Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00914

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02532 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-д 2015 онд ажилд орсон бөгөөд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Урт хугацааны зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөгийн зээл олгосон. ******* нь 2035 онд хүртэл компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах үүргийг хүлээсэн. Гэрээний 3.1-т ажилтан 20 жилээс багагүй хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй, 3.6-д ажилтан нь 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ сарын 1.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө гэж заасан.

1.2 Гэтэл ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2019 оны 10 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, нийт 63 сарын хугацаанд сар бүрийн 1.2 хувийн хүүтэйгээр тооцоход 35,120,000 төгрөг болж байна. Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт 35,120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******-тай Урт хугацааны зээлийн гэрээ-г байгуулж, 20,000,000 төгрөг авсан нь үнэн.

2.2 Гэрээ байгуулагдсаны дараа компанид ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ажлаас гарах тухайгаа компанийн удирдлагад танилцуулж, 2023 оны 09 дүгээр сард ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн. Уг хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч намайг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Урт хугацааны зээлийн гэрээ-ний үүргээс бүрэн чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 23,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 277,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэл огт дурдагдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан Урт хугацааны зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бус, мөн хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний шинжийг агуулсан байна. Тус гэрээ нь тодорхой болзол биелсэн тохиолдолд зээл эргэн төлөгдөхгүй байх нөхцөлтэй буюу ажилтан 20 жил нэхэмжлэгч компанид ажилласан тохиолдолд зээл эргэн төлөгдөхгүй, ямар нэгэн төлбөргүйгээр 20,000,000 төгрөг хариуцагчийн өмч болох нөхцөлтэй байгуулсан байна. Үүнээс үзэхэд тус гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээл эргэн төлөгдөх, зээлдүүлэгчийн хувьд зээлийн харилцаа нь эдийн засгийн үр ашигтай байх зэрэг зээлийн гэрээний шинжийг агуулаагүй байна. Харин Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт заасантай талуудын байгуулсан Урт хугацааны зээлийн гэрээ нь тохирч байна.

4.2 Гэрээ байгуулах саналын агуулга болон саналыг хүлээж авсан байдлын нэг нь 20,000,000 төгрөг зээлэх, нөгөө нь 20,000,000 төгрөг зээлүүлэх агуулгаар санал гараагүй бөгөөд харин нэхэмжлэгч компанид хариуцагчийг урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс дэмжлэг үзүүлж хариуцагчид нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг өгсөн, ажилтан 20 жил ажил олгогчид ажилласан тохиолдолд тухайн мөнгө нь эргэн төлөгдөхгүй, үнэ төлбөргүй хариуцагчийн өмч болох хэлцэл хийсэн нь тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний шинжийг хангасан байна.

4.3 Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзээд, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болно гэдэгт энэ хэлцлээс юуг ойлгож байгаа эсэх, улмаар хэлцлийг хэрэгжүүлэх, дуусгавар болгоно гэдэг нь энэ хэлцлийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн дуусгавар болгох зэрэг нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, хүү 15,120,000 төгрөг нийт 35,120,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт авагдсан гэрээний зорилго, зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. *******-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ЦТ-135 дугаар тушаалаар Маркетингийн менежер *******ыг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Импортын хэлтсийн Гадаад харилцаа, маркетингийн албанд орон тооны ажилтнаар томилж, /хх 13/ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 22-27 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, түүнийг Маркетингийн ахлах менежер албан тушаалд ажиллуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 9-12/

4.1 Улмаар, ******* болон ******* нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 01/02 дугаартай Урт хугацааны зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ******* нь шилдэг ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, амьдралын нөхцөлийг сайжруулахыг дэмжих үүднээс *******ад 20,000,000 төгрөгийн зээл олгож, түүнийг 2019 оны 10 дугаар сараас 2035 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлүүлэхгүй, ажилтанд өгсөн урамшуулал болгон тооцох, харин 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд үлдэх зээлийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-8/

4.2 Ажилтан ******* нь 2023 оны 09 дүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд болзол тавьж хийсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний гол зорилго болсон дээрх болзол буюу хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2035 оны 03 дугаар сар хүртэл ажилласан тохиолдолд зээлийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх агуулгатай байна.

Гэвч хариуцагч нь уг хугацаанаас өмнө өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тул гэрээ үндсэн зорилгодоо хүрсэн гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...бэлэглэлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг өгсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх үндсэн зээл 20,000,000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хариуцагчийн ажиллаж эхэлсэн хугацааг гэрээний 3.5-д зааснаар 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс тооцсон байна. Уг хугацаанаас түүний ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 8 жил 6 сарыг 2035 оны 03 дугаар сарыг хүртэл олгосон зээл 20,000,000 төгрөгөөс харилцан тооцох нь гэрээний зорилгод нийцэхээр байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс 8,600,000 төгрөгийг хариуцагч нь ажиллах хугацаандаа өөрийн ажил, хөдөлмөрөөр буцаан төлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үлдэх 11,400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.1 Гэрээний 3.6-д Ажилтан нь 10-аас доош жил ажиллаад ажлаас халагдах тохиолдолд нийт зээлээ 1.2 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлнө гэж заасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 11,400,000 төгрөгийн сарын хүү 136,800 төгрөг болж байх бөгөөд хүүгийн хэмжээг хариуцагч ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тооцоход, нийт 17 сарын хүүгийн төлбөрт 2,325,600 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана. гэж заасны дагуу тодорхойлох хэсэгт хариуцагчийн татгалзлын агуулгыг тусгасан байна.

Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг тусгаагүйн улмаас уг тайлбар, хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 13,725,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,394,400 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 23,840,000 гэснийг 13,725,600 гэж, 11,280,000 гэснийг 21,394,400 гэж,

2 дахь заалтын 277,150 гэснийг 226,578 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН