Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 142

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00400/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 774 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Боржигон овогт П-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Алаг адуут овогт Б-ийн П-д холбогдох 

         “19.865.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Отгоннямын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ууганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч П.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 П.Б- миний бие өөрийн эзэмшлийн 18-39 ДГО улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт Б.Пүрэвсүрэнд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 16.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Б.Пүрэвсүрэн нь гэрээний үүргийн дагуу 2.300.000 төгрөгийг өгч үлдэх 13.700.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй, цаашид сайн дураар төлөхгүй байх нөхцөл байдал бий болсон тул хуулийн дагуу шийдвэрлүүлж хариуцагчаас авто машины үлдэгдэл төлбөр 13.700.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу алданги /төлбөрийг барагдуулах эцсийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш тооцов/ нийт 19.865.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Уг тээврийн хэрэгслийг гэрээний дагуу Б.Пүрэвсүрэнд хүлээлгэн өгсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч П.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

П.Б-ээс Б.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохирол 19.865.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүдэн гарч буй гэм хор буюу шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал, бусад зардал 200.000 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 20.065.000 төгрөг болгож байна. Иргэний хуульд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирч буй хохирол тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Пүрэвсүрэн надаас автомашины үнэ 19.865.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн П.Б-ийн нэхэмжлэлийн хувийг 2016.03.17-ны өдөр хүлээн авч танилцлаа. П.Б- 2015 оны 8 дугаар сард 18-39 ДГО улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг чиргүүлийн хамт зээлээр худалдах, худалдан авах харилцан тохиролцсон ам хэлцэл ба гэрээний шаардлага тэдгээрийн хэрэгжилтийн эхний шатанд үүссэн бодит нөхцөл байдал, зардал чирэгдэл мөн гэрээнээс татгалзсан хүсэлтийг тооцохгүйгээр шууд алданги төлбөр нэхэмжилснийг буруу гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дор дурьдсан үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд:

1. Машиныг анх худалдан авах зорилгоор үзлэг хийхэд нилээд эвдрэл гэмтэл учирсан бүрэн бус техник байсан. Тухайлбал: Чиргүүлийн 12 ширхэг дугуй бүгд муудаж, үүнээс 6 ширхэг нь шаардлага хангахгүй болсон. Тормозны аппаратууд бүгд эвдэрсэн. Чиргүүл тормозгүй, хийн хоолойнууд гэмтсэн, гэрлэн дохио байхгүй, уг машины консны дээд доод аппарат эвдэрсэн, араандаа ордоггүй, хурдны хайрцагны пирда диск буюу харьцах холбоо нь эвдэрсэн. Гэрлэн дохионууд ажилладаггүй, гэрлэн дохионы рычакнууд байхгүй гэх мэт.

2. Уг машины моторын эвдрэлийг бол хүлээн авахгүй. Харин мотор сайн бол бусад бүх төрлийн механик эвдрэлүүдийг Хятадаас шууд сэлбэг хэрэгсэл худалдан авч засварлах замаар ажиллагаанд оруулах боломжтой. Дээрх засвар үйлчилгээг худалдан авагч тал өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэж тохиролцсоны үндсэн дээр зээлээр худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 2.300.000 төгрөгийг төлж машиныг хүлээж авсан.

3. Тухайн үед П.Б- нь   машины мотор бол шаардлага хангахуйц, асуудалгүй үнэхээр сайн гэж надад итгүүлсэн миний машин худалдаж авах болсон хамгийн гол зорилго бол Дорнод аймагт бэлтгэсэн өвсөө Улаанбаатар хотруу тээвэрлэх явдал байсан. Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хүний хамгийн наад захын мэдвэл зохих асуудлуудыг мэдэхгүй дүр эсгэж ажилд минь ихээхэн саад учруулсан. Одоо бодоход тэр намайг залилсан байна.

4. Эрээн хотоос шаардагдах бүх сэлбэгүүдийг шинээр худалдан авч, засварыг машин худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд байрлах нэхэмжлэгч П.Б-ийн хашаан дотор засварчин хөлсөлж хийлгэснийг нэхэмжлэгч сайн мэднэ.

5. Машины зөвхөн толгойн хэсэгт гэрээ хийсэн. Харин чиргүүл нь П.Б-ийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан болохоор гэрээнд дурьдаагүй болно.

6. П.Б- нь худалдах, худалдан авах гэрээний шаардлагын дагуу ямар ч доголдолгүй техник хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл моторт эвдрэл доголдол илэрч, гэрээний шаардлага зөрчигдсөн тул гэрээнээс татгалзаж байгаагаа би удаа дараа хэлж мэдэгдсэн. Машинд эхний удаагийн засвар үйлчилгээ хийсний дараа Дорнод аймгийн чиглэлд 300 гаруй км яваад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо ус нь халж тургиад явахаа больсон. Тийм учраас 3 хоноод эзэнд нь энэ байдлыг хэлсэн. Чи мотор зүгээр гэсэн чинь яасан бэ ? гэхэд намайг унаж байхад зүгээр байсан юм. Мэдэхгүй байна. Зүгээр байхаа л гээд байсан. П.Б- рүү ярьж хэлсэн. Өөрөөр хэлбэл машин худалдан авах мотороос бусад механик гэмтлүүдийг би хариуцна гэж тохирсон. Харин ч мотор зүгээр гэж хэлсэн. Мотороо янзалж өг эсхүл машинаа буцааж ав гэсэн шаардлагыг тавихад тэр зөвшөөрөөгүй, би мэдэхгүй, та авсанаараа өөрөө янзал гэсэн. Дулаан цаг байсан тул ус нэмж, моторыг нь хөргөж явсаар Дорнод аймагт ирсэн. Дорнодод зохих үйлчилгээ хийж, ачаагаа ачаад гарсан. Зам дагуу явж байсан машины жолооч нараас асууж зөвлөгөө авч гавлын жийрэг солих зэрэг боломжтой засварыг хйисээр 10 хоног явж Улаанбаатарт ирсэн. Эргэж буцаж нийт 2 удаа Дорнод орсон. Улаанбаатарт ирээд 2 ширхэг гавлын жийрэг, хийний аппарат, жийрэгнүүд порсунк, аппаратуудыг нь сольсон. Терместат шинээр авч тавьсан. Моторт нь бүрэн агрегат засвар хийгээд засвар аваагүй.

9 дүгээр сарын 20-нд машинаа ав. 2.300.000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй гэсэн санал тавихад нэхэмжлэгч бас л хүлээж аваагүй.Мөн мотор ямар үнэтэй вэ? Эрээнд аваачиж засуулахад ямар зардал гарах талаар Замын-Үүдэд оршин суудаг хүний хувьд судалж мэдээд өгөөч гэхэд харамсалтай нь ямар ч хариу өгөөгүй, 10 дугаар сарын 19-нд Замын-Үүдэд уулзах гэж очиход Сэлэнгэ аймаг явчихсан байсан. Хоёр хоног хүлээж байгаад ирэхэд нь уулзаж 2.300.000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймаагаа дуусга гэсэн санал тавихад үгүй би шүүхэд хандана гэсэн. Одоогийн байдлаар машин миний хадгалалт хамгаалалтанд байна.

Миний хувьд хоёр санал байна. Үүнд:

Сэлбэг засварт оруулсан 5.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8.700.000 төгрөгийг 6 сарын дотор төлье.

Машиныг биет байдлаар нь буцаан өгч, би бүх зардлаа нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн П.Б- нь 2015 оны 8 дугаар сард 18-39 ДГО улсын дугаар бүхий Норд бенз маркийн авто машиныг зээлээр худалдах, худалдан авах аман хэлцэл хийж надад өгсөн юм. Машиныг анх би авахдаа 2 тал хамт байж үзэхэд нилээд эвдрэл гэмтэл учирсан, бүрэн бус техник байсан. Үүнд чиргүүл 12 ширхэг дугуй, бүгд муудсан 6 нь шаардлага огт хангахгүй болсон. Тормозны аппаратууд бүгд эвдэрсэн, чиргүүл нь тормозгүй, хийн хоолойнууд гэмтсэн. Гэрлэн дохио байхгүй, машины конс, дээд доод аппарат эвдэрсэн араандаа ордоггүй, хурдны хайрцагны кирпа диск буюу харьцах холбоо эвдэрсэн, гэрлэн дохионууд ажиллаагүй, мөн дохионы рычакнууд байхгүй зэрэг маш их эвдрэл гэмтэлтэй байсан юм. Үүнийг П.Б- ч өөрөө мэдэж үзэж харсан. Би тухайн үед П.Б-эд машины мотор эвдрэлтэй бол би хүлээж авахгүй, харин бусад дээрх засварыг Хятадаас сэлбэг авч засварлан авч болох юм гэж хэлсэн. П.Б- машины мотор нь сайн зүгээр гэсээр байж надад өгсөн. Ингээд би машинд 2 сар шахам засвар хийж, өөрөө мөнгөөрөө хятадын эрээн хотоос сэлбэг авчирч П.Б-ийн хашаанд засварлаад явсан авч явсан. Гэтэл машин дөнгөж явуулж эхлээд л усаа тургиж халаад явахгүй болсон. Иймээс 3 хоноод П.Б-эд энэ тухай хэлж хэлцэл гэрээгээ цуцлая машины мотор гэмтэлтэй байна гэхэд “Зүгээр байсан“ гэхээр нь би Улаанбаатар хотод ирж 2 ширхэг гавал... жийрэг хийн аппарат, порсунк зэргийг авч аппаратуудыг тохируулаад моторыг бүх агрегатаар нь сольж жийрэгнүүдийг сольсон. Мөн Терместэн шинээр авч тавьсан боловч засвар аваагүй. Ингээд би 9-р сарын 20-нд машинаа ав 2.300.000 төгрөгөө буцааж авъя харин яахав засварт зарцуулсан 5.000.000 төгрөгөө авахгүй, эсвэл, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймаагаа дуусгая гэсэн санал тавихад шүүхээр явна гэсэн. Иймд П.Б-ээс урьдчилгаанд өгсөн 2.300.000 төгрөг, дээр нь машинд авч тавьсан сэлбэгийн үнэ, мөн засвар хийлгэсэн засварчинд төлсөн мөнгө нийлээд  5.000.000 бүгд 7.300.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Б- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.Пүрэвсүрэн бид харилцан тохиролцож иргэний хуульд заасан нөхцөлийн дагуу гэрээг байгуулж, гэрээний үүргийн дагуу Б.Пүрэвсүрэнд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Б.Пүрэвсүрэн нь Хаан банкин дахь 5034285854 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкин дахь 5022424145 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 26-ны 1.000.000 төгрөг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр дараагаар удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр хандсан болно.Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах 2015 оны 08-р сарын 19-ний өдрийн гэрээг байгуулсан дараагаар Б.Пүрэвсүрэн нь тээврийн хэрэгслийг шилжүүлэн хүлээн авч явсан, энэ дараагаар тээврийн хэрэгслийг хүлээн авсан тодорхой үйлдлийг хийсэн нь дээрх байдлаар тогтоогддог бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн үр шимийг хүртэж байгаа буюу Б.Пүрэвсүрэнгийн эзэмшил, ашиглалтанд байгаа болно. П.Б- миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулах, гэрээний дагуу гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа:

П.Б-ээс Б.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохирол 19.865.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүдэн гарч буй гэм хор буюу шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал 200 000 төгрөгийг хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 20.065.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа бууруулж 120.000 төгрөг болгож байгаа тул 19.985.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 774 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар П.Б-ийн нэхэмжлэлтэй Б.Пүрэвсүрэнд холбогдох 20.065.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Б-ээс 2.300.000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Пүрэвсүрэнд олгож, 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263925 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 51.750 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Отгонням давж заалдсан гомдолдоо:

Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд гэрээний дагуу эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгийг шилжүүлж өгсний үндсэн дээр Б.Пүрэвсүрэн автомашины үр шимийг хүртэж, үйл ажиллагаа эрхэлж байсан нь TORGUUL.MN-ээс татаж авсан баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, гаргасан тайлбартай холбоотой асуудлыг нотлох баримтаар тогтоож, бүрдүүлсэн байх атал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Б- хариуцагч Б.Пүрэвсүрэнд холбогдуулан “машины үнэ, алданги 19.865.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрхийнхээ дагуу гаргасан бөгөөд машины эд анги доголдолтой байсан тул П.Б-эд машин худалдан авсны урьдчилгаанд өгсөн 2.300.000 төгрөг, машинд авч тавьсан сэлбэгийн үнэ, мөн засварчны хөлс  5.000.000 төгрөг, бүгд 7.300.000 төгрөг гаргуулж авна гэж маргажээ.

Хэргийн баримтыг судлахад зохигчид 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр  тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 3 дугаар хуудас/

Дээрх гэрээний дагуу 18-39 ДГО улсын дугаар бүхий Норд-бенз маркийн авто машиныг нэхэмжлэгч П.Б- хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн  нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч машины үнээс 2.300.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй юм.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д машины үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц худалдан авагчийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон байна.

Хариуцагч тал гэрээнд заасан үүргийнхээ дагуу хугацаандаа  машины төлбөрийг бүрэн төлөөгүй тул машин түүний нэр дээр шилжих нөхцөл үүсээгүй гэж үзнэ.

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “худалдагч тал гэрээнээсээ татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцно” гэж зааны дагуу нэхэмжлэгч талд шаардах эрх үүснэ.

Хариуцагч Б.Пүрэвсүрэн нь  “Батцэндээс урьдчилгаанд өгсөн 2.300.000 төгрөг, дээр нь машинд авч тавьсан сэлбэгийн үнэ, мөн засвар хийлгэсэн засварчинд төлсөн хөлс  5.000.000 нийт 7.300.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авснаар шаардах эрхээ алдана” гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Хариуцагч машиныг эрхийн доголдолтой гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд өөрөө нотлох баримтаа гаргаж нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэоийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасан тул давж залдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2–д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 774 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 13.700.000 төгрөг, алданги 6.850.000 төгрөг, нийт 20.550.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-эд олгож, хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын “хэвээр үлдээж,” гэсний дараа:

 “хариуцагчаас 263.925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.                                           

2.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 263.930 төгрөгийг төрийн сангаас гаргаж шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ                                   

                                          ШҮҮГЧИД                                                       Л.АМАРСАНАА 

                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ