Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 165

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0154/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                     Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                                    Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                             Э.Ц  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц-д холбогдох 1939... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг, Хийдийн 18-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,   Э.Ц /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудлын 14 тоот өрөөнд хамт архи ууж байгаад иргэн Т.Д-ын хүрэн өнгийн түрүүвч, бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудлын 14 тоот өрөөнд хамт архи ууж байгаад иргэн Т.Дын хүрэн өнгийн түрүүвч, бэлэн 400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би “Маргад” зочид буудалд 2.000.000 төгрөгтэй орсон. Би буудалд 5 хоносон 5 хонохдоо архи уусан.. ингэж үрсээр байж байгаад 400.000 гаран мянган төгрөгтэй үлдсэн байсан... би авсан юмнуудаа дутуу бодож тооцоо гаргасан байна. Яг бүх авсан юм аа нарийн бодоод үзэхээр 400.000 орчим төгрөг байсан юм байна. Би шүүх хуралд оролцохгүй санал, хүсэлт байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Гэрчээр Э.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр ах урьд нь архи уусан бололтой халамцуу байсан . Тэгээд түр зуур орон дээр зүүрмэглэх хооронд нь дэрнийхээ хажууд нь тавьсан түрүүвчтэй мөнгийг нь аваад цүнх рүүгээ хийсэн. Би Маргад буудлын гаднаас хөдлөөд шууд Элит мандал зоогийн газрын нойлд орж түрүүвчийг гаргаж ирж мөнгийг аваад түрүүвчийг нь хэрэглэсэн нойлын цаасаа хийдэг хогийн саванд хийж орхисон... Түрүүвчинд 20.000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг байсан... Бас задгай мөнгөнүүд байсныг нь би тоолоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Н.Угтахбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...14 тоот өрөөнд ороход тэр ах миний түрүүвч байхгүй болчихсон байна... нөгөө хоёр хүүхэн чинь гадаа байна уу... гээд зогсож байхад гаднаас Аагий орж ирэхээр нь би Аагийд ахын түрүүвч байхгүй алга болчихсон байна гэсэн чинь гадаа Цээгий байгаа гээд ахын утсаар Цээгий рүү залгасан чинь утсаа авахгүй байсан... миний хувьд Цээгийг хулгайлсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26 тал/,

Шүүгдэгч Э.Ц-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахиж хулгай хийхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ц-гийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Э.Ц-гийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Ц-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Хавтаст хэргийн 12, 53 дугаар талд авагдсан нотлох баримтаар хохирогч Т.Дд хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ц-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Ц-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Э.Ц-г бусдын эд хөрөнгө хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Э.Ц-д 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ц.МӨНХТУЛГА