсэн эрмэлзлэлд хөтлөгдөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг илт зөрчсөн, нэхэмжлэгчийн нөлөөлөлд автсан, илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.22-ны өдрийн 666 дугаар шийдвэрийн 1 дэх хэсэгт “...1200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснээс бусад заалтыг хүчингүй болгоно уу гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, П.Батжаргал нар давж заалдах гомдлын тайлбартаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг

эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Энэ хуулийн 106.2. 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. ”, 135 дугаар зүйлийн 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй. гэж заасан зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч тал нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдөж байгаа тул өөрийн эзэмшлийн газрыг хааж барьсан хашааг буулгуулж, орц гарцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь хуульд нийцсэн шаардлага ба энэ нь иргэний хэргийн шүүхийн харъяаллын маргаан болох нь тодорхой байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 хэсгийн “ эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” , 9.4.4 дэх заалт “ урчуулсан хохирлыг арилгуулах”, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ  хамгаалуулна. гэж заасан хуулийн заалтыг зөв хэрэглэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг зөв дүгнэж, хууль есны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

А.Харъяаллын шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй гэх гомдлын талаар энэ тайлбарын 1 дэх хэсэгт энэ талаар тодорхой бичсэн тул дахин нуршиж тайлбар гаргах шаардлагагүй гэж үзлээ.

Б.Шүүх өөрийн санаачилгаар шиижээч томилсон гэх гомдлын хүвьд:

шинжээч томилсон захирамжинд гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүх ийнхүү шинжээч томилсон захирамж нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөөгүй.

В.Анхан шатны шүүх шийдвэрийг урьдчилан харсан гэх гомдлын талаар:

Анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө шүүгч талуудыг эвлэрэх саналтай эсэх талаар асуухад нэхэмжлэгч талаас “ Энэ хурлын өмнөх шүүх хурлын дараа талууд маргаантай газар дээр хамт очиж, байдлыг үзэж баруун талын 2-3 ширхэг хашааг буулгаж орц гарц, гаргах талаар нэхэмжлэгч талын тавьсан саналыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удирдлагадаа уламжилна гэсэн. Энэ саналаар эвлэрэх саналаа дэмжиж байна” гэсэн утга бүхий саналыг тавьж, хариуцагч манай саналыг хүлээж авах боломжгүй талаар тайлбар өгсөн. Ийнхүү шүүх хурал эхлэхээс өмнө талуудад эвлэрэх боломж олгосон анхан шатны шүүхийн ажиллагаа нь хуульд заасан хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй.

Г. Б.Ганболд миний бие нь өмнө нь шүүхээр явж байгаагүй ба Д.Оюундарь гэдэг шүүгчийг огт танихгүй ба шүүх хурал дээр л анх харсан болохоос биш өмнө нь огт тааралдаж байгаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй хардаж сэрдсэн байна. Миний бие нь эхний шүүх хурлын дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гансүхтэй хамт маргаан бүхий газар дээр очиж, байдлыг газар дээр нь үзүүлж, хэмжилт хийж үзэхэд манай хашааг хааж барьсан блокон хашааны урт нь 100 метрийн урттай буюу “Тэс петролиум” ХХК-ийн эзэмшлийн газрын хил хязгаарын гадна талд баригдсан нь тодорхой байгааг 2 тал хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед би  “бид мөнхийн хөршүүд учир эв зүйгээр энэ эсуудлыг шийдье, танай хашааны зүүн хэсэг манай дулааны шугам дээгүүр, баруун хэсэг бохирын шугам дээгүүр баригдсан. Манайх бохирын шугамыг далдалсан шороогоо дарж нягтруулж амжаагүй байхад танайх хашаа барьсны улмаас өвөл их хүйтэрвэл шугам хөлдөх аюултай.Иймд блокон хашааны баруун талаас 2-3 хашааг буулгачихвал манайх бохирын шугамын шороогоо нягтруулж, дээгүүр зам тавъя, уг замаасаа танай газрыг тусгаарлаж өнгө үзэмж сайтай хашаа барьж өгье гэсэн саналыг тавьж, Ж.Гансүх ч энэ талаар удирдлагадаа хэлье гэж бид эв найртайгаар ярилцаад салсан байхад “мөнгөтэй хүн яаж чаддагийг шүүхээр чамд харуулана” гэж хэлсэн гэж гомдол гаргаж байгаад үнэхээр гайхаж байна. Миний бие газар тариалангийн буянд өөрийн амьдралаа зохих хэмжээгээр аваад явдаг жирийн нэг тариаланч хүн болохоос бус тийм баян тарган хүн биш ээ. Шатахууны бизнес эрхэлдэг Монгол улс даяар сүлжээтэй “Тэс петролиум” гэдэг том компанитай мөнгө төгрөг ярьж сөргөлдөх тэнэг хүн би биш ба тэр тусмаа шүүхээр далайлгаж бусдыг дарамтлах ёс суртахуун надад байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нар “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбарт холбогдуулж орц гарцыг чөлөөлүүлэх, хөршийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь өөрийн эзэмшлийн газарт аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжид нийцүүлэн эрх бүхий байгууллагын шаардсанаар хашаа барьсан нь нэхэмжлэгчдийн эрх ашгийг зөрчөөгүй гэж маргасан байна

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчдийн амины орон сууц руу хүн, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зориулалтын хаалганы хэсгээр баруун тал нэвтрэх боломж гаргахыг хариуцагч “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбарын Шатахуун түгээх станцад даалгаж, 1.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбар давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлүүдэд заасан хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан, Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нэхэмжлэлийг хүлээн авсан, ерөнхий харьяаллын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй иргэний хэрэг үүсгэсэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргах байсан, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр биш өөрийн санаачлагаар шинжээч томилж хууль зөрчсөнийг гомдол гаргаж зөвтгүүлсэн, шүүхийн шийдвэрийг урьдчилан гаргасан байсан гэжээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Ш.Оюунгэрэл, Ш.Оюунтуяа нар анх шүүхэд орц гарцыг чөлөөлүүлж, хөршийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Тэс петролеум” ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 1.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, /х х-ийн 94/ нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болох авто машины дулаан зогсоол түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг /х х-ийн 99-104/ нотлох баримт болон өгсөн байна.

 Үүнээс үзвэл нэхэмжлэгчдийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хорын хохирол байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хэргийг дангаар шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасан хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 168.1.4-д заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгчид хэргийн хариуцагчаар “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбарыг тодорхойлсон байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбарын Шатахуун түгээх станцад даалгаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасугазй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “Тэс петролеум” ХХК-ийн Дархан салбараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай. 

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.        

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                           ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                               Л.АМАРСАНАА