Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01557

 

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1772 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 62 952 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Ж.Ц- нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч “Б” ХХК-тай Орон сууцны барилга захиалан бариулах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэгт байрлах Очирт апартмент байрны 1-р орцны 10 давхарын Е тоотыг 39 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээг байгуулсан өдөр 23 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 100 000 төгрөг, нийт 38 100 000 төгрөг буюу захиалсан байрныхаа төлбөрийн 97 хувийг төлж дуусгасан. Гэтэл хариуцагч нь барилгын ажлаа 4 давхар карказ босгосноос хойш үргэлжлүүлэхгүй байсан тул утсаар ярьж, мөн очиж уулзан юу болсныг лавлахад хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаан хэлсэн. Ж.Ц- нь гэрээний 4.1-д заасан хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээний ноцтой зөрчлийн улмаас 2016 оны 04 дүгээр сард гэрээнээсээ татгалзаад үндсэн төлбөрөө алдангийн хамт гаргуулъя гэсэн хүсэлт гаргахад хариуцагч “Б” ХХК нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэсэн ч мөнгөгүй гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хамгийн сүүлд “Б” ХХК надад албан бичиг явуулж миний төлсөн үндсэн төлбөр 38 000 000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн алдангийн хамт нийт 62 952 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн.

Иймд хариуцагч “Б” ХХК-иас байр захиалж төлсөн 38 100 000 төгрөг, алданги 24 852 000 төгрөг, нийт 62 952 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.Ц-тай орон сууцны барилга захиалан бариулах гэрээг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, гэрээний үүргийн дагуу 38 100 000 төгрөгийг төлсөн. Барилгыг санхүүжилтгүйн улмаас одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй. Захиалагч гэрээнээсээ сайн дураараа татгалзаж, гэрээг дуусгавар болгосон учраас гэрээний үүргийн шаардах буюу үүргээ гүйцэтгээгүйн улмаас алданги шаардах эрх байхгүй. Алданги шаардах эрх нь гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд яригдана.

Зээлийн гэрээний дагуу 38 100 000 төгрөг төлснийг буцаан төлөхөд татгалзахгүй. Харин алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй тул алдангид нэхэмжилсэн 24 852 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “Б” ХХК-иас 38 100 000 төгрөгийг гаргуулж, Ж.Ц-д олгож, нэхэмжлэлээс алданги 24 852 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 472 710 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас 348 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1772 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хариуцагчийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид албан бичиг явуулсан байдаг бөгөөд уг албан бичигт “...Гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд үндсэн төлбөр болох 38 100 000 төгрөг болон алданги болох 24 852 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулна...” гэж гүйцэтгээгүй үүргийн төлбөр болон алдангийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэн зөв дүгнэсэн боловч уг хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааныг нарийвчлан зохицуулсан, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь талууд ажил гүйцэтгэх тухай гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасныг удирдлага болгон байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 355 дугаар зүйл, ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасныг үндэслэн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрээ цуцалж байгаа талаар тодруулсаар байтал нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийг гэрээгээ цуцалсан болохыг тайлбарласан нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт барилгын ажлыг, ямар хугацаанд хийж гүйцэтгэх талаар тохиролцсон боловч хариуцагч тал гэрээнд заасан хугацааны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул хариуцагчийг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүргээ зөрчсөн байна. Дээрх нөхцөл нь хариуцагч тал 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний 4.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлийг бий болгож, нэхэмжлэгч талын зүгээс хариуцлага буюу анз төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн алданги нэхэх эрх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар болон ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар үүссэн байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 218 хоногийн алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг буюу талуудын гэрээгээр тохирсон 38 100 000 төгрөгнөөс тооцох эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзны нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 19 500 000 төгрөгний алданги авах эрхтэй байна.

Түүнчлэн хариуцагч “Б” ХХК нь гэрээний дагуу хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, алданги төлөхийг хүлээн зөвшөөрч байсан албан бичгийг анхан шатны шүүхээс үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулан талууд гэрээг цуцалсан байна гэж зөв тодорхойлсон хэрнээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар анз авах эрхээ алдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан алдангийн төлбөрт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц- нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны үр дагаварт төлсөн төлбөрөө буцаан гаргуулах, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад алданги төлөхийг шаардаж, хариуцагч “Б” ХХК-иас 62 952 000 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлээс алдангийн талаарх шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “орон сууцны барилгыг захиалан бариулах” нэртэй гэрээ байгуулж, хариуцагч “Б” ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай “Очир апартмент” орон сууцны барилгыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ж.Ц- нь уг барилгын 10 давхар дахь 44,9 мкв талбай бүхий орон сууцны үнэд 39 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба хоёр шатны шүүх уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Ц- нь 38 100 000 төгрөг хариуцагчид төлсөн боловч хариуцагч “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ц-ын гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардсан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан үндэслэлд хамааруулсан нь зөв болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх гэрээ биш бөгөөд гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзаж буй нөхцөлд тухайн гэрээ цуцлагдах учиртай. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 221.5.-д зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог бөгөөд гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг.

Нэхэмжлэгч Ж.Ц- нь үүргээ биелүүлэхийг хариуцагч “Б” ХХК-иас шаардсан бөгөөд үр дүн гараагүй тул гэрээг цуцласан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байна.

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, дүгнэлтээ шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан байх тул тогтоох хэсэгт хуулийн уг зүйл, заалтыг баримтлаагүй нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг “гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагавар” бус харин “гэрээний үүргийн гүйцэтгэл” гэж ташаа тодорхойлсоныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, цуцласныг хууль зүйн үндэслэлтэй, ийнхүү цуцалснаар гэрээний бүх нөхцлөөс татгалзсан гэж үзэж, алдангийн талаарх шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзжээ.  

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч хохирол гаргуулах шаардлага гаргаагүй байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1772 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН