| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0193/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0193/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох эрүүгийн 1939.... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Ишгэн толгой” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2013 оны 04 сарын 29-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Н.Н /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” баарны караокед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” баарны караокед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь микрофоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Н.Н 0-2 насны 2 хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал Н.Н ангийнхан Тэмүүжин, Чулуунбат хоёр орж ирээд 2.5 литрийн пиво хоёрыг тэр гурав хувааж уусан. Ингээд Тэмүүжин гэдэг найз нь Н.Н-г дагуулаад Тулга дэлгүүр ороё гэсэн тэгтэл Н.Н намайг цуг явъя гэхээр 2 хүүхдээ дүүг ирэхээр нь үлдээгээд хамт явсан. Тэгээд гэрээс гарахад Н.Н намайг гичий минь гээд загнаад байсан...Тэгээд бид зургаа Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” баарны 2 давхарын төрсөн өдрийн өрөө гэх хаягтай өрөөнд орж 1 цаг караоке захиалж, 1 шил 0.75 литрийн архи авсан. Ингээд архиа ууцгаангаа дуулцгаасан. Тэгээд Н.Нйг дуулж байхаар нь би микрофонийг аваад дуулах гэсэн чинь надад микрофоноо өгөхгүй, микрофоноор миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон. Ингээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн чинь эмнэлэгт үзүүлээд цагдаа дээр хүрээд ир гэхээр нь өргөдөл бичээд хүрч ирсэн гомдол гаргасан. Н.Нд нүүрэн тус газартаа цохиулснаас болж миний хамрын яс хугарсан, хамрын зүүн талд шалбарсан хамар хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Манай нөхөр Н.Н урьд өмнө намайг зодож байгаагүй. Би үүнээс өмнө 20 гаран хоног хөдөө яваад ирсэн юм. Тэгэхэд намайг хөдөө явлаа гэж уурлаад байсан. Дотроо хардаад байх шиг байсан. Тэгээд л намайг дотроо хардсан шалтгаанаар л зодсон байх гэж бодож байна. Ер нь бол тоглоом шоглоомоор найз нөхөдтэйгөө хардаад байдаг. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/
Гэрчээр Н.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дунд сургуулийн ангийнхаа 4 хүүхэдтэй уулзаад Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга баарны “Караоке”-д 19 цаг өнгөрч байхад орж дуулсан. Би бааранд орохдоо эхнэр Ганзоригийн Г.Ц-г дагуулж явсан. Манай ангийн 4 хүүхдийн 2 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй байсан. Гэтэл манай эхнэр намайг манай ангийн 2 эмэгтэйтэй хардаад дуулж байхад дуулуулахгүй байсан. Мөн цуг зэрэгцээд суухаар чи цаад хоёртойгоо суу гээд л болохгүй байсан. Анх манай ангийн 2 хүүхнийг хараад л хардаад уурлаад эхэлсэн. Тэгээд л би уураа барьж чадалгүй эхнэрээ микийг маань булааж авах гэхээр цохисон юм. Өөр би зодож цохисон асуудал гаргаагүй. Би эхнэрээ микээр цохиж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
Гэрч А.Тэмүүжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд Н.Н-г дуулж байхад нь микрофонийг нь булааж авах гэсэн чинь Н.Н микрофоноор нүүр лүү нь нэг удаа цохисон Г.Ц уурлаад гараад явсан...” гэх мэдүүлэг......./хх-ийн 13 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №307 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 15 тал/
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 51-54 тал/
Гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-63 тал/
Шүүгдэгч Н.Н.-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Миний уур хүрээд микрофоноор цохичихсон юм... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Н-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Н-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Н.-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Ц нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 73 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Н-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Н.Н-нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан адуут овогт Наранцэцэгийн Н.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 300.000 төгрөг, 300.000 төгрөг, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н.-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА