Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00805

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 990,545,203  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2021/09 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Саsе ІН АТX400 8.5м өргөнтэй шинэ үрлэгч 1 ширхэг механизм худалдан авахаар тохирч, гэрээний үнэ 178,000 ам доллар төлөх үүрэг хүлээсэн. Үүнээс урьдчилгаа төлбөрт техник болон улаанбуудайгаар тооцож 77,109.96 ам.доллар, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улаанбуудайгаар 7,305.03 ам долар, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний урамшуулал болгож 890.24 ам доллар, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 142,449,000 төгрөг буюу 50,000 ам.долларыг тус тус төлж, үлдэгдэл 50,000 ам.долларыг төлөөгүй.

Мөн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 2021/11 дугаартай гэрээгээр Case IH AF6140 маркийн комбайн /9м шуудын жатка, 4м подборщик/ худалдан авч, гэрээний үнэ 300,000 ам доллар төлөхөөс урьдчилгаа төлбөрийг техникээр тооцож 83,164 ам.доллар, мөн гэрээний урамшуулал болгож 15,000 ам.доллар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 7,020.15 ам.доллар, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 3,510.19 ам.доллар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 5,252.66 ам.доллар, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13,180.50 ам.доллар, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 36,847.92 ам.доллар, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4,820.02 ам.доллар төлж, үлдэгдэл 138,226.82 ам.долларыг төлөөгүй.

2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай гэрээгээр Maschio extry 150-Урлан боогч 1 ширхэг механизмыг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үүнээс урьдчилгаа төлбөрт техникээр тооцож 20,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.2. Дээрх гэрээнүүдийн хавсралтад зааснаар техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш үлдэгдэл төлбөрөөс жилийн 8 хувийн хүү тооцохоор тохирсон тул 2021/09 дугаартай гэрээний хүү 8,591.78 ам.доллар, 2021/11 дугаартай гэрээний хүү 8,755.63 ам.доллар, 2022/01 дугаартай гэрээний хүү 11,276,712 төгрөгийг гаргуулна.

1.3. Мөн гэрээнүүдийн 5.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 383 хоногт тооцож, 2021/09 дугаартай гэрээний алданги 19,150 ам.доллар, 2021/11 тоот гэрээний алданги 52,940.87 ам.доллар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 49 хоногт 2022/01 дугаартай гэрээний алданги 1,960,000 төгрөгийг гаргуулна.

Иймд 2021/09 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 50,000 ам.доллар, алданги 19,150 ам.доллар, хүү 8,591.78 ам.доллар, нийт 77,741.78 ам.доллар буюу 262,431,371.91 төгрөг, 2021/11 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 138,226.82 ам.доллар, алданги 52,940.87 ам.доллар, хүү 8,755.63 ам.доллар, нийт 199,923.31 ам.доллар буюу 674,877,119.1 төгрөг, 2022/01 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, алданги 1,960,000 төгрөг, хүү 11,276,712.33 төгрөг нийт 53,236,712.33 төгрөг, бүгд 990,545,203.34 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2021/09 дугаар гэрээнийн үрлэгч 178,000 ам.долларын өртөгтэй, хүлээн авахад хойд талд байрлах үр хийх зориулалттай функер хуучин байсныг 2022 оны хавар сольж өгсөн. Төлбөрийг гэрээ хийж, техникийг авахаас 9 сарын өмнө 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 77,109.96 ам.доллар төлсөн, хөнгөлөлт 890,24 ам.доллар, үлдэгдэл 100,000 ам.доллар байсныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 79,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 101,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 105,000,000 төгрөг, нийт 285,000,000 төгрөгийг тухайн үеийн ханшаар төлж дууссан.

2.2. 2021/11 дугаар гэрээний Case IH AF6140 комбайн шинэ техник байгаагүй, анх хүлээн авахад үйлдвэрийн доголдолтой байсан. Үүнийг тухай бүр худалдагчид хэлж засварчид ирж байсан боловч бүрэн ашиглалтад оруулж чадаагүй. Тухайн комбайн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 6 жил ашиглагдаад засварт орсон байсан. Хүлээн авсан өдөр жатканы хөвөгч ажилладаггүй байдалтай ирсэн, 2022 оны хавар жатканы хөвөгчийн мэдрэгчийг сольж өгсөн боловч ажиллаагүй. 2023 оны хавар дахин дуудлага өгөхөд засч чадалгүй явсан, одоо хүртэл засагдаагүй. Хүлээж авснаас 5 хоногийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр талбайд гаргасан боловч 1 цаг орчим ажиллаад хроп нь эвдэрч хөдлөхгүй байсан тул дуудлага өгч, худалдагч талаас ирж шалгаж задлахад тосолгооны суваг нь силкон цавуугаар бөглөгдөөд тосолгоогүй учраас шариг хайлж эвдэрсэн байсан. Тухайн үед хуучин сэлбэг орлуулж зассан. Мөн кардан гол хуучин байсныг 2022 оны хавар сольсон. 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цэврийн элеватраас их дуу чимээ гараад ажил хийх боломжгүй байдал үүсэхээр нь задлаад үзтэл гинж холбосон холбоос зориулалтын шифлентийн оронд хадаасаар холбосон, дотор талаас нь гагнаж тогтоосон түр орлуулсан байсан. Энэ мэтчилэн удаа дараа эвдэрч засуулсан боловч хэвийн ажиллагаатай болоогүй өнөөдрийг хүрсэн. Эвдрээд зогсох бүрт мэргэжлийн инженерт үзүүлэхэд шинэ биш хуучин техник байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Тухайн гэрээнд хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн үйлдвэрийн баталгаа гаргана гэсэн боловч хүлээн авахад л үйлдвэрийн доголдолтой эсвэл санаатай хуучин техник өгснийг мэдэхгүй байна. Үүнээс үүдэн ажлын бүтээмж муудаж чанарын шаардлага хангахгүй буудай хураагдаж, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах боломжгүй болж, үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй болсон.

Дээрх гэрээний төлбөр 300,000 ам.доллараас тухайн үед 84,217 ам.доллароор тооцож техник өгч, 15,783 ам.доллар хөнгөлөлт авсан, үлдэгдэл 200,000 ам.доллароос 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 82,015,334 төгрөгт буудай, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20,850,747 төгрөгт буудай, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дансаар 20,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14,963,620 төгрөг, 44,963,620 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгт тооцож пробокс маркийн машин өгч 58,963,620 төгрөгийн төлөлт хийсэн. Үлдэгдэл төлбөр нь эрхийн доголдолтой комбайныг хэвийн ажиллагаатай болгож өгөх эсвэл ижил бараагаар сольсон тохиолдолд төлөхөд татгалзахгүй талаар удаа дараа хэлж байсан.

2.3. Нэхэмжлэлд дурдсан 277,665.09 ам.долларыг төгрөгт шилжүүлэхдээ гэрээний 5.2-т заасан төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкны ханшаар тооцохоор байсан. Гэтэл төлбөр төлөгдөх хугацааны ханшаар бус 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ханшаар тооцож нэхсэн нь ойлгомжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 920,709,219.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,835,983.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,110,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,761,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2021/11 тоот гэрээний зүйл болох Case IH AF6140 комбайн нь 2015 онд үйлдвэрлэгдсэн боловч гаалийн мэдүүлэг, худалдах худалдан авах гэрээ, техникийн тодорхойлолт гэх мэт бүх бичиг баримтад 2020 онд үйлдвэрлэсэн гэжээ.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн худалдах, худалдан авах гэрээ /005-2021/-гээр улсын ******* гэх компаниас худалдан авсан, албан ёсны гэрээт газраасаа аваагүй эрхийн доголдолтой болох нь нотлогддог. Нэхэмжлэгч нь албан ёсны дистрибьютер атлаа дамжмал эд хөрөнгийг нэр хүндээ ашиглан борлуулсан нь илт байхад үүнд дүгнэлт хийгээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэн тухайн техникийг эвдэрч эхэлсэн өдрөөс буюу 2021 оны 9 сараас эхлэн худалдагч талын захиралтай мессенжерээр холбогдож мэдэгдэж байсан болохыг үзлэг хийлгэсэн бөгөөд энэ харилцан ярианд анх ирэхдээ бүрдэл хэсэг нь эвдрэлтэй ирсэн болох удаа дараа эд ангиуд нь ээлжлэн эвдэрч байгаа болон хугацаа тогтоож зассан, хамгийн сүүлийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн далд эд анги эвдэрсэн, түүнийг хэзээ засах тухай гээд маш тодорхой ярилцсан байдаг. Үүнийг шүүх огт үнэлээгүй.

Тухайн техник бүрэн ажиллахгүй байсан байдлаас шалтгаалан харилцагч байгууллагад эвдрэл үүсч дахин хамтран ажиллах боломжгүй өмнөх ургацын төлбөрийг өгөхөөс татгалзсан зэрэг баримтуудыг үнэлээгүй орхигдуулж зөвхөн нэхэмжлэгчид ашигтай баримтуудыг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт дурдаж шийдвэр гаргасан.

4.2. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа 243 дугаар зүйлийн 243.2-т заасан баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалтыг орхигдуулсан.

Шүүх мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т зааснаар ердийн шаардлагад нийцсэн эд хөрөнгө шилжүүлж, худалдан авагч засвар үйлчилгээ хийлгүүлж ашиглаж байгаа үйл баримтаас үзэхэд гэрээний зүйлийг байгаа байдлаар нь хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Маргааны гол зүйл болох комбайн нь ажиллаж эхэлсэн өдрөөсөө эвдэрч зогссон, өөр ижил төрлийн зүйлээр солих боломжгүй байсан болохыг талууд хэлдэг. Гэтэл Иргэний хуулийн 214.1 заалт нь тухайн маргаанд хэрэглэгдэхгүй хуулийн заалт болно.

Мөн шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар эд хөрөнгийн доголдолгүй байдлаар худалдаагүй гэж үзсэн бөгөөд хэрэглэх байсан 255.2 дахь заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 225.2-т үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хамгийн сүүлийн гэмтэл болох 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэмтэл мэдээлснээр тооцоологдох байсныг хэрэглээгүй.

4.3. Түүнчлэн алданги тооцсон хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нэхэмжлэгчийн засвар хийж өгөх байсан боловч хийж өгөлгүй өнөөдрийг хүрсэн байдлаас болж үүссэн бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасанчлан болон 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтуудаар алданги тооцохгүй. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх заалтыг хэрэглэлгүй орхигдуулж хуулийг дутуу хэрэглэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь комбайныг 2015 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг мэдээгүй байсан мэтээр ярьж байна. Энэ техник нь 2015 онд ******* улсын диллерийн захиалгаар үйлдвэрлэгдсэн, ******* ******* гэдэг үйлдвэрт 2021 оны 2 дугаар сар хүртэл зогсож байгаад, 2021 оны 2 дугаар сард үйлдвэрээс тээвэрлэгдээд, 2021 оны 4 дүгээр сард ******* боомтоос хөдөлсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Илгээгч талаас үйлдвэрлэгдсэн огноог 2020 он гэж бичсэнийг ******* газраас ирсэн баримтад 2020 он гэж бичигдсэн байсан, бид 2020 онд үйлдвэрлэгдсэн техник өгсөн гээгүй, харин 2015 онд үйлдвэрлэгдсэн, шинэ техник өгсөн гэж хэлсэн. Техникийн арлын дугаар дээр 2015 онд үйлдвэрлэгдсэн нь бичигдсэн байгаа, үүнийг хариуцагч мэдээгүй гэж ярьж байгааг зөвшөөрөхгүй.

5.2. Хавтаст хэрэгт байгаа тооцоо нийлсэн акт нь и-мэйлээр ирсэн. Энэ акт нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн ба 09, 11 тоот гэрээний үлдэгдэл нийлбэр дүнгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 237,872 ам.доллар байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд явж байсан. Мөн талуудын харилцаж байсан мессенжерт үзлэг хийхэд мөнгө төлөх хугацааг нэг жилээр хойшлуулж өгөөч, ах нь мөнгөө төлнө, байнга тусалж дэмждэгт баярладаг шүү гэж бичиж, төлбөрөө хойшлуулж байсан нь тогтоогддог.

5.3. Манай талаас баталгаат хугацааны дотор гарсан эвдрэл, гэмтлийг тухай бүрд нь засварлаж өгсөн, харин хүлээн авснаас хойш 3 жил ашигласан техникийн 2024 оны 9 дүгээр сард гарсан гэмтлийг засварлах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 990,545,203 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2021/09 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг ******* нь Case IH GTX400 8.5м өргөнтэй үрлэгч нийлүүлэх, ******* нь төхөөрөмжийн үнэ 178,000 ам доллар төлөх,

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай гэрээгээр ******* нь Case IH AF6140 маркийн комбайн /9м шуудын жатка, 4м подборшик/ нийлүүлэх, ******* нь комбайны үнэ 300,000 ам доллар төлөх,

2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай гэрээгээр ******* нь Maschio extry 150-Урлан боогч механизм нийлүүлэх, ******* нь 60,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 11-14, 20-26, 37-43 дугаар тал/

3.2. Дээрх эд хөрөнгүүдийг хариуцагч хүлээн авсан болон нийт төлсөн төлбөрийн хэмжээнд талууд маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч маргааны үйл баримтыг буруу тогтоосны улмаас эд хөрөнгийн доголдлын асуудлаар алдаатай эрх зүйн дүгнэлт хийснийг залруулж, доголдолтой эд хөрөнгийн үнээс алданги гаргуулсныг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Case IH GTX400 8.5м өргөнтэй үрлэгч, Maschio extry 150-Урлан боогч механизм нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж шүүх дүгнэж, хариуцагчаас үрлэгчийн төлбөрийн үлдэгдэл 50,000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 3,375.68 төгрөгөөр тооцож 168,784,000 төгрөг, урлан боогч механизмын үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг нийт 208,784,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь гэрээгээр хүү төлөхөөр тохирсон гэж дээрх 3 гэрээний үнэ тус бүрээс хүү тооцож, нийт 69,836,016 төгрөгийн хүү шаардсаныг анхан шатны шүүх хүү шаардах эрхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.

4.2. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан.

2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч нь Case IH AF6140 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн комбайн нийлүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй, харин тухайн техник шинэ байсан эсэх, биет байдлын доголдолтой эсэх, уг эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэнд хэн буруутай болох асуудлаар маргажээ.

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үйл баримтыг буруу тодорхойлж, хариуцагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан, мөн эд хөрөнгийг шалгаж авах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр эд хөрөнгийн доголдолтой холбогдох шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь алдаатай болсон. Учир нь:

Хариуцагч нь дээрх техникийг хүлээж авах үедээ хуучин байсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар техникийг анхны байдлаар хүлээн авсан гэж үзнэ. Иймд шинэ техник шилжүүлсэн эсэх асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул гэрээгээр тохирсон шинэ техник нийлүүлээгүй, албан ёсны гэрээт үйлдвэрээс аваагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Мөн хариуцагч талын комбайн шинэ эсвэл хуучин байсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэнийг дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт анхны байдлаар техникийг хүлээн авсан тул түүнийг шинэ эсвэл хуучин байсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй байжээ.

Харин хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр комбайныг хүлээн авсан /1хх-ийн 27-28/, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн комбайнд эвдрэл, гэмтэл гарч, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч нь жатканы хөвөгчийн мэдрэгч гацаатай, хроп эвдрэлтэй комбайн хүлээлгэн өгсөн болохоо хүлээн зөвшөөрсөн үйл баримт 1хх-ийн 222-228 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийлүүлсэн комбайныг биет байдлын доголдолтой гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

4.3. Энэ тохиолдолд худалдан авагчийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.

Хариуцагч нь гэрээний 8.1-д заасан 1 жилийн баталгаат хугацааны дотор доголдлыг илрүүлж, мэдэгдсэн байх тул тухайн доголдол худалдан авагчид буюу хариуцагчид эрсдэл шилжих үед байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагыг мөн зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд гаргах эрхтэй.

Хэргийн баримтаар хариуцагч нь илэрсэн доголдлыг арилгуулах, зарим эд ангийг доголдолгүй эд ангиар солиулах, засварлуулах шаардлагыг баталгаат хугацааны дотор нэхэмжлэгчид гаргаж, засварлуулж байсан нь тогтоогдсон боловч тухайн хугацаанд бүрэн засварлагдаагүйгээс доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, гэрээ цуцлах хүсэл зориг илэрхийлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь комбайныг буцааж ав гэж нэхэмжлэгчид хандаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагч нь комбайны доголдолтой холбогдуулан хуульд заасан хугацаанд буюу баталгаат хугацааны дотор доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, эсвэл гэрээ цуцлах хүсэл зориг илэрхийлсэн гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар шаардлага гаргах эрхээ алджээ.

Түүнчлэн, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гарсан гэх эвдрэл, гэмтэл нь баталгаат хугацааны дотор гарсан доголдол эсэх, уг доголдлыг засварлах үүргээ нэхэмжлэгч тал зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой гэж үзэх баримтгүй байх тул доголдлыг засварлах нэмэлт хугацаа олгосон гэж дүгнэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь комбайны үнийн үлдэгдэл төлбөрт 131,204.56 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 3,375.68 төгрөгөөр тооцож, 442,904,609 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20,00,000 төгрөг буюу 7,020.15 ам доллар, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 3,510.19 ам доллар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14,963,620 төгрөг буюу 5,252.66 ам доллар, 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр техникээр тооцож 83,164 ам доллар, гэрээний урамшуулал 15,000 ам доллар, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 37,551,000 төгрөг буюу 13,180.50 ам доллар, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 105,000,000 төгрөг буюу 36,847.92 ам доллар, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4,820.02 ам доллар нийт 161,773.18 ам доллар төлж, үлдэгдэл нь 138,226.82 ам доллар төлөх үүрэгтэй гэжээ. Дээрх дүнг нэгтгэвэл 168,795.44 ам доллар төлөгдсөн байх тул үлдэгдэл төлбөрийг 131,204.56 ам доллар гэж тодорхойлж, нэхэмжлэлээс зөрүү 7,022.26 ам долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Талууд гэрээний 5.4-т ...худалдан авагч гэрээний хавсралтад заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоотой нийцсэн байх тул алданги шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн.

6.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрүүдийн гэрээний дагуу тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлж, хариуцагч нь тоног төхөөрөмжийг хүлээн авсан боловч үнийг хугацаанд нь төлөөгүй үүрэг зөрчсөн гэж шүүх дүгнэж, 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 50,000 ам доллароос 383 хоногт алданги тооцож 19,150 ам доллар буюу 64,644,272 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 40,000,000 төгрөгийн 49 хоногийн алданги 1,960,000 төгрөг нийт 66,604,272 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээнэ.

6.2. Харин анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж дүгнэж, алданги гаргуулсан нь алдаатай болсон байх тул дараах байдлаар залруулна. Учир нь:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасан.

Хэрэгт авагдсан талуудын харилцсан зурвас /1хх-225-229/ болон тэдний тайлбараар нэхэмжлэгч байгууллагаас нийлүүлсэн комбайн удаа дараа эвдэрч, уг эвдрэл, гэмтлийг засварлуулсан, зарим сэлбэг хэрэгсэл байхгүйгээс ажил зогсож байсан зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй бөгөөд энэхүү байдал нь хариуцагч байгууллагын хувьд улирлын чанартай газар тариалангийн аж ахуйн үйл ажиллагааг хэвийн эрхэлж орлого олох болон санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь комбайны үнийн үлдэгдэл төлбөрөөс алданги шаардах эрхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдана.

7. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн зохицуулалт нь гадаад вальютын ханшийг төгрөгтэй харьцуулсан зохицуулалт биш, харин төгрөгийн худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой бөгөөд үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарласан боловч ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон нь зөв байна.

8. Дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 3 гэрээний үүрэгт 651,688,609 төгрөг, алданги 66,604,272 төгрөг нийт 718,292,881 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/01225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...920,709,219.77 /есөн зуун хорин сая долоон зуун есөн мянга хоёр зуун арван есөн төгрөг далан долоон мөнгө/ гэснийг 718,292,881 гэж, ...69,835,983.57 /жаран есөн сая найман зуун гучин таван мянга есөн зуун наян гурван төгрөг тавин долоон мөнгө/ гэснийг 272,252,322 гэж,

2 дахь заалтын ...4,761,496 ... гэснийг 3,749,414 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,761,496 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА