Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2019/0064/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                          Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Б.Бямбасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Г.Бадамгэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Г.Баярсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                      Б.А

Шүүгдэгч                                                                      О.М

Шүүгдэгч                                                                      И.С нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.С, О.М, Б.А нарт холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.А , О.М , И.С нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэр болох “Шуусын майханы ар” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 10-наас өдрөөс 11-ний өдрийн хооронд билчээрээс нь иргэн И.С-ийн 6 тооны бярууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А , О.М , И.С нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэр болох “Шуусын майханы ар” гэх газраас 2019 оны 03 дугаар сарын 10-наас өдрөөс 11-ний өдрийн хооронд билчээрээс нь иргэн Т.С-ийн 6 тооны бярууг хулгайлж 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд намайг Хэнтий аймагт байхад буюу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11-12 цагийн үед манай туслах малчин над руу утсаар яриад надад хандан үхрүүдээс маань 1. Хар халзан зүсмийн тугалан бяруу, 2. Улаан халзан тугалан бяруу, 3. Шар эрээн зүсмийн тугалан бяруу, 4. Ногоон халзан зүсмийн тугалан бяруу, 5. Хүрэн халзан тугалан бяруу, 6. Ногоон зүсмийн тугалан бяруу нийт 6 тооны бяруу алга болчихоод байна гэж хэлсэн...Тэгээд алдсан 6 тооны үхрээ ойр хавиар болон Биндэр, Батноров сумдын нутгаар хайж явахад миний алдсан 6 тооны үхэрний 1. Хар халзан зүсмийн тугалан бяруу, 2. Улаан халзан тугалан бяруу, 3. Шар эрээн зүсмийн тугалан бяруу, нийтдээ 3 тооны бяруу маань Батноров сумын Д.Ганхуяг гэх хүний үхрэнд нь байж байсан. Тэгэхээр нь би уг Ганхуяг гэх хүнд  хандан энэ 3 үхэр чинь манай алдагдсан үхрүүд байна гэж хэлэхэд Ганхуяг нь надад хандан энэ 3 үхрийг манай Батноров сумын Сансарбаяр, Алтанхуяг гэх хүмүүс надад зарсан юм аа гэж хэлсэн. Ингэж л би алдсан 6 тооны тугалан бярууг маань Сансарбаяр, Алтанхуяг нарын хүмүүс хулгайлсан байсан болохыг мэдсэн...миний хохирол төлбөр төлөгдсөн. Би 3 тооны тугалан бяруугаа Ганхуяг гэх хүнээс амьдаар нь хүлээн авсан. Нөгөө 3 тооны тугалан бяруугаа 1 бярууг нь 350.000 төгрөгөөр бодож Сансарбаяр, Алтангхуяг, О.М  нараас 1.050.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-51 тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров суманд 2019 оны 03 дугаар сард бяруу худалдаж авч байгаа юм....Сансараа, Алтанхуяг нар манай гэрт ирээд надад би бяруугаа аваад ирсэн байгаа чи очиж үзээд ав гэж хэлсэн. Хаана байгаа юм бэ гэхэд Алтанхуягийн хашаанд байгаа цуг очоод харья гэхээр нь Алтанхуягийн гэрт очиход хашаан дотор нь  Хар халзан,  Улаан халзан, Шар эрээн гурван бяруу байсан. Сансараа надад хэлэхдээ 2 бяруу нь миний нэг бяруу нь Алтанхуягийн бяруу гэж хэлсэн. Сансараа надад 2 бяруугаа 500.000 төгрөгөөр өгсөн...Алтанхуяг, Сансараа хоёр гэрт ирээд үлдсэн нэг бяруугаа заръя гэж хэлээд ...170.000 төгрөгөөр зарсан...гурван бярууг аваад хашаандаа аваачаад тавьсан юм…дараа нь би буцаагаад залгахад Алтанхуяг би хулгайлсан юмаа. Би шөнөдөө юм уу маргааш өглөө эрт очоод буцаагаад тавихгүй бол болохгүй би хүний юм аваад ирсэн юм гэж хэлсэн...надад мөнгөө буцааж өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” ...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/

 

   Гэрчээр Б.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би дэлгүүрээс 2 ширхэг 0.75 литрийн Цагаан гэх архи аваад Сансараагийн машин дотор Майнбаяр, Сансараа бид гурав ууж байгаад хоорондоо мөнгөний хэрэгцээ байна гэж ярилцаж байгаад би Биндэр сумын урт тал Шуус гэх газарлуу очъё тэнд үхэр ихтэй тэндээс хэдэн бяруу хулгайлаж ирье гэж хэлээд Майнбаяр, Сансараа нар зөвшөөрөөд 16 цагийн орчимд Сансараагийн машинтай хөдөлсөн...бид гурав Биндэр сумын нутаг Шуусын гол гэх газар очоод...эзэнгүй айлын саравч таараад   очиход саравчны гадаа айлын үхэр байхаар нь хашаа руу оруулж хашиж байгаад Сансараагийн машинд байсан мяндсан бугуйлаар бугуйлдаж Улаан эрээн тугалан бяруу, Ногоон халзан, Уха тугалан бяруу, Улаан халзан тугалан бяруу, Хар халзан тугалан бяруу, Ухаа тугалан бяруу зэрэг 6 тооны бариад хашаанаас гаргаж байгаад Сансараагийн машины багажийг нь онгойлгож байгаад ачаад Батноров сум орох замдаа сумын төвөөс 10 км орчимд байдаг Майнбаярын хөдөө гэрт 6 бярууг буулгаж орхисон”...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/

Гэрчээр О.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сансараагийн машинд ууж байхад мөнгөний хэрэгцээ байна гэж хоорондоо ярилцаж байхад Алтанхуяг гурвуулаа Шуусын гол өгсөөд явья тийшээ үхэр ихтэй байна лээ хэдэн бяруу хулгай хийж ирье ...гээд Сансараагийн машинтай ...бид гурав явж байхад гадаа харанхуй болохоор нь айлын саравч олоод очиход саравч дээр нь айлын үхэр байхаар нь хашиж байгаад бид гурав ээлжлээд бугуйлдаж шар эрээн бяруу, хар халзан бяруу, хүрэн халзан бяруу, улаан халзан бяруу, хоёр ногоон бяруу гэсэн нийт 6 тооны бярууг барьж Сансараагийн унаж явсан ногоон өнгийн микро маркийн машины ард ачаад буцаад Биндэр сум орсон”...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/

 

Гэрчээр И.С ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд машинаа зогсоогоод бид гурав үхрийг бөөнд нь хашааруу нь тууж оруулж би хашааны аман дээр нь зогсож машины ард явж байсан татлага, олс дээснээс Алтанхуяг авч Майнбаяр тэр хоёр ээлжилж нэг нэгээр нь бугуйлдаж авчирч машинд ачсаар 6 бяруу болоод машинд багтахгүй болохоор нь больсон... би энэ машиныг 2019 оны 01 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сүхдаваа гэх хүнээс 2 сая төгрөгөнд бодож мотоцикль оролцуулан авсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Сүхдаваагийн нэр дээр байгаа би өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй байгаа” ...гэх мэдүүлэг/хх-ийн 68-70 тал/

 

Гэрч Д.Сүхдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ оны 01 дүгээр сард Сансарбатад 2.000.000 төгрөгөөр зарсан...би анх 2013 онд Улаанбаатар хотод машины ченжээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Тэгээд нэр дээрээ солиулж амжаагүй юм. Би 2013 онд 9.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Чойжамц одоо хаана байгаа холбоо барих утасны дугаарыг мэдэхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-18 тал/,

Алдагдсан малын үнэлгээ /хх-ийн 42 тал/

Шүгдэгч О.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сансарбаяр, Алтанхуяг хоёр манайд нэг шил архи ууя гээд ирсэн. Тэгээд ууж сууж байгаад архиныхаа халуунд Хэнтий аймгийн Биндэр сум руу явчихсан байсан. Тэгээд ийм зүйл болчихлоо, хохирогчид хохирол төлбөрт 650.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг,

Шүүгдэгч И.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр Алтанхуяг бид хоёр цуг архи ууж байгаад хоёулаа Майнбаярынд очиж уусан. Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Хохирол төлбөрийн хувьд 650 000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлгүүд болон нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна.

 

Шүүгдэгч И.С , О.М , Б.А  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.С , О.М , Б.А  нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  И.С , О.М , Б.А  нар нь хохирогч Т.Сүхтогоо, иргэний нэхэмжлэгч Д.Ганхуягт нарт хохирол төлж барагдуулсан болох нь  эд мөрийн баримтаар хууран авсан 3 тооны бярууг хохирогч М.Сүхтогоод хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 тал/, мөн хохирогч Т.Сүхтогоод 3 бярууны хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 155 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Ганхуягт 3 бярууны мөнгө болох 670.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 156 тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал болон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан эсэх зэрэг хувийн байдлыг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

             1.Шүүгдэгч О.М , И.С, Б.А нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М , И.С нарыг тус бүр 6 /зургаа/ сар, Б.А ыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М , И.С нарт оногдуулсан 6 /зургаа/ сар, Б.А т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М , И.С , Б.А  нарыг цагдан хорьсугай.

 

5.Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн олсон бугуйлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  И.С ын эзэмшлийн 49-30 УНЛ улсын дугаартай ногоон өнгийн Хюндэй Грес микро автобусыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэл хэвээр үлдээж, албадлагын арга хэмжээ биелэгдмэгц 49-30 УНЛ улсын дугаартай ногоон өнгийн Хюндэй Грес микро автобусыг шүүгдэгч И.С т буцаан олгож, микро автобусын үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч О.М , И.С нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичгүүд шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М , И.С , Б.А т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   Ц.МӨНХТУЛГА