Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0132/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                       Ш.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1934 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 85 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг бүртгэлтэй, одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Ш.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-29 тоотод иргэн Л.А баруун гарын шуун дээр хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-29 тоотод иргэн Л.А баруун гарын шуун дээр хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний 10 цагийн үед нутгийн өвгөн болох Банзрагч ахын гэрт очиход Банзрагч ах Ганпүрэв гэх өвгөнтэй хоёулаа гэртээ байж байсан. Тэгээд өвгөнтэй ойр зуурын юм яриад Банзрагч ахыг дэлгүүр рүү нэг шил архиндя явуулсан. Тэгээд Банзрагч ахын авчирсан 1 шил архийг Банзрагч, Ганпүрэв бид 3 хувааж уугаад  юм яриад сууцгаасан юм. Тэгээд эхний 1 шил архи хувааж уугаад сууж байхад гаднаас мөн нэг эмэгтэй, эрэгтэй хоёр орж ирж байсан. Тэгээд мөн би дахиж нэг шил архины мөнгө Банзрагч ахад өгөөд архинд явуулсан.  Тэгээд Банзрагч ахын авчирсан 0.5 граммын стандарт архийг гэрт нь хүмүүстэй хувааж ууцгаасан. Тэгээд архиа уугаад дуусаж байхад нөгөө 2 согтчихоод хоорондоо маргалдаад Банзрагч ах нөгөө өвгөнөө ална гээд хутга бариад дайраад байхаар нь тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороход Банзрагч ах барьж байсан хутгаараа миний баруун гарын шуу руу хатгачих шиг болсон. Тэгээд юу болов гээд гараа хартал баруун гарын шуун дээр нилээд гүн исгэчихсэн байсан. Цус гарч байсан. Тэгээд гарынхаа цусыг гоожуулаад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг эмнэлэг дээр авчирч миний гаранд оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17тал/,

Гэрчээр Ш.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгсэн Чука ахтайгаа ганц юм уунаа та нэг шил юм архинд яваад ир гээд надад нэг шил архины мөнгө өгөхөөр нь би дэлгүүр явж 0.5 граммын стандарт архи авчирч Ганпүрэв, Чука бид гурав уусан. Ганпүрэв нөгөө шил архинаас ганц нэг татчихаад төв орчихоод ирье гээд гараад явсан. Тэгээд бид хоёр нөгөө шил архиа хувааж уугаад дуусахад Чука дахин ганц нэгэн юм ууя гээд 1 шил архи авчраад дээрээс нь ганц нэг татаад сууж байхад Ганпүрэв гадуур гарчхаад ирлээ гээд орж ирсэн. Тэгээд бид гурав 2 дахь шил архиа уугаад сууж байхад манайхаар орж гараад байдаг хэлгүй өвгөн нэг шил архитай орж ирээд бид нартай хамт суусан тэгээд би хэлгүй өвгөний авчирсан архийг ууж байгаад тасарчихсан байна лээ. Тэрнээс хойш юу болсныг ёстой санахгүй байна. Маргааш нь намайг гэртээ байж байхад Чука ирж байхад Чука ирээд та нөгөө өвгөнтэйгөө маргалдаад хутга бариад байхаар чинь би та хоёрын дундуур ороод гарруугаа хатгуулчихсан гээд гараа боочихсон ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Гэрч С.Наранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд хүүхдээ авчихаад сургуулиас гараад харих гээд алхаж явахад манай охин над руу утасдаад өвөө хүн хутгалчихсан юм шиг байна хутгалуулсан хүн нь гарныхаа цусыг гоожуулаад манайд орж ирчихээд байна гэхээр нь би яараад гэртээ ирэхэд гэрт нь архидсан хүмүүс байхгүй, нэг хэлгүй өвгөн унтаж байсан. Тэгээд гэр рүү ороход аавтай архи уусан гэх Чука гэх залуу гарныхаа цусыг гоожуулаад манайд сууж байсан. Тэгээд нөгөө залуу манайд цусаа гоожуулчихсан байсан болохоор гоожуулсан цусыг нь арчиж цэвэрлээд нөгөө залуугийн эгчийг нь утсаар дуудаад мөн аавын төрсөн охин Пүүжээ эгчид аав хүний гар хутгалчихсан юм шиг байна. Та ирэх үү гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хоёр цагдаа энэ хүн Эвт худалдааны төвийн үүдэнд унтаж байхаар нь авчирч байна гээд дагуулаад орж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/, 

Гэрч Ц.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Манай хажууханд байдаг Банзрагч ахын гэрт ороход Банзрагч ахын гэрт нэг хэлгүй өвгөн зүүн орон дээр нь унтаж байсан мөн танихгүй бор залуу гэрт нь сууж байсан намайг ороод очиход тэр 3 уусан байдалтай гэрт нь стандарт архины шил гэрийнх нь шалан дээр байсан. Тэгсэн гэрт нь байсан бор залуу нэг шил архины мөнгө гаргаж ирээд намайг архинд яваад ир гэсэн чинь Банзрагч ах нөгөө архины мөнгийг аваад дэлгүүр рүү нэг шил архи авчирсан. Тэгээд Банзрагч ахын авчирсан 1 шил архийг дөрвүүлээ орсон. Намайг Банзрагч ахынхаас гарахад тэр гурав гэртээ үлдсэн. Намайг байхад тэр хэд хоорондоо маргалдаж муудаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №220 дугаартай шинжээчийн: “...Л.А биед баруун гарны шууны дотор дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Ш.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ш.Б-ид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Л.А нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгийг хавтаст хэргийн 17 дугаар талд өгсөн байх тул шүүгдэгч Ш.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА