Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2019/0064/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                          Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Б.Бямбасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            С.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Б.Болортунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            Л.Наранчимэг

Шүүгдэгч                                                                      Т.Г

Шүүгдэгч                                                                      С.П

Шүүгдэгч                                                                      Х.О нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, С.П, Х.ОБоржигон овгийн Халтарын Отгонбаатар нарт холбогдох 1939.... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянхүрээ” гэх газраас иргэн Х.Буянхишигийн хар зүсмийн хязаалан насны 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Птай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны гүүг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

С.Птай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Хүрээний зуух” гэх газраас Ц.Батзоригийн 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн С.Оюунбаатарыг хуурч урьдийн харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Норовсүрэнгийн нэрийг барьж иргэн Х.Буянхишигийн хониноос 2 тооны ямаа залилан авч  280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн ба бусдад нийт 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Яллагдагч С.П нь Т.Гтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны гүүг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Т.Гтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн ба бусдад нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Яллагдагч Х.О нь Төмөрийн Гантулгын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын дүгээр баг “Хүрээний зуух” гэх газраас Ц.Батзоригийн 1 тооны адууг хулгайлсныг,

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн С.Оюунбаатарыг хуурч урьдийн харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Норовсүрэнгийн нэрийг барьж иргэн Х.Буянхишигийн хониноос 2 тооны ямаа залилан авсныг тус тус мэдсээр байж авч, зарж борлуулан 900.000 төгрөгийг авсан гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянхишигийн мэдүүлэг /хх-ийн 67 тал/, хохирогч Ж.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 57-59 тал/, хохирогч Ц.Батзоригийн  мэдүүлэг. /хх-ийн 63 тал/ Хохирогч Б.Буянхишигийн /хх-ийн 76-77 тал/ хохирогч С.Оюунбаатарын мэдүүлэг. /Хх-ийн 101 тал/ иргэний нэхэмжлэгч Н.Энх-Уянгын мэдүүлэг. /хх-ийн 82 тал/ иргэний нэхэмжлэгч Н.Энхбатын мэдүүлэг. /хх-ийн 85 тал/, алдагдсан малын үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч Төмөрийн Гантулга нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянхүрээ” гэх газраас иргэн Х.Буянхишигийн хар зүсмийн хязаалан насны 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэрч П.Хүрэлбаатарын: ... 2018 оны 11 дүгээр сард Баянхутаг сумын “Баянхүрээ” гэх газраас өөрийн адуунаасаа 1 тооны хар зүсмийн үрээ алдсан. ... Гантулга авсан байсан хулгайлсан хар үрээнийхээ оронд хонгор халзан бага адуу өгсөн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 87 хуудас/

Гэрч Х.Отгонбаатарын: ... Гантулга манайд 4 хөл цагаан хүрэн халзан морь унаад хар ногоон үрээ хөтөлж ирсэн тэгээд үрээгээ манай гадаа нядалсан. Би Гантулгаас юун үрээ вэ гэхэд ногоон Хүрлээгээс авсан гэж байсан. Гантулга өвлийн хүнсэндээ хэрэглэнэ гэж байсан гэсэн мэдүлэг. /Хх-ийн 92 хуудас/

Т.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр шиг санаж байна би малдаа явж байгаад Батсайхан гэдэг хүний ягаан азаргатай адуу Хэнтий аймгийн Баянхутаг сум 1 дүгээр баг Баянхутаг уулын урд байсан. Тэр адуун дотор Хүрэлбаатар гэдэг хүний хар ногоон зүсмийн үрээ явж байсан уургалж барьж аваад Отгонбаатарын гэрийн гадаа нядалсан. ... Отгонбаатар юун адуу юм бэ гэхэд Хүрлээ ахаас худалдаж авсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 90 хуудас/

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 140 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

2. Т.Г, С.П нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны гүүг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэрч Ж.Галхүүгийн: 2018 оны 12 дугаар сарын 20-д гарчихсан шинэ жилийн өмнөхөн шиг санаж байна Пүрэвжав надад адууны мах зарна гэхээр нь хэдээр зарах юм гэхэд 400.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд би адууны махыг нь худалдаж авсан. Пүрэвжавынх Бадрах гэх газар нутаглаж байсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 127 хуудас/

Т.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний 16 цагийн үед Баянхутаг сумын нутаг “Бадрах”-ын энгэрт нутаглах Пүрэвжавынд очиж байж байгаад 00 цагийн үед Пүрэвжавтай хамт Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах”-ын хошууны цаад дор нутаглаж байсан Нэргүй гэдэг хүний адуун дээр очиж Пүрэвжав алхан тамгатай цагаан бор гүүг уургаар барьж би хазаарлаад бид хоёр эргэж Пүрэвжавын  гэрийн гадаа ирээд тэр адуугаа хамт хийж гэдсийг нь мал ажилласан газраа сэвсээр нь булаад хаясан. ... Пүрэвжав хулгайлсан адууныхаа махыг аваад үлдсэн. ... хэд хононгийн дараа Пүрэвжав надад 90.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 123 хуудас/

С.П гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... Гантулга бид хоёр манайд байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед манайхаас мордож Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бадрах”-ын байруун хойно бэлчиж байсан адуунаас алхан тамгатай бор гүү бариад манай гэрийн гадаа ажилласан. ... 2 хоногийн дараа Галхүү ах руу залгаад адууны мах авах уу гэхэд идшиндээ 1 адуу иднэ хэдэн төгрөгөөр зарах юм гэхээр нь 400.000 төгрөгөөр зарна хязаалан адуу байна гэж хэлсэн. ... Гантулгад 90.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 125 хуудас/

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 147 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

3. Т.Г, С.П нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бадрах” гэх газраас иргэн Ж.Нэргүйн 1 тооны даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэрч Н.Энхбатын: ... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Эрдэнээ ах намайг хэдэн хонь ажиллаад аймаг явах гэж байхад ах нь чамд 1 адууны мах өгч явуулъя арьс толгойг нь орхичихсон байна ахдаа борлуулаад өгчих гэхээр нь би тэр адууны махыг авч явж аймагт борлуулаад 500.000 төгрөг Эрдэнээ ахад өгсөн гэсэн мэдүүлэг.

С.П гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед Баянхутаг уулын баруун урд дор нутаглаж байсан Гантулгынд очсон. Гантулгад Нэргүйгийн адуунаас дахиад 1-ийг авчихъя гэсэн чинь Гантулга тэгье ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй.  Гантулга бид хоёр Гантулгынхаас мордож баруун хойш “Бадрах”-ын чигтээ явж Нэргүйгийн адууг “Бадрах”-ын худгийн баруун хойд талд байхад очиж хонгор зүсмийн даага уургалж бариад манай гэрийн гадаа авчирч ажилласан. Би дааганы махыг гэрийнхээ гадаах вагончиконд байлгаж байгаад 3 хоногийн дараа малын эзэн Энхбат ахад хоньчин Эрдэнээ ахаар манай найз авчирч өгсөн би адуу авах ёстой байсан гэж хэлүүлээд Энхбат ахаар аймаг руу өгч явуулж заруулж 350.000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 131 хуудас/

Т.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... Пүрэвжав манайд халтар морьтой ирээд Нэргүйгийн адуунаас ганц адуу барих гэсэн юм оосорлоод өгчих гэхээр нь би зөвшөөрөөд ... хонгор зүсмийн даагыг уургалж бариад Пүрэвжавын гадаа ажилласан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 134 хуудас/

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 153 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

4. Т.Г, С.П нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хүрээгийн зуух” гэх газраас Ц.Батзоригийн 1 тооны морийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэрч Т.Отгонгэрэлийн: ... Манай нөхөр 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед хөдөө адуугаа очиж тоолоход бүрэн байна гэж ирсэн. Тэрнээс хойш адуун дээрээ очоогүй. Манай алга болсон ам амаа харсан саран тамгатай бор гүү Батсайхан ахын хонгор халзан азаргатай адуунд байдаг юм. 2 жил сувайрсан маш тарган,  хурдан удмын гүү юм гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 111 хуудас/

Т.Г гэрчээр мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 02 дугаар сарын 03- өдөр  Батзориг ахын  хонгор халзан азаргатай адууг  Норовоогийн  гадаа тууж очсон. Норовоо гэртээ байхгүй байсан малыг нь маллаж байгаа гээд нэг өвгөн байсан. Адууг хашиж байгаад бор зүсмийн гүүг барьж ганцаараа нядалсан. Норовоогийн малчин өвгөнд Норовоо хоёр тооны ямаа ав гэж худлаа хэлээд  хашаатай хониноос нь хоёр ямааг нь барьж аваад нядалсан. Тэгээд Отгонбаатар ах руу утсаар залгахад Отгонбаатар ах Хэнтий аймагт байна гэсэн. Би Отгонбаатарт адуу хулгай хийгээд нядлаад дуусчихлаа та хүрээд ирэх үү гэсэн Отгонбаатар ах за за гэсэн. Тэгээд Отгонбаатар ах 2 цаг гарны дараа байх 21 цагийн орчим ирээд цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Тэгээд адуу ямааны махыг ачаад явсан би гэртээ очиж амарсан. /Хх-ийн 94 хуудас/

Х.О гэрчээр мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 03-ны 16 цагийн үед Гантулга гар утаснаасаа залгаад би Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хүрээ”-гийн зүүн урд дор Норовоогийн гадаа 1 тооны адуу нядалчихаад байна. Та машинтай хүрээд ир надад борлуулаад өгчих гэж ярьсан. Би тухайн өдөр машин олоод Норовоогийн гадаа очиход Гантулга, Норовоогийн малчин өвгөн хоёр байсан. Тухайн үед намайг очиход гадаа харанхуй болчихсон байсан ба Гантулгын нядалсан адуу бор гүү, 2 улаан зүсмийн ямааны мах, арьс зэргийг машинд ачаад аймаг руу явсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 113 хуудас/

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 159 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

5. Т.Г нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн С.Оюунбаатарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Норовсүрэнгийн нэрийг барьж иргэн Х.Буянхишигийн хониноос 2 тооны ямааг залилан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Т.Г гэрчээр мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 02 дугаар сарын 03- өдөр  Батзориг ахын  хонгор халзан азаргатай адууг  Норовоогийн  гадаа тууж очсон. Норовоо гэртээ байхгүй байсан малыг нь маллаж байгаа гээд нэг өвгөн байсан. Адууг хашиж байгаад бор зүсмийн гүүг барьж ганцаараа нядалсан. Норовоогийн малчин өвгөнд Норовоо хоёр тооны ямаа ав гэж худлаа хэлээд  хашаатай хониноос нь хоёр ямааг нь барьж аваад нядалсан. Тэгээд Отгонбаатар ах руу утсаар залгахад Отгонбаатар ах Хэнтий аймагт байна гэсэн. Би Отгонбаатарт адуу хулгай хийгээд нядлаад дуусчихлаа та хүрээд ирэх үү гэсэн Отгонбаатар ах за за гэсэн. Тэгээд Отгонбаатар ах 2 цаг гарны дараа байх 21 цагийн орчим ирээд цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Тэгээд адуу ямааны махыг ачаад явсан би гэртээ очиж амарсан. /Хх-ийн 94 хуудас/

Х.О гэрчээр мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 03-ны 16 цагийн үед Гантулга гар утаснаасаа залгаад би Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хүрээ”-гийн зүүн урд дор Норовоогийн гадаа 1 тооны адуу нядалчихаад байна. Та машинтай хүрээд ир надад борлуулаад өгчих гэж ярьсан. Би тухайн өдөр машин олоод Норовоогийн гадаа очиход Гантулга, Норовоогийн малчин өвгөн хоёр байсан. Тухайн үед намайг очиход гадаа харанхуй болчихсон байсан ба Гантулгын нядалсан адуу бор гүү, 2 улаан зүсмийн ямааны мах, арьс зэргийг машинд ачаад аймаг руу явсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 113 хуудас/

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 159 тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

6. Шүүгдэгч Халтарын Отгонбаатар нь Төмөрийн Гантулгын  2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хүрээгийн зуух” гэх газраас Ц.Батзоригийн 1 тооны адуу хулгайлсаныг,

2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Бумбан тохой” гэх газар оршин суух иргэн С.Оюунбаатарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Норовсүрэнгийн нэрийг барьж иргэн Х.Буянхишигийн хониноос 2 тооны ямааг залилан авсаныг тус тус мэдсээр байж буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулан 900.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2019 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би Хэнтий аймгийн төвд байдаг гэртээ байсан. Манай  хөдөө гэрийн дугаараас надруу залгасан. Манай малчин Оюунбаатар надад утсаар өчигдөр орой манай гэрийн гадаа хүн адуу авчираад манай хонины хашаанд хашиж байгаад нэг адуу бариж аваад тэр адуугаа хашаа давуулж алдсан дараа нь мөн бор зүсмийн адуу барьж аваад түүнийгээ манай гэрийн гадаа үнс асгадаг газарт нядалсан мөн манай ямаанаас духан дээр нь алхаар цохиж унагаад арьстай нь хамт машинд ачсан гэж надад хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Отгонбаатар гэр залуу манай нөхрийн хаана байга вэ гээд надаас утсаар асуугаад байсан. Би тэгэхээр яагаад Отгонбаатар бид нарыг гэртээ байна уу гээд асуугаад байсан юм бол гэж бодоод Отгонбаатар руу утсаар залгаж чи яагаад манай хонь ямаанаас авдаг юм вэ гэж  тулгаж асуухад Отгонбаатар хоёулаа уулзаж байж  ярипцъя гэж хэлсэн. Отгонбаатартай элит 24 цайны газрын урд талын зам дээр уупзаж Отгонбаатарын  автомашиндаа суулгаж юу  болсон талаар асуухад Тулга надад  танай ямаанаас хулгайлж өгсөн. Гантулга дээр очиж уулзая гэж хэлсэн. Тэгээд Гантулгын очиж юу болсон талаар асуухад Гантулга юу ч дуугараагүй гэсэн мэдүүлэг.

Гэрч Х.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би эцэг эхийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. Манай малчныг Оюунбаатар гэдэг. 2019 оны 02 дугаар сарын 02-04-ний өдрийн хооронд манай малчин ганцаараа мал дээрээ байсан. ... Оюунбаатар ээжийн утас руу хөдөө гэрээс залгаж Гантулга гэх хүн миний нэрийг барьж манай хашаатай байсан хонь ямаанаас 2 ямааг хонины хашааны гадна талд гарган нядлаад арьс толгойтой нь машинд ачсан мөн хонины хашаанд адуу хашаад бор зүсмийн адуу барьж аваад түүнийгээ нядлаад аваад явсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 96 тал/

Гэрч С.Оюунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Хүрэлбаатарын хонь ямааг хардаг энэ жилийн битүүний өмнөх өдөр Гантулга манайд ирээд Норовоо ямаа ав гэсэн гээд хашаатай байсан  хониноос 2 ямаа бариж аваад нядалсан. Мөн Гантулга адуу хөөж ирээд нэг бор адуу барьж аваад нядалсан. Дараа Отгонбаатар машинтай ирээд 1 адуу 2 ямааны махыг ачаад явсан гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 103 тал/

Гэрч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2019 оны 02 дугаар сарын 03, 04-ний үед яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. намайг Хэнтий аймагт 79-26 ХЭҮ улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгслээр таксинд явж байхад найз Энхбат утасдаж халтуурын ажил байна явах уу гэхээр нь тэгье хаашаа явах юм гэсэн чинь манай ах хөдөө явах гээд байгаа юм чи очоод уулзчих гээд надад гэрийнх нь хаягыг зааж өгсөн. Ингээд би Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөд авто вокзалын баруун талын эгнээнд очиж махлаг өндөр шар царайтай ахтай уулзахад хөдөө явах гэсэн юм машин олдохгүй байна хөдөө адуу хийчихсэн удахгүй ачаад ирнэ гэж хэлэхээр нь би 90.000 төгрөгөөр явна гэж тохиролцоод тэр ахтай хамт Сүхбаатар аймаг руу явдаг төв асфалтан замаар явж Баянхутаг сумын 1 дүгээр баг Жаргалантын гуанз өнгөрөөд Дорнод явдаг замаар явж байгаад асфалтан замаас зүүн гар тийш ертөнцийн зүгээр хойд зүгт бууж бүдэг замаар явсан. Тэр хүн надад өөрөө зам зааж өгч байгаад нэг айлын гадаа очиход айлын урд талд хонины хашааны урд талд тэргэн дээр нядалчихсан малын мах байсан би тэрэгний хажууд зогсоод хамт явсан ах буугаад машины ар онгойлгоод тэнд байсан дээлтэй хүнтэй хамт 1 адууны мах, 2 ямааны мах ачсан. Ингээд мах ачилцсан залуу тэнд үлдээд аймагаас хамт явсан ах бид хоёр махаа ачаад аймагт орж ирээд Улаанбаатар хот явдаг авто зогсоолын хойд талд байрладаг блокоор барьсан хашаанд орж махаа өгсөн” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 116 тал/     

Гэрч Х.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би 2019 оны 02 дугаар сард буюу цагаан сарын тоос шороо гөвдөг өдөр би Хэнтий аймгийн төвд гэртэй эхнэр хүүхдийн хамт байхад манай хүргэн Батсайханы малыг хардаг Гантулга нь утсаар надруу залган нэг адуу хоёр ямаа надад борлуулаад өгөөч гэж хэлсэн өмнө надад хэлхээс өмнө өөр хүмүүсрүү хэлсэн юм байна лээ би нэрийг нь санахгүй байна сүүлд нь би нэрийг нь тодруулаад өгий тэгээд би Гантулгыг утсаар ярьсаны дараа би Улаанбааатар хотод байгаа хүргэн Батаа гэх хүнрүү утсаар ярьсан хөдөө явах унаа байна уу гэж хэлсэн тэгээд Батаа гэх хүн би хүнээс асуугаад хэлий гээд дараа нь надад  цагаан өнгийн жижиг машин олж өгсөн тэгээд тэр олж өгсөн машины жолоочтой нь хамт би хөдөө Хүрэлбаатар гэх айлынд очсон учир нь Гантулга нь тэнд хүрээд ир гэж утсаар хэлсэн тэгээд намайг машин аваад очход хоёр ямаа нэг тооны адуу нядалсан байсан тэр 2 ямаа болон нэг тооны адууны мах арьсыг нь машины ард Гантулгын хамт хийсэн тэгээд Гантулга гэртээ адуу малаа харна гээд үлдсэн та наад малаа борлуулаад өгөөч би очоод мөнгийг нь авий гэж хэлсэн тэгээд би очсон машинтайгаа хамт нядалсан 1 тооны адуу болон 2 тооны ямааны махаа ачаад Хэнтий аймаг орсон  мал мах худалдан авдаг ченж Бат-Өлзий гэх ченжид өгсөн тэр адуу ямааны мах нь нийт 900,000 есөн зуун мянган төгрөг болсон би тэр мөнгийг нь өөрөө цагаан сараар хэрэглэсэн учир нь Гантулга нь ирж авна гээд авахгүй болхоор нь би хэрэглэсэн тэгээд маргааш нь буюу цагаан сарын битүүны өглөө Буянхишиг гэх хүн утсаар надруу залган юун ямаа нядалсан бэ гэж асуусан тэгэхлээр нь би мэдэхгүй байна намайг Хэнтий аймгаа очиход Гантулга нь нядалсан байсан гэж хэлсэн тэгээд Буянхишиг нь намайг ирж уулз гэж хэлсэн тэгээд би Элит цайны газрын гадаа уулзан би машинд нь суугаад хөдөө гэрлүү нь очсон тэгээд тэнд очоод хонь ямааг нь тоолсон тэгээд 2 ямаа дутлаа гэж хэлсэн  тэгээд мөн манай ямаанаас цөөхөн цөөхнөөр дутсаар байгаад 25 ямаа 2 хонь дутсан тэрийг төл гэж хэлсэн тэгээд цагдаад хэлнэ гээд айлгасан тэгэхлээр нь би 25 ямаа 2 хонь өгсөн” гэх мэдүүлэг /Хх-ийн 108 тал/

Т.Г гэрчээр мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр  Батзориг ахын  хонгор халзан азаргатай адууг  Норовоогийн  гадаа тууж очсон. Норовоо гэртээ байхгүй байсан малыг нь маллаж байгаа гээд нэг өвгөн байсан. Адууг хашиж  байгаад бор зүсмийн гүүг барьж ганцаараа нядалсан. Норовоогийн малчин өвгөнд Норовоо хоёр тооны ямаа ав гэж худлаа хэлээд хашаатай хониноос нь хоёр ямааг нь барьж аваад нядалсан. Тэгээд Отгонбаатар ах руу утсаар залгахад Отгонбаатар ах Хэнтий аймагт байна гэсэн. Би Отгонбаатарт адуу хулгай хийгээд нядлаад дуусчихлаа та хүрээд ирэх үү гэсэн Отгонбаатар ах за за гэсэн. Тэгээд Отгонбаатар ах 2 цаг гарны дараа байх 21 цагийн орчим ирээд цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Тэгээд адуу ямааны махыг ачаад явсан би гэртээ очиж амарсан гэсэн мэдүүлэг,

Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 159 тал/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Г, С.П нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг,  мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан залилах гэмт хэрэг, Х.Отгонбаатарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулж мөнгө угаасан гэмт хэрэг мөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Г, С.П, Х.О нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Т.Г, С.П, Х.О нар нь хохирогч нарт хохирол төлж барагдуулсан болох нь  хохирогч Х.Буянхишиг /хх-ийн 37 тал/, хохирогч Ц.Батзориг /хх-ийн 38 тал/,  хохирогч Ж.Нэргүй /хх-ийн 40-41 тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьдын үнийг шүүгдэгч нараас гаргуулж, халтар зүсмийн морь, 4 хөл цагаан зээрд морьдыг хууль ёсны өмчлөгч Н.Энхбат, Н.Энх-Уянга нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдлуудыг ял хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэсэн, давтан үйлдсэн, урьд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож гэмт хэрэгт оролцсон оролцооны байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдууллаа.

Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Г, С.П нарыг бүлэглэн бусдын мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай, Т.Г-г залилах буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Х.О-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-г 10 /арав/ сар, Т.Г-г 2 /хоёр жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн ялаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.О-г тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, шүүгдэгч С.П-т оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Т.Г, С.П нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан халтар зүсмийн морь, 4 хөл цагаан зээрд моридыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 15, 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч Н.Энхбат, Н.Энх-Уянга нарт буцаан олгож, морины үнийг шүүгдэгч Т.Г-с 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгч С.П-с 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Т.Г, С.П нарыг цагдан хорьсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   Ц.МӨНХТУЛГА