Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00881

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02537 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 33,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тай харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд *******-д зохион байгуулагдах ******* циркийн тоглолтын 28, 29-ний өдрүүдийн тасалбарыг худалдан борлуулах эрхийг олгон, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг бүр нь 35,000 төгрөгийн үнэтэй, 6000 ширхэг тасалбарыг *******д хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч тоглолт зохион байгуулагдах өдрийг хүртэл тасалбар борлуулаагүй байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүх тасалбарыг нэхэмжлэгчид буцааж өгсөн.

1.2 Нэгэнт цаг хугацаа тулсан учир тасалбарыг худалдан борлуулж чадалгүй 210,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Хариуцагчид энэ тухай мэдэгдэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул удаа дараа сануулсны эцэст 40,000,000 төгрөгийг 4 хуваан нэхэмжлэгчид төлөхөөр болж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 4 удаагийн гүйлгээгээр нийт 6,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд дахин төлөөгүй. Иймд хариуцагчаас үлдэгдэл 33,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Би болон манай найзууд нийлж нэхэмжлэгчээс тасалбар борлуулах эрх авч, тодорхой хэмжээний тасалбарыг худалдан борлуулж, мөнгийг нь *******ийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл тасалбарыг ******* ба түүний компанийн хамтран ажиллаж байсан *******-д хүлээлгэн өгсөн.

2.2 Үүнээс хойш ******* нь намайг фейсбүүкээр дарамталж эхэлсэн бөгөөд би арга буюу Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Би ашиг орлого аваагүй, тоглолт дөхсөн учраас санаа зовоод яаралтай билетийг аваачиж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан 33,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч цахим орчинд айлгасан үг хэллэг хэрэглэсэн гэх агуулгатай тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тайлбараа дэмжих баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тухайн тайлбарыг нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Мөн шүүх нэхэмжлэгчийг тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн бол хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон түүнд ашигтай байдлаар тайлбарласан байна.

4.2 ******* циркийн тоглолт нь 2023 оны 10 дугаар сарын 09-29-ны хугацаанд амралтын өдрүүдээр *******-д зохион байгуулагдсан. Тус ордон нь 3,000 суудалтай бөгөөд бид тоглолт бүрт суудлын тоотой тэнцүү тооны тасалбарыг худалдаанд гаргаж байсан. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан ...эхний өдрийн буюу 2023.10.28-ны өдрийн 17 цагийн тоглолтын 2700-2800 ширхэг билетийг нэхэмжлэгчээс хүлээж авсан... тасалбар 35,000-66,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан... гэх тайлбар, мөн *******-аас ирүүлсэн тоглолтын тасалбар борлуулалтын тайлан зэргийг шүүх огт дүгнээгүй орхигдуулсан.

4.3 Манай компани тоглолтын тасалбараа *******-аар дамжуулан борлуулж байсан бөгөөд хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнтэй Хамтран ажиллах гэрээ байгуулан 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цаг, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн тоглолтын тасалбар борлуулалтыг *******-д хандан зогсоолгож, тасалбаруудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 160 орчим билет борлуулсан бөгөөд цаашид борлуулалт хийж чадахгүй хэмээн хандсан тул *******-д арга буюу үлдсэн тасалбарыг хүргүүлсэн.

4.4 Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт нийцээгүй. Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхэд яригдаагүй буюу зарим худал зүйлийг тайлбарлаж байна. Хариуцагчийг *******-аар борлуулагдаж байсан билетийг авч борлуулалтыг сайжруулж, бид зарж өгье гэсэн гэх зүйлийг ярьж байна. Гэтэл талуудын хооронд огт тийм зүйл яригдаагүй, анхнаасаа *******ээс буюу *******-аас билетийг авсан. Харин билетийг авсны дараа *******-д хүлээлгэж өгсөн. ******* билетийг хүлээж аваад холбогдох цахим платформоор явуулж билетийг борлуулсан бөгөөд үүнтэй холбоотой жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгаа. Нэхэмжлэгч тал нь зарим билетийг *******-аар заруулж, үлдэгдэл билетийг нь хүлээж авсан ба тухайн хүлээж авсан хайрцаг дүүрэн билетийг анхан шатны шүүх хуралдааны үед хүртэл авч ирсэн. Ийнхүү өөрсдөө билетийг буцааж авсан атлаа одоо миний зарж чадаагүй билетийн мөнгийг хариуцагч өгөх ёстой гэж маргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

5.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу төлбөр барагдуулах гэрээний үндэслэл нь тодорхойгүй байна гэх зүйлийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл талууд тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулж болно. Ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэлд гарын үсэг зурснаар талууд шууд үүрэг хүлээж, эрх үүсэж хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь тухайн хэлцэл буюу гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Тиймээс анхан шатны шүүх зөв дүгнэсэн буюу ямар хэлцэлд, ямар үүрэг, хариуцлагыг үндэслэж төлбөр барагдуулах гэрээний дагуу мөнгө өгөхийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 33,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

3.1 ******* болон ******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр *******-ийн зохион байгуулж буй -д 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл болох тоглолтод ******* нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн бүх тасалбар, 10 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагийн бүх цагийн тасалбарын борлуулалт хийж хамтран ажиллах, борлуулсан тасалбар бүрээс 15 хувийн шимтгэлийг ******* авах бөгөөд борлуулсан тасалбарын үнийг зохион байгуулагчид тасалбар хүлээн авснаас хойш 14 хоногийн дараа 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 10-13/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Дээрх хамтран ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

5. Талууд дээрх гэрээг дүгнэж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн. Уг баримтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 40,000,000 төгрөгийн өр төлбөртэй болох талаар баталгаа үйлдсэн байна. /хх 7/ Улмаар, талууд мөн өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь 40,000,000 төгрөгийн төлбөрийг үл маргах журмаар хуваарийн дагуу нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. /хх 6, 8-9/ Дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа болон төлбөр барагдуулах гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй.

5.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Хэрэгт авагдсан баримтаар дээрх тооцооны үлдэгдлийн баталгаа болон төлбөр барагдуулах гэрээг мөн зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хариуцагчийг цахим орчинд айлгасан үг хэллэг хэрэглэсэн гэх тайлбар, татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх талуудын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-г ёс суртахууны хэм хэмжээнд илт харшилсан хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.2 Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулснаас хойш буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Голомт банк дахь *******ийн харилцах дансанд 6,500,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банк дахь гийн харилцах данснаас Голомт банк дахь *******ийн харилцах дансанд 2,500,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг төлсөн болох нь Голомт банк, Капитрон банкны харилцах дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх 37-38, 72, 76/ Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш бодит үйлдлээр мөнгөн төлбөрийг дээрх байдлаар төлж байсан нь тухайн хэлцлийг хийсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 30,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт хариуцагчаас 30,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 30,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН