| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/00513/И |
| Дугаар | 210/МА2025/00981 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00981
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02905 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* маркийн автомашиныг *******т 132,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, мөн өдөр автомашиныг *******т шилжүүлэн өгсөн. ******* нь үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй. Иймд *******аас 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******аас ******* маркийн автомашиныг 132,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашины төлбөрт ******* маркийн автомашиныг 125,000,000 төгрөгт тооцож өгсөн. Мөн дансаар 12,000,000 төгрөг шилжүүлсэн.
2.2 ******* нь өөрт хэрэгтэй байна гэж надаар 40,000,000 төгрөгийн алданги төлүүлэх талаар бичиг хийлгэж авсан. Уг гар бичгийг би өөрөө хүсэж үйлдээгүй. Иймд гэрээний дагуу төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь 132,000,000 төгрөг бүхий ******* маркийн автомашиныг зээлээр худалдан авсан. Гэрээнд урьдчилгаа 12,000,000 төгрөг төлөхөөр заасан. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх баримтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй.
4.2 Шүүх 120,000,000 төгрөгт хариуцагч нь ******* маркийн автомашиныг хүлээн авсан талаар маргаагүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч энэ автомашиныг хүлээн аваагүй, мөн төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн, авсан баримт хэрэгт байхгүй байхад хүлээн авсан талаар маргаагүй гэж дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
4. ******* болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2567 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 132,000,000 төгрөгөөр *******т худалдах, ******* нь урьдчилгаа 12,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4/
4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Тайлбар гаргах нь баримт үйлдэж, уг баримтад ******* би *******аас 2022 оны 11-р сард ******* маркийн автомашин авсан болно. 132,000,000 /зуун гучин хоёр сая/ төгрөгөөр авсан болно. Үүнээс 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг өгч, зуун хорин сая үлдсэн энэ үнийн дүнд зуун хорин таван саяд ******* маркийн автомашин өгсөн. 2023 оны 09.21-нд тэгээд үлдэгдэл алданги, хүүд тооцогдон дөчин сая төгрөгийг 2023 оны 12 сарын 31-нд багтан машинаар төлж барагдуулна гэжээ. /хх 5/
5.1 Дээрх баримтаас үзвэл хариуцагч нь гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн автомашины үнэ 132,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 120,000,000 төгрөгт ******* маркийн автомашиныг тооцон шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагчаас авах мөнгөндөө тооцож машин авсан гэх тайлбараас үзвэл хариуцагчийг дээрх ******* маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэхээр байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн баримтад заасан 12,000,000 төгрөгийг хариуцагчтай байгуулсан өөр гэрээ, хэлцлийн дагуу буюу энэхүү маргаанд хамааралгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 132,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Мөн нэхэмжлэгчийн ...хариуцагчийн гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх баримтыг үндэслэл болгосон гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, шүүх хэргийн 29 дүгээр талд авагдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгоогүй байна. Харин талуудын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн баримтад нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул уг баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН