Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2025/00022

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 309/ШШ2025/00210 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн гомдолтой

Хариуцагч Дорнод аймаг дахь ******* газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногийн ээлжийн амралт авсан. Ээлжийн амралт эдлэхийн өмнө санхүү албаны дарга ******* надад хандаж 2023 оны 11 сарын 06-ны өдөр ******* хотын гаалийн газрынхан манай аймагт ирж манай гаалийн газартай танилцана. Чи ирж цэвэрлэгээ үйлчилгээ хийнэ шүү гэж хэлсэн. Мөн газрын дарга ******* *******ын гаалийнхан ирэх үеэр чамайг дуудна, ирж ажиллана шүү гэж хэлж байсан. Ээлжийн амралттай байх хугацаанд надад Улаанбаатар хот руу явах хувийн төлөвлөсөн ажил байсан хэдий ч дарга нарыг хэлсэн болохоор нь би айгаад ирж ажиллахгүй гэж хэлж чадаагүй юм.

... *******ын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд би тэр өдөр ажиллаад ажлаас тарах үедээ маргааш 17.00 цагт ирээд 19-ний өглөөний цай, хоолны бэлтгэлээ хийнэ гэж хэлээд явсан. Маргааш нь би 19.00 цаг өнгөрч байхад буюу очно гэсэн цагаасаа 2 цаг гаран хэтрээд ажил дээрээ очиход менежер ******* чи хоцорлоо, одоо хэрэггүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь банш, өрөм, боорцог зэргээ бариад очиход мөн л Чи хэрэггүй, бид нар болчихсон, наадахаа аваад яв гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан учраас маргааш нь ажилдаа очоогүй.

Үүнээс хойш буюу 2023 оны 11 сарын 20-ны өдөр ******* над руу яриад Би ажлаас халагдчихлаа, таныг бас халахаар болсон. Та бид 2-ын тушаалыг гарга гэж дарга хүний нөөцөд хэлсэн. ******* дарга *******г дуудах уу гэхэд дарга наадах чинь айхтар хүн, амралттай байгаагаа мэдэж байгаа, амраад ороод ирэхээр нь халагдах тушаалыг нь өг, хамтарч ажиллаж чадахгүй гэж дарга хэлсэн гэдгийг надад дамжуулж хэлсэн. ...Намайг ажлаас халж байгааг сонсоод би 2023 оны 11 сарын 20-ны өдөр 13.00 цагийн орчимд ажил дээр очиж даргатай уулзсан. Би даргаас Та намайг халсан юм уу гэхэд дарга тийм ээ гэж хэлсэн. Тухайн үед би ажлаас халагдаад дараа нь өөр ямар нэгэн байгууллагад ажилд орох үед саад болох байх гэж бодоод ажлаас халагдсанаар биш өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай өргөдөл бичиж өгье гэж хэлэхэд дарга зөвшөөрч за тэгвэл би т хэлээд тушаал дээр чинь өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр гэж бичүүлье гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 11 сарын 20-ны өдөр аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед надад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах, халагдах шалтгаан байгаагүй. Би зөвхөн дараа нь ажил олдохгүй байх гэж бодоод өргөдлөө бичиж өгсөн.

... Цалин орсны дараа 2 өдрийн цалин дутуу байгаа талаар хэлэхэд ******* дарга цалинг нь дутуу бодсон байна, би картнаасаа цалинг нь өгөе гэж хэлсэн. Тэр үед Гэрэл-Од дарга битгий өг наадахдаа гэж хэлж байсан. Хоёр өдрийн ч болов цалингаа авмаар байна. гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр "Гэр бүлийн хүн өөр ажилд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн" өргөдлөө өгсөн. Энэ хүсэлтийг нь үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. ******* нь 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралт дууссаны дараа буюу 2023 оны 11 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан юм. Дорнод аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар уг маргааныг авч хэлэлцээд нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг.

... Удирдлагын хурлаар асуудал хэлэлцэх үед ******* ээлжийн амралттай байсан учраас дараа нь тусгайлан оруулах талаар яригдсан. ... Гэтэл ******* нь хурлаас гарч ирээд ******* руу утсаар ярихдаа та бид халагдсан гэсэн утгатай зүйл ярьсан юм билээ. Миний зүгээс түүнд хандаж өргөдлөө өг гэж дарамтлаагүй, би ажилтнуудаа тэгж дарамталж байсан удаагүй. ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны 11 сарын 20-ны өдөр өгсөн боловч уг хүсэлтдээ 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгож чөлөөлж өгнө үү гэсэн байсан. Ингээд хүсэлтийг нь үндэслээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр Б/39 тоот тушаал гарсан. Ажилласан хугацааны 1-2 өдрийн цалин дутуу орсон гэж байгаа боловч ажлын цагийн бланс байхгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй юм. Ажлын 5 хоног ажилласнаар нь цалинг нь олгосон. Дутуу бодсон байх ямар ч үндэслэл байхгүй. Манай байгууллагын бүх зүйл программаар явдаг учраас цалин буруу бодогдоно гэж байхгүй. Иймд *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан Дорнод аймаг дахь ******* газарт холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах хүсэл зориг байгаагүйгээ анхан шатны шүүхэд бүрэн нотолсон гэж үзэж байна. Нэхэмжлэлээ хангалттай нотлоод байхад шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгчид өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх шалтаг, шалтгаан байгаагүй. Ажлаас чөлөөлнө гэсэн учир арга ядаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гараар бичиж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага дээр хүсэлт бичих болсон шалтгаанаа нарийн тодорхой тайлбарлаж бичсэн. Мөн гэрч *******гийн мэдүүлгээс гадна Зөвлөлийн хурлын тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байгаа. Үүн дээр *******гийн асуудлын талаар хэлэлцсэн. Архи уудаг, пивоны шил үлдээсэн байсан, *******, ******* нар үнэхээр болохгүй байна гэж дурдсан. Энэ үед 3 хүний талаар хэлэлцсэн ба хоёр хүн нь тухайн хуралдаанд сууж байсан. Тиймээс ажлаас чөлөөлж байна гэдгийг нь танилцуулсан. 11 сарын 20-ны өдөр өөрийнх нь амралтын өдөр 7 хоногоор сунгагдаж байхад тухайн өдөр хүсэлтээ барьж очсон. Ингээд 27-ны өдөр буюу нэг ч өдөр ажиллуулахгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... гэв.

7. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмнө нь сахилгын асуудалтай холбоотой асуудал яригдаж байсан. Сая дурдсанчлан гадаад улсаас төлөөлөгч нар ирж байгаатай холбогдуулан ээлжийн амралтын өдрөөр ажиллах хүсэлт тавьсан. Хүлээн зөвшөөрсөн боловч тухайн хоёр өдөрт ажиллаагүй. Маш том хүлээн авалт, ажиллагаа хийгдсэн. ... ******* нь намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа юм уу гэж надаас асуусан. Энэ үед би дангаараа энэ асуудлыг шийдвэрлэхгүй, удирдлагын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэнэ гэдэг талаар танилцуулахад уурлаж, гарч яваад өргөдлөө барьж орж ирсэн. Ингээд 11 сарын 20-ны өдөр хүсэлтээ өгсөн. Ингэхдээ 27-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлж өгнө үү гэж хүсэлтэд дурдсан байсан. Үүнийг л миний бие шийдвэрлэсэн байгаа. Энэ хүнийг хохироохгүйн тулд 27-ны өдрийг хүртэл цалинг нь өгсөн. Ажлаас хүсэлтийнх нь дагуу чөлөөлсөн болохоос ажлаас халсан үйлдэл гаргаагүй юм. ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******гийн гомдолтой, хариуцагч Дорнод аймаг дахь ******* газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймаг дахь ******* газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2022 оны 11 сарын 14-ний өдөр Дорнод аймаг дахь ******* газарт тогоочоор ажилд орсон. Нэг жил орчим ажлаад газрын даргын тушаалаар 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногийн ээлжийн амралт авсан. Ээлжийн амралт эдлэхийн өмнө санхүү албаны дарга ******* надад хандаж 2023 оны 11 сарын 06-ны өдөр ******* хотын гаалын газрынхан манай аймагт ирж манай гаалийн газартай танилцана, чи ирж цэвэрлэгээ, үйлчилгээ хийнэ шүү гэж хэлсэн . Мөн ******* газрын дарга ******* *******ын гаалийнхан ирэх үеэр чамайг дуудна, ирж ажиллана шүү гэж хэлж байсан. *******ын гаалийнхан ирэх хугацаа хойшлогдож 11 сарын 17-ны өдөр ирэхээр болсон учраас намайг 11 сарын 15-ны өдөр ирээрэй гэж хэлүүлсэн байсан. Ингээд би менежерийн хэлснээр 11 сарын 16-ны өдөр очиж ажилласан. *******ын гаалийнхан 11 сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд би тэр өдөр ажиллаад ажлаас тарах үедээ маргааш 17.00 цагт ирээд 19-ний өглөөний цай, хоолны бэлтгэлээ хийнэ. гэж хэлээд явсан. Маргааш нь би 19.00 цаг өнгөрч байхад буюу очно гэсэн цагаасаа 2 цаг гаран хэтрээд ажил дээрээ очиход менежер ******* чи хоцорлоо, одоо хэрэггүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь банш, өрөм, боорцог зэргээ бариад очиход мөн л чи хэрэггүй, бид нар болчихсон, наадахаа аваад яв гэж хэлсэн. Тухайн үед би ээлжийн амралттай байсан учраас маргааш нь ажилдаа очоогүй. Үүнээс хойш буюу 2023 оны 11 сарын 20-ны өдөр ******* над руу яриад Би ажлаас халагдчихлаа, таныг бас халахаар болсон, та бид хоёрын тушаалыг гарга гэж дарга хүний нөөцөд хэлсэн гэж дамжуулж хэлсэн. Үүнийг сонсоод 2023 оны 11 сарын 20-ны өдөр 13.00 цагийн орчимд ажил дээр очиж даргатай уулзсан. Би даргаас та намайг халсан юм уу? гэхэд тийм ээ гэж хэлсэн. Тухайн үед би ажлаас халагдаад дараа нь өөр ямар нэгэн байгууллагад ажилд орох үед саад болох байх гэж бодоод ажлаас халагдсанаар биш өөрийн хүсэлтээр ажлаас гарах тухай өргөдөл бичиж өгье гэж хэлэхэд дарга зөвшөөрч за тэгвэл би т хэлээд тушаал дээр чинь өөрчлөлт оруулж өөрийн хүсэлтээр гэж бичүүлье гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 11 сарын 20-ны өдөр аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед надад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах, халагдах шалтгаан байгаагүй. Би зөвхөн дараа нь ажил олдохгүй байх гэж бодоод өргөдлөө бичиж өгсөн юм. гэж тодорхойлсон.

5. Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ: ******* нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр гэр бүлийн хүн өөр ажилд шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Энэ хүсэлтийг нь үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. ******* нь 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс 11 сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, ээлжийн амралт дууссаны дараа буюу 2023 оны 11 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан юм. Дорнод аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлаар уг маргааныг авч хэлэлцээд нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний үндсэн дээр ажлаас чөлөөлөх тушаал гарсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. ...Удирдлагын хурлаар асуудал хэлэлцэх үед ******* ээлжийн амралттай байсан учраас дараа нь тусгайлан оруулах талаар яригдсан. Гэтэл ******* нь хурлаас гарч ирээд ******* руу утсаар ярихдаа та бид хоёр халагдсан гэсэн утгатай зүйл ярьсан юм билээ. Миний зүгээс түүнд хандаж өргөдлөө өг гэж дарамт учруулаагүй, ажилтнуудаа дарамталж байсан удаа байхгүй. ******* нь ажилласан хугацааны 1-2 өдрийн цалин дутуу орсон гэж байгаа боловч ажлын цагийн баланс, цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Ажлын 5 хоног ажилласнаар цалинг нь олгосон. Иймд *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 сарын 14-ний өдөр Дорнод аймаг дахь ******* газарт тогоочоор ажилд орсон, 2023 оны 10 сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл 15 хоногийн ээлжийн амралт авсан, 2023 оны 11 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, улмаар Дорнод аймаг дахь ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

 7. Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймаг дахь ******* газрын даргын 2023 оны 11 сарын 27-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн ба талууд тохиролцоогүй тул шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг зөрчөөгүй байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ. гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. гэж хуульчилжээ.

9. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр ...нөхөр шилжин ажиллах болсон тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж 2023 оны 11 сарын 27-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргасны дагуу ажил олгогчийн зүгээс хүсэлтийг үндэслэн *******г ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг зөрчөөгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх ба нэхэмжлэгчийн Ажилд эгүүлэн тогтоолох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахад ажил олгогчийн зүгээс дарамт шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 309/ШШ2025/00210 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Ц.ЭРДЭНЭЗУУ