| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0574/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 608
2019 07 31 2019/ШЦТ/608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон овогт Цогтбаатарын Азжаргалд холбогдох эрүүгийн 1911014360599 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-134 тоотод оршин суудаг, урьд 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Хотон овгийн ЦА, /РД:..........,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц.А нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1040 тоотод хойд эцэг Б.Мөнхбаатартай согтуугаар “чиний гэр юм уу” гэх зэргээр маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж мөн хүзүүг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Мөнхбаатар намайг бага байхад миний ээжтэй сууж байсан. Манай дүү Энхзул бол Мөнхбаатарын төрсөн охин нь байгаа юм. Мөнхбаатар намайг бага байхаас авахуулаад ээж бид хоёрыг гэрээс хамт хөөгөөд гаргачихдаг ерөнхийдөө их дарамталж их ад үздэг байсан. Ээжийг байхгүй үед намайг гэрт байлгахгүй хөөгөөд л явуулчихдаг байсан. Ер нь намайг ад үзсээр байгаад л гудамжинд гаргаж байсан хүн байгаа юм. Би энэ асуудал болсноос хойш хоёр дүүгээр чихэр боов аваад Мөнхбаатар ахаас уучлал гуйх гээд эрүүл саруул очсон чинь Мөнхбаатар шууд намайг зайл гэж хөөгөөд цагдаа дуудчихсан. Тэгээд би дахин тийшээ зүглээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,
Хохирогч Б.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...14-15-ны шилжих шөнө 03 цаг миний дагавар хүү Азжаргал манай гэрт согтуу хүрээд ирсэн. Азжаргалыг би архи уусан үед нь бол үздэггүй юм. Архи уусан үедээ тавтиргүй зантай хүн байгаа юм. Азжаргал архи уугаагүй гээд надтай маргалдаад байхаар нь би хөөсөн чинь чиний гэр юм уу гээд маргалдаж байгаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд Азжаргал чамайг ер нь алчихъя л даа гэхээр нь би чи ал л даа нэг мөсөн гүйцээчихээрэй гэж хэлсэн. Тэгтэл Азжаргал шургуулганаас хутга аваад намайг орон дээр дарж хэвтээд хоолойг маань зүссэн. Намайг ганц нэг цохиж аваад газар унагаачихаад өөрөө миний орон дээр хэвтээд өгөхөөр нь би босч хажуу айлынхаа хүмүүсийг нүдэж сэрээгээд цагдаад дуудлага өгүүлсэн юм. Надад одоо гомдол санал байхгүй .... гэх /хх-ийн 15-16х/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6х/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11х/
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 12х/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-39х/,
Шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №410 дугаартай дүгнэлт
Б.Мөнхбаатарын биед хүзүүнд шарх тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй ... гэх /хх-ийн 40-41х/,
Гэрч И.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Шөнө манай гэрийн хаалгыг Мөнхөө ах нүдээд ах нь хутгалуулчихлаа гэсэн. Мөнхөө ахын гэрт яваад ороход Мөнхөө ах гэрийнхээ зүүн хэсэгт хүзүүний зүүн хэсгээс нь цус гарчихсан ангайсан шархтай маш их цус алдсан байсан ... гэх /хх-ийн 17х/,
-2. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ганболдын итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны картнаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,
Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : “...2019 оны 05 дугаар сарын 14-ний цалин буугаад хамт ажиллаж байсан Ганболд Оргио нарын хамт архи ууж ажил дээрээ хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаргалан гэдэг дэлгүүрийн гадна гудамжинд Ганболд надад Хаан банкны картаа “06-12” гэж санаж байна нууц үгтэйгээ өгөөд дэлгүүрээс архи аваад ир гэхээр нь би Хаан банкны картыг нь авч яваад тэр чигтээ доошоо яваад Далайхүү төвд байдаг АТМ орж Ганболдын картнаас 750.000 төгрөгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-117х/,
Хохирогч Д.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би Ундарга хүнсний дэлгүүрээс хамт ажилладаг байсан Азаа гэдэг залуу болон түүний дүү, манай нэг найз бид 4 хамт нэг шил 0,75 граммын “Хараа” архи аваад даруулга байхгүй байсан тул би картаа Азаад өгөөд нэг ундаа аваад ир гээд пин кодоо хэлж өгөөд явуулсан. Тэгтэл миний картнаас 750.000 төгрөг аваад такси бариад зугтаад яваад өгсөн байсныг би дэлгүүрийн худалдагч эгчээс мэдсэн ... гэх /хх-ийн 101-102х/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 92-97х/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 126х/,
Гэрч Ц.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ... Би гудамжинд тэд нараас хол зайтай бие засаж байтал Азжаргал надруу ирж байсан ба миний цалин орчихсон. Хоёулаа явъя гэхээр нь би тэд нартайгаа уулзаад болчихсон юм байхдаа гэж бодоод явсан ба сүүлд таксинд явж байхдаа намайг хаяад явж бай гэхээр нь би уурлаад бид хоёр жоохон маргалдсан. Тэгээд Азжаргал Далайхүү төвийн эсрэг талд таксинаас буусан ба би цаашаа нэг буудал яваад таксины мөнгө өгөөд гэртээ харьсан ...” гэх /хх-ийн 110-111х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж дээрх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Мөнхбаатар хохирол нэхэмжлээгүй тул түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс хохирогч Д.Ганболдод 750.000 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хотон овогт Ц А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж дээрх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 650 цаг нийтэд тустай ажил хийлэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ааас нийт 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгын 19-1123 тоотод оршин суух бүртгэлтэй Доржготовийн Ганболд /УС85031157/-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 25 см, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 12 см шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, сэнгүр нэртэй пивоны шил 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн арчдас 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Хаан банкны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД