| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2023/03752/И |
| Дугаар | 210/МА2025/00782 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00782
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00620 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 38 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, ******* тоотын 38.30 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохирсон.
1.2. Улмаар, дээрх орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар *******тай амаар тохиролцож, *******д тус байрыг шилжүүлэн өгөх хүсэлтийг *******-д гаргасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *******, *******-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан.
1.3. Дээрх орон сууц захиалгын гэрээ байгуулагдсаны дараа төлбөрийг төлөхөөр тохирсон, тохирсон ёсоор ******* орон сууцны үнийг төлөөгүй учир орон сууц шилжүүлэх хүсэлтээсээ татгалзаж, орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг *******-д гаргасан боловч нэгэнт *******тай гэрээ байгуулсан тул түүний зөвшөөрлөөр эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоны дараа орон сууцыг шилжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн.
Иймд *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ******* тоотын 38.30 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******той 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 38 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрөө төлж, ******* тоот 38.3 м.кв талбайтай орон сууцыг авах болсон.
2.2. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* нь *******д орон сууцыг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу ******* руу шилжүүлж, орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Харин ******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу *******тай захиалгын гэрээг шилжүүлэн байгуулсан.
Иймд *******ын өөрийнх нь хүсэлтийн дагуу захиалгын гэрээг *******д шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. 2022 оны 9 сард өөрийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай зам дагуу нүүрэн талын хашаа, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гараж, дэлгүүртэй 2 давхар хувийн сууцыг худалдахаар зар тавьсны дагуу ******* холбогдож, найман нэрийн дэлгүүрийн тусгай зөвшөөрөл, компанийн хамт 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 40,000,000 төгрөгийг бэлнээр, маргаан бүхий орон сууцыг 100,000,000 төгрөгт бартераар шилжүүлэх санал тавьсны дагуу зөвшөөрч гэрээ байгуулсан.
3.2. ******* нь 35,000,000 төгрөгийг бэлнээр өгч, газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нотариат орж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа *******ын хүсэлтээр 2 сая төгрөг гэж бичүүлсэн. *******од зарахаар тохирсон газрын лавлагааг авахад ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/59 дугаартай захирамжийн хавсралтаар *******од шилжүүлсэн байна.
3.3. ******* нь 100,000,000 төгрөгт бартерт өгсөн маргаан бүхий орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, түүний хүсэл зоригийн дагуу ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлэн байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:
4.1. Маргаан бүхий орон сууцыг ******* гэх хүнээс худалдан авахаар болж, орон сууцны төлбөрийг 100 хувь *******д төлсөн. ******* нь *******-д орон сууцыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, тус гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 78,515,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
4.2. Миний нэр дээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн байгуулсан нь хууль зөрчөөгүй учир миний бие шударга эзэмшигч бөгөөд ******* өмчлөгчөөр тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* болон хариуцагч *******д тус тус холбогдох, ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны 38 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* тоот 38.30 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь газар, үл хөдлөх хөрөнгө /дэлгүүр/ худалдан авах хэлцэл нь орон сууц худалдах хэлцлээс тусдаа хийгдсэн. Тодруулбал, газрын үнэ 2 сая төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үнэ 38 сая төгрөг байсан. Энэ төлбөрүүдээ төлсөн. Орон сууцны үнэ 100 сая төгрөг байхаар тохиролцсон. Орон сууцны үнийг төлөөгүй учраас хэлцлээс татгалзаж байна гэж тайлбарласан.
Хариуцагч нь дээрх хэлцлүүд хоорондоо хамааралтай, дэлгүүр худалдах хэлцэлд орон сууцны үнэ багтсан байсан, хоорондоо холбоотой гэсэн агуулгаар тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 8-д ...орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдсонгүй, 12-т ...******* нь орон сууцыг худалдан авсан төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл тогтоодоогүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь, дэлгүүр худалдан авах, орон сууц худалдах хэлцэл хоорондоо холбоотой гэх нэг ч баримт хэрэгт байхгүй. Харин холбоогүй гэдгийг нотлох агуулгатай газрын үнэ 2 сая төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үнэ 38 сая төгрөг болох талаар гэрээнүүд хэрэгт бий. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрт мөнгө аваагүй гэдгийг нотлох боломжгүй юм.
Шүүх үнийн дүнг хариуцагч бусдад 160 сая төгрөгөөр зарах санал гаргаж байсан учир хэлцлийн үнэ 160 сая төгрөг байсан байна гэж дүгнэсэн. Энэ агуулгаар орон сууцны үнийг дэлгүүрээр төлсөн гэсэн тайлбарт итгэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
6.2. Хэрэгт байгаа газар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийг шүүх шууд үгүйсгэж, нэхэмжлэгч орон сууцны төлбөр аваагүй гэдгээ нотлоогүй гэж дүгнэснийг хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгчээс орон сууцаа 100 сая төгрөгөөр худалдах санал тавьсан. Саналыг хариуцагч хүлээн авсан боловч төлбөрийг төлөөгүй нь хэрэгт цугласан нотлох баримтаас харагдана. Хэлцлийн үнийг талууд тохиролцож тогтоож болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч нь хашаа, байшинг зарын дагуу очиж худалдаж авсан, худалдаж авахдаа дэлгүүртэй байсан ба үүнийг шилжүүлж авах зорилгоор *******-ийг шилжүүлж авсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарладаг. *******-ийн нэр дээр 8 нэрийн архи, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл, үнэ бүхий дэлгүүрийн зүйлс байсан учраас шилжүүлж авсан. ******* өөрөө зарын дагуу өөрийн хүслээр худалдаж авсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
8. Давж заалдах гомдолд хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журам зөрчсөн, мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
3.1. Нэхэмжлэгч нь ...маргаан бүхий орон сууцыг *******-тай 2022.07.25-ны өдөр байгуулсан гэрээгээр худалдан авч, улмаар тухайн орон сууцыг *******д 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч үнийг төлөөгүй тул *******д орон сууцыг шилжүүлэхээс татгалзаж, буцаан авах хүсэлтийг *******-д гаргахад татгалзсан хариуг өгсөн гэсэн агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон гэрээнээс татгалзах эрх зүйн үр дагавар нь аль аль нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах боловч тухайн үр дагаварт хүрэх эрх зүйн үндэслэлийн хувьд ялгаатай.
Нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, эсвэл гэрээнээс татгалзсаны үр дагавар эсэх нь тодорхойгүй, хэрэв нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хэнтэй байгуулсан гэрээнээс хуульд заасан аль үндэслэлээр татгалзаж байгааг тодруулсны дараа талуудын хооронд мэтгэлцээн өрнөж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхой болох учиртай.
Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд ...******* нь *******той байгуулсан гэрээний үүрэг буюу орон сууцны үнийг төлөөгүй... гэх агуулгаар нэхэмжлэлээ тайлбарласан атлаа ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж үндэслэл тодорхойгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь дээрх үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх тодруулж, хэргийг шийдвэрлээгүй алдаа гаргажээ.
Иймд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.
3.2. Маргааны үндэслэлд шууд хамаарах талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээнүүд нь хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хэлбэрээр хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байна. /1хх-ийн 6-12, 31-36 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй тул хариуцагч байгууллагын зүгээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр авагдсан гэж үзэхгүй.
4. Мөн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах гэж өөрчилсөн гэх тайлбар амаар гаргасныг шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн өөрчилсөн гэх шаардлагыг гардуулах ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийн бичгэн хэлбэрээр гаргасан шаардлага, түүний үндэслэлд хариуцагч нь хуульд заасан журмын дагуу хариу тайлбар гаргах боломжтой бөгөөд аман хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзэхгүй. /1хх-ийн 126-127, 134-141, 144-145 дугаар тал/
5. Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/00620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА