Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01009

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02222 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 109,704,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******ын ******* аппликейшнээр дамжуулан гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг, сарын 3.8 хувийн хүүтэй, 195 сарын хугацаатай, сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлж, шилжүүлсэн.

1.2 ******* үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй зээлийн гэрээний 7.2.1 болон зээлийн графикийг зөрчсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд *******аас үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,704,395 төгрөг, нийт 109,704,395 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 109,704,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 706,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хурлын товыг хуульд заасан аргаар мэдэгдэлгүй талуудыг шүүх хуралд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.2 Мөн хариуцагч болон өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олголгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх эрхийг зөрчин гагцхүү нэг талын байр сууринд тулгуурлан хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4.3 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 35,317,934 төгрөгийг төлсөн буюу хүүг бүхэлд нь төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж хариуцагчаас үндэслэлгүйгээр зээлийн гэрээний хүүд 10,101,756 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн байна.

Иймд хүү 10,101,756 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар дамжуулан мэдэгдэхэд хариуцагч за гэж хэлсэн болох нь хэргийн 51 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдоно. Мөн шүүх хуралдааны товыг хуульд нийцүүлэн зарлаж, шүүхийн мэдэгдэх хуудсыг талуудад хүргүүлж хариуцагч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжийг олгосон.

5.2 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн дэлгэрэнгүй тооцоолол болон хэргийн 47, 48 дугаар талд авагдсан хариуцагчид олгосон нийт зээл, хүүгийн тооцооллыг баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч 25,317,934 төгрөгийг төлсөн нь нотлогдож байхад хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо 35,317,934 төгрөгийг төлсөн гэж дурдсан нь үндэслэлгүй.

Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 8 удаагийн зээлийн хүсэлтээр 112,560,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 25,317,934 төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Хамгийн сүүлийн зээлийн төлөлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Тухайн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу нийт 99 хоногийн зээлийн хүү 10,101,750 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 9,704,395 төгрөг, нийт 109,704,395 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Хэргийн 29 дүгээр талд Зээлийн дэлгэрэнгүй тооцоолол гэх баримтаар *******-аас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 удаагийн гүйлгээгээр нийт 241,560,000 төгрөгийг *******д олгосон баримт авагдсан байна.

4.1 Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь аль үнийн дүнгээр үндсэн зээл 100,000,000 төгрөг шаардаж буй нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид хэдэн төгрөг шилжүүлсэн, үүнээс хэдэн төгрөгийг хариуцагч буцаан төлсөн, мөн хүүгийн төлбөрийг хэрхэн тооцсон зэрэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай байхаас гадна хэргийн 29, 47-48 дугаар талд авагдсан Зээлийн дэлгэрэнгүй түүх гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж чадахгүй байна.

5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Хэрэгт авагдсан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээ-ээр /хх 6-10/ талууд зээлийн хүүгийн хэмжээг тохиролцсон эсэх нь тодорхойгүй, уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

6. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...товыг хуульд заасан аргаар мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцах боломж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/12694 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчид 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн байна. /хх 51/

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхаас гадна давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/02222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН