| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/03399/И |
| Дугаар | 210/МА2025/00846 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00846
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03206 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Амь насны даатгалын гэрээний үүрэгт, нөхөн төлбөр 74,377,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Даатгуулагч *******, ******* нар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 179,000,000 төгрөгийг зээлсэн. 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* нь *******-тай зээлдэгчийн амь насны даатгалын 4ASSR20230714595 дугаартай гэрээ байгуулсан. Миний нөхөр ******* 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан.
1.2 Даатгалын тохиолдол бий болсныг тухайн цаг үед гэрээнд зааснаар даатгагч байгууллага болон банканд мэдэгдэж, улмаар даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар *******-д хандсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт явуулаад шинжээчийн дүгнэлтээр даатгуулагч өвчин эмгэгийн улмаас нас бараагүй болох нь нотлогдож байна. Мөн даатгуулагч нь даатгалын гэрээнд зүрх зогсох, цус харвах нэмэлт эрсдэлийг сонгон даатгуулсан байх ба энэ тохиолдолд даатгуулагч нь гэрээнд заасан нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзсэн.
1.3 Бид амь даатгалын гэрээ байгуулахдаа үндсэн эрсдэлээс гадна нэмэлт зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн эрсдэлээр сонгож даатгуулсан. Гэрээнд зааснаар нэмэлт эрсдэл зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэл аль аль нь бүрдсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр даатгуулагч өвчин эмгэгийн улмаас нас бараагүй болох нь тогтоогдсон. Тархинд нь цус харвалт үүссэн байна гэж дүгнэлтийн 2 дугаар хэсэгт тодорхой заасан. Мөн гэнэтийн шинж чанартай буюу олон эрхтний дутагдлын улмаас нас барсан гэж дүгнэлтээр тогтоогдсон. Амь даатгалын гэрээний баталгааны 8 дугаар зүйлд нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлүүдийг зааж өгсөн. Иймд даатгалын компаниас нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бий болоогүй байна гэж үзэж байна. Амь даатгалын баталгааны 4.2.1-т даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлөх төлбөрийг олгох үүрэгтэй. Даатгуулагчийн зүгээс тус гэрээний 4.3.2-т зааснаар нөхөн төлбөрийг олгохыг шаардах эрхтэй.
Иймд *******-аас ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр болох 74,377,425 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Даатгуулагч *******, ******* нар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *******-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааг 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******-тай байгуулсан. Даатгалын үнэлгээ 255,936,000 төгрөгт бодож 255,936 төгрөгөөр даатгуулсан.
Даатгалын эрсдэлийн төрлийг гэрээний 3.1.1-т галын эрсдэл, сантехникийн эрсдэл, цахилгаан эрчим хүчний эрсдэл, байгалийн эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх гэж заасан бол, мөн гэрээний 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, 3.1.2-т даатгуулагч нэмэлт хураамж төлөн хамрагдах нэмэлт эрсдэл үүнд: 3.1.2.1-т зүрх гэнэт зогсох, 3.1.2.2-т цус харвах гэж заасан.
2.2 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2475 тоот шинжээчийн дүгнэлтийн 6-д Амь хохирогч ******* нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орсон тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй, 4-д Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 9-д Амь хохирогч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой цусанд 0,6%, ходоодонд 0,5%, цөсөнд 0,6% байжээ. Дотор эрхтний цусны эргэлтийн алдагдал, дагзны хуйхны цус хуралт аалзан хальсан доорх цус харвалт гэжээ.
Даатгуулагчийн дээрх өвчний улмаас нас барсан тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасан гэнэтийн осол гэж тодорхойлсон нөхцөлд хамаарахгүй, мөн даатгалын гэрээний үндсэн эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээгээр хамгаалагдах эрсдэл биш байна.
2.3 Манай компани зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нөхцөлийг шинэчлэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн. Тэрхүү гэрээний нөхцөлд даатгалын үндсэн эрсдэл нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, даатгалын нэмэлт эрсдэл нь зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхцөлийг бүртгэж, frc.mn цахим сайтад байршуулсан байгаа.
Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөр ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан нь тус журамд нийцсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5 дугаар зүйлийн 5.4.2-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх гэж дүгнэсэн. Иймд даатгалын гэрээний 3.1.2.2-т заагдсан өвчний улмаас цус харвах гэдэг заалтад хамаарахгүй гэж үзэж байна.
Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах, эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо даатгуулагч гэнэтийн тохиолдол буюу гэнэтийн ослын улмаас нас бараагүй болох нь нас барсны гэрчилгээнд бичигдсэн өвчлөлийн код, бусад эмнэлгийн баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, ердийн өвчлөлийн улмаас нас барсан, гэнэтийн шинжтэй тохиолдол үүсээгүй, цус харвах эрсдэлийг нэмэлтээр даатгуулсан боловч түүний улмаас нас бараагүй, тархинд цус хуралт байсан боловч үхэлд хүргээгүй гэж дүгнэсэн тул энэ эрсдэлээс үүдэж нас барсан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-нд холбогдох даатгалын нөхөн төлбөрт 74,377,425.685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүх шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2475 тоот шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ хэт нэг талыг барьж анагаах ухааны оношилгооны болон өвчний онош талаас нь биш даатгалын тохиолдолд хамаарах хууль зүйн нэр томьёоны талаас нь дүгнэж хэргийг буруугаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдал буюу нас барагчийн үхлийн нөхцөл байдлыг даатгалын гэрээний 3.1.1.1, 3.1.2-т заасныг гэрээний бичигдсэн хэлбэрт илэрхийлж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариу хэсэгт их тархи, бага тархи цус дүүрэлт, зүрх цус дүүрэлт, артерийн судас тойрсон өөхлөлт, нойр булчирхай, элэг, дэлүү, ходоод, бөөр гэх мэт бүх дотоод эд эсэд гэмтэл учирсан гээд шүүх эмнэлгийн онош хэсэгт спиртийн цочмог хордлого гээд дотор эрхтнүүдийн цусны эргэлт алдагдал, тархи уушгины хаван, нойр булчирхай, бөөрний сувганцрын үхжил, дагзны хэсгийн хуйхны цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэх мэт олон нөхцөл бүрэлдэж олон эрхтний дутагдалд орж нас барсан талаар дүгнэсэн байна.
Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг буруугаар тайлбарлаж, шинжээчид тавьсан асуултын хариултыг буруугаар дүгнэж буюу шинжээчид тавьсан асуулт 3-т биед учирсан гэмтлийн улмаас нас барсан эсэх гэдэг асуултад шинжээч эмч хариулахдаа биед нь хоёр өвдөгний зулгаралт үүссэн ба дээрх гэмтлүүд нь үхэлд хүргээгүй гэж дүгнэснийг шүүх үндэслэх хэсгийн 9.5-д Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, нас барсны гэрчилгээгээр зүрх гэнэт зогссон талаар дүгнээгүй. Түүнчлэн цус харвасан гэмтэл тогтоогдсон талаар дүгнэлтэд дурдсан боловч энэ гэмтэл нь үхэлд хүргээгүй болохыг мөн шинжээч дүгнэсэн байна гэж илтэд алдаатай дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний 3.1.1.1, 3.1.2-т заасан хэрэглэсэн нэр томьёонуудыг хууль зүйн нэр томьёо юу, анагаах ухааны нэр томьёо юу гэдэгт анхаарал хандуулаагүй. Шинжээчийн дүгнэлтэд тавигдаж буй спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэх онош нь анагаах ухааны нэр томьёо, онош бөгөөд гэрээнд хэрэглэсэн нэр томьёо буюу гэнэтийн осол, зүрх гэнэт зогсох, цус харвах зэрэг нь хэл зүйн ердийн хэллэгийн түвшинд гэрээнд тусгагдсан хууль зүйн нэр томьёо юм.
Анагаах ухааны сурах бичиг, шинжлэх ухааны тайлбаруудаар химийн бодис түүний үйлчлэл нөлөөгөөр бие махбодийн дотоод орчин, бодисын солилцоонд өөрчлөлт орох, эд эрхтэн уг бодисын нөлөөнд өртөж амь насанд аюул учрах, үхэлд хүргэх байдлаар илрэх хурц эмгэгийг хордлого гэж тодорхойлсон ба архины хордлого, олон эрхтний дутагдал нь анагаах ухааны үүднээс тодорхой код бүхий оноштой үхэлд хүргэх гэнэтийн шалтгаан, эрүүл мэндийг сарниулсан ахуйн ослын үр дагавар гэж үздэг байна.
Нас барагчийн хувьд ч спиртийн цочмог хордлогын улмаас дагзны хэсгийн хуйхны цус хуралт, тархины цус харвалт, зүрх цус дүүрч, зүрх зогсож нас барсан нь гэнэтийн осол болж дээрх олон эрхтнүүд хэвийн ажиллахаа байж нэгдсэн дүгнэлтээр олон эрхтний дутагдалд орж нас барсан нь түүнийг даатгалын гэрээний 3.1.1.1, 3.1.2-т тодорхойлсонд нийцэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.16-д ч гэнэтийн осол гэдэг ойлголтыг талууд тодорхойлж тохиролцсон байх бөгөөд ахуйн шинжтэй осол гэж тодорхойлсон байгаатай нийцэж байна.
Дээрхээс үзэхэд согтууруулах ундааг хэрэглэж дотор эрхтнүүд ажиллагаагүй болж зүрх зогсож нас барахыг анагаах ухааны хэллэгт олон эрхтний дутагдал гэж оношилсон байхад шүүх даатгалын гэрээний 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах гэрээний 3.1.2-т нэмж төлбөр төлөн нэмэлтээр 3.1.2.1-т зүрх гэнэт зогсох, 3.1.2.2-д цус харвах гэснүүдийн алинд ч хамааруулаагүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй нь харагдаж байна.
4.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү шүүхийн өөрийнх нь томилсон шинжээчийн дүгнэлт шүүхэд үнэлэгдэх учиртай байсан. Гэвч шүүх анагаах ухааны шинжлэх ухааны нэр томьёо тодорхойгүй, нарийн төвөгтэй асуудлуудыг зөвхөн дүгнэлтэд бичигдсэн байдлаар, гэрээний нэр томьёоны хүрээнд шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх шинжээчийн дүгнэлтийн асуултууд түүний хариултууд нь даатгалын гэрээний зүйл, даатгалын эрх зүйн харилцаанд хэрэглэгдэж болох эсэх асуудлуудыг тунгааж, өөрөө шинжээч томилох байдлаар шийдвэрлэх байсан. Иймээс шүүх шинжээчийн дүгнэлтийг авах хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн.
4.3 Даатгалын тохиолдол болсон дариуд нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9/790 дугаар бичгээр даатгалын тохиолдол мөн гэж үзэн нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан байдаг. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар хороо нь анхан шатны журмаар даатгалын нөхөн төлбөрийг олгуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн буюу хуульд заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.
Иймээс анхан шатны шүүх хуульд заасан аргаар цуглуулж аваагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, түүний буюу шинжээчид тавигдсан асуултууд даатгалын тохиолдолтой нийцэж буй эсэхэд бүрэн хяналт тавьж чадаагүй урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг үнэлэлгүй шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2475 тоот шинжээчийн дүгнэлт хүчинтэй. Уг дүгнэлтийг няцаасан, гомдол гаргасан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийн 6-д амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан гэх онош гарсан. Энэ нь талуудын байгуулсан гэрээнд заасан нөхцөл биш учраас давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.2 Мөн хэргийн 24-27 дахь хуудсанд өвчний олон улсын онош ангилал байдаг бөгөөд тухайн онош нь үүнд хамаардаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан амь насны даатгалын гэрээний үүрэгт, нөхөн төлбөр 74,377,425 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. *******, ******* нар нь *******-тай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/RCC200609022-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, ******* нь 179,000,000 төгрөгийг, 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, түүний эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 8-12/
3.1 ******* нь *******-тай 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4ASSR20230714543 дугаартай Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа байгуулж, ******* ******* хороо, , , тоот хаягт байршилтай орон сууцыг даатгуулсан. /хх 6/
3.2 Улмаар *******, ******* нь *******-тай 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 4ASSR20230714595 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа байгуулж, уг гэрээгээр ******* нь гэрээнд заасан даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч *******, ******* нар нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 7/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Даатгуулагч ******* нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан байна. /хх 13/
4.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга нь даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.2 Гэрээний 3.1.1-т даатгуулагчийн амь насны даатгалын үндсэн эрсдэлд, 3.1.1.1-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдах, 3.1.2-т даатгуулагчийн нэмэлт эрсдэлд 3.1.2.1-т зүрх гэнэт зогсох, 3.1.2.2-т цус харвах гэж тус тус заажээ. Даатгуулагч *******, ******* нар даатгалын нэмэлт эрсдэлийг сонгон даатгуулсан байна.
5. Гэрээний 8.1.7-д даатгагч архи спиртийн төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн нь даатгуулагчийн нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах шалтгаан болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан.
5.1 Хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2475 дугаар Шинжээчийн дүгнэлт-ийн 11-т амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ гэжээ. /хх 17/ Уг дүгнэлтийг эрх бүхий этгээдийн дүгнэлт гэж үзэх бөгөөд даатгуулагч *******ын нас барсан шалтгаан нь гэрээний 8.1.7-д хамаарч байх тул хариуцагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн согтууруулах ундааг хэрэглэж дотор эрхтнүүд ажиллагаагүй болж зүрх зогсож нас барахыг анагаах ухааны хэллэгт олон эрхтний дутагдал гэж оношилсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг уг иргэний хэрэгт бичгийн нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтой. Мөн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Иймд шүүх шинжээчийн дүгнэлтийг авах хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9/790 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр ...даатгуулагч нь даатгалын гэрээнд зүрх гэнэт зогсох, цус харвах, эрсдэлийг нэмэлт эрсдэлээр сонгон даатгуулсан байх ба энэ тохиолдолд даатгуулагч нь гэрээнд заасан нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэх хариуг *******-д хүргүүлсэн байна.
7.1 Уг албан бичигтэй холбогдуулан хариуцагч ******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН