Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0193/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г.Отгонзаяа

Улсын яллагч                                               Ц.Бямбадорж,

Шүүгдэгч                                                       Ц.С  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Ц.С-т /РД: ..../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 1 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Баруун дөрвөн замын уулзвар орчим Б.Нийн дуудсанаар уулзан түүнтэй маргалдаж улмаар Б.Н-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 1 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Баруун дөрвөн замын уулзвар орчим Б.Нтой маргалдаж улмаар Б.Н-ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “00 цагийн үед баар хаах үед  бид гурав баарнаас хамт гараад А.Энхбаатар нөгөө найзтайгаа хөгшин нь харилаа гэхээр нь бич гэсэн харилаа гээд баарны үүднээс салаад Эзэнт гүрэн зочид буудлын баруун талаар чигээрээ явсан. Баруун дөрвөн замын явган хүний гарцаар гарах гээд явж байхад урд хэдэн залуучууд явж байхад урд хэдэн залуучууд явж байхаар нь  тамхи асаах гал асуух гээд урд явсан залуучуудыг дуудсан чинь  нэг залуу нт эргэж харахаар нь миний зүс таних Ц.С гэх залуу байхаар нь дүү сайхан наадсан уу, хаагуур юу хийж  байна гэсэн чинь нөгөө залуу би хэзээ чиний дүү байсан юм гээд миний нүүр рүү гал бутартал цохиод авсан. Тэгээд би нүүрээ дараад газар унасан би гомдолтой байна шүдээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/

Гэрчээр Б.Санжаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 00 цагийн үед караоке хаагаад гарцгаасан тэгээд би замдаа түц ороод бохь авчихаад хары гээд бид дөрөв 3 дугаар сургуулийн баруун талаар урагшаа төв замаар баруун дөрвөн замын уулзвар гарч байхад араас нэг залуу алхаж явсан. Тэгээд бид зам хөндлөн гараад ирсэн чинь Ц.С нөгөө залууг хөөе юу байна Намжаа ч гэлүү хэн ч гэлээ нөгөө залуутай юм ярьсан чинь нөгөө залуу нь чи хэн бэ гээд хэгжүүрхсэн байдалтай Ц.Сг эгэм рүү нь цохиод авах шиг болсон... Ц.С чи атаман болжээ гээд нөгөө залуу тохойгоороо түлхэж байсан тэгээд би ч нээх анзаараагүй тухайн үед өөр тийшээ хартал миний хажууханд Ц.Стой юм яриад байсан нөгөө залуу газар налаад уначихсан тэгээд юу болов гэсэн чинь нөгөө залуу газар уначихсан уруулнаас нь цус гарчихсан байсан. Тэрхэн зуур л тэр залууг Ц.С цохичих шиг болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/

         Гэрч А.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.С ах та уучихсан байгаа юм уу гэсэн чинь нөгөө ах үгийн солиогүй Ц.Сг үгийн солиогүй тохойгоороо цохиод авчихсан тэгсэн Ц.С нөгөө ахыг зөрүүлээд цохиод авсан чинь нөгөө ах ам аа дараад газар очоод өгсөн...” гэх мэдүүлэг......./хх-ийн 17 тал/

Гэрч Б.Бямбацогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...00 цагийн үед караоке хаах цаг болоод бид дөрөв харих санаатай караокеноос гараад төв зам дагуу алхасан. Эзэнт гүрэн зочид буудлын хойгуур эргээд харсан чинь Ц.С нилээн архи уучихсан хөл дээрээ тогтож ядсан нэг залуутай юм яриад зогсож байсан тэгсэн нөгөө залуу Ц.Сг хоёр ч удаа цохиж байх шиг байсан тэгсэн Ц.С чи яагаад байгаа юм бэ гээд нөгөө залууг зөрүүлээд нэг удаа цохиод авсан чинь нөгөө залуу газар унаад өгчихсөн...” гэх мэдүүлэг......./хх-ийн 18 тал/

            Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Язгууртан хороолол руу такси барих гээд баруун дөрвөн замын хажуугаар явж байхад дөрвөн замын уулзварын урдхан 3 хүүхэд зогсож байсан. Хажууд нь нэг залуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг......./хх-ийн 19 тал/

            Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №325 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Б.Нийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, доод уруулын салстад язарсан шарх, шилбэ өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, биед үүсгэгдсэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт доод уруулын салтстын язарсан шарх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 23 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №326 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Ц.Сын биед баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-ийн 25  тал/

            Яллагдагчаар Ц.С-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.С-ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Н нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 55 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С-ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор, шүүгдэгч нарын саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.С-ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч         Ц.С нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА